Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

 

   2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/00547

                 Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж,

 

Нэхэмжлэгч: Ж.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.С,

Хариуцагч: Б.Д нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чинзориг, хариуцагч Э.С, гэрч А.Бат-Соёмбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.    

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ж.М нь 2018 оны 8 дургаар сарын 13-ны өдөр Хадлангийн иж бүрдэл 7 техникийг 50,000,000 төгрөгөөр хулалдах, худалдан авах гэрээг хариуцагч нартай байгуулсан. Уг нь Ж.Мын нөхөр А.Бат-Соёмбо хариуцагч нартай тохирсон боловч тухайн үед яагаад ч юм бичгийн хэлцэлд гарын үсэг зураагүй байдаг. Гэхдээ тэд эхнэр, нөхөр учир хамтран өмчлөгч Ж.М гэрээг хийсэн.

Гэрээнд төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон бөгөөд төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол түрээсийн төлбөрөөр тооцож, хохирлоо шаардахаар тохирсон. Урьдчилгаанд 10,000,000 төгрөг авч, 2018 оны 8 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Дадал суманд байсан техникийг Б.Батжаргал гэгч Ж.Мын төрсөн ахаар дамжуулан хүлээлгэж өгсөн байдаг.

Гэвч хариуцагч нар нэг ч төгрөг нэмж төлөөгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээ ёсоор шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 3 сар 27 хоногийн түрээсийн төлбөр 48,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Иймд хадлангийн 7 иж бүрдлийг түрээсийн төлбөр 48,000,000 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дулаан орсон учир техникүүдийг яг одоо авсан газраа буцаагаад хүлээлгээд өгнө. Нэг сарын дотор л хүлээлгээд өгнө.

Харин мөнгийг нь зөвшөөрөхгүй. Бид 10,000,000 төгрөг өгсөн, тэр мөнгө нь хангалттай гэж үзэж байгаа. 11, 12, 01 саруудад хадлан хийгээд явдаг хүн байдаггүйг бүгд мэдэж байгаа атал яаж түрээсийн төлбөр тооцож нэхээд байгааг ойлгохгүй байна.

Анх би дүүтэйгээ хадлан хийхээр тохирсон. Хэнтий аймгийн Дадал суманд хадлангийн техник байсныг нь худалдан авахаар А.Бат-Соёмбо гэх хүнтэй тохирч, 2018 оны 8 дугаар сарын 13-нд түүний хэлснээр Ж.М гэдэг хүнтэй уулзаж, нэг гэрээнд гарын үсэг зураад гарч ирээд гэрээг нь уншсан. Гэтэл бидний амаар тохирсноос өөр зүйл бичсэн байсан тул энэ тухай А.Бат-Соёмбод хэлэхэд “наадах чинь зүгээр л хэлбэр төдий шүү дээ” гэсэн тул би нэг их тоогоогүй.

Ингээд Б.Батжаргалын хамт Хэнтий аймгийн Дадал суманд очиж, техникүүдийг нь хүлээж авсан. Асааж, ажиллуулж үзээгүй, айлын гадаа байсныг нь хараад өнгөрсөн. Гэтэл хадлан эхлэхэд 2 трактор, 1 боогч нь ажиллаагүй, харин тармуур, хадуур, жижиг трактор нь ажиллаж байсан. Хадлан хийхэд хамгийн гол хэрэгцээт зүйл нь боогч учир түүнийг ажилд оруулах гэж хотоос 2,000,000 төгрөгөөр аппарат захиж авчруулсан боловч мөн л ажиллаагүй. Тэгээд тухайн үед хажууд хадлан хийж байсан хүмүүсийн боогчийг ашигласан. Хэрэв тэнд өөр хүмүүс хадлан хийгээгүй байсан бол асар их мөнгө, хөрөнгөөр шатах байсан.

Одоо техникүүд нь хадлан хийсэн газар дээрээ байгаа, тэднийг нь хүлээлгэн өгөхөд бэлэн, харин түрээсийн гэх төлбөр төлөхгүй. Эвдэрхий байгаа талаар хэлэх гэж зөндөө оролдсон, цаг хугацаанд шахагдаж байсан учир нэгэнт эхэлсэн ажлаа дуусгахыг л бодсон. Өгсөн 10,000,000 төгрөг маань ажилласан техникийн түрээсэнд болно гэж А.Бат-Соёмбо хэлсэн гэв.

 

Хариуцагч Б.Доос урьд гаргасан тайлбартаа:

Э.Сын тайлбартай ижил. Ажилласан техник нь 50 гээд хужаа трактор, хужаа тармуур, хужаа хадуур л ажилласан. Бусад нь ажиллаагүй. Бид 2,000 га талбайд хадлан хийхээр сумтайгаа тохирсон боловч эвдэрхий техниктэй учир 110 га газар л хадсан. Энэ хадсан өвснийхөө 50 хувийг бусдын боогч ашигласны төлбөрт төлсөн. Ажилчдын цалин хөлс гээд зөндөө зардал гаргасан. Тиймээс мөнгө төлөхгүй. Би 2018 оны 9 сарын сүүлээр төв рүү ороод А.Бат-Соёмбо болон зуучилсан н.Соёмбо-Эрдэнэ гэдэг хүмүүстэй холбогдох гэж үзсэн боловч утсаа огт аваагүй. Анхнаасаа 10,000,000 төгрөг гэж амаар тохирч байсан учир түүгээрээ болчих байх гэж бодсон гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, гэрч Боржигон овогт Алтангэрэлийн Бат-Соёмбо /РД:ЧР76082276/-ын “...Би 2018 оны 8 дугаар сарын эхээр Б.Д, Э.С нартай уулзаж, хадлангийн иж бүрдэл техникийг нийт 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэрээг миний хэлснээр эхнэр Ж.М бичгээр байгуулсан. 10,000,000 төгрөгийг эхлээд үлдэгдлийг 11 сард багтаагаад өгөхөөр тохирсон бөгөөд 10,000,000 төгрөг төлөгдсөн байдаг. 2018 оны 10 сарын сүүлээр хэнтэй нь холбогдсоныг мэдэхгүй нэг ярьсан. Техник ажиллахгүй байгаа талаар огт дурсаагүй. Намайг ярихад 10 хоногийн дараа мөнгө өгье гэсэн. Тэгээд алга болсон учир 2018 оны 12 дугаар сард зурвас бичсэн. Надтай огтоос холбогдоогүй. Анхнаасаа эрсдэлээ тооцож авсан. 2018 оны 11 сар хүртэл өөрсдөө алга болсон. Бүгд ажилтай техник байсныг авсан тул техникийн тохиргоо хийгээгүйгээс ажиллуулж чадсан эсэх нь бидний асуудал биш...” гэх мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Э.С, Б.Д нараас хадлангийн иж бүрэн техникүүд гаргуулах, тэдгээрийг ашигласан хугацааны төлбөрт 48,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нар техникүүдийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд техникүүд эвдэрхий байсан үндэслэлээр төлбөр төлөхийг зөвшөөрөөгүй, урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөг нь түрээсийн ашиглагдсан техникийн төлбөрт дүйцнэ гэх тайлбарууд гаргасан.

 

Хариуцагч Б.Д нь тус шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, талууд түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1 тоот тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь ОХУ-д үйлдвэрлэсэн трактор 2 ширхэг, хадуур 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн 4 цлиндр бүхий трактор 1 ширхэг, тармуур 1 ширхэг, хадуур 1 ширхэг, Киргиз улсад үйлдвэрлэсэн хаман боогч 1 ширхэг буюу хадлангийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нар худалдан авсан зүйлийн үнэ 50,000,000 төгрөгийг 3 хувааж төлөх, хэрэв төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд багц техникийг 1 сарын 15,000,000 төгрөгөөр үнэлэн түрээсэлсэн гэж үзэж, түрээсийн төлбөрийг гэрээ байгуулагдсан өдрөөс тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх хүртэл хугацаагаар тооцож төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Үүнээс 2 хоногийн дараа F80 трактор 1 ширхэг, ЮМЗ трактор 1 ширхэг, Хятад 500 трактор 1 ширхэг, хадуур 2 ширхэг, хаман боогч 1 ширхгийг эсгий гэрийн хамт хариуцагч нарт хүлээлгэн өгсөн болох нь мөн өдрийн баримтаар тогтоогджээ.

 

Дээрхээс гадна тармуур 1 ширхгийг хүлээн авсан үйл баримтад хариуцагч нар маргаагүй бөгөөд хариуцагч нараас 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн байна.

 

Дээрх үйл баримтад талууд маргаагүй.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь одоо хариуцагч нарыг үнийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн тоног төхөөрөмжүүдийг ашигласан хугацааны төлбөрийн хамт хариуцагч нараас гаргуулахаар шаардсан бол хариуцагч нар ОХУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг трактор, хадуур 1 ширхэг, Киркизстан улсад үйлдвэрлэсэн хаман боогч 1 ширхэг нь ажиллагаагүй байсны улмаас тэднийг ашиглаж чадаагүй, харин ажилласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг трактор, 1 ширхэг хадуур, 1 ширхэг тармуур ашигласны төлбөрт урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөг дүйцэх учир нэмж мөнгө төлөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд хэрэв худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч нь доголдлыг арилгуулах, буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гаргах эрхтэй байдаг.

 

Гэхдээ худалдсан эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар дээрх шаардлага гаргах эрхээ алддаг байна.

 

Манай тохиолдолд худалдагч болох нэхэмжлэгч нь эд хөрөнгө шилжүүлэх үүргээ бусдаар дамжуулан гүйцэтгүүлсэн бөгөөд худалдан авагч болох хариуцагч талаас эд хөрөнгө биет байдлын доголдолтой байсан талаар хүлээн авах үедээ ямар нэг тайлбар гаргаагүй, хожим доголдол илэрсэн гэх боловч энэ тухай худалдагчид мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй тул одоо шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ.

 

Шүүх нотлох баримтаар нотлогдоогүй хариуцагч нарын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, худалдсан эд хөрөнгийг буцаан шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн, хариуцагч нар техникийг буцаан өгөхийг зөвшөөрсөн тул хариуцагч нараас нэр бүхий техникүүдийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого энэ хохиролд хамаарна.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тохиолдолд хохирлыг түрээсийн төлбөрөөр тооцож, ашигласан хугацааны төлбөрийг 1 сарын 15,000,000 төгрөг байхаар тохиролцсон нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Тиймээс нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо техникийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрөөр тооцож шаардах эрхтэй.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тооцсон нь түрээсийн зүйлийг ашигласны төлөө төлбөр төлөх Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Гэрч Э.Ариунболдын мэдүүлгээр тоног төхөөрөмжийг 2018 оны 11 сарыг хүртэлх хугацаанд ашигласан болох нь тогтоогдсон тул шүүх 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хохиролд тооцох нь зүйтэй.

 

Ийнхүү тооцвол хариуцагч нар техникүүдийг 2 сар 15 хоног ашигласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ хугацааны төлбөр 37,500,000 /15,000,000х2+7,500,000/ төгрөг гарч байна.

 

Дээрх төлбөрөөс хариуцагч нарын урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгийг хасах үндэслэлтэй тул үлдэх 27,500,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иймд Ж.Мын нэхэмжлэлийн шаардлагаас 20,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Гэрч А.Бат-Соёмботой худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар амаар тохиролцсон хариуцагч нар нь түүний эхнэр Ж.Мтай энэ гэрээг бичгээр байгуулсан үйл баримт нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д нийцсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг тус тус баримтлан Э.С, Б.Д нараас 27,500,000 төгрөгийг, ОХУ-д үйлдвэрлэсэн трактор 2 ширхэг, хадуур 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн 4 цлиндр бүхий трактор 1 ширхэг, тармуур 1 ширхэг, хадуур 1 ширхэг, Киргиз улсад үйлдвэрлэсэн хаман боогч 1 ширхэг техникүүдийн хамт гаргуулж Ж.Мд олгож, Ж.Мын нэхэмжлэлийн шаардлагаас 20,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 545,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

            3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА