Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д-,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалтай явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.ж овогт Т-ы Б-д холбогдох эрүүгийн 2213002850242 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 6, эцэг эх, дүү, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.ж овогт Т-ы Б-, регистрийн дугаар ББ................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд Х.Х-ыг эзэмшил бэлчээрийн газарт мал хариулсан хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-д гэмт хэргийн хор уршигт 400.000 төгрөгийг сайн дураараа төлж өгнө” гэв.

1.2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- мэдүүлэхдээ: “...Анх гэмт хэргийн хор уршигт 700.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-аас нэхэмжилсэн. Одоо шүүгдэгчтэй харилцсан тохирч түүнээс 400.000 төгрөгийг авахаар болсон, 300.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв” гэв.

2. Эрүүгийн 2213002850242 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ш.Х-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

2.2. Насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/,

2.3. Насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

2.4. Насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

2.5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

2.6. Гэрч Ш.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

2.7. Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

2.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 734 дугаартай “иргэн Х.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

2.9. Яллагдагч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55, 58 дахь тал/,

2.10. Шүүгдэгч Т.Б-ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 59-60, 63-70 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд.

3.1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд Х.Х-ыг эзэмшил бэлчээрийн газарт мал хариулсан хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Ш.Х-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

3.1.2. Насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3.1.3. Насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Алтанцөгц сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Зэгэст хороо гэх газар, өвөлжөөний ойролцоо газарт мал хариулаад явж байхад 13 цагийн орчимд Т.Б- гэх хүн А-ийг сундлуулаад мотоциклээр ирж миний хажууд зогсоод “чи яахлаараа энэ газарт мал хариулаад байгаа юм бэ” гэж хэлээд хавирч унгаагаад гэдэс, нүүр тус газар гараараа маажиж зодсон. Тэр үед Т.Б-ы хажууд нь байсан А- нь түүнд хандаад “боль, боль” гэж хэлээд барьж аваад салгасан. Тэгэхэд А- Т.Б-ыг салгаж аваад зогсож байхад Т.Б- нь миний баруун талын нүд тус газар чимхээд зодсон.

Тэгээд би зугтаад гэртээ очиж аав, ээждээ болсон асуудлыг хэлсэн. Улмаар аав ээж маань цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэд том залуучууд учраас би гар хүрч чадаагүй. А- миний биед халдсан асуудал болоогүй. Т.Б- намайг зодож байхад А- түүнийг болиулж салгасан.

...Хэргийн улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.

...аймаг, суманд очиж мэдүүлэг өгсөн, мөн аймгийн төвд ирж эмнэлэгт үзүүлсэн гэх мэт хохирол нэхэмжлэх болно, гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

3.1.4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх хүүхдийг маань эмнэлэгт үзүүлэх үед эмч нарын бичиж өгсөн эм, эмийн хэрэгслийг нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Хүүхдийн минь эрүүл мэндэд нь гэмтэл учирсны улмаас хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, мөн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах зэрэг асуудлаар хөдөөнөөс өөрийн портер загварын тээврийн хэрэгслээр нийт 4 удаа ирж буцсан, нэг удаагийн явалтанд 20 литр шатахуун зарцуулна гэж тооцоход нийт 80 литр шатахуун 400.000 төгрөг  болсон. Ингээд би нийтдээ 700.000 төгрөгийг Т.Б-аас нэхэмжлэх болно.

...Эм худалдаж авсан болон шатахуун авсан баримтуудаа цуглуулаагүй хаячихсан тул одоо гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй.

...Т.Б- нь миний хүүхдэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшээгүй, учруулсан хохирлоо барагдуулаагүйд нь гомдолтой байна. Хэргийн улмаас учирсан хохирол болох 700.000 төгрөгийг Т.Б-аас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

3.1.5. Гэрч Ш.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нар Ш.Х-ын байшингийн гадна талын шаврын ажлыг хийж байхад хонинд явсан Х.Х- өдрийн 13 цагийн үед гэрийн зүг рүү ирж байсан. Тэгээд Х.Х- гэр лүү ирж байхад Ш.Х- бид хэд “Х.Х- ингэж эрт ирдэггүй байсан, юу болсон бол, бие нь өвдөж барьсан юм биш байгаа" гэх мэтээр ярилцаад ажлаа хийгээд байж байхад Х.Х- хүрээд ирсэн. Тэгэхэд аав нь болох Ш.Х- Х.Х-аас “яагаад эрт хүрээд ирсэн бэ” гэж асуухад Х.Х- уйлаад “хонь хариулж явахад Т.Б- ирээд намайг зодлоо, би хонио орхиод хүрээд ирлээ” гэж хэлсэн. Тухайн үед Х.Х-ын баруун талын нүдний дотор талын салст нь улайгаад хавдсан байсан бөгөөд тэр нүднээс нь нулимс гоожоод байсан. Тэгээд Ш.Х- “...би яваад Т.Б-тай уулзана, яахлаараа зүгээр явж байгаа хүүхдийг зоддог юм бэ” гээд уурлаад явах гэж байхад нь би Ш.Х-ыг барьж аваад “чи очих юм бол энэнээс илүү юм болно, битгий оч, цагдаагаар шалгуулаад арга хэмжээг нь авахуул” гэж хэлээд Ш.Х-ыг явуулаагүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

3.1.6. Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн орчимд Ш.Х-ын гэрт өөрөө ганцаараа мотоциклээр очсон. Тэгээд бид нар Ш.Х-ын барьж байсан модон байшингийн гадна талын шар шаврын ажлыг хийж байхад өдрийн 13 цагийн үед Ш.Х-ын малд явсан гэх хүүхэд нь гэртээ ирсэн. Тэгээд тэр хүүхэд нь уйлаад намайг хонь хариулж явахад нэг хүн ирээд зодоод явчихлаа гэж ярьж байсан.

...тэр хүүхдийн нэг нүд нь улайгаад хавдсан байдалтай харагдаж байсан.

...Ш.Х- өөрөө Х.Х-ыг дагуулж миний хажууд ирээд харуулахад нэг нүдний дотор тал улайсан байдалтай харагдаж байсан. Харин аль нүд нь болохыг санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

3.1.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е-ын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 734 дугаартай Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “1. Иргэн Х.Х-ын биед баруун доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Т.Б-ы гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6.  Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

     6.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

6.3. Шүүгдэгч Т.Б- нь насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “...бага насны хүүхэд... болохыг мэдсээр байж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

6.5. Насанд хүрээгүй хохирогч Х.Х- нь гэмт хэрэг үйлдэгдэх өдөр 13 нас 6 сар  6 хоногтой байсан болох нь насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

6.6. Шүүгдэгч Т.Б- нь бага насны хүүхэд болох Х.Х-ын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” үйлдсэн нь тогтоогдож байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн зүй бус харилцаа, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, бэлчээрийн маргаантай асуудал нөлөөлсөн байна. Шүүгдэгч Х.Т.Б- нь насанд хүрээгүй хохирогчийн эзэмшил бүхий бэлчээрт мал хариулсан нөхцөлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл хуулийн байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байжээ.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Т.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Х-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

7.3. Насанд хүрээгүй хохирогч Х.Х-, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Х- нараас мөрдөн шалгах ажиллагааны үед “...эм, эмийн хэрэгслийг нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Хүүхдийн минь эрүүл мэндэд нь гэмтэл учирсны улмаас хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, мөн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах зэрэг асуудлаар хөдөөнөөс өөрийн портер загварын тээврийн хэрэгслээр нийт 4 удаа ирж буцсан, нэг удаа явахад 20 литр шатахуун зарцуулна гэж тооцоход нийт 80 литр шатахуун 400.000 төгрөг болсон, нийтдээ 700.000 төгрөг нэхэмжилж байна” хэмээн мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т.Б-аас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-д гэмт хэргийн хор уршигт 400.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөөр илэрхийлсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т.Б- анх нэхэмжилсэн 700.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хасаж, 400.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлж авахаар эвлэрсэн байна.

7.4. Иймд шүүхээс шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гэмт хэргийн хор уршгийн талаарх тайлбар, мэдүүлгийг нь хүлээн авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-аас гэмт хэргийн хор уршигт 400.000 төгрөг гаргуулан бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-д олгож, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ын 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  дүгнэлтийг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-аас “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Т.Б-аас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна гэх дүгнэлтийг гаргасан болно.

2.2. Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3. Шүүгдэгч Т.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Т.Б- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

2.6. Шүүгдэгч Т.Б-д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.ж овогт Т-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-аас гэмт хэргийн хор уршигт 400.000 төгрөг гаргуулан бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-д олгож, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ын шүүгдэгч Т.Б-аас гэмт хэргийн хор уршигт 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ