Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
Хэргийн индекс | 107/2022/0111/э |
Дугаар | 2022/ШЦТ/115 |
Огноо | 2022-12-07 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Д.А |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/115
2022 12 07 2022/ШЦТ/ 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: А.О ,
Улсын яллагч: Д.А ,
Хохирогч: Д.Б ,
Гэрч: Д.Д ,
Шинжээч эмч: Ө.Ш ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ч ,
Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2204001140105 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны ........ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Д овгийн Б-н Д /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг “Дунд байдлаг, Өлийн даваа” гэх газарт Д.Б “нутгаас хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа 2 удаа, зүүн гарын шуу хэсэг рүү модоор 3-4 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын шууны ясны хөндлөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 9 цагийн үед Д.Б гэх хүн ирж манай аавыг “танайхыг малгүй болгоно” гэж хэлээд мэндийн зөрүүгүй хөөж туусан. Манай аавтай нэлээд маргалдаад аавыг модоор цохисон. Манай аав Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн боловч “танайх Багануур дүүрэгт харьяалалгүй юм байна” гээд хүлээж аваагүй. Тэгээд би тэр хоёрыг маргаад байхаар нь гүйж очоод “одоо та яв, нэг нутаг усны хүмүүс байж ямар сонин юм” гэж хэлээд салгасан. Д.Б гуай гэр рүүгээ яваад удахгүй мотоциклтойгоо буцаж ирээд нөгөө л хэлдэг үгнүүдээ хэлээд харааж, зүхэж байснаа буцаад мотоциклоо унаад явсан. Өдөр 11 цагийн үед аав бид хоёр Д.Д ахынхыг нүүлгэх гэж очсон. Тэр үед гол үертэй мотоциклтой гарахад хэцүү байсан. Д.Д ахынд Д.Б ах ирээд “юу байцгаана” гэж хэлчихээд яваад өгсөн. Удалгүй Д.Б ах Д.Д ахын гэрийн урдуур мотоциклтойгоо уулнаас адуугаа буулгаад зүгээр явж байсан. Аав бид хоёр Д.Д гэх айлыг нүүлгэж дуусгаад гэртээ буцаж очсон. Би тэр ахыг цохиж зодсон зүйл байхгүй” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Батбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эгч, хүргэн ах хоёр төв явна гэхээр нь би өглөө 9 цагийн үед тэднийд очсон. Очиход Ё.Б ахынх хажууд нь нүүгээд ирсэн байсан. Манай хүргэн ахад “жорлонгоо цааш нь барь” гэж хэлсэн байсан. Би Б ахынд очоод “сайн байна уу” гээд мэндтэй л очсон юм. Тэр үед Б ах биеийн хэлэмж байдлаар намайг доромжилж, маргалдаад намайг зодсон. Би ганц ч удаа гар хөдөлгөөгүй, надад хүнтэй зодолдох бодол ч байгаагүй. Тэр үед хүү нь бид хоёрыг салгасан. Миний нүүр, ам руу нэлээн хэд цохисон. Дараа нь удалгүй мотоциклтойгоо гэрийнх нь урдуур явж байхад энэ хоёр араас “ална аа” гээд байхаар нь би очоод “арай даварч байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд дахиад барилцаж авахад Б хүүдээ “гарыг нь хуга цохь” гэсээр байгаад гарыг минь цохиулсан. Миний гар тухайн үед маш их өвдөж байсан. Тэр хоёрт хандаж “мотоциклийг минь босгоод өгөөч” гэхэд “пизда минь өөрөө босгоод аваад яв” гэж хэлсэн. Би мотоциклоо арай гэж босгоод унаад явсан. Тухайн үед гайгүй байх гэж бодож байсан ч хамаг бие чичрээд байсан. Энэ залуу худлаа яриад байгаад нь муухай санагдаж байна, хүн чинь уучлаарай гэвэл бас арай өөр шүү дээ. Энэ хүүхэд чинь миний оюутан охинтой чацуу хүүхэд, би охиндоо сайн эцэг байя гэсэн үүднээс хүнтэй маргаад яах вэ гэж бодоод тэвчсэн. Одоо хурал дээр уран гоё үгээр хуурч байхын оронд “ахаа уучлаарай” гээд хэлсэн бол болчих асуудал л даа. Нутгийн ард түмэнд эцэгтэйгээ нийлээд хэний ч санаанд оромгүй худлаа яриад байх юм. “Малгүй болгоно” гэж хэлсэн гээд байгаа эдний манай хоёр малжаад байсан ч юм байхгүй, надад тэгж хэлэх шаардлага ч байхгүй, ингэж худлаа ярьж болохгүй, залуу хүн байж. Миний гарыг Д модоор цохиж хугалсан нь үнэн” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шинжээч эмч Ө.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Боломж муутай гэдэг нь хохирогч өөрөө өөрийнхөө биеийг цохиж гэмтэл үүсгэхгүй гэсэн үүднээс дүгнэлтээ тайлбарласан. Хугарал чинь хүчний үйлчлэлээр, мөн хатуу биетээр хүчтэй цохиход үүснэ. Хүн өөрөө өөрийнхөө гарыг хүчтэй цохиж хугалах боломжгүй. ...Мушгирсан, ил, далд, зөрсөн хугарал гэж байдаг. Хохирогчийн хувьд рентген зургаар хөндлөн хугарал гэж оношлогдсон. Хөндлөн хугарал нь зовиур шинж багатай далд хугаралыг хэлж байгаа. Мохоо зүйлээр цохиулахад хөндлөн хугарал үүсдэг. Өндрөөс унах үед мушгирсан болон ил хугарал үүсэх боломжтой” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Д.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б манайд ирэхдээ гар боогоод өг гээд ирсэн. Д маргалдсаны улмаас гар эвгүй болчихлоо гэж хэлсэн” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
Хохирогч Д.Б н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 21-р хуудас/,
Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Д.С мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Ё.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
А.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Шинжээч эмч Ө.Ш мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/285 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,
Яаралтай тусламжийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуудсаар “зовиур зүүн гарын шуу хавдсан, хүнд зодуулсан” гэжээ /хх-ийн 44-45-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/
Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “79 см урттай, 3.5 см радиустай бөөрөнхий модыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ /хх-ийн 13-р хуудас/,
Шүүгдэгч Б.Д-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 70-77-р хуудас /,
Б.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 93-р хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч шинжлэн судлуулсан баримт:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
Хохирогч Д. мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас /,
Гэрч Д.Д мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас /,
Гэрч Ё.Б мэдүүлэг /хх-ийн 29, 30-р хуудас /,
шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 42, 70-74, 76, 77-р хуудас/,
Б.Д мэдүүлэг /хх-ийн 34, 35, 37-р хуудас /,
Гэрч Б мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас /,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-р хуудас /,
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46,47 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх лавлагаа /хх-ийн 75-р хуудас/,
Д.Б согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 81-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 09 цагаас 10 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны хөдөө хэсэг, “Дунд байдлаг, Өлийн даваа” гэх газарт Д.Б-ыг “нутгаас хөөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа 2 удаа, зүүн гарын шуу хэсэг рүү модоор 3-4 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын шууны ясны хөндлөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Б.Д-гийн хохирогчийн зүүн шуу хэсэг рүү 2-3 удаа модоор цохьсон үйлдлээр эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь:
- Хохирогч Д.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай эгч, хүргэн ах хоёр төв явна гэхээр нь би өглөө 9 цагийн үед тэднийд очсон. Очиход Ё.Б ахынх хажууд нь нүүгээд ирсэн байсан. Манай хүргэн ахад “жорлонгоо цааш нь барь” гэж хэлсэн байсан. Би Б ахынд очоод “сайн байна уу” гээд мэндтэй л очсон юм. Тэр үед Б ах биеийн хэлэмж байдлаар намайг доромжилж, маргалдаад намайг зодсон. Би ганц ч удаа гар хөдөлгөөгүй, надад хүнтэй зодолдох бодол ч байгаагүй. Тэр үед хүү нь бид хоёрыг салгасан. Миний нүүр, ам руу нэлээн хэд цохисон. Дараа нь удалгүй мотоциклтойгоо гэрийнх нь урдуур явж байхад энэ хоёр араас “ална аа” гээд байхаар нь би очоод “арай даварч байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд дахиад барилцаж авахад Б хүүдээ “гарыг нь хуга цохь” гэсээр байгаад гарыг минь цохиулсан. Миний гар тухайн үед маш их өвдөж байсан. Тэр хоёрт хандаж “мотоциклийг минь босгоод өгөөч” гэхэд “пизда минь өөрөө босгоод аваад яв” гэж хэлсэн. Би мотоциклоо арай гэж босгоод унаад явсан. Тухайн үед гайгүй байх гэж бодож байсан ч хамаг бие чичрээд байсан. Энэ залуу худлаа яриад байгаад нь муухай санагдаж байна, хүн чинь уучлаарай гэвэл бас арай өөр шүү дээ. Энэ хүүхэд чинь миний оюутан охинтой чацуу хүүхэд, би охиндоо сайн эцэг байя гэсэн үүднээс хүнтэй маргаад яах вэ гэж бодоод тэвчсэн. Одоо хурал дээр уран гоё үгээр хуурч байхын оронд “ахаа уучлаарай” гээд хэлсэн бол болчих асуудал л даа. Нутгийн ард түмэнд эцэгтэйгээ нийлээд хэний ч санаанд оромгүй худлаа яриад байх юм. “Малгүй болгоно” гэж хэлсэн гээд байгаа эдний манай хоёр малжаад байсан ч юм байхгүй, надад тэгж хэлэх шаардлага ч байхгүй, ингэж худлаа ярьж болохгүй, залуу хүн байж. Миний гарыг Д модоор цохиж хугалсан нь үнэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шинжээч эмч Ө.Ш -н шүүх хуралдаанд өгсөн : “...Боломж муутай гэдэг нь хохирогч өөрөө өөрийнхөө биеийг цохиж гэмтэл үүсгэхгүй гэсэн үүднээс дүгнэлтээ тайлбарласан. Хугарал чинь хүчний үйлчлэлээр, мөн хатуу биетээр хүчтэй цохиход үүснэ. Хүн өөрөө өөрийнхөө гарыг хүчтэй цохиж хугалах боломжгүй. ...Мушгирсан, ил, далд, зөрсөн хугарал гэж байдаг. Хохирогчийн хувьд рентген зургаар хөндлөн хугарал гэж оношлогдсон. Хөндлөн хугарал нь зовиур шинж багатай далд хугаралыг хэлж байгаа. Мохоо зүйлээр цохиулахад хөндлөн хугарал үүсдэг. Өндрөөс унах үед мушгирсан болон ил хугарал үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Д.Д шүүх хуралдаанд өгсөн: “...Батбаатар манайд ирэхдээ гар боогоод өг гээд ирсэн. Д маргалдсаны улмаас гар эвгүй болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хөдөө хэсэг Дунд байдлаг, Өлийн Даваа гэх газарт өөрийн төрсөн эгч болох С очсон. Тэгээд 09 цаг өнгөрөөгөөд эгчийн саахалт айл болох Б очсон бөгөөд “сайн байна уу” гэхэд дуугарч ядаад буруу хараад байхлаар нь “эндээс нүү, зайлуулна та нарыг” гэсэн чинь Балдан /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ намайг барьж аваад нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би гэр лүүгээ очоод мотоцикль аваад гэрийнх нь урдуур хонь эргүүлэх гээд явсан чинь Балдан “чи муу нүүлгэнэ гэж юу байдаг юм” гэхээр нь би мотоциклтойгоо гэрийнх нь гадаа очоод Б маргалдсан. Тэгсэн чинь Б миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би Б-тай барьцалдаж авсан. Тэгээд би Б руу гараа далайсан чинь гэдэргээ алхсан. ...Тэгсэн чинь өөдөөс Б хүү гартаа байсан бүдүүн модоороо миний гарын зүүн шуу хэсэг рүү 1-2 удаа цохьсон. Тэгэхээр нь би “миний гар эвгүй болчихлоо” гэсэн чинь дахиад Балдангийн хүү 2-3 удаа нөгөө модоороо зүүн гарын шуу хэсэг рүү нэмээд цохьсон. Тэгээд би Б “гар эвгүй болчихлоо, мотоцикль босгоод өгөөч” гэхэд Балдан “Өөрөө босгоод зайл” гэсэн. Тэгээд гэртээ ирээд байж байсан чинь гар минь даагдахгүй болохоор нь Төв аймгийн Баяндэлгэр сумын цагдаа руу залгасан чинь “Багануур луу очоод гарынхаа зургийг авахуулаад хэлээрэй” гэсэн. Тухайн үе би гараа хугарчихсан гэж бодоогүй, хойд айлын залуу болох Д очиж гараа боолгуулсан. Тэгээд хүргэн ах, эгч хоёрыг ирэхээр нь Багануур дүүрэг рүү яваад эмнэлэгт очиж үзүүлсэн чинь гар хугарчихсан байна гэсэн. Би Б-тай бэлчээрээс болоод маргалдсан. Би гомдолтой байна.” Гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21-р хуудас/,
- Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр манайхыг нүүдэл хийж байхад Батбаатар буюу Огоолой манайд ирээд “гар нэг л эвгүй болчихлоо” гээд явж байсан. Би эхнэртэйгээ гэрээ нүүлгэж байсан болохоор нэг их тоогоогүй бөгөөд удалгүй яваад өгсөн. Удалгүй нэг гараараа мотоциклоо бариад ирсэн. Тэгээд миний гар нэг л болж өгөхгүй байна гэхээр нь би зүүн гарыг нь үзэхэд хөдөлж чадахгүй байхаар нь хугарчихсан юм шиг байна гээд эхнэрийнхээ хүзүүний ороолтоор сойлт хийж өгсөн чинь мотоциклоо унаад яваад өгсөн. Тухайн үед Б ярихдаа “Б хүүтэйгээ элбээд, маргалдаад хүү нь модоор гар луу цохиод, тэрнээс хойш их эвгүй болоод, даагдахгүй, хэцүү байна гэж байсан. Тухайн үед Б-рын зүүн гарын шуу хэсэг хавдсан байсан. Тэр өдөр манайхыг хаваржаанаас нүүх гэж байхад Б хүүтэйгээ ирж, гэр буулгаж, ачилцаж өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
- Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед нөхөр бид хоёр Багануур луу явсан бөгөөд гэрт төрсөн дүү Б ганцаараа үлдсэн. Тэгээд өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд Б зүүн гараа сойгоод уячихсан байхаар нь тодруулж асуухад “саахалт айлын Б-тай муудалцсан, тэгсэн чинь хүүхэдтэйгээ нийлж байгаад намайг дээрэлхээд, хүүхэд нь мод аваад гар луу цохьсон, тэгээд гар хугарчихлаа” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
- А.А ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед хөдөө өөрийн төрсөн эгч болох С-ийн хонийг нь харж өгнө гээд ганцаараа мотоциклтойгоо явсан. Тэгээд орой 17 цаг 09 минутын үед эгч С рүү залгасан чинь эгч “танай нөхөр очсон уу” гэхээр нь би “ирээгүй байна” гэсэн чинь эгч “хүнтэй зодолдоод гараа хугалчихсан юм шиг байна, мотоциклоо унаад Багануур луу явсан” гэж байсан. Тэгээд би нөхөрлүүгээ залгасан чинь “цагдаагийн газар байна” гэсэн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
- Шинжээч эмч Ө.Ш мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Д.Б гэх хүн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхдээ зовиур нь “зүүн гар, шуу хавдсан, хүнд зодуулсан” гэсэн өгүүлэлтэй өөрөө ирж үзүүлсэн. Мөн тэр өдөр бусдад модоор олон удаа цохиулж гараа хугалуулсан” гэх яриа өгүүлэмжтэй байсан. Иймд дээрх гэмтэл нь цохих, цохигдох, мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр учирсан байх боломжтой. Өөрөөр иртэй юманд зүүн гараа цохиулах үеэс бусад тохиолдолд өөрөө өөртөө гэмтэл учруулах боломж муутай гэж эмнэлгийн баримт, нарийн мэргэжлийн эмч, тухайн үеийн үзлэг асуумжийг үндэслэж дүгнэлтийг гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/285 дугаартай: “1. Үзүүлэгч Г.Б биед зүүн гарын шуу ясны хөндлөн хугаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед учирсан байх боломжтой. 3. Дээрх шуу ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулсан байх боломж муутай” гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,
- Яаралтай тусламжийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуудсаар “зовиур зүүн гарын шуу хавдсан, хүнд зодуулсан” гэжээ /хх-ийн 44-45-р хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/
- Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “79 см урттай, 3.5 см радиустай бөөрөнхий модыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ /хх-ийн 13-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагч Д.А-с: “...шүүгдэгч Б.Д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч Д.Б-с эмчилгээний болон хохирол төлбөрт баримтгүй 1.630,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Д-с гаргуулах саналтай” гэсэн дүгнэлтийг;
Хохирогч Д.Б-с: “Б.Д нь миний гарыг модоор цохиж гэмтэл учруулсан. Миний нэхэмжилж байгаа хохирол төлбөрийг барагдуулаад өгчихвөл гомдолгүй.” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-с: “Улсын яллагчийн гаргасан саналтай нийцэхгүй байна. ...гэмт хэрэг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болсон гэж тодорхойлдог. Яг хэдэн цагт болсон бэ гэдэг үйл баримт гэрчүүдийн мэдүүлэгт тусгагдаагүй. Эд мөрийн баримтаар хураагдсан модоор цохисон юм уу, үгүй юу гэдэг маргаан үүсгэж байгаа. Яг энэ модоор цохисон нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Өнөөдөр бүх гэрчүүд Батбаатарын мэдүүлгээр явж байна. Магадгүй субъектив сэдэлт, санаа зорилгоор мотоциклоосоо унаж гараа гэмтээчихээд миний үйлчлүүлэгчийг цохисон гэж яриад байгаа ч юм бил үү. Энийг шалгах боломж мөрдөн байцаалтын шатанд байсан боловч шалгаагүй. Энийг шалгах ганц боломж нь явсан зүгийн маршрутыг тогтоох арга юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар гэрч, хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болдог. Мэдүүлэг өгөгч нотлох баримтын эх сурвалжаа зааж байж нотлох баримт болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоосон ямар ч шинж бүхий нотлох баримт авагдаагүй байна. ...ерөнхий байдлаар тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хийгдээгүй учир миний үйлчлүүлэгчийн гэм бурууг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Д холбогдох гэмт хэргийн хувьд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа тодорхойгүй, нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж шүүгдэгчийн гэм бурууг цагаатгах хүсэлт гаргаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Иймд шүүгдэгч Б.Д гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/285 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-45-р хуудас/, шүүх хуралдаанд өгсөн шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирол төлбөр төлөөгүй байна.
Хохирогч Д.Б нь “...буруутай этгээдээс эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Манайх өдөр оройдоо 45-50 литр сүү сааж “Есөн хишиг” нэртэй дэлгүүрт 1200 төгрөгөөр бодож сүүгээ өгдөг. Гар хугарснаас хойш үхрээ саахаа больсон бөгөөд 1 сар гаран үхрээ сааж сүүгээ борлуулж чадаагүй. Тийм болохоор 1 литр сүүгээ 1200 төгрөгөөр бодож, сард 45 литр сүү зардаг байсан гэж дундажлаад 1 сарын мөнгө болох 1.620.000 төгрөг, мөн эм авч уусны мөнгө 18.000 төгрөг нийт 1.638.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ /хх-ийн 19, 21-р хуудас/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан ба хохирогч Д.Б нь гаргасан нэхэмжлэлтэйгээ холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.638.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.Б-с: “Надад санал байхгүй” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-с: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Тэгэхээр хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох гэсэн гурван төрлийн ял шийтгэл байдаг. Иймд торгох шийтгэл оногдуулахаар бол 1000 нэгж дотроо багтааж торгох, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулахаар бол 2 сарын дотор багтааж зорчих эрхийг хязгаарлах энэ хоёрын аль нэгийн оногдуулж өгөөч” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Д-с: “Шүүгчийн шийдвэрийг хүндэтгэж байна. Мөнгөн торгуулийг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгөөч” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчид учирсан хохирол төлбөр төлсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/-н сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.
Иймд шүүгдэгч Б.Д-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 36 дугаар гудамжны 12 тоот хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Налайх дүүргээс гадагш гарахгүй байх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 79 см урттай, 3.5 см радиустай бөөрөнхий модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН