| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0357/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/376 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0357/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Т.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрөөгийн Ганболдод холбогдох эрүүгийн 2218000000418 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, Өсөх Урам ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Шарын голын 31 тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар
-Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 06 жил 08 сар 05 хоногийн хорих ялаар,
-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, өмнөх ялыг нэмж нэгтгэн 02 жил 02 сар 09 хоногийг хорих ялаар тогтоож байсан, Боржигон овогт Төмөрөөгийн Ганболд /Регистрийн дугаар МЭ83081370/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ганболд нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2. дугаар багт байрлах 8 дугаар бригад гэх газар Ж.Чойжинтой маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ярих зүйл байхгүй. Маргах зүйл байхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Эрүүгийн 2218000000418 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Чойжингийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би Шарын гол сумын зам барьж байгаа “ Анандын Зам ” ХХК-ний кэмп дээрээ байж байхад 20 цагийн үед манай найз Лхагвадулам над руу залгаад найз батилоны эцэс дээрээс ирээд намайг авчих гэсэн. Тэгээд би замын унаанд суугаад Батлионы эцэс дээр ирээд Лхагвадуламтай холбогдох үед Ширээ нуруунаас ирж байна наанаа хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байхад Лхагвадулам нэг жижиг цагаан өнгийн машинтай нэг залуутай хамт ирсэн. Тэгээд Лхагвадуламтай ирсэн тэр залуу намайг суучих кэмп рүү чинь хүргээд өгөх үү гэж хэлсэн. Тэгсэн тэр машин барьж явсан Ганболд гэх залуу замаараа дэлгүүр ороод нэг шил 0.750 литрийн Экс нэртэй архи аваад гарч ирсэн. Тэгээд Ганболд гэх залуу бид хоёр тэр дэлгүүрээс авсан архийг хувааж уугаад байж байхад Ганболд гэх залуу надад чи миний эхнэртэй уулзаад байгаа юм уу тээ гэж хэлээд сайхан амьдраарай гэж хэлсэн. Тэгээд бид хэд манай кэмп дээр ирээд Лхагвадулам машинаас буугаад би тэр Ганболд гэх залууд өөрийнхөө өрөөнд байсан тал шил архийг гаргаж ирээд бид хоёр хувааж уугаад дууссан. Тэгээд би Ганболдын машинаас буугаад дүү нь одоо явлаа гээд алхаж байх үед Ганболд миний араас гүйж ирээд намайг үгийн зөрөөгүй газар унагаж байгаа миний нүүр хэсэг рүү өшиглөөд байсан. Тухайн үед миний нүүр болон ам хамарснаас цус гараад газар хэвтэж байх үед Ганболд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би өөрийн кэмп рүү залгаж машин дуудаад ажил дээрээ ирж унтсан.” гэх мэдүүлэг /хх 5-8/,
Гэрч Б.Лхагвадуламын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ буюу Ширээ нуруунд байж байхад надтай өмнө нь хамт амьдарч байсан Ганболд гэх залуу над руу залгаад манай гэрийн гадаа ирээд надтай уулзсан юм. Тэгээд би Ганболдод би найз залуутай болсон. Чи бид хоёр салаад 4 сар болж байна гэж хэлсэн чинь Ганболд надад би тэгвэл тэр залуутай чинь нэг уулзаад гар бариад яваад өгнө гэж надад хэлсэн юм. Тэгээд би өөрийн гар утсаар Чойжинтой ярихад Чойжин кэмп дээрээсээ гараад Батлионы эцсийн дэлгүүр дээр ирсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би Ганболдын хамт ширээ нуруунаас шинэ Дархан батлионы эцэс дээр ирээд Чойжинтой уулзаад Ганболд машинаараа Чойжин бид хоёрыг кэмп хүргэж өгөх гэж байснаа замаараа дэлгүүр орж нэг шил архи аваад тэр архийг Чойжинтой хувааж уугаад кемпийн гадаа ирсэн. Би кемп дээр ирээд Ганболдын машинаас буугаад кэмп руу ороод тэндээ үлдсэн. Тэгээд Ганболд, Чойжин нар хамтдаа машинд үлдсэн. Тэгээд шөнө дунд болж байхад Ганболд кэмп дээр орж ирээд надад би Чойжинг зодчихлоо чи надтай хамт яваад Чойжинг хайгаад өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би Ганболдтой хамт Чойжинг хайсан боловч олдоогүй өглөө болгосон.” гэх мэдүүлэг /хх 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 973 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- ******* биед тархи, доргилт, нүүрэнд шархнууд, цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
-******* биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”. /хх 15-16/,
Шүүгдэгч Т.Ганболдын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 41-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 60-78/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Т.Ганболд согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2. дугаар багт байрлах 8 дугаар бригад гэх газар Ж.Чойжинтой маргалдан зодож тархи, доргилт, нүүрэнд шархнууд, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Ганболд нь хохирогч Ж.Чойжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ******* өгсөн: “... ******* миний араас гүйж ирээд намайг үгийн зөрөөгүй газар унагаж байгаа миний нүүр хэсэг рүү өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх 5-8/, гэрч Б.Лхагвадуламын өгсөн: “...шөнө дунд болж байхад Ганболд кэмп дээр орж ирээд надад би Чойжинг зодчихлоо чи надтай хамт яваад Чойжинг хайгаад өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би Ганболдтой хамт Чойжинг хайсан боловч олдоогүй өглөө болгосон.” гэх мэдүүлэг /хх 12/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 973 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ж.Чойжингийн биед тархи, доргилт, нүүрэнд шархнууд, цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Чойжингийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”. /хх 15-16/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Ганболдын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ж.Чойжин нь “...миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх тайлбар /хх 83/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганболдыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ганболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Төмөрөөгийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганболдыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганболдод оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганболд нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ганболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ