Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

2022      09         19                                                  2022/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч П.А  нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-н А-д холбогдох 2239002860313 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 226/ЗТ2022/00029 дугаартай тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны ... дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...4 регистрийн дугаартай Х  овогт П-н А . 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.А  нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр багийн нутаг Монгол толгой гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ю.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгойн мултрал, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.А  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ю.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

2239002860313 тоот эрүүгийн хэргээс

 

Шүүгдэгч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би 14 цагийн үед найз Х-тай уулзаж ганц шил архи уух гээд сумын төвийн баруун урд гэрт нь очиход Х  байхгүй эхнэрээс нь асуухад Улаанбаатар хот явсан гэж хэлсэн. Тэгээд би Х-гийн эхнэрт Эгийн адагт байдаг гэрт маань хүргээд өгөөч машингүй явж байна гээд гэрийн гадаа хүргүүлээд өөрийн эзэмшлийн машинаа аваад Х-гийн эхнэр Эгийн голын урд талд Монгол толгойд айлын үхэр сааж байгаа гэхээр нь хамт очоод тэнд байсан айлын хүнтэй 2-3 Нийслэл нэртэй 2,5 литрийн пиво уугаад тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 27-ний өглөө 11 цагийн үед босоод сумын төв ороод Х-гийн эхнэртэй уулзаад би тасраад унтчихсан байна намайг хүргээд өгчихгүй, эхнэр бөөн юм болж байгаа байх гээд шараа тайлах гээд дахиад дэлгүүр орж 2 ширхэг Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво аваад Монгол толгойд Хатангийн эхнэртэй очиход манай эхнэр охины хамт ирчихсэн байсан тэгээд би машин дотор сууж байхад манай эхнэр орилоод гөлөг минь чи хаагуур яваад ирж байгаа юм гээд машины цонхоор миний толгой нүүр лүү цохиж үсдээд байхаар нь машинаас буугаад чи буруугаар ойлгоод байна хөгшөөн гэж хэлэхэд Х-гийн эхнэр рүү чи муу хүний эр нөхөр дагуулаад архидаад явлаа гэж орилоод хэлсэн тэгээд би машины түлхүүрээ машинд зоолттой байхаар нь аваад өмдний кармандаа хийхэд түлхүүрийг маань эхнэр авах гээд түлхүүрээ өг гээд намайг толгой нүүр лүү хүчтэй цохиод байхаар нь хоёр гарыг нь бариад цааш нь түлхэхэд цагдаа дууд гээд орилоод байсан тэгэхээр нь би айгаад голын бургас уруу ороод зугтаагаад тэндээ унтаж байгаад орой 19 цагийн үед гарч ирээд барьж байсан амбаартаа очиж амарсан. Тухайн үед би согтуу байсан сайн санахгүй байгаа намайг нүүр нүдгүй гараараа цохиод байсан тэгэхээр нь би хоёр гарыг нь бариад түлхсэн юм аа. Мөн өмнө нь намайг сууж байхад хөлөөрөө миний зүүн мөр лүү жийгээд өшиглөөд байхаар нь би хөлөөс нь гараараа түлхэхэд унаад өгсөн жинтэй хүн болохоор унахдаа гар нь гэмтсэн байх. Бид хоёр 18 жил хамт амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй. Согтолттой байсан зарим болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Цагдаа дууд гээд байхаар нь айж сандарсандаа зугтаасан юм аа. Би согтууруулах ундааг долоо хоногт 2-3 удаа хэрэглэдэг юм аа. Би өмнө бас хэрүүл маргаан  үүсгэж байсан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхээр орж 10 хоног баривчлагдаж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25-р хуудас/

Хохирогч Ю.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол толгойд байдаг хөдөө гэрт нь дахиж очиход манай нөхөр П.А  өөрийн эзэмшлийн Prius-20 маркийн авто машиныхаа жолоон дээр суучихсан жолооч талын суудалд Булгаа гэх эмэгтэй суучихсан архи пиво тавьчихсан сууж байхаар нь би нөхөр А-ийг машинаасаа буугаад ир гээд чи хаачив аа хонуудаар алга болоод барьж байгаа байшин саваа барихгүй арчаагүй юм гээд машиныхаа түлхүүрийг машин дотор голын хайрцгаас нь авах гэтэл миний баруун гарын шууг А  мушгиад машин руу түлхэхэд миний баруун гарын шуун хэсгээр их өвдөж, шуун доод талдаа арьсны цаанаас овоочихсон тэгээд би цагдаа дуудчихаад бид хоёр муудалцаад маргалдаад байж байхад нөхөр А  машины арын суудлаас Хараа нэртэй 0,33 граммын шилтэй архи аваад зугтаачихсан тэгээд төд удалгүй сумын цагдаа ирсэн тэгээд би эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд таны баруун шууны яс чинь хугарч, шөрмөс нь гэмтсэн байна гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй хамгийн том нь М  14 настай, Ч  9 настай, хүү О  7 настай. Намайг гарыг минь мушгиад машин руу түлхэж гарыг минь гэмтээсэн. Манай нөхөр 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр шүүхээр 10 хоног баривчлагдаж байсан. Намайг урьд өмнө цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад 15 цагийн үед ээж хоёулаа явж аавыг чинь олж ирье гээд ээж бид хоёр цуг явсан гэх хүний гэрт нь ирэхэд тэр айлын хүүхэд нь ээж ногоон машинд суугаад хөдөө гэр лүүгээ явсан гэж хэлсэн. Тэгээд ээж танай хөдөө гэр чинь хаана байдаг юм гэж асуухад Монгол толгойд байдаг гэсэн тэгээд ээж бид хоёр алхаад хөдөө гэрт нь ирэхэд хүн байхгүй хоёр дүнзэн байшин нэг эсгий гэр байсан. Тэгээд ээж бид хоёр буцаад сумын төв дээр байдаг цуг явсан гэх хүний гэрт нь дахиж ирээд хүүхдээс нь дахиж асуухад ээж гишүүнд явсан байхаа гэж хэлэхээр нь буцаад Монголд толгойд байдаг хөдөө гэрт нь ирэхэд аав ирчихсэн тэр айлын гадаа машин дотроо сууж байхаар нь ээж очоод аав руу орилоод чи яагаад гэр орондоо ирж хонохгүй байгаа юм 3 хүүхэд чинь хонох газаргүй байхад чи айлаар хонолоо гэхэд аав машинаас буугаад ирсэн тэгээд ээж машины түлхүүрийг нь авах гэтэл аав ээжийн баруун гарны шуунаас бариад мушгиад машин луу түлхчихсэн тэгсэн ээж миний гарыг эвгүй болгочихлоо гээд орилоод байсан тэгээд аавын машины жолооч талд нь сууж явсан эмэгтэй буугаад машины арын хаалгыг онгойлгоод ард сууж явсан 2 бага насны эрэгтэй хүүхдүүдээ аваад буусан тэгээд ээж тэр эмэгтэй хүнд 3 хүүхэд нь хонох газаргүй байхад айлын нөхөр аваад явлаа гээд уурлаад ээж цагдаа дуудъя гээд цагдаад дуудлага өгөхөд аав миний гар утсыг булааж авах гээд байсан тэгээд аав машины арын хаалгаа онгойлгоод Хараа нэртэй архи аваад голын бургас руу хойд зүгт зугтаагаад яваад өгсөн төд удалгүй сумын цагдаа ирээд цуг явж байсан гэх эмэгтэйг аваад явсан ээж сумын эрүүл мэндийн төв рүү үзүүлэхээр явсан. Ийм зүйл болсон. Тухайн үед ээж аавыг машинаас буугаад ирэхээр нь машины түлхүүрийг нь авах гээд машин луу орох гэхэд ээжийн баруун гарын шуун хэсгээс барьж мушгиад машин луу түлхчихсэн юм аа тэгээд ээжийн баруун гар гэмтсэн байсан. Ээжийн баруун гарын шуу нь хугарсан байна гээд гарыг нь гипстсэн байсан. Ээж гарыг маань гэмтээчхлээ гээд аавыг зүүн гараараа нуруу руу нь цохиод  байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

Гэрч Ю.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ байж байхад манай төрсөн эгч А Эгийн голын урд Монгол толгой гэх газарт байна хурдан ирээд аваач гэж дуудсан. Тэгээд би яваад очиход хүргэн ах А  машиных нь түлхүүрийг нь аваад зугтаачихсан гээд А  эгч нэг танихгүй эмэгтэй хүнтэй маргаад байж байсан мөн цагдаагийн албан хаагч ирчихсэн байж байсан. Тэгээд эгч А-өөс юу болсон талаар асуухад эгчийг нь А  ах чинь ийм болгочихлоо гээд баруун гараа дийлэхгүй гараа бариад байж байсан тэгээд би эгчийг аваад сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд Б  гэх эмч үзэхэд баруун гар чинь хугарчихсан байна гээд А  эгчийн баруун гарыг гипстээд дээш нь сойж боосон тэгээд би эгчийг Эгийн адагт гэрт нь хүргэж өгсөн. Ийм зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол толгойд хөдөө гэртээ байж байхад манай төрсөн эгч Б Prius-20 маркийн авто машинтай танихгүй эрэгтэй хүнээр, хоёр эрэгтэй хүүхдийнхээ хамт гурвуулаа ирсэн тэгээд цонхоор хараад байж байтал Prius-20 маркийн авто машинтай танихгүй эрэгтэй хүний эхнэр нь бололтой эмэгтэй хүн тэр хүргэж өгсөн жолоочийг, жолооч талын цонхоор нь хоёр гараа оруулчихсан үсдээд цохиж чи муу гишүүнд явлаа гэж гарчхаад архи уулаа гээд орилж хажуугаас нь охин нь бололтой эмэгтэй хүүхэд та архи уугаад алга боллоо гэхэд эхнэр нь би цагдаа дуудлаа та муу хоёр байж бай гэхэд нөхөр нь хойшоо голын бургас уруу зугтаад яваад өгсөн тэгсэн тэр эмэгтэй манай эгч Б-г нөхөр дагуулаад явлаа гээд хэл амаар доромжлоход эгч Б  би дагуулж явсан асуудал байхгүй унаа байхгүй болохоор би танай нөхрөөр хүргүүлсэн юм гэж хэлж байсан тэгээд төд удалгүй сумын цагдаа ирж Б эгчийг аваад явсан. Ийм зүйл болсон. ...Тухайн үед эхнэрээ цохиж байхыг нь бол хараагүй орилоод л байсан. ...Намайг харж байхад бол цохиж байгаа  харагдаагүй. Би хажууд нь огт очоогүй байшингийн цонхоор харж байсан болохоор согтуу байсан үгүйг нь мэдэхгүй байна гэхдээ эхнэр нь чи муу гишүүнд явлаа гээд  архидаад байхдаа яадаг юм бээ гээд орилоод байсангэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/

 

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сумын төвийн гэртээ дүүтэйгээ цуг хашаагаа янзлаад байж байхад манай нөхрийн найз А архи үнэртүүлчихсэн манай нөхрийг асуугаад ирсэн тэгээд намайг гэрт хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би гэрт нь өөрийн эзэмшлийн Prius-10 маркийн машинаа бариад сумын төвийн зүүн хотонд байдаг Эгийн адагт гэрт хүргэж өгөөд явсан. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед манай сумын төвийн гэрт А  архи үнэртүүлчихсэн манай нөхрийг асуугаад ирэхээр нь би ирээгүй байна гэж хэлсэн тэгээд би хөдөө гэртээ очиж үхрээ саах ажилтай байсан болохоор А-ийг Монгол толгойд байдаг хөдөө гэр лүү маань хүргээд өгөөч гэж гуйгаад хүү Х  11 настай, хүү Х  4 настай 2 хүүгийнхээ хамт бид гурав хүргүүлээд очоод машинаас нь буух гэтэл гэнэт нэг охиноо дагуулсан хүүхэн гарч ирээд А-ийг би чамайг ална яасан зэвүүн юм гээд хэл амаар доромжлоод муудалцаж эхэлсэн тэгээд Ал-ийг машины цонхоор хоёр гараа оруулж ирээд үсдээд нүүр рүү нь алгадаад буулгахад А  миний хань болио гээд хэлж байсан тэгээд тэр хүүхэн намайг миний нөхрийг дагуулж явлаа балиар авгай гээд намайг хэл амаар доромжлоод байсан би тэгээд тэр хүүхэнд танай нөхрөөр би 2 хүүхдийн хамт унаа байхгүй болохоор гуйгаад хөдөө гэр лүүгээ хүргүүлсэн юм аа гэж тайлбарлахад орилж хашигчаад байхаар нь би хоёр хүүгээ аваад тугалаа хайхаар яваад өгсөн тэр хоёр маргалдаад тэндээ үлдэхэд төд удалгүй сумын цагдаа ирсэн. Ийм зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 473 дугаартай

1. Ю.А-ийн биед баруун шуу ясны толгойн мултрал, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-н 72-73-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр П.А  нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр багийн нутаг Монгол толгой гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ю.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгойн мултрал, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.А , хохирогч Ю.А нар нь гэрлэлтийн баталгаатай болох нь лавлагаагаар тогтоогдсон тул тэднийг эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод нь халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч П.А  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Ю.А-гийн баруун гарын шууг гараараа мушгин түлхэж улмаар түүний эрүүл мэндэд баруун шуу ясны толгойн мултрал, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь нэг талаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болох бол нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

 

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч П.А  нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ю.А-гийн бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хохирогч Ю.А  нь мөрдөн шалгах ажиллагаанд  “Би нөхөр П.А-тэй эвлэрсэн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, гэр бүлийн таарамжгүй харилцаа тус тус нөлөөлсөн байна. 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.А  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 150 хуу/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.А-ийн хувийн байдлын талаар гэрч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би П.А  гэх хүнийг таньж мэддэг болоод 3 жил болж байна. Миний хуурай дүү бөгөөд энгийн сайхан харилцаатай байдаг. Садан төрлийн холбоо байхгүй. А дүүг зан аашны хувьд томоотой төлөв даруухан, уур уцаар багатай, зөв төлөвшсөн  хүн гэж би хувьдаа бодож явдаг. Хэнтий аймгийн ..сумын . дугаар ангид ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сард тэтгэвэртэй гарсан. Эхнэр 3 хүүхдийн хамт ... суманд ажиллаж амьдардаг. Энэ хүний талаар би сөрөг муу юм сонсож байгаагүй. Би энэ хүнийг архи ууж байхыг харж байгаагүй. Байнга хамт байдаггүй болохоор архи уудаг эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 62-63-р хуу/ өгчээ.

 

  Шүүхээс шүүгдэгч П.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт П-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР