Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1453

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         11          28                                   2022/ШЦТ/1453

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.11.23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХК-д гурилын оператор ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хангайн 00-0 тоотод оршин суух, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Бөртэ овогт Бын Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр Москва хорооллын хойд талын далан дээр хамт ажилладаг Э.Бын толгой руу нь цохиж, зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Э.Бын “Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлаас гарч яваад *******тэй таарсан. Энэ үед уг залуу дээр очоод урьдын харилцааны явцад үүссэн маргааны талаар ярилцах гээд бид хоёр маргалдаж эхлээд хэрүүл маргаан хийнгээ далан хойшоо гараад явсан. Ингээд улаан тоосгон байшингийн ойролцоо явж байгаад бид байхад миний зүүн тал руу хүчтэй нэг удаа цохисон. Тухайн үед би газар унаад босож ирэхэд миний зүүн талын чихнээс цус гарсан. Би бодохдоо гартаа бөгж юм уу түлхүүртэй байсан байх гэж бодсон. Бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа байдаг. Үүнээс болоод би маргалдаж байхад намайг гэнэт цохиж авсан. Зүүн талын чих рүү дээрээс доош чиглэлд шувтарч цохисон юм” гэх мэдүүлэг /х.х-7-8/

- Гэрч Э.Бын “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байхад манай ах Э.Бын эхнэр Н над руу утсаар залгаад "ах чинь зодуулчихсан байна" гэхээр нь Т ХК дээр ирэхэд ах машин дотроо зүүн талын чихнээс цус гарчихсан сууж байсан” гэх мэдүүлэг /х.х-28/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14224 дугаартай “Э.Бын биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-31-32/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******, хохирогч Э.Б, хохирогчийн эхнэр Н.Н нар нь нэг байгууллагад буюу Т ХК-д ажилладаг ба тэдний дунд урьдын таарамжгүй харилцаа байсан болох нь хохирогч Э.Бын “бид хоёр машин тэрэгний дугуй хагалчихлаа гэж хэлсэн, түүнийг сонсоод би уурласан, мөн урьдын таарамжгүй харилцаа байсан. Манай эхнэрээс мөнгө зээлсэн архи уухаараа манай эхнэр лүү утсаар залгаж мөнгө төгрөг асуудаг юм. Мөн урьд нь миний машиныг зурсан гэдэг асуудлаар цагдаад намайг өгч байсан. Ийм олон шалтгааны улмаас бид 2 хоорондоо таарамжгүй харилцаа байдаг. Үүнээс болоод би маргалдаж байхад намайг гэнэт цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-7/, яллагдагч *******ийн “уг залуу бид Т ХК-д 15 орчим жил ажиллаж байна. Намайг эхнэртэйгээ хардаад байдаг, түүний эхнэр бид 2 нэг ээлжид хамт гарч ажилладаг, уг залуу миний машины цонхыг хагалсан, түүнээс хойш дахин миний машиныг зурсан, дахин эргэж нэг удаа зурсан. Энэ асуудлаар би түүнийг цагдаад өгөхөд хохирлын үнэлгээ 300000 төгрөг хүрээгүй болохоор хэрэг үүсээгүй хаагдсан. Би тэр залууд ямар нэгэн өр авлага өгөх асуудал байхгүй. Харин 1 удаа би буудалд орохдоо түүний эхнэрээс мөнгө зээлж аваад буудалд орсон. Уг буудалд орсон бичлэгийг олж авчихаад намайг эхнэртэйгээ хардаж сэрддэг юм. Би түүнд ямар нэгэн асуудал болоогүй талаар хэлж уучлалт гуйж байсан” гэх мэдүүлэг /хх-46-47/, гэрч Н.Нгийн “Би сайн хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр Э.Б нь Өтэй таарамжгүй харилцаатай байгаад байдаг, чухам юунаас үүдэлтэй маргаан гэдгийг би сайн ойлгохгүй байна. Ө нь надтай хамт ажилладаг, манай ажлын газрын л хүн” гэх мэдүүлэг /хх-23/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Москва хорооллын хойд талын далан дээр хамт ажилладаг Э.Бтай урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой руу нь цохиж, зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч Э.Бын мэдүүлэг /х.х-7-8/, гэрч Э.Бын мэдүүлэг /х.х-28/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14224 дугаартай дүгнэлт /х.х-31-32/, яллагдагч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь урьдын таарамжгүй харилцааны улмаас Э.Бтай маргалдан хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Э.Бын толгой руу нь цохиж, зодсоны улмаас түүний  бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтаар нотлогдож байх тул *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Бт шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохирол төлбөрт 120000 төгрөг авсан” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч ******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг 1 хугацаагаар тэнссэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /х.х-73-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-70/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсонд тооцох учир түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо мөнгөөр нөхөн төлсөн, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Э.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан /х.х-81/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бөртэ овогт Бын Өийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бөртэ овогт Бын Өөд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Э.Бт баримтаар нотлогдсон 120000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******өд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ