| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 110/2024/0043/З/Н |
| Дугаар | 221/МА2024/0669 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2024/0669
“Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай “Х т” ХХК-д хаягласан мэдэгдлийг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө к” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ө к” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийг, Боловсролын ерөнхий газрын “Ө к” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга угсралтын гэрээг тус тус хууль бус тул хүчингүй болгуулах, Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х т” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн Үнэлгээний хороонд, дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж
Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 110/2024/0043/З/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х т” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай “Х т” ХХК-д хаягласан мэдэгдлийг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө к” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ө к” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийг, Боловсролын ерөнхий газрын “Ө к” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга угсралтын гэрээг тус тус хууль бус тул хүчингүй болгуулах, Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х т” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн Үнэлгээний хороонд, дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгуулах”-аар
маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаар мэдэгдлүүдийг, Баян-Өлгий, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаар дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар “Ө к” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийг, Боловсролын ерөнхий газрын “Ө к” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаар дотуур байрны барилга угсралтын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож,
Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаар тендерийн гүйцэтгэгчээр “Х т” ХХК-ийг шалгаруулах зөвлөмж гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Тендерийн Үнэлгээний хороонд, “Х т” ХХК-тай БШУЯ/20240101011 дугаар дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/ бүхий барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн ерөнхий инженерт Д.Б-ыг санал болгож ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан “Ерөнхий инженер”-т тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй, “Барилга угсралтын ажлын хүрээнд ажиллах мэргэжлийн инженер” гэж үзэх боломжгүй гэх дүгнэлтийн талаар:
Д.Б нь 2009 онд ШУТИС-ийг барилгын менежмент мэргэжлээр, үйлдвэрлэлийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/68 дугаар тушаалаар мэргэшсэн инженерийн зэргийг барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд авсан, мэргэжлээрээ 15 дахь жилдээ ажиллаж байгаа хүн.
Түүний суралцаж төгссөн сургууль, судалсан хичээлийн кредит цаг, ажлын туршлага, мэргэжил, мэргэшсэн инженерийн байдлыг харгалзан ерөнхий инженерээр томилсон.
Д.Б-ыг тухайн сургуульд суралцаж байх үед Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индекс хүчин төгөлдөр үйлчилж байсан. Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235 тоот тушаалын хавсралтаар Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн баталсан. Ингэж батлахдаа шинэчилсэн мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийг өмнө мөрдөж байсан мэргэжлийн чиглэл, эрх зүйн баримт бичигтэй дүйцүүлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235 тоот тушаалын хавсралтаар Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индексээс ШУТИС-ийн төгсгөж байсан барилгын менежмент мэргэжил хасагдсан учир дээрх тушаалын хүрээнд иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж хөтөлбөртэй дүйцүүлэн тооцох болсон.
Yүнийг анхан шатны шүүх ямар нэгэн нотолгоогүйгээр үгүйсгэж “тендерийн баримт бичигт заасан “Ерөнхий инженер”-т тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/68 дугаар тушаалаар Д-ийн Б-д “МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР”-ийн зэргийг Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд олгосон. Талууд түүний мэргэшсэн инженерийн зэргийн талаар огт мapгаaгүй.
Түүнд олгосон мэргэшсэн инженерийн гэрчилгээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Түүнийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй.
Нөхцөл байдал тийм байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 200 дугаар “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм батлах тухай” тушаалын ... нэгдүгээр хавсралтын “Барилгын салбарын мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, тавигдах шаардлага” хэсгийн 2.1-т “Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд” мэргэшсэн зэрэг олгоход шаардагдах мэргэжлийг “Барилгын инженер, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, барилгын үйлдвэрлэлийн технологи мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх” заасан байх ба “Барилгын менежмент” мэргэжилтэй иргэнд “Барилга угсралтын ажлын хүрээнд мэргэшсэн инженер”-ийн мэргэшлийн зэрэг олгосон нь дүрмийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байх тул Д.Б-ыг “Барилга угсралтын ажлын хүрээнд мэргэжлийн инженер” гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх заалтуудыг тус тус зөрчсөн.
3.2.Анхан шатны шүүх “Захиалагчаас баталсан Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.2-т “Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ. Yүнд: 1.Ажлын тоо хэмжээ, зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлын төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан төсвийг ирүүлнэ” гэж заасан ба гуравдагч этгээд “Ө к” ХХК-ийн ирүүлсэн “Баян-Өлгий, Баяннуур сум, 100 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлын төсөв”-ийг эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байх боловч эрх бүхий байгууллагаас баталсан, норм, нормативын дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Захиалагчаас ТШЗ 19.2-ын техникийн чадавх болон туршлагыг нотлох баримт бичгийн тендерт оролцогчийн өөрийн тендерт ирүүлэх нэмэлт материалуудын 1-д ажлын тоо хэмжээ, зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлын төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан төсвийг ирүүлнэ, 2-т төсөвт техник, технологийн хяналтын зардал (зөвлөх үйлчилгээ), захиалагчийн хяналтын зардал, бусад татвар хураамжийг өөрийн төсөвт нэмж тооцож ирүүлнэ гэж заасан. “Ө к” ХХК нь барилга угсралтын ажлын төсвийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Барилгын төсөв зохиох дүрэм шинэчлэн батлах тухай” 30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барилтын төсөв зохиох дүрэм /БНДбД 81-95-12/2020/-ийн дагуу мэргэшсэн төсөвчин Д.Б-аар хийлгэж 62 хуудас материалыг тендерт хавсаргаж хүргүүлсэн. Д.Б нь дээрх төсвийг барилгын төсвийн “Estimator Pro” программаар 4.0 хувилбараар хийсэн.
Тухайн төсөв нь тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд техник технологийн хяналтын зардал (зөвлөх үйлчилгээ), захиалагчийн хяналтын зардал бусад татвар хураамжийг нэмж тусгасан. Нэхэмжлэгч “Х т” ХХК-иас Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу тус яамнаас тендерийн баримт бичгүүдийг хянаж үзээд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол хянасан тухай 03/3254 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.
Энэхүү албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тухайн албан бичгийн 1-д “Ө к” ХХК худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн ажлын тоо хэмжээнд заасны дагуу барилга угсралтын ажлын төсөв ирүүлсэн байх бөгөөд захиалагч тендер шалгаруулалтын баримт бичиг зардлын задаргаа ирүүлэх талаар заагаагүй тул захиалагчийн хяналтын төсөвтэй яг адилхан тооцож ирүүлсэн нь төсөв зохиосон хувь хүн задруулсан байх магадлалтай, мөн материалын зардал, машин механизмын зардал, тээврийн зардлуудын задаргаа ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна” гэж тодорхой дурдсан.
Yүнийг нэхэмжлэгч “Х т” XXК хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 24/11 дугаартай албан бичгээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд энэ талаар огт дурдаагүй.
Харин төсөвтэй холбоотой асуудлыг өөр нэг нэхэмжлэгч “У д” XXК 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 15 дугаартай албан бичгээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдсан бөгөөд тус компани нэхэмжлэлээсээ бүхэлдээ татгалзсан тул тус компанийн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх заалтыг зөрчсөн.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10-д “Гуравдагч этгээдийн цахим системээр ирүүлсэн тендерт сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн нийт 11 ажлын жагсаалтыг захиалагчаас тогтоосон загварын дагуу гаргаж, гэрээ болон ашиглалтад оруулсан комиссын дүгнэлтийг ирүүлсэн байх ба хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэлд “Цэцэрлэгийн өргөтгөл 50 ор, /Увс, Ховд сум/ мэдүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захиалагч буюу Боловсролын ерөнхий газрын даргатай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Барилга угсралтын ажлын хугацааг сунгах гэрээг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус ирүүлсэн атлаа тендерийн баримт бичигт шаардсанаар тендерт оролцогчийн өөрийн тайлбар болон захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байх тул техникийн чадавхын шаардлагыг гүйцэт хангаж ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
“Ө к” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолт болгож Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/661 дугаартай албан бичгийг хавсаргаж хүргүүлсэн.
Тухайн албан бичигт “... 2024 оны Төсвийн тухай хуулийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад Xll.1.1.148 дугаартай батлагдсан “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор (Увс, Ховд сум)”-ын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах комисс ажиллахаар хүлээгдэж байна” гэж тодорхой бичсэн.
Бид үүнийг захиалагчийн тодорхойлолт гэж үзэж байгаа бөгөөд албан бичгийн гарчиг хэсэгт “Төрийн банканд” гэж хаягласан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. “Х т” ХXК нь тендер шалгаруулалтын асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Г-ын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай албан бичгээр дээрх тодорхойлолтыг зөрчилтэй гэж үзэж Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад мэдэгдсэн.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга дээрх шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийлгэх болж 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1-01/702 дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газарт Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/661 дүгээр тодорхойлолтыг захиалагчийн тодорхойлолтоор тооцож болох эсэх талаар тодруулга авахаар хандсан.
Боловсролын ерөнхий газар нь Увс аймгийн Ховд сумын 50 ортой цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн захиалагч бөгөөд тус газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/2011 дугаартай албан бичгээр “... Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдэд Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-тай захиалагчийн хяналтын гэрээ байгуулан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг тул Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/661 дүгээр тодорхойлолтоор “Ө к ХХК-ийн гүйцэтгэж буй цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор /Увс, Ховд сум/-ын ажлыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахаар хүлээгдэж байна гэсэн нь үнэн бөгөөд захиалагчийн тодорхойлолтод тооцох бүрэн боломжтой” гэсэн хариу ирүүлсэн.
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүргийг хуульчилсан бөгөөд 37.2-т “Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно” тодорхой зааж өгсөн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдэд Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-тай захиалагчийн хяналтын гэрээ байгуулан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг галаар Боловсролын ерөнхий газраас хариу өгсөн байхад захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Мөн шүүхийн шийдвэрийн 11-д “Мөн хариуцагч Үнэлгээний хорооноос тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, тендерт оролцогчийн шалгуур үзүүлэлт бүрээр үнэлсэн, тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвар хэсгийн 9-т заасан “ТШЗ 19.1. Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажил гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Гэрээ болон комиссын акт ирүүлнэ”, 10-т заасан “ТШЗ.19.1. Ажил гүйцэтгэх хүний нөөц” үзүүлэлтийн “Ө к”-д холбогдох хэсэгт “үгүй” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь тухайн компанийн тендер шаардлагад нийцээгүй тендер болохыг нотолж байна” гэж дүгнэсэн нь мөн нотлох баримтад үндэслэгдээгүй, үндэслэлгүй дүгнэлт байна.
1 дүгээр хавтасны 54, 55 дүгээр талд авагдсан дээр дурдсан баримт бичгүүд нь тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудал хэлэлцсэн хурлын хавсаргасан баримт бичгүүд бөгөөд тухай тендер шалгаруулалтыг Сангийн яамнаас хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин явуулахыг захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дугаартай албан бичгээр мэдэгдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Нэгэнт тендер шалгаруулалттай холбоотой хүчингүй болгосон баримт бичгүүдийг шийдвэрийг үндэслэл болгох ёстой.
Тэгээд ч 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудал хэлэлцсэн хурлын тэмдэглэлд бүх асуудлууд тусгагдсан бөгөөд тухайн тэмдэглэлд “Ө к” ХХК ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлага хангахгүй талаар огт дурдаагүй.
Хавсралт хүснэгтэд “үгүй” гэж тэмдэглэсэн нь тухайн баримт бичгийг боловсруулж шивсэн ажилтны буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа.
3.5. Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй дараагийн асуудал бол Сангийн яамнаас захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/5024 дугаартай албан бичигтэй холбоотой асуудал байгаа.
Сангийн яам тус гомдлыг хянаад захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтад үндэслэн мэдэгдсэн. Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл үнэлгээний хороо, захиалагчийн өмнөх хоёр удаагийн шийдвэр хүчингүй болсон гэж үзэхээр байгаа. Нэгэнт үнэлгээний хороо, захиалагчийн өмнөх шийдвэрүүд хүчингүй болсон тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороо, захиалагчийн аль шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргасан нь тодорхой бус үлдэнэ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр энэ асуудлаар мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт энэ талаар огт дурдаагүй байна. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3-д хамаарахгүй шийдвэр гаргасан. Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа зүйлийн маргаан бүхий 4 захиргааны актыг” тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож” гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг баримталсан бөгөөд “хууль бус болохыг тогтоох” тухай шийдвэр гаргах эрх шүүхэд процессын хуулиар олгогдоогүй учир шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэлээр дамжуулан шүүхээс тодорхой эрх зүйн хамгаалалт үзүүлэхийг шаардах бөгөөд нэхэмжлэлийн үндсэн гурван төрөл байна. Үүнд: “үүрэг хүлээлгэх нэхэмжлэл”, “өөрчлөх нэхэмжлэл”, “тогтоох нэхэмжлэл” хамаарна.
Тогтоох нэхэмжлэлийн төрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.5-аар зохицуулсан байна. Үүнд: захиргааны акт хууль бус болохыг тогтоох, захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоох, нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэсэн шаардлагууд хамаарна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-ийн дагуу “захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчлөх боломжтой.
Өөрөө хэлбэл “өөрчлөх нэхэмжлэл”-ийн шаардлага гаргасан байхад “тогтоох шийдвэр” гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх нь Захиргааны хэргийн шүүхийн зорилго мөн. “Ө к” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн тендерийг шалгаруулахыг даалгаж шийдвэрлэхдээ “Х т” ХХК нь тендерийн шалгуурыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй “дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж дүгнэсэн шүүхийн алдаа болсон. Тендер нь хууль болон ТШЗ-ийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаснаар “эрх, хууль ёсны ашиг сонирхол” байгаа эсэхийг дүгнэх боломжтой, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол” гэх гипотезийн бүрдлийг хангах юм.
Иймд энэхүү гомдлыг бүхэлд нь хянаж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Х т” ХХК-иас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай “Х т” ХХК-д хаягласан мэдэгдлийг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө к” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ө к” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийг, Боловсролын ерөнхий газрын “Ө к” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга угсралтын гэрээг тус тус хууль бус тул хүчингүй болгуулах, Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х т” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн Үнэлгээний хороонд, дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Ө к” ХХК-ийн ерөнхий инженер Д.Б нь “барилгын менежмент” мэргэжлээр төгссөн тул барилгын инженер гэж үзэхгүй, иргэний ба үйлдвэрийн барилга гэсэн мэргэжилд хамаарах эсэх талаар буруу дүгнэлт хийсэн, ... тендер сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо үнэлгээ хийсэн үед “Ө к” ХХК-ийн зүгээс Увс аймгийн Ховд суманд дуусаагүй барилгын ажил байсан нь тогтоогдсон. Тендер нээсэн үед тухайн ажил дууссан гэсэн шалтгаанаар тухайн компанид давуу байдал бий болгох зорилгоор сонгон шалгаруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн тендер зарлагдсан үед компаниудад өөр төрлийн дуусаагүй ажил байх ёсгүй. Мөн тухайн дуусаагүй барилгыг тодорхой хэмжээний инженер мэргэжилтэн, ажилтнууд болон техникийг давхцуулахгүй гэдэг шаардлагыг “Ө к” ХХК-ийн хувьд хангахгүй, ... Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулсан тэмдэглэл дээр “Ө к” ХХК-ийн зүгээс ирүүлсэн төсөв дээр зөвхөн цалингийн нэгтгэлийг ирүүлсэн ба материал, машин механизм, тээврийн зардлын задаргааг ирүүлээгүй. Ингэж төсөв ирүүлж байгаа нь тендерээс шууд татгалзах үндэслэл болдог...” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д Ерөнхий инженер нь Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5 жилээс доошгүй ажилласан туршлагатай байхыг шаардсан байх бөгөөд гуравдагч этгээд “Ө к” ХХК-ийн ерөнхий инженерээр санал болгосон Д.Б нь 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг “Барилгын менежмент” (D340901) мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/68 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн угсралтын ажлын” хүрээнд мэргэшсэн инженерийн зэрэгтэй болсон байна.
Хэдийгээр гуравдагч этгээдээс ерөнхий инженерт санал болгож буй Д.Б-ыг Барилгын инженерээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байна. Нөгөөтээгүүр Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер болон Барилгын менежмент гэх мэргэжлүүд нь индексийн хувьд тусдаа мэргэжлүүд байх төдийгүй Д.Б нь 2023 онд “Барилга байгууламжийн угсралтын ажлын” хүрээнд мэргэшсэн инженерийн зэрэгтэй болсон боловч түүнийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан ерөнхий инженерт тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.3. Харин анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийг “... цахим системээр ирүүлсэн барилга угсралтын ажлын төсвөөс үзэхэд, барилга угсралтын нэгдсэн товчоонд заасан ажиллах хүчний зардлыг дээрх дүрмийн 4.13-4.20-т заасны дагуу тодорхойлж ирүүлсэн боловч бусад шууд зардалд хамаарах материалын нөөц, тээврийн зардлыг дүрмийн 4.21-4.33-т зааснаар, барилгын машин ашиглалтын төсөвт зардлыг 4.34-4.37-д зааснаар тус тус тодорхойлж ирүүлээгүй байх тул захиалагчаас тендерийн баримт бичгээр шаардсан төсвийг холбогдох норм, нормативын дагуу гаргаагүй, тендерийн баримт бичгийн нэмэлт шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичигт зардлын задаргаа зайлшгүй ирүүлэх талаар заагаагүй бөгөөд энэ талаарх гомдол үндэслэлгүй талаар нэгэнт хавтаст хэрэгт авагдсан Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3254 дүгээр албан бичигт дурдсан байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй ийнхүү дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
2.4. Түүнчлэн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн “ТШЗ 19.1 Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Гэрээ болон комиссын акт ирүүлнэ. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын хувьд Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй ижил төстэй нэг ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх, Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 50-аас доош хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд цахим системээр ирүүлсэн тендерт сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн нийт 11 ажлын жагсаалтыг захиалагчаас тогтоосон загварын дагуу гаргаж, гэрээ болон ашиглалтад оруулсан комиссын дүгнэлтийг ирүүлсэн байх ба хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэлд “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 50 ор /Увс, Ховд сум/ мэдүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захиалагч буюу Боловсролын ерөнхий газрын даргатай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Барилгын угсралтын ажлын хугацааг сунгах гэрээг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус ирүүлсэн атлаа тендерийн баримт бичигт шаардсанаар тендерт оролцогчийн өөрийн тайлбар болон захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байх тул техникийн чадавхын шаардлагыг гүйцэт хангаж ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн л учир дутагдалтай болжээ.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/661 дүгээр албан бичгээр ““Ө к” ХХК нь Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад XIII.1.1.153 дугаартай батлагдсан “Цэцэрлэгийн барилга, 100 ор (Баян-Өлгий, Цэнгэл сум)” төсөл, арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09/2022 дугаартай комиссын дүгнэлтээр, 2023 оны Төсвийн тухай хуулийн Боловсрол, Шинжлэх ухааны сайдын багцад Х.1.1.235 дугаартай батлагдсан “Сургуулийн дотуур байрны шинэчлэл, тохижилт /Увс, Ховд сум/” төсөл, арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №40 дугаартай комиссын дүгнэлтээр тус тус ашиглалтад оруулсан ба 2024 оны Төсвийн тухай хуулийн Боловсрол, шинжлэх ухаан сайдын багцад XIII.1.1.148 дугаартай батлагдсан “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор (Увс, Ховд сум)”-ын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах комисс ажиллахаар хүлээгдэж байна” гэсэн байх бөгөөд Боловсролын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/2011 дүгээр албан бичгээр “... Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/2661 дүгээр тодорхойлолтоор “Ө к” ХХК-ийн гүйцэтгэж буй цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ор /Увс, Ховд сум/-ын ажлыг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахаар хүлээгдэж байна гэсэн нь үнэн бөгөөд захиалагчийн тодорхойлолтод тооцох бүрэн боломжтой” гэх хариуг захиалагчид хүргүүлсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд “Ө к” ХХК-ийг ТШЗ 19.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д ““худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг” ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 24.2-т “Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тендерийн баримт бичгийг хэн, хэрхэн үнэлэх, гэрээ байгуулах зөвлөмжийг хэн хэнд өгөх, гэрээг хэн байгуулах, юуг үндэслэж гэрээ байгуулах зэргийг тодорхой зохицуулсан тул шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжид халдаж тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлж, нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, цаашлаад “Х т” ХХК-тай Цэцэрлэгийн дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг ... захиалагчаас тогтоосон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан, шаардлагад нийцсэн тендер” гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х т” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн Үнэлгээний хороонд, дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/836 дугаартай “Х т” ХХК-д хаягласан мэдэгдлийг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1-01/834 дугаартай “Ө к” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг, Баяннуур сум БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Ө к” ХХК-ийн тендерийн хамгийн сайн тендерт шалгаруулсан хурлын тэмдэглэлийг, Боловсролын ерөнхий газрын “Ө к” ХХК-тай байгуулсан БШУЯ/20240101011 дугаартай дотуур байрны барилга угсралтын гэрээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Баяннуур сум БШУЯ/2024010101011 дугаартай тендерийн гүйцэтгэгчээр “Х т” ХХК-ийг шалгаруулахыг Тендерийн Үнэлгээний хороонд, дотуур байрны барилга угсралтын гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай“ гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ний давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН