Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

      2022         12           15                                      2022/ШЦТ/120

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                 А.О,  

Улсын яллагч                                                Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                        Л.Г

Шүүгдэгч                                                        Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2204001680133 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо,  Бага-Гүний .....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б Ө овогт Г-н Б /РД: /

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Ахиц-1” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Д.Д-йг “тамхи өгөөгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад явж байтал О, Б нартай тааралдсан. Тэгээд ганц юм ууя гээд архи барьчихсан явж байхаар нь гудамжинд сууж уултай нь биш гээд дагуулаад Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага-Гүний 1 дүгээр гудамжны 10 тоотод байх манай гэрт очиж уусан. Бид гараад “Ахиц-1” дэлгүүрийн гадна талын ертөнцийн зүгээр зүүн талын сандал дээр сууж байхад нөгөө хоёр маань тамхи татмаар байна гэсэн. Тэгтэл дэлгүүрийн зүүн талын зогсоол хэсгээр нэг хүн машинаас бууж ирэхээр нь би “дүү тамхи байна уу” гэж асуутал тэр хүн “чи надаас тамхи гуйдаг хэн бэ” гэж хэлээд намайг өмсөж явсан куртикны захаар боосон. Тэр үед нь би гарыг нь тавиулах гэж ноцолдсон. Тэгж ноцолдож байхдаа би тэр залуугийн духны баруун талын нүдний дээд хэсэг рүү нэг удаа мөргөсөн.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн  52-р хуудас/,

 Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

А.О-ий мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 361 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

Шүүгдэгчийн согтуурлыг зэргийг тодорхойлсон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  80-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 59-74-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Ахиц-1” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Д.Д-г тамхи өгөөгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Д.Д-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Б-н хохирогчийн нүүрэн тус газарт 1 удаа гараар цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:  

- Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ахиц-1” хүнсний дэлгүүрийн үүдэнд таксинд явахаар зогсож байтал танил хүн явж байгаад таарахаар нь мэнд мэдээд зогсож байтал хажууд согтуу, танихгүй хүн дэлгүүрийн үүдний сандал дээр суучихсан намайг “хөөе нааш ир, тамхи байна уу” гээд дуудаад байхаар нь би “очиж чадахгүй, хүнтэй юм яриад зогсож байна” гэж хэлсэн. Тэр үед тааралдсан хүн маань яваад өгсөн. Нөгөө хүн намайг дуудаад “чи намайг  мэдэх үү, харах уу, чи намайг таних уу, би Багануурт 40 жил амьдарч байна, надад тамхи өг” гээд согтуурхаад байсан. Би “чамд тамхи өгч чадахгүй, чи болио цаашаа бай” гээд өөрөөсөө холдуулсан. Тэгтэл хажуугаар яваад өнгөрөх шиг болсон. Намайг эргээд хартал миний зүүн талын нүд орчим цохисон. Яг юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Миний хамраас цус гарахаар нь тэр залуугийн энгэрээс нь зөрүүлж бариад сандал дээр дарж суулгаад цагдаа дуудсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

- А.О-ний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би Б гэх хүнтэй хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ахиц-1” дэлгүүрийн гадаа явж байгаад Г.Б-тай таараад гэрт нь очиж 0.33 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусчихаад 12 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад “Ахиц-1” дэлгүүрийн үүдэнд сууж байхад Г.Б танихгүй хүнээс “тамхи байна уу” гэхэд нөгөө танихгүй хүн “байхгүй” гэх шиг болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр нь би шууд зугтаагаад явчихсан. Батмөнх мөн тэндээс явж байгаа харагдсан. Тэрнээс хойш яг юу болсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 361 дугаартай дүгнэлтэд: “1. Д.Д-н биед тархины доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх хамар ясны хугарал, тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 32-33-р хуудас/,

Шүүгдэгчийн согтуурлын зэргийг тодорхойлсон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  80-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 59-74-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57-р хуудас/

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б  нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Г.Б-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Д.Д нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Б-с 1,000,000 төгрөгийг бэлнээр хохирогч Д.Д-д өгч, үлдсэн 1,000,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. /хх-ийн 105-р хуудас/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.   

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б-ыг хохирогч Д.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие шүүгдэгчийн өөрийнх нь хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Г.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа төлсөн байдал, мөн анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Одоо эхнэртэйгээ хамт амьдардаг, тэтгэвэртээ гарсан. Иймд торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б Ө овогт Г-н Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Ө овогт Г-н Б-д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Г.Б-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 төгрөгийг бэлнээр хохирогч Д.Д-д төлсөн болохыг баталж, мөн шүүгдэгч нь 1,000,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирогчид төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч Д.Д нь энэ хэрэгт холбогдуулж гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Г.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН