Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0859/Э |
Дугаар | 2022/ШЦТ/908 |
Огноо | 2022-11-22 |
Зүйл хэсэг | 18.3.1., |
Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нэргүй,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч А.Золжаргал /ҮД-2779/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж холбогдох эрүүгийн 2111 00508 0218 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, С.Ж, 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Санхүүч мэргэжилтэй, “...н” ХХК-ийн ......ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд .....тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 49 дугаартай тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 194.2 дахь хэсэгт зааснаар нягтлан бодох бүртгэлийн ажил хийх эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих оногдуулж шийдвэрлэсэн, 2004 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Говь- Алтай аймгийн сум дундын шүүхийн 33/а дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, .....
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь Ш.Л, Ч.О нартай гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2-4 40 мянгат 23-10 тоотод бүртгэлтэй “Эфзон” ХХК-ийн хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого буюу 3.024.438.263,62 төгрөгийн үнийн дүн бүхий хий бичилттэй 72 ширхэг падаанаар татварын тайлангийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа ажил, үйлчилгээний дүн хэсэгт тайлагнаж төсөвт төлбөл зохих татвараас 302.443.826.36 төгрөгөөр бууруулан улсад их хэмжээний хохирол учруулж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн байна.
Энэ нь шүүгдэгч С.Жгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч С.Жгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний хувьд “Эфзон” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болсныг мэдээд энэ талаар Ш.Лд хэлсэн тухайн үед Ш.Л илүүдэл нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй аж ахуйн нэгжүүдээс танай компани руу борлуулалтын падаан шивж өгөхөөр тохирсон. Ингэхдээ ямар нэгэн хөлс тохироогүй байсан бөгөөд ажил дууссаны дараа намайг шагнаарай гэж Ш.Л хэлж байсан. Би өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй, мөн дээрээс “Э...н” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тайлангаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж мэддэг боловч гайгүй байх гэж бодоод дээрх аж ахуй нэгжүүдтэй бодит үйл ажиллагаа, худалдан авалт хийгээгүй боловч тайландаа тусгасан. Энэ нь миний буруу учраас үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг/3хх-28-29/.
Хохирогч К.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Эфзон ХХК нь “Танан Эрдэнэ уул” ХХК, “Ор..” ХХК, “Алаг у...а” ХХК, “Цонжбо...н” ХХК-иудаас 2020 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 72 ширхэг хий бичилттэй падаанаар 3.027.438.263.62 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалт хийж төсөвт төлөх татвараа 302.443.826.36 төгрөгөөр бууруулсан болон Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нарын танилцуулга болон 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/36 дугаартай шинжээчийн тайлангаар “..н” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон. Уг үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасныг зөрчиж байгаа юм. Мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа ч санхүү болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй байдаг. “Э...н” ХХК нь улсын төсөвт төлбөл зохих 302.443.826.36 төгрөгөөс өнөөдрийн байдлаар үлдэгдэл 118.031.404.54 төгрөг байна. Иймд “Э...” ХХК-ийн улсын төсөв төлбөл зохих төлбөрийг төлүүлж, хохиролгүй болох хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /3хх- 63-64/
“Голден...” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..“Э..он” ХХК нь “Ор...а” ХХК нь 2020 оны 12 дугаар сард 21 ширхэг нэмэгдсэн өртгийн татварын падаанаар 748.561.818 төгрөгийн борлуулалт, “Цонжбод..н” ХХК нь 2020 оны 11 дүгээр сард 5 ширхэг нэмэгдсэн өртгийн албаны татварын падаанаар 214.433.818 төгрөгийн борлуулалт, “Танан-Эрдэнэ уул” ХХК нь 2020 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сард 31 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1.360.688.809 төгрөгийн борлуулалт, “Алаг ...га” ХХК-иас 2020 оны 7 дугаар сард 51 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 700.753.818 төгрөгийн борлуулалт, нийт 72 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 3.024.438.263 төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн нь нотлогдож “Э...” ХХК-ийн улсын төсөвт төлбөл зохих татварыг 302,443,826 төгрөгөөр бууруулсан болох нь тогтоогдож байна..” гэх дүгнэлт /3хх- 33-38/,
Яллагдагч Ш.Лгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би “Эфзон” ХХК-ийн захирал С.Жг нилээн дээр үеэс эхлэн таньдаг найз, нөхдийн холбоотой байгаа бөгөөд компанийг нь татварын өртэй болсон гэдгийг мэдээд туслахаар шийдээд Ч.Ооос гуйгаад түүний хамаарал бүхий “Танан-... уул” ХХК, “Цонжбо..” ХХК, “Ор...” ХХК, “Алаг ...” ХХК-иудаас “Эфзон” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг дарж өгсөн. Үүний хариуд С.Жгаас ямар нэгэн шан харамж урамшуулал мөнгө аваагүй бөгөөд дээрх хий бичилттэй падаануудыг 2020 оны 7 дугаар сараас 11 дүгээр саруудад шивж өгөөд уг асуудлаараа 2021 оны 1 дүгээр сард шалгагдаж хоригдсон учраас эргэж С.Жтай холбоо барьж чадаагүй байсан...”гэх мэдүүлэг /3хх-48-49/, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э, Ч.М нарын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Эфзон” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, (1хх-22-23), “Эфзон” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа (1хх-208, 2хх 1-70) “Танан....” ХХК, “Орт...” ХХК, “Цонж б...н” ХХК, Алаг У...ХХК-уудад хийсэн нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулгууд (1хх-55-98, 99- 113, 133-137, 151-159), шүүгдэгч С.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 3/хх-74/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Жгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ж нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Жгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ам бүлийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Жд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 302.443.826.36 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Жд 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР