Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0237/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* ,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******эд холбогдох эрүүгийн 2218002070232 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан*******,******* түр оршин суух, Дархан-Уул аймгийн******* ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2022 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цаг 51 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, 28 дугаар байрны хороолол дундах зам дээр улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор зорчигч талын хаалгыг татаж байсанийг тээврийн хэрэгслээр чирч унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218002070232 дугаартай хэргээс:

 

           Хохирогчийн өгсөн: “...би 28 дугаар байрны эмийн сангаас эм авах гээд машинаас буух үед манай нөхрийн албаны машин болох улсын дугаартай маркийн хар өнгийн машин явж байхаар нь даллаад зогсоох гэсэн чинь зогсоогүй шууд явахаар нь гайхаад араас дагаж гүйж яваад зам дээр унасан. Тэгтэл миний зүүн чихнээс цус гарч байсан тэрүүхэн үед цочролд орсон. Манай найзууд намайг өндийлгөөд машинд суулгасан тэр үед гайгүй юм шиг болохоор нь би гэртээ харья гэж хэлж байснаа санаж байна. Манай найзууд үгүй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гээд эмнэлэг рүү явж байсан яг эмнэлэг рүү орж байснаа бол санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Яг хэд хоносноо санахгүй байгаад байгаа юм ямар ч гэсэн эмнэлэгт ухаан орсон. Тэгээд гэрийнхнээсээ юу болсон талаар асуухад толгойдоо гэмтэл аваад хагалгаанд орсон талаар надад хэлсэн гэхдээ нарийн яг тодорхой хэлээгүй. Би эхэндээ яг юу болоод эмнэлэгт ирснээ тодорхой санахгүй байгаад байсан юм. Тэгээд эмнэлэгт нэлээд хэд хоног эмчилгээ хийлгээд одоо гэртээ гарсан. Эмнэлэгт байхдаа бага багаар сайжирч болсон зүйл болон өөрийнхөө урьдын зүйлсийг санаж эхэлсэн одоо бол би урд болсон зүйл болон бусад зүйлсийг бүрэн сайн санаж байгаа. Анх эхлээд ухаан ороод удаагүй байхдаа бол ерөнхийдөө санаж байгаа хэрнээ яг юу гэжхэлэхээ мэдэхгүй байгаад байсан юм. Одоо бол миний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа хаяа л толгой эргэх асуудал байгаа аажимдаа гайгүй болно гэж эмнэлгээс хэлсэн. Би тухайн машинд мөргүүлээгүй, машинаас зүүгдээгүй, зүгээр нөхрийнхөө албаны машиныг хараад дагаж гүйж яваад өөрийн буруугаас болоод зам дээр унасан.” гэх мэдүүлэг /1-р хх 97/,

 

           Гэрч өгсөн: “... ******* хандаж “найзаа намайг 28 дугаар байр оруулаад өг” гэж хэлсэн. 28 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талаас нь машинтайгаа ороод хорооллын замаар явж байгаад 28 дугаар байрны зүүн талын хойд буланд ирэхэд ингээд зогсчих гэж хэлсэн болохоор нь би тухайн үед эмийн сан орох гэж байна гэж бодсон. Ингээд бид нар тээврийн хэрэгсэлтэйгээ уулзвараар баруун эргээд зогсож байтал тээврийн хэрэгслийн зүүн талаар нь нэг хар өнгийн жижиг тэрэг хурдтай хаазлаад явахад манай найз нь уг тээврийн хэрэгслийн баруун талын хаалга харалдаа дагаад гүйж байгаад уулзварын харалдаа газар унаад өгсөн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл уулзвараар зүүн тийш эргээд явсан. дээр яваад очтол хамраас нь цус гарсан, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 102/,

 

           Гэрч өгсөн: “...Д.Буянхишиг, манай нөхөр бид 4 шинэ Дархан руу, нарыг хүргэж өгөхөөр явсан. намайг хуучин хорооллын 28 дугаар байрны гадна очоод зогсчих гээд аптекийн харалдаа машинаа зогсоогоод буугаад явчихсан. Гэтэл нүдний үзүүрт машин хажуугаар зөрөөд явж байгаа нь харагдсан ба машинтай зэрэгцээд дагаад гүйж байгаа юм шиг харагдсан. Тэр үед би нөхрөө юу болов машин дагаад гүйчихлээ гээд араас нь манай нөхөр машинаа асаагаад яваад очтол газар уначихсан хамраас нь цус гарчихсан ёо ёо л гэж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 105/,

 

           Гэрч өгсөн: “... машины арын сандал дээр суусан явж байгаад нөхрөө хайгаад байгаа бололтой хүмүүс руу утасдаад л байсан ба надад хандан хуучин хорооллын 28 дугаар байр луу очмоор байна гэхээр нь би машинаа унаад хуучин хорооллын 28 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд нь дэлгүүрийн үүдний довжоо жаахан өнгөрөөд зогссон юм. Гэтэл арын суудал дээрээс буугаад явсан ба удалгүй хажуугаар машинтай зэрэгцээд гүйж байгаа харагдсан. Аптекийн чанх урд талд нь машин дагаж гүйж байгаад газарт уначих шиг болохоор нь би машиныхаа гэрлийг асаагаад яваад очтол газар уначихсан дээшээ хараад хэвтчихсэн ухаан алдчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 110/,

 

           Гэрч өгсөн: “...сэрээгүй явж байгаад манай жолооч зогсох уу гээд надаас асуухаар нь харахад машины баруун харалдаа нэг эмэгтэй хүн харагдсан. Тэгэхээр нь яв яв гэж жолоочид хэлсэн. Машин тэр эмэгтэйг зөрөөд өнгөрөх үед машины баруун хойд хэсэгт цонх уу, машин дээр үү цохих шиг болсон тэрнээс яг дагаад яваад байгааг нь би анзаарч хараагүй. Тэгээд машин цааш өнгөрөх үед жолооч танай эхнэр байх шиг байна гэж хэлсэн. Жолооч надаас хаашаа явах вэ гээд асуухаар нь би ямар ч гэсэн гэртээ харихгүй өөр газарт амаръя гэж хэлсэн. Тэгээд хаагуур явсныг сайн санахгүй байна нэг мэдсэн “МБМ” зочид буудлын гадна ирсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 125/,

 

           Гэрч өгсөн: “...Манай гэр Ариг банкны хажуугаар ороод 28 дугаар байрны яг арын 27 дугаар байр юм. Тэгтэл яг манай байрыг өнгөрөөд энэ манай байр гэж хэлээд зааж байтал машины цонхыг тогших шиг болсон тэр хооронд машин огт зогсоогүй удаан явж байсан би тэнд юу болсон талаар огт хараагүй согтуу байсан. Тэгээд шууд цаашаа зам руу гараад яваад шороон замаар яваад байсан хаана явж байгааг нь мэдээгүй ямар ч гэсэн бөөлжих гээд зогсооч гэсэн чинь шороон зам дээр явж байсан би машинаас бууж бөөлжөөд тэндээсээ машинд суугаад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь “МБМ” зочид буудлын гадна ирсэн жолооч нь буугаад орохоор нь би араас шууд буудал руу орсон. Би өрөөндөө ороод байж байхад араас дарга орж ирсэн. дарга орж ирээд архи уумаар байна гэж хэлсэн миний цүнхэнд нэг виски байсан юм. дарга буйдан дээр нөгөө вискиг ууж байгаад унтаад өгсөн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 129/,

 

           Яллагдагч*******ийн гэрчээр өгсөн: “...******* дарга, бас нэг эмэгтэйгийн хамт Дархан руу орж ирсэн. Дарханд орж ирээд тэр эмэгтэйг хүргэж өгөх гээд Нэгдсэн эмнэлгийн хойд талын 28-р байрны араар гарч явтал нэг эмэгтэй хүн замд гараа алдлаад хөндлөн зогсож байсан. Би тухайн үед хэн болохыг нь таниагүй. Гэтэл дарга “явчих, явчих” манай эхнэр байна” гэхээр нь тэр эмэгтэйг тойроод хажуугаар нь гартал нөгөө эмэгтэй хойноос хашхираад машины баруун талын хойд хаалганы харалдаа гараа 2-3 удаа цохиод зогс гээд хашхирч байсан. Тэгэхээр нь би даргаас “зогсчих уу” гээд асуусан чинь “за явчих” гэхээр нь  би цаашаа чигээрээ яваад эмнэлгийн хажуугаар гараад Анагаахын сургуулийн урдуур явж үйлдвэрийн районы замаар явж тойроод Дархан руу орж ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 117/,

 

           Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 411 дугаартай дүгнэлт:ийн биед гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархайнд хатуу хальсан доорх цус хуралт, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун өвдөг, хэвлийд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /1-р хх 179-180/,

 

           “ ” НҮТББ-ийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22/15 дугаартай дүгнэлт:

           -Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж тодорхойлсон байх тул зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

           -Д******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12.6. “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах... тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх”-ийг хориглоно гэсэн заалтыг, Hyundai маркийн улсын дугаартай автомашины жолооч******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, тээврийн хэрэгслийн зорчигч нь мөн дүрмийн 6.2.а. “Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

           -Энхүү дүгнэлтийн 2-р хариултаар хариулсан болно.

           “ Hyundai ” маркийн улсын дугаартай автомашины жолооч******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна....” /1-р хх 200-202/,

  

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 4-9/,

            “ ” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...эмэгтэй хүн жолооч талын хаалгаар бууж машины ирсэн зүг рүү гараа даллан камерын хяналтаас алга болох үед түүний явсан зүгээс машины гэрэл тусаж хяналтын камерт хар өнгийн машин орж ирэх ба тухайн машины ертөнцийн зүгээр урд талд нь арын хаалганы орчим нэг эмэгтэй дагаад зэрэгцэн гүйж байгаа дүрс бичигдсэн байх ба тухайн машин ертөнцийн зүгээр урагш эргэх үед эмэгтэй машины арын хаалганы орчим хаалганы бариулаас барьж байгаа мэт харагдах ба түүнийг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Тухайн машин ертөнцийн зүгээр урагш эргэж чигээрээ явах үед эмэгтэй газарт унаж байгаа нь бичигдсэн ба тухайн машин нь эмнэлгийн арын зам руу нийлж зүүн гар тал руу эргэж явах үед арын эмэгтэй анх буусан маркийн машин газар унасан хүн дээр очиж машинаас хүмүүс бууж эмэгтэйг босгож байгаа дүрс бичигдсэн байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авав. /1-р хх 24-29/,

 

            Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл: “...тээврийн хэрэгсэл 7-10 км цагийн хурдаар явж тээврийн хэрэгслийн гэрэл асаалттай ******* машинд гэрэлд орж ирэхэд царай нь харагдаж танигдахаар байлаа. ******* хажуугаар гарах үед машин дээр цохиж тээврийн хэрэгслээ зогсоох талаар хэлж машиныг дагаж гүйж байгаад хохирогчийн унаж үлдсэн газрыг хүртэл явлаа. Энэ үйлдлийг 2 давтаж хийлээ. Гаднаас машиныг цохих үед машин дотор чимээ тод сонсогдож байлаа.” /1-р хх 91/,

            Шүүгдэгч*******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлгаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 18-19/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2-р хх 31/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх лавлагаа /2-р хх 34/, жолоодох эрхийн лавлагаа /2-р хх 56/, оршин суух хаягийн лавлагаа /2-р хх 57/, зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

            Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгч******* нь 2022 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цаг 51 минутын үед Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, 28 дугаар байрны хороолол дундах зам дээр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор зорчигч талын хаалгыг татаж байсанийг 49.8 метр газарт чирч, унагааснаас түүний эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархайнд хатуу хальсан доорх цус хуралт, баруун гуя, өвдөгт цус хуралт, баруун өвдөг, хэвлийд зулгаралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан байх тул  болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12.6-д зааснаар “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах...тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийсэн” үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч нь “...Миний хувьд гомдол санал, ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /2-р хх 151/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 25 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгслийн B, С ангиллын эрхтэй ба хавтаст хэргийн 2-р хавтасны 56-р хуудсанд 207812 дугаартай жолоочийн үнэмлэхийн дугаартай гэх лавлагаа авагдсан боловч тус жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэг, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 16 ширхэг гарын мөр бүхий дардсыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд оногдуулсан 5000000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 25 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

 

6.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди,  хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 16 ширхэг гарын дардасны мөрийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй болохыг дурдсугай.

 

7.Шүүгдэгч*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ