Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/916

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч Б.Дөлгөөн,

Хохирогч О.Г,

Шүүгдэгч Ж.Б, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б холбогдох эрүүгийн 2211 00775 1619 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ж.Б , 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 47Б-1002 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:РЮ87101611/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Ж.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2022 оны 01 дүгээр сарын арван хэдний өдөр байсныг сайн санахгүй байна надтай хамт автомашин зардаг байсан н.Ууганбаяр ирж “Миний дотны танил О.Г өөрийн Ланд-200 автомашинаа засуулъя гэнэ. Чи автомашиныг нь вьетнам засварын газруудаар засуулаад өгөөч” гэсэн. Би 2014 оноос хойш автомашин засаж зарах ажил эрхэлдэг. Тухайн үед би н.Ууганбаярын Мерседес бенз автомашиныг засаж байсан тул н.Ууганбаярт “За тэгье” гэж хэлээд иргэн О.Гтай ярьж, автомашины сэв засдаг вьетнам засварын монгол засварчинтай хамт Замын цагдаагийн урд талын журмын хашаанд очиж, тухайн автомашиныг үзэхэд урд болон хойд талаасаа мөргөлдсөн 2013 оны Ланд-200 маркийн автомашин байсан. Засварчинтай ярилцаж байгаад О.Гад тус автомашины сэвийг 15.000.000 төгрөгөөр засах боломжтой бөгөөд керло, копуд, багааж зэргийг сэлбэж засах сэлбэгийн хамтаар нийт 25.000.000 төгрөгөөр засварлах талаар хэлсэн. Үүнийг О.Г зөвшөөрсөн тул би сэв засдаг засварчинд тухайн автомашиныг засуулах талаар хэлэхэд тэрээр “Энэ хэний автомашин юм бэ” гэж асуусан тул би “Миний автомашин” гэж хэлсэн. Би тухайн үед О.Г, н.Ууганбаяр нартай “Би олон жил вьетнам засвараар автомашинаа засуулж байсан болохоор миний автомашин гэж хэлбэл арай хямд, чанартай засдаг тул би өөрийн автомашин гэж хэлье” гэж хоорондоо үгсэн тохиролцсон байсан юм. Засварчин надад “Та үнэхээр эвдрэлтэй автомашин авч, ашиг олох гэж бусдад зарах гэж байгаа бол би танд 9.500.000 төгрөгөөр засаж өгье” гэж хэлсэн юм. Би тодорхой хэмжээний ашиг харж, О.Гад 15.000.000 төгрөгөөр сэвийг засна гэж хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Учир нь би засуулж байгаа автомашиныг өдөр шөнөгүй хажууд нь харж суудаг тул өөртөө 5.500.000 төгрөгийн ашиг унагаана гэж тооцоолсон нь үнэн. О.Г надад “Автомашин Цамбагаравын хажууд байрлах Мастер авто засварын газарт байгаа тул очоод авчих” гэсэн тул би ачилтын автомашин явуулж өөрөө хүлээж авч, цасанд баригдсан байсан автомашиныг нь би гурван автомашин ордог авто засварын гарааш руу оруулсан. Учир нь О.Г өөрөө байгаагүй юм. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэх 3 өдөр дараалан би 6.330.000 төгрөг аваагүй. 2022 оны 01 дүгээр сарын хорин хэдний орчим над руу жаазны нэг сая хэдэн зуун мянган төгрөг шилжүүлсэн. Автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын хорин хэдний үед гарааш руу оруулснаас хойш 7 хоносон. Автомашиныг засаж эхлэх үү гэж би О.Гаас асуухад “Хоёр автомашин хоорондоо мөргөлдсөн болохоор даатгалаас манайх мөнгө авах ёстой юм. Иймд автомашиныг янзлаад эхэлчихвэл эвдрэлийн хохирлын хэмжээ багасах гээд байна. Чи түр автомашиныг засахгүй байж бай” гэсэн. Цагаан сар 2 дугаар сарын эхээр болсон бөгөөд цагаан сар өнгөрөнгүүт буюу 2 дугаар сарын 05-06-ны өдрийн үед би хэдийгээр олон жил автомашин засварлаж зарж байсан хүн хэдий ч вьетнам засварын газраас “Урьдчилгаа мөнгөө өгөөч. Учир нь манай засварын газрын гараашинд хүмүүс автомашинаа засуулна гэж авчирч тавьж, дулаан гараашаар ашиглаж, зай эзэлж байгаад хэсэг хугацааны дараа аваад явчихдаг юм” гэсэн тул би О.Г руу утсаар ярьж, өөрийн ашиг болох 5.000.000 төгрөгийг түрүүлж аваад вьетнам засварын газартаа тухайн автомашиныг заавал засуулна гэж хэлсэн. Гэтэл О.Г нь 2 дугаар сарын сүүл бараг 3 дугаар сарын эхээр нөгөө автомашинаа бусдад худалдсан. Хамгийн гол нь автомашинаа бусдад худалдахдаа О.Г өөрөө ч ирээгүй, намайг хүн ирэхээр автомашин үзүүлчихээрэй гэсэн. Хүмүүс ирж автомашиныг нь үзэхэд би үзүүлж байсан бөгөөд вьетнам засварынхан надаас “Та автомашинаа засуулахгүй бусдад зарах гэж байгаа юм уу” гэж асуухаар нь “Тийм ээ” л гэж хэлж байсан. Гэтэл нэг хүн О.Гын автомашиныг ачилтын автомашины хамт ирж авах гэхэд нь би О.Г руу утсаар хүн ирж автомашиныг нь авах гэж байна. Мөнгөө авсан юм уу гэж хэлэхэд тэрээр “Түр байлгаж бай. Мөнгө  нь данс руу ороогүй байна. Чи түлхүүрийг нь битгий өгөөрэй” гэж хэлэхээр нь би түлхүүрийг нь өгөөгүй. Төд удалгүй О.Г нь түлхүүрээ өгчих, мөнгө нь данс руу орсон гэхээр нь би тухайн автомашин дотроос засах гэж гаргаж тавьсан бүх зүйлийг ачиж өгөөд явуулсан. Учир нь би тухайн автомашины жаазыг янзлах гээд татаж, тодорхой засвар хийж эхэлсэн байсан юм. О.Г нь би өөр автомашин авна. Тэр автомашинаа энэ автомашины оронд засуулна. 5.000.000 төгрөгийн асуудлыг хоёул тусдаа ярина гэж хэлсэн. 4-5 хоногийн дараа 2018 оны гадна талаараа сэв зураастай автомашин авчирсан. О.Гын засуулах гэж байсан Ланд-200 автомашин нь хоёр талаараа мөргөлдсөн төмрийн ажилтай автомашин байсан бол сольж авчирсан автомашин нь гадна талын будгийн ажилтай автомашин байсан тул би түүнд сэв төмрийн ажил, гадна талын будгийн ажил чинь өөр. Би таны автомашиныг янзлах гээд Ланд-200 автомашины гадна талын керло, копуд, гэрэл, дотор талын суудлууд, хөгжим бусдаас авсан байсан. Та гарааш руу очиж үз. Үүнийг авах уу гэхэд тэрээр “Би авахгүй. Чи надад вьетнам засварын мөнгийг 03 дугаар сарын 20-ны өдөр гэхэд үлдсэн мөнгийг өгөөрэй” гэж хэлээд явсан. Энэ үеэс бидний хоорондох энэ маргаан эхэлсэн. Үүнээс хойш бид мөнгө төгрөгийн талаар нэг ч маргаан хийгээгүй байж байгаад 03 дугаар сарын 17-18-ны өдрийн орчим О.Г “Би шүүх цагдаагаар явна” гэж хэлсэн бөгөөд төд удалгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч н.Эрболд над руу ярьсан тул би очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ “Надад О.Гыг залилсан зүйл байхгүй. Ийм үйл явдал болсон бөгөөд надад шилжүүлсэн мөнгөний зарим хэсгийг би ашиг гэж бодож, өөрийн амьдралдаа зарцуулсан. О.Гын над руу 02 дугаар сард явуулж байсан мессеж хүртэл надад байгаа. Би О.Гад мөнгө өгөх нь үнэн. Гэхдээ О.Гыг шүүх цагдаад яагаад хандаж байгааг гайхаж байна” гэж болсон үйл баримтын талаар мэдүүлсэн бөгөөд мөрдөгч “Ойлголоо, дараа тань луу холбогдоно” гээд намайг явуулсан. Үүний дараа 07 дугаар сард мөрдөгч дахин над руу утсаар ярьж “О.Гад таны хэргийг танилцуулахад прокурорт гомдол гаргасан тул та ир” гэхээр нь би өдөр 16:00 цагт яваад очъё гэтэл н.Эрболд “Чи О.Гын мөнгийг барьж ирэхгүй юм бол хоосон ирээд яахав дээ”  гэж хэлсэн тул бидний хооронд “Чи мөрдөн байцаагч байж энэ иргэний хэрэг юм уу, эрүүгийн хэрэг юм уу, энэ хүнийг би үнэхээр залилсан юм уу, фейсбүүк цахим орчинд зар тавьж залилах үйлдэл хийсэн юм уу. Би тухайн автомашиныг засах ямарч үйлдэл хийлгүй О.Гыг хохироогоогүй. Намайг автомашиныг засъя гэхээр О.Г байж бай. Хоёр автомашин мөргөлдсөн хэрэг болохоор мөргөсөн автомашины даатгалаас хүмүүс ирж автомашиныг үзэхэд янзалчихсан байж болохгүй. Янзалчихвал автомашины хохирлын мөнгө багасаж магадгүй гээд сар гаран хугацаанд манай гараашинд автомашинаа байлгасны эцэст автомашинаа бусдад зарчихсан” гэж маргаан үүссэн. Сүүлд н.Ууганбаяр гэх мөрдөгч над руу утсаар ярьж, эрүүгийн хэрэг үүссэн. Хэргийг Б.Дөлгөөн гэх прокурор хянаж байгаа” гэж хэлсэн. Би мөрдөгч, прокурорын дуудсан цаг хугацаанд очсон. Би О.Гаас мөнгө авсан нь үнэн боловч түүнээс мөнгийг нь залилан авсан үйлдэл байгаагүй юм. Би сүүлд прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасан нь үнэн..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Ж.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 01 дүгээр сарын 00-ны өдөр Г гэх залуу надруу залгаад мөргөлдсөн ланд 200 маркын тээврийн хэрэгсэл байна. Үзэж хараад янзлаад өгөөч үнэ хөлсөө тохиръё гэхээр нь би маргааш нь буюу 2022 оны 01 сарын 11-ний өдөр Нарны зам дагуу байрлах журмын хашаанаас тээврийн хэрэгсэлийг нь үзсэн. Тэгээд тухайн залууд машиныг нь үзчихээд сэлбэгийг нь би өөрөө авч хийвэл 25 сая төгрөг харин чи өөрөө авч өгөх юм бол 15 сая төгрөгөөр хийж өгье гэж тохирсон. Тухайн үед уг залуу эхний ээлжинд 15 сая төгрөгөөр хийлгэж байя явцын дундаа сэлбэг олдох эсэхээс шалтгаалаад дахин ярилцъя гэж хэлсэн. Тэгээд би машиныг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрөө ачлагын машин гаргаж ачиж Дөлгөөн нуурын зүүн талд байрлах вьетнам засварын газар авч ирсэн. Тухайн вьетнам засварын газрыг Баянаа /99076491/ гэх залуу ажиллуулдаг ба хэдэн вьетнамчууд ажилладаг юм. Тэгээд би тохирсон ёсоороо машины зарим нэг сэлбэгүүдийг хайж эхлээд ланд 200 гэх дэлгүүрээс жааз авахаар болсон. Жааз гэдэг маань машины нүүр хэсэг. Үүнийг би 1.330.000 төгрөгийг эхнэр Ганчимэгийн дансаар авсан. Уг мөнгийн 300.000 төгрөгөн дээр өөрт байсан Ланд 200 машины кирла болон нүүр өгч жаазаа авсан. Тэгээд машины засварын урьдчилгаа мөнгө болгож 5 сая төгрөгийг эхнэрийн Хаан банкны 5031267724 тоот дансруу явуулсан ба 2022 оны 04 сарын 01-ний өдөр гэхэд машинаа авахаар болж тохиролцсон. Тэгээд машиныг нь гражид байрлуулж задалж эхэлсэн. Тэгэхэд Г өөрөө надруу залгаад машинаа засахгүй байж байгаарай даатгалын мөнгө орж иртэл эвдэрсэн хэвээрэй байх хэрэгтэй юм байна хугацааны хувьд яарах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь машинд нь засвар хийлгүй зогсоосон байсан. Харин урьдчилгаанд авсан 5 сая төгрөгнөөс гадна сэвийг нь янзлуулахаар Вьетнам улсын иргэн Хуа-д 2.500.000 төгрөгийг түүний надад өгсөн дансруу шилжүүлж өгсөн. Үлдсэн 2,500,000 төгрөгийг өөртөө ашиг болгох байдлаар авсан. Учир нь дараа нь орж ирэх 20 сая төгрөгөнд машиныг засаж хангалттай сэлбэг авах тооцоололтой байсан. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээрх машинаа зарахаар болсон чи хүлээлгээд өгчих гэхээр нь авах гэж байгаа хүнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Тэгээд надаас өгсөн 5 сая төгрөг мөн жаазны 1,330,000 төгрөгөө авъя гэсэн би тэгэхээр нь надад мөнгө байхгүй өгсөн мөнгөндөө машин засуулж болно эсвэл хугацаа өгчих мөнгийг чинь тэгээд хийж дуусгая гэж хэлсэн. Гэтэл дараагийн удаа 1,800.000 төгрөгний засварын ажилтай Ланд 200 маркын тээврийн хэрэгсэл авчир. өгсөн ба 2022 оны 3 сарын 04-ний өдөр гэхэд машин бэлэн болгож дээр нь нэмээд 1,200,000 төгрөг өгөөрэй үлдсэн мөнгийг нь дараа нь цувуулаад авъя гэсэн. Анхны өгсөн машины мөнгөнөөс Вьетнам иргэн Хуад өгсөн мөнгө маань сэв хийх ажпын мөнгө байсан. Сэв хийнэ гэдэг нь хонхойсон болон далийсан, цуурсан төмрийг янзлах ажил байсан. Харин сүүлийн машин нь будагний ажил байсан болохоор би Хуа хийж өгөөгүй юм. Хуагаас мөнгөө авах гэхээр мөн заавал сэвний ажил хийе мөнгө байхгүй гээд байгаа юм. Тэгээд би Гын мөнгийг өгч чадаагүй байгаа юм..” гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Хохирогч О.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2022 оны 01 дүгээр сард миний өөрийн эзэмшлийн Ланд-200 автомашин аваарт орсон. Тухайн үед мөнгөний боломж муу байсан учир би өөрийн найз н.Ууганбаяраас “Автомашин гайгүй янзалчих хүн байна уу” гэж асуусан. Тухайн үед н.Ууганбаяр нь ямар нэг зүйл хэлээгүй боловч сүүлд нь “Миний таньдаг дүү Доо вьетнам засварын газартай. Автомашин гайгүй засдаг юм. Би чам руу утсаар яриулна” гэж хэлж биднийг танилцуулсан. Ж.Б над руу утсаар ярьсан бөгөөд тухайн үед тээврийн цагдаагийн газарт маргаантай байсан тул автомашин журмын хашаанд байсан. Би автомашинаа “Мастер оношилгоо” гэх газар луу явуулаад өөрөө очоогүй. 15.000.000 төгрөгөөр автомашинаа засуулахаар тохирсон бөгөөд жилийн өмнөх хэрэг болохоор би цаг хугацааг нарийн сайн санахгүй байна.Ж.Бтой хамт вьетнам засварын газарт очиж үзсэн. Түүнээс “Энэ засварын газар чинийх үү” гэж асуухад тэрээр “Тийм ээ” гэсэн. Ж.Б нь засварын газарт ороод өөрийн юм шиг шүүгээ савыг ухаж, кофе ууж, хэдэн вьетнам иргэнтэй их дотно ярилцаж байсан тул би тухайн засварын газрыг Ж.Бийн ажиллуулдаг газар юм байна гэж ойлгосон. Тэгээд Ж.Бид “Мастер Оношилгоо” гэх газраас миний автомашиныг авчих гэж хэлээд автомашин ачих хөлсийг тухайн үед шилжүүлж байсан. Гэтэл Ж.Б “Жааз авмаар байна. Манай найзад 1.330.000 төгрөг гээд хямдхан байна” гэхээр нь би “За тэгье” гээд мөнгийг нь шилжүүлсэн. Хэд хоногийн дараа дахин Ж.Б будаг замаскийн мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 150.000 төгрөг шилжүүлсэн. Мөн автомашин янзлуулах урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь мөнгө шилжүүлсэн. Гэхдээ би өөрийнхөө автомашиныг янзлахаа түр азнаж бай гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед Ж.Б нь таны автомашиныг янзлуулахгүй зарчихъя. Танд санаа оноо юу байна гэж хэлж байсан боловч би автомашинаа өөр хүнд худалдаж, өөрөө очилгүй автомашины түлхүүрийг нь тухайн хүнд Ж.Бийг өгчих гэж хэлсэн нь үнэн. Түүний дараа мөнгөө авъя гэхэд сэв будаг замаскийн ажил өөр гэж хэлсэн. Манай найзын орж ирсэн сэв будгийн ажилтай Ланд-200 автомашиныг Ж.Боос авах ёстой авлагаасаа суутгуулаад вьетнам засварт оруулахаар ярилцаж, вьетнам засварын 1.800.000 төгрөгийг Ж.Б вьетнамуудад өгч, үлдсэн мөнгийг цувруулж өгөхөөр харилцан тохиролцсон. Сүүлд нь манай найз хөдөөний хүн тул буцахын тулд автомашинаа байнга очиж шалгаж байсан. Гэтэл нөгөө Ланд-200 автомашинд огт засвар хийгдэлгүй 2-3 хоносон. “Яасан бэ” гэж Ж.Боос асуухаар би мөнгийг нь өгнө гэсэн зүйл ярьдаг. Би тухайн вьетнам засвар луу байнга очсон. Сүүлдээ автомашин бэлэн болоход вьетнамууд нь 1.800.000 төгрөгийг өгөхгүй бол автомашиныг гаргахгүй гэж хэлсэн тул вьетнамуудад би Ж.Бийн фейсбүүкийн зургийг үзүүлэхэд тэд Ж.Бийг мэдэх ч юм шиг, мэдэхгүй ч юм шиг Монгол хэлээр муу ярьдаг тул хэл яриа нь сайн ойлгогдохгүй байсан. Гэтэл тухайн газрын эзэн гэх нэг залуу гаднаас орж ирсэн. Би нэрийг нь санахгүй байна. Тухайн үед болсон үйл баримтыг ярихад тэрээр “Би энэ вьетнам засварын эзэн. Энэ хүн 100 айлаар явж, автомашин засварт оруулна гэж зуучлалын мөнгө авдаг хүн. Энэ хүнээс би бас авлагатай тул чи өөрөө мөнгөө төлөөд автомашинаа авахаас өөр арга байхгүй” гэж хэлсэн. Ийнхүү ярилцаж байх зуур Ж.Б над руу Ланд-200 маркийн автомашиныг ингэж янзалсан гэх зураг явуулсныг би тухайн хүнд үзүүлэхэд “Энэ хүний өөрийнх нь заасан автомашин биш байна. Манай хойд талын автомашин засварын газар янзалж байгаа автомашины зураг байна. Наад хүн чинь эвгүй хүн шүү” гэж хэлсэн. Би Ж.Бтой ойлголцохгүй юм байна гэж ойлгоод тус вьетнам засварын газарт 1.800.000 төгрөгийг төлж автомашинаа авч, хуулийн байгууллагад хандсан юм..” гэв.

 

Хохирогч О.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өөрийн эзэмшлийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг засуулахаар найз Ууганбаяраар дамжуулж өөрийгөө Д гэж танилцуулсан хүнтэй анх танилцсан. Анх өөрийгөө вьетнам засварын газартай гэж танилцуулахаар нь уг хүний ажиллуулдаг гэх Дөлгөөн нуурын зүүн хойд талд байрлах засварын газар очсон ба оронгуут хэдэн вьетнамуудтай мэндлээд уг газар миний ажиллуулдаг газар гэж хэлсэн. Тухайн үед миний машин Тээврийн цагдаагийн албаны журмын хашаанд байсан болохоор би түүнд уг газраас миний машиныг очиж үзээд үнийн дүнгээ хэлчих гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн очиж үзээд сэлбэгийг нь надад өгч янзлуулах юм бол 15.000.000 төгрөгөөр харин сэлбэгийг нь би өөрөө гаргах юм бол 25 сая төгрөгөөр янзална гэж хэлсэн. Би уг тээврийн хэрэгслийг мөргөлдсөн асуудалд иргэний нэхэмжпэгч болж байгаа учраас заавал ослын оношилгоо хийх шаардлагатай болсон болохоор Цамбагаравын автобусны буудлын урд байрлах мастер оношилгоонд орж оношилгоо хийлгээд Д гэх хүнийг миний машиныг эндээс ирээд аваад явчих, сэлбэгтэй сэлбэггүй янзлуулах асуудлыг хоёулаа дараа нь тохиролцъё эхний ээлжид сэв зураасыг нь янзлуулж бай гэж хэлсэн. Тэгээд уг тохиролцооны дагуу миний машиныг өөрөө ирээд авч яваад засварын газраа очоод надад эхний ээлжид машины чинь жаазыг /гэрэл радиатор тогтоогч төмөр/ авах хэрэгтэй тэгж байж засвараа эхлэн уг жааз нь 1.500.000 төгрөг гэдэг юм байна би танил хүнээсээ 1.330.000 төгрөгөөр авахаар болсон чи уг мөнгийг яаралтай шилжүүлчих гэхээр нь анх 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн Төрийн банкны 34530024604 дугаарын данснаас түүний надад өгсөн эхнэрийнх нь гэх Хаан банкны 5031267724 дугаарын данс руу шилжүүлсэн. Би түүнд өөрийнхөө дансыг өгчих гэж хэлсэн чинь манай эхнэрийн данс байгаа юм уг дансыг би өөрөө ашигладаг бүх мөнгөө уг дансаар авна гэсэн. Тэгэхээр нь би жааз хийлгэхээр 1.330.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр над руу дахин залгаад замаск, будаг авах гэсэн юм яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр нь дээрх данснаас мөн түүний эхнэрийн данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би түүнийг хийж өгөхгүй байж магадгүй гэж бодоод 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулъя гэж хэлсэн боловч бэлэн гэрээ байхгүй байна гэрээ бэлдэж байгаад хийе гэж хэлсэн. Тэгэхдээ манай вьетнамууд урьдчилгаа мөнгө авч байж засвараа эхэлнэ гээд байна та урьдчилгаа 5 сая төгрөг өгчих тэгэхгүй бол ажил эхлэхгүй байна гэхээр нь уг өдрөө 4.850.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 хороо Тэнгис кино театрын орчим явж байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Тэгээд өнөөдрөөс шууд засварын ажил эхэлнэ гэсэн. Түүнээс хойш над руу 2,3 хоногийн дараа Д гэх хүн залгаад уг машиныг чинь хүн авъя гээд сонирхож байна та зарах юм уу гэж асуухаар нь тэгвэл засвар хийхгүй түр байж байгаараа би өөрөө худалдаж авах хүн олоод зарахаар болсон гээд засварыг нь хийлгэлгүй байлгачихсан. Тэгж байгаад 2022 оны 02 дугаар сарын дундуур дээрх тээврийн хэрэгслээ өөр хүнд зарчихсан. Тэгээд би машинаа зарчихсан болохоор өгсөн мөнгөө авъя гэж хэлсэн чинь би танаас машин засахаар мөнгө авсан. Тийм болохоор та сэлбэг эсхүл засварлах машин аваад ир гэсэн. Тэгэхээр нь дахин өөр Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг янзлуулахаар өөрийнх нь гээд байсан вьетнам засварын газар авч очоод эхлээд вьетнамуудтай шууд уулзаад хэдээр хийх вэ гэж асуухад 1.800.000 төгрөг гэж хэлсэн, гэтэл удалгүй араас Д ирээд нөгөө вьетнамуудтай юм яриад өөрөө эзэн нь юм шиг шүүгээ савыг нь ухаад байсан. Тэгэхээр нь би Дид уг машиныг 1.800.000 төгрөгөөр засна гэж байна чи миний өмнөх машинд авсан жаазыг надад өгчих гэхэд заруулах гээд эргүүлээд өгчихсөн зарахаар нь мөнгийг нь өгнө гэхээр нь би за тэгвэл миний чамд урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг нь вьетнамуудад өгөөд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр машин засвараас гарахаар бэлнээр 1.000.000 төгрөг өгч 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 1.700.000 төгрөг өгөөд надтай тооцоо дуусгаарай мөн жаазаа хурдан заруулаарай гэж хэлээд бид хоёр тохирсон. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр машинаа авахаар вьетнамууд дээр ирэхэд Д гэж хүн огт мөнгө өгөөгүй гэж вьетнамууд надад хэлсэн. Тэгэхээр нь би тэд нартай уулзаж байгаад монгол захирал гэх хүнтэй нь уулзсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгэхэд уг залуу Д гэх хүн манай захирал биш манай засварын газар огт ажилддаггүй юм. 100 айл орчмоор засвар хийлгэх машин хайж байгаад манай дээр авч ирж дундаас нь мөнгө унагаадаг хүн гэж хэлсэн. Одоо залгахаар Б гэх хүн утсаа авахгүй алга болчихсон юм..” гэсэн мэдүүлэг /хх-14-16/,

 

Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Б гэх хүнийг таньдаг болоод 7,8 жил болж байна. Өөрийнхөө машиныг янзлуулж байхад уг засварын газрын дэргэд машин угаалгын газар ажиллуулж байсан юм. Тэгж анх танилцаж байсан. Түүнээс ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Би Б гэх хүнээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13.300.000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан юм. Тэгээд авсан машин маань эвдрэлтэй байсан болохоор буцааж өгсөн. Харин тухайн үед мөнгөө аваагүй байсан. Тэгээд дээрх мөнгийг надад цувуулж өгсөн юм. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бийн шилжүүлсэн 2.500.000 төгрөг нь надад өгөх байсан өрний мөнгө юм...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оноос хойш Хуа нэртэй Вьетнам засварчин ажиллаж байгаагүй. Манай Вьетнам авто засварын газарт одоо Ньен Пам, Ньен Мин Дин нэртэй Вьетнам улсын 4 иргэн ажилладаг юм. Миний хувьд Б гэх хүнийг танихгүй юм байна. Миний ажиллуулдаг Вьетнам засварын газарт Ж.Б гэх хүн огт ажиллаж байгаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Хаан банкны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 29/4503 дугаартай “...5031267724 тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга...”, шүүгдэгч Ж.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

2022 оны 01 дүгээр сард хохирогч О.Г нь өөрийн эзэмшлийн Ланд-200 автомашинтай зам тээврийн осолд орж эвдэн, авто машинаа засуулах зорилгоор өөрийн танил Ууганбаяраар дамжуулан шүүгдэгч Ж.Бтой уулзсан байна. Хохирогч О.Гын өөрийн эзэмшлийн Ланд-200 автомашин нь урд болон хойд талаасаа мөргөлдсөн байсан бөгөөд тэд  автомашины сэвийг 15.000.000 төгрөгөөр, керло, копуд, багаж зэргийг сэлбэж засах сэлбэгийн хамт нийт 25.000.000 төгрөгөөр засья, засуулья гэж харилцан ярилцаж тохирсон байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дөлгөөн нуур төвийн баруун талд байрлах өөрийн танил вьетнам авто засварын газарт уг автомашиныг 9.500.000 төгрөгөөр кузовыг засуулж будуулахаар тохирч, 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос  25-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр  6.330.000 төгрөгийг хохирогчоос авч, авто машинийг засварын газрын граж руу оруулсан байна.

 

Уг авто машиныг засаж эхлэх гэтэл хохирогч О.Г нь засуулалгүйгээр хугацааг хойшлуулж байгаад 3 дугаар сард авто машинаа эвдэрхийгээр нь бусдад зарж борлуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Бийг 2022 оны 01 дүгээр сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 24, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч О.Гын 67-97 УАР улсын дугаартай "Ланд 200" маркийн машин засахаар үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Тэнгис" кино театрын орчимд интернэт банкаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.330.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Бийн дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байна. Учир нь шүүгдэгч Ж.Б нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд эзэмшигчийг хуурсан, баримт бичиг эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан үйлдэл байхгүй. Прокурор яллах дүгнэлтдээ “..авто машин засахаар үргэлжилсэн үйлдлээр..” гэж бичсэнээс өөрөөр залилах гэмт хэргийн шинжийг бичээгүй, яаж залилсан болохыг тодорхойлж нотлоогүй байна.

 

Харин Ж.Б, хохирогч О.Г нарын хооронд автомашин засуулахаар өгсөн төлбөрийн урьдчилгааг хохирогч өөрийн хүслээр засуулахаар больсоны учир бүлэлд нь эсхүл заримыг  буцааж өгөх, өгөхгүйтэй холбоотой үүссэн маргаан байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь авто машин засахаар 3 удаагийн гүйлгээгээр хохирогчоос 6.330.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

 

Хохирогч О.Гаас мэдүүлэхдээ “миний ажиллуулдаг засварын газар гэж миний машинийг аваад засаагүй” гэж мэдүүлсэн нь гэрч Л.Ура “миний ажиллуулдаг Вьетнам засварын газарт Ж.Б гэх хүн огт ажиллаж байгаагүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа боловч шүүгдэгч Ж.Б үүнийг “..би 2014 оноос хойш автомашин засаж зарах ажил эрхэлдэг. Тухайн үед би н.Ууганбаярын Мерседес бенз автомашиныг засаж байсан тул н.Ууганбаярт “За тэгье” гэж хэлээд иргэн О.Гтай ярьж, автомашины сэв засдаг вьетнам засварын монгол засварчинтай хамт Замын цагдаагийн урд талын журмын хашаанд очиж, тухайн автомашиныг үзэхэд урд болон хойд талаасаа мөргөлдсөн 2013 оны Ланд-200 маркийн автомашин байсан. Засварчинтай ярилцаж байгаад О.Гад тус автомашины сэвийг 15.000.000 төгрөгөөр засах боломжтой бөгөөд керло, копуд, багаж зэргийг сэлбэж засах сэлбэгийн хамтаар нийт 25.000.000 төгрөгөөр засварлах талаар хэлсэн. Үүнийг О.Г зөвшөөрсөн тул би сэв засдаг засварчинд тухайн автомашиныг засуулах талаар хэлэхэд тэрээр “Энэ хэний автомашин юм бэ” гэж асуусан тул би “Миний автомашин” гэж хэлсэн. Би тухайн үед О.Г, н.Ууганбаяр нартай “Би олон жил вьетнам засвараар автомашинаа засуулж байсан болохоор миний автомашин гэж хэлбэл арай хямд, чанартай засдаг тул би өөрийн автомашин гэж хэлье” гэж хоорондоо үгсэн тохиролцсон байсан юм. Засварчин надад “Та үнэхээр эвдрэлтэй автомашин авч, ашиг олох гэж бусдад зарах гэж байгаа бол би танд 9.500.000 төгрөгөөр засаж өгье” гэж хэлсэн юм. Би тодорхой хэмжээний ашиг харж, О.Гад 15.000.000 төгрөгөөр сэвийг засна гэж хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Учир нь би засуулж байгаа автомашиныг өдөр шөнөгүй хажууд нь харж суудаг тул өөртөө 5.500.000 төгрөгийн ашиг унагаана гэж тооцоолсон нь үнэн..” гэж тайлбарлан мэдүүлж байна.

 

Үүнээс үзэхэд шүүгдэгч нь “миний ажиллуулдаг Вьетнам засварын газар” гэж хуурсан мэт байгаа боловч энэ нь шүүгдэгчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд хэрэгт үүнийг нотолсон өөр баримт ирүүлээгүй байна. Шүүгдэгч өөрийн эсхүл бусдын ажиллуулдаг засварын газарт хохирогчийн авто машиныг засуулахаар өгч байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд тохиролцсон үйл ажиллагаа нь хохирогч О.Гын хүсэл зоригийн улмаас биелэхгүй болсон болох нь хохирогч О.Гын “би өөрийнхөө автомашиныг янзлахаа түр азнаж бай гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед Ж.Б нь таны автомашиныг янзлуулахгүй зарчихъя. Танд санаа оноо юу байна гэж хэлж байсан боловч би автомашинаа өөр хүнд худалдаж, өөрөө очилгүй автомашины түлхүүрийг нь тухайн хүнд Ж.Бийг өгчих гэж хэлсэн нь үнэн.” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211007751619 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул хохирогчоос нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Цаашид энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Г шүүгдэгч Э.Б нар дээрхи маргаанаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

2. Хохирогч О.Г нь шүүгдэгч Э.Бид холбогдох маргаанаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

3. Цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР