Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 548

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/00548

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 11-216 тоотод байрлах, “СИ” ХХК /РД:5219272/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Орос элчингийн баруун тал, Мулевана Солонгос хоолны газрын байранд байрлах, “С” ХХК /РД:5988349/-д холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл 645,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар, Г.Баярцэцэг, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

          Манай компани 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч компанитай 1 сарын туршилтын хугацаатай харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг 1 жилээр байгуулсан. Уг гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж ажилласан. Манай компанийн гэрээт нэг харуул 4 өдөр хамгаалалтад гарч, 3 өдөр амрах, түүний 1 сарын хөлс 1,000,000 төгрөг байхаар тохирсон.

Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 466,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд түүнээс хойш хөлс төлөөгүй, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээгээ цуцалсан.

Хариуцагчийн төлсөн төлбөр нь 2018 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд тооцогдсон тул 2018 оны 12 дугаар сарын 26-аас 2019 оны 1 дүгээр сарын 14-нийг хүртэлх 20 хоногийн хөлс 645,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Ажиллах явцад хариуцагч тал харуул, хамгаалалтын ажилтны талаар хариу тайлбартаа бичиж байгаа шиг зүйлийг манайд мэдэгдэж байгаагүй тул мөнгө төлөхгүй гэсэн үүднээс гаргасан тайлбар гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Сум их бүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан “С” ХХК-ийн баримтуудыг бүрдэл болгох үүднээс шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Манай компани нь “Сум их бүрд” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр харуул хамгаалалтын ажилтнаар ханган ажиллах гэрээ байгуулсан билээ. Гэрээ байгуулсан хугацаандаа харуул хамгаалалтын ажилтан нь ажлын хариуцлага хангаагүйгээс болж манай компанид доорхи хохирол үүссэн. Үүнд:

1.2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан хамгаалалтын ажилтан нь ачаалал ихтэй үед ширээний үйчлүүлэгч хоолоо идчихээд төлбөрөө төлөөгүй гарсныг мэдээгүй өнгөрүүлж 86,000 төгрөгийн хохирол учруулсан.

2. 2018 оны 12 дугаар сарын 16-нд харуулаар гарч байсан хамгаалалтын ажилтан нь үйлчлүүлэгч хоорондын маргалдаан, харилцан зодооныг зохицуулж маргааныг зогсоохгүй өөрийн хийж гүйцэтгэх ажил үүргээ гүйцэтгээгүйгээс болж тус хоолны газрын том цонх хагарч манай компанид 465,000 төгрөгийн хохирол гарсан.

Үүнээс гадна тус харуул хамгаалалтын компанийн ажилтан нь ажилдаа ирэхдээ архи уусан халамцуу ирдэгээс гадна ажил дээрээ унтдаг, мөн зочдын үлдээсэн пиво, архины үлдэгдлийг уух зэрэг зохисгүй үйлдэл удаа дараа гаргаж байсныг манай ажилчид нотлоно. Түүнчлэн манай компанийн ажилтан бармен Мөнхзаяа нь ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа тухай хамгаалалтын албаны ажилтнуудад хэлэхэд өөдөөс нь хэл амаар доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байсан.

            Харуул хамгаалалтын компани гэрээний хугацаа дуусаагүй байх үедээ сүүлийн өдрүүдэд харуул  хамгаалалтын ажилтнаа ирүүлээгүй болно гэжээ. 

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СИ” ХХК нь хариуцагч “С” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 645,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан тайлбарыг бичгээр гаргажээ.  

 

Шүүх тус хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунбилэгт 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай 18/12 тоот гэрээ” туршилтын 1 сарын хугацаатай, гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй тохиолдолд 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөлөөр байгуулагдаж, уг гэрээгээр “СИ” ХХК нь үйлчлүүлэгчийн объектыг гэмт халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоож хамгаалах үйлчилгээг оройн 22:00 цагаас өглөөний 10:00 цагийн хооронд үзүүлэх, “С” ХХК нь 1 хамгаалалтын ажилтны 1 сарын цалинд 1,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

 Гэрээний дагуу 1 хамгаалалтын ажилтан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд хариуцагч нь 466,000 төгрөгийн хөлсийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар болон рапортын дэвтрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хууль буюу гэрээнд зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үзүүлсэн үндэслэлээр мөн хугацаанд тооцогдох хөлсийг шаардсан.

 

Хэрэгт авагдсан рапортын дэвтрээс үзэхэд хамгаалалтын ажилтан Э.Түвшинтөр нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний орой гарч, 12-ны өглөө ажлаас буусан болох нь тогтоогдсон, 2019 оны 1 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ажилласан тэмдэглэл үгүй, хариуцагч 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс цаашид хамтарч ажиллахгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүх Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь туршилтын 1 сарын хугацаа дууссанаар дуусгавар болсон байна гэх дүгнэлтэд хүрлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь 1 сарын хөлс 1,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн хэсгийг буюу 534,000 /1,000,000-466,000/ төгрөгийн хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Харин 2019 оны 1 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ажиллаагүй тул тухайн өдрийн хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно.

 Энэ үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 111,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч тал гаргасан тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул тайлбарт дурдагдсан асуудал нь хөлс төлөх үүргээс чөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “С” ХХК-аас 534,000 төгрөгийг гаргуулж “СИ” ХХК-д олгож, “СИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА