Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0589

 

 

 

 

 

 

 

2021 оны 3 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0235

Улаанбаатар хот

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: Э ХХК

Хариуцагч: ШӨХТГ-ын ӨЗЗЗСГ-ын улсын байцаагч С.Г

Гомдлын шаардлага: “...ШӨХТГ-ын улсын байцаагч С.Г-ийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Ш, хариуцагч ШӨХТГ-ын ӨЗЗЗСГ-ын улсын байцаагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э ХХК нь 2018 оны 01 дүгээр сард Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт орших Булагтай гэх амралтын бааз дээр түшиглэн Агаарын зам буюу Zipline, Агаарын дүүжин  гүүр зэргийг иргэн Х.Т нарын хамт хөрөнгө оруулалт оруулж, барьж ашиглалтад оруулан үйл  ажиллагаа явуулж байсан.

Гэтэл хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүссэнээр тус газарт үйл ажиллагаа явуулж байсан агаарын зам, дүүжин гүүр зэргийг нөгөө талын хөрөнгө оруулагч буюу ЭТЗ ХХК-ийн Х.Т тэргүүтэй хүмүүст үлдээсэн.

Тухайн үед маргаан гараагүй буюу ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаанд миний үүсгэн байгуулсан Э ХХК нь цахим орчин дахь фэйсбүүк хуудас дахь өөрийн хаяг болон тус компани өөрийн нэр дээр авч бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг иргэн Х.Т тэргүүтэй хүмүүст шилжүүлсэн.

Энэ хугацаанд иргэн Х.Т миний үүсгэн байгуулсан компанийн нэртэй ижил Э.Т.З ХХК-ийг сүүлд байгуулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн хамт мөн Э.М гэх фэйсбүүк хуудас нээсэн байсан.

Үүний дараагаар хөрөнгө оруулагч тал адилхан нэрээр үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэхээр цахим хаяг болон олон нийтийн сүлжээгээр адилхан нэрээр хүмүүсийг төөрөгдөлд оруулсан. Нэрийг тусгаарлах гэж байгаа нэг шалтгаан нь уг экстрем спорт нь хүний амь настай холбоотой аюултай спорт учраас нэрээ тусгаарлаж авах гэж байгаа юм. Одоо тэнд мэргэшсэн хүн байхгүй. Би өөрөө мэргэшсэн хүн болохоор ямарваа нэг эрсдэл үүсэх юм бол манай компанийн нэр буруутан болох, нэр хүндэд халтай гэдэг утгаар гомдол гаргасан. Намайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2 сая төгрөгөөр торгож байгаа нь буруу үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өөрсдийнхөө нэрээр цаашаа ямар нэг үйл ажиллагаа явуулсан бол ямар нэг төөрөгдөл үүсэхгүй байсан. Компанийн нэртэй адилхан компани байгуулж төөрөгдөлд оруулж байгаа нь миний буруу биш Шударга өрсөлдөөнд гомдол гаргаж байгаа Х.Т гэдэг хүний буруу гэж үзэж байна. Тийм учраас 2 сая төгрөгийн торгуулийг үндэслэлгүй буруу гэж үзэж байгаа. Үйлчлүүлэгчийг төөрөгдүүлж байгаа хүн нь би биш.

Гомдол гаргагч Г.Ш миний хувьд ШӨХТГ-ын эрх бүхий албан тушаалтан С.Г-ийн 2021 оны 7 сарын 06-ны өдрийн № 0005676 тоот Шийтгэлийн  хуудаст дурдсан Э ХХК-ийн захирал Г.Ш нь E.M гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан Э.Т.З ХХК-ийн үйл ажиллагааг зогссон  олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж тухайн компанийг алдагдалд оруулж болохуйц худал зөрүүтэй мэдээ тараасан...” гэх үйл баримт үйлдээгүй тул тухайн шийтгэлийн хуудсыг гардаж авахдаа хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн болно.

Мөн иргэний төрийн байгууллага албан тушаалтанд хандах, гомдол гаргах эрх нь нээлттэй тул иргэн Х.Т-ын зүгээс танай байгууллагад гаргасан гомдлын хянан шалгах ажиллагаанд тухай бүр манай байгууллагаас шалгуулж шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн.

ШӨХТГ иргэн Х.Т-ын гомдлоор манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 хэсэгт заасан 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Г.Ш миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин эсрэгээр иргэн Х.Т-ын үүсгэн байгуулсан Э.Т.З ХХК нь миний өмнө үүсгэн байгуулж үйл ажиллагаа эрхэлж байсан Э ХХК-ийн нэр болон E.M гэх фэйсбүүк хуудсыг хуулбарлаж шинээр нээсэн үйл баримт нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дахь хэсэгт заасан “бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй юм.

Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ш би иргэн Х.Т-ын үүсгэн байгуулсан Э.Т.З ХХК-ын бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, өрсөлдөгчөө алдагдалд оруулах болохуйц худал зөрүүтэй гуйвуулсан мэдээ тараасан гэх үйлдэл огт үйлдээгүй, цаг хугацааны хувьд өмнө нь үүсгэсэн миний өөрийн хөтөлдөг E.M гэх фэйсбүүк хаягт хандсан хэрэглэгчдэд манай кампани Тэрэлжид үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа, өөр кампани ажиллуулж байгаа гэсэн үнэн бодит мэдээллийг илэрхийлсний төлөө Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзнэ 2.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан 0005676 дугаар шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Г-ийн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дүгээр заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2021 оны 7 дугаар сарын 06 өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт Э.Т.З ХХК-ийн захирал Х.Т- оос 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 003 дугаар албан бичгээр гаргасан “Г.Ш бидний 2018 онд үүсгэн байгуулж хамтран ажиллаж байсан Э ХХК-ийн үед ашиглаж байсан 40,000 дагагчтай E.M нэртэй пэйж хуудсыг ашиглан компанийн үйл ажиллагаатай холбоотой зураг, мэдээллийг устгахаар амласан боловч одоог хүртэл устгахгүй өнөөдрийг хүртэл манай компанийн үйл ажиллагаа зогссон мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна” гэх зөрчлийн талаарх гомдолд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Э ХХК-ийн захирал Г.Ш-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2102000122 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан.

Э ХХК Гүйцэтгэх захирал Г.Ш нь аялал жуулчлал, гадаад худалдаа, дотоодод хөдөлмөр жуулчлал эрхлэх чиглэлээр, Э.Т.З ХХК Гүйцэтгэх захирал Х.Т нь аялал жуулчлал, амралтын газар, кофе шоп, түргэн хоолны газар, чөлөөт цаг, зугаа цэнгэл болон амралтын бусад үйл ажиллагаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь Улсын бүртгэлийн  газраас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 11/4230 дугаар албан бичгээр ирүүлсэн Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 000156197 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Т.З ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 000208520 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдсон ба Э ХХК-ийн гүйцэтгэх захирал, Г.Ш Э.Т.З ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Т нар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөгч аж ахуй эрхлэгчид юм.

Э ХХК-ийн захирал Г.Ш нь 2018 оноос Налайх дүүргийн 6-р хороо, Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар, Булагтайн аманд байрлах “Булагтай” гэх амралтад Х.Т-ын хөрөнгөөр хадны авиралт, дүүжин гүүр, агаарын зам зэргийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оны 5 дугаар сараас үйл ажиллагаагаа зогсоосон болох нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээр нотлогдсон ба Э.Т.З ХХК-ийн захирал Х.Т нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Э.Т.З ХХК-ийг байгуулан М.Х.Т ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүрэг 6-р хороо, Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар, Булагтайн аманд байрлах 17456.1 квадрат метр газарт үйл ажиллагаа явуулж байгаа болох нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, М.Х.Т ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар албан бичгээр тус тус нотлогдсон болно.

Э ХХК-ийн захирал Г.Ш нь өөрийн E.M пэйж хуудаст“... E.T.E.M компани Тэрэлж дэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэж нийтэлсэн. Э.Т.З ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай хаданд авиралт, усанд шумбалт, зиплайн, шүхрээр буулт хийж /параглайдинг/ буюу фото зураг, бусад үйл ажиллагааны мэдээлэл, үйлчлүүлэгчдийн зургийг болох нь 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаар холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээр тус тус нотлогдсон.

Иймд Э ХХК-ийн захирал Г.Ш нь өрсөлдөгч аж ахуй эрхлэгч болох “Э.Т.З ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай хаданд авиралт, усанд шумбалт, зиплайн, шүхрээр буулт хийж /параглайдинг/ буюу фото зураг, бусад үйл ажиллагааны үйл ажиллагааны мэдээлэл, үйлчлүүлэгчдийн зураг бүхий  E.M гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан “Тэрэлж-Булагтай кемп дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон гэж Налайх дүүрэг дүүргийн 6-р хороо, Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар, Булагтайн аманд байрлах “Булагтай” амралтад  үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөгч Э.Т.З ХХК-ийн алдагдалд оруулж болохуйц худал зөрүүтэй мэдээ тараасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул  Э ХХК-ийн захирал Г.Ш-д 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт Э ХХК-ийн захирал Г.Ш нь албан бичгээр “Х.Т нь манай компанийн нэрийг хуулбарлаж E.M гэх адил нэртэй пэйж хуудас нээж 70 гаруй мянган гишүүнтэй болж үйл ажиллагаа явуулсаар байгаа нь компанийн тухай хуулийг зөрчөөд зогсохгүй  Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна” гэх зөрчлийн талаарх гомдол гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шалгаад Э.Т.З ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Т нь Э ХХК-ийн нэрийг хуулбарлаж, E.M гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан өөрийн бараа бүтээгдэхүүний талаарх худал, зөрүүтэй мэдээлэх эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлсэн гэх зөрчлийн шинжгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон тул 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Э ХХК-ийн захирал Г.Ш-д энэ талаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба зөрчлийн хэрэг бүртгэлийн удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргаагүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу Э ХХК-ийн захирал Г.Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн гэхээр зөрчлийн хэргийн 10,11,23,24-т заасны дагуу E.M гэдэг цахим хаягаар нийтэлсэн нийтлэлүүд байна. Тэрнээс зөрчлийн хэргийн 23 дахь хэсэгт заасан нийтлэлийн доор сэтгэгдлүүд үлдээсэн байгаа. Цаана санаа нь ямар компани үйл ажиллагаа явуулж байгаа нь чухал биш, очоод үйлчлүүлье гэсэн нь гол санаа нь юм. Гэтэл тэр газраа тухайн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Хүмүүсийн ойлголтоор үйл ажиллаагаа нь зогссон байна гэж ойлгоод өрсөлдөгч Э.Т.З ХХК-д алдагдал оруулж байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

ШӨХТГ-ын ӨЗЗЗСГ-ын улсын байцаагч С.Г Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хэмээн үзэж  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсаар Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ш-д хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг Э ХХК-иас эс зөвшөөрч тус шүүхэд хандан ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан.

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ Э ХХК нь өөрийн E.M фейсбүүк хуудсаар дамжуулан хүмүүст Тэрэлж дэх Булагтай кампад үйл ажиллагаа явуулахаа больсон тухайгаа мэдэгдсэн нь урьд нь хамтран ажиллаж байгаад салсан иргэн Х.Т-ын 2020 онд үүсгэн байгуулсан Э.Т.З ХХК-ийг алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй мэдээлэл тараасан үйлдэл огт биш. Үнэн бодит мэдээллийг илэрхийлсний төлөө Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулж байгааг зөвшөөрөхгүй” хэмээн, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Э ХХК нь өрсөлдөгч компани болохын хувьд Э.Т.З ХХК-ийг Булагтай баазад үйл ажиллагаа явуулж байгаа болохыг мэдэгдэх үүрэгтэй байсан” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

Шүүх гомдол гаргагчаас эцэслэн тодорхойлсон шаардлагын хүрээнд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “өрсөлдөгчийн, эсхүл түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй, эсхүл гуйвуулсан мэдээ тараах” ... үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн хуульчилсан.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар, гомдол гаргагч Э ХХК-ийн захирал Г.Ш нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “аялал жуулчлал” үндсэн үйл ажиллагааны чиглэл бүхий Э ХХК-ийг байгуулан, иргэн Х.Т-той хамтран, Х.Т-ын төрсөн эгч Х.О-ын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг М ХХК-ийн газар ашиглах эрх бүхий, Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газрын Булагтай хязгаарлалтын бүсэд байрлах Булагтай баазад хадны авиралт, дүүжин гүүр, агаарын тросон зам зэрэг экстрим аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэн явуулж байсан.

Улмаар тодорхой шалтгааны улмаас хөрөнгө оруулагч тал болох Х.Т-той цаашид хамтран ажиллах боломжгүй болсонтой холбоотойгоор 2020 оны 3 дугаар сард гомдол гаргагч Г.Ш нь Булагтай баазад дахь тоног төхөөрөмжийг Х.Т-д үлдээж, Э ХХК-ийн нэр болон E.M фэйсбүүк хуудсын админ эрхийг өөртөө үлдээсэн.

Энэ нөхцөл байдалтай  холбоотойгоор Х.Т нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Э.Т.З ХХК-ийг байгуулан, E.M фейсбүүк хуудсыг шинээр нээн өнөөдрийг хүртэл Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газрын Булагтай хязгаарлалтын бүсэд байрлах Булагтай баазад хадны авиралт, дүүжин гүүр, агаарын тросон зам зэрэг экстрим аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэн явуулж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан ШӨХТГ-ын 2102000122 дугаар зөрчлийн хэргийн материал дахь хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг, тайлбар болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

3. Хэдийгээр хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Э ХХК-нд шийтгэл оногдуулсан үндэслэлээ “2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр E.M фейсбүүк хуудаст үзлэг хийхэд ...2021 оны 3 дугаар сарын 06 болон 5 дугаар сарын 22-ны өдөр  .. E.T.E.M компани тэрэлж дэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн агуулгатай пост болон 112 зурган илэрц гарч байсан нь өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй мэдээг тараасан” хэмээн тайлбарлаж байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан ШӨХТГ-ын 2102000122 дугаар зөрчлийн хэргийн материал болон холбогдох бусад баримтаар гомдол гаргагч Б.Ш захиралтай Э ХХК нь 2021 оны 3 дугаар сараас  Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газрын Булагтай хязгаарлалтын бүсэд байрлах Булагтай баазад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахгүй болсон нь үнэн, бодитой бөгөөд энэ тухайгаа өөрийн хөтлөн явуулдаг фейсбүүк хуудастаа тухайн хуудсыг дагагч этгээдүүдэд хандан пост бичсэнийг өрсөлдөгч Э.Т.З ХХК-ийг алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй мэдээллийг тараасан хэмээн үзэх боломжгүй.

Үүнтэй холбоотойгоор шүүхээс, Э ХХК нь өрсөлдөгч компани болохын хувьд Э.Т.З ХХК-ийг Булагтай баазад үйл ажиллагаа явуулж байгаа болохыг мэдэгдэх үүрэгтэй байсан” хэмээн тайлбарлаж буй хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй хэмээн үзлээ. Учир нь аж ахуйн үйл ажиллагааны хувьд нэг ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоёр аж ахуйн нэгжийн нэгийг нь нөгөөгөө сурталчлах үүрэгтэй хэмээн үзэж, ингээгүйн төлөө Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж буй асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” буюу хууль ёсны зарчмыг зөрчсөн хэрэг юм.

 Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч Э ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4,  10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Э ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, ШӨХТГ-ын ӨЗЗЗСГ-ын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА