| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0192/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/186 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/186
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е-,
Шүүгдэгч Ш.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.а овогт Ш-н Ж-т холбогдох эрүүгийн 2213003310255 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
БНКазахстан Улсын иргэн, Монгол Улсын иргэний БЮ............. регистрийн дугаартай хоёрдмол иргэний харьяаллын бүртгэлтэй, Б.а овогт Ш-н Ж-, 1983 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа улс хооронд тээвэрт явдаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш овогтой Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тирлик” захын гадна 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед хохирогч К.Н-ыг аман тус газар цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Ш.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213003310255 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийн 3/3-2286 дугаартай материал /хавтаст хэргийн 01-14 дэх тал/,
5. Хохирогч К.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 03-04, 31-32, 35 дахь тал/,
6. Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 868 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
8. Шүүгдэгч Ш.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
9. Шүүгдэгч Ш.Ж-, түүний өмгөөлөгч К.Е- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
10.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
11. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Ж-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
12. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
13. Шүүгдэгч Ш.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Тирлик” захын гадна 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед хохирогч К.Н-ыг аман тус газар цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
14. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийн 3/3-2286 дугаартай материал /хавтаст хэргийн 01-14 дэх тал/,
15. Хохирогч К.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Баян-Өлгий аймаг Казахстан улс хооронд хувийн машинаар таксинд явдаг. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 09 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр аймгийн төв Музейн замын зүүн тал буюу Тэнгис төв байрладаг талд өөрийн “альфард” загварын цагаан өнгийн кz А02-1916 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би Казахстан улсын Өскемен хот руу хүн авч явах гээд Өскемен рүү явах хүн байгаа бол авч явъя гээд очоод таксины зогсоолд машинаа байрлуулсан. Намайг машины байрлуулахын өмнө Казахстан улсын Өскемен хотод байдаг надтай адил БӨА-Казахстан улсын хооронд таксинд явдаг залуу цагаан өнгийн “альфард” загварын 880 kz16АЕL улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн зогсож байсан ба намайг машинаа байрлуулсны дараагаар Ш.Ж- ирж мэндийн зөрүүгүй миний машины хаалгыг онгойлгож миний ам руу 2-3 удаа цохиод тэрээр чамайг ална гэж хэлсэн. Тэр үед би машинаасаа буухад тэрээр өөрийн өмсөж явсан гадуур хүрмийнхээ дотор талын халааснаас гар хийцийн эвэр ишилсэн гар хийцийн хутгаар миний зүүн талын суганы хэсэг рүү чичиж миний өмсөж явсан хар өнгийн савхин хүрмийн суганы хэсэгт бага зэрэг зүсэгдсэн. Гэхдээ хутга нь миний биед хүрээгүй зөвхөн миний савхины гадна талыг зүсэж урсан. Тэгээд би машиндаа буцаж суугаад машины хаалгыг дотор талаас нь цоожлоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болсон явдал энэ юм. Надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй. Ш.Ж-оос хохиролд ямар нэгэн мөнгө төгрөг барагдуулж аваагүй нэхэмжлээгүй зүгээр уучлалт өгсөн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 03-04, 31-32, 35 дахь тал/,
16. Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн дүү болох К.Н- нь Баян-Өлгий аймаг Казахстан улсын Өскемен хот хооронд таксинд явдаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний дүү К.Н- над руу залгаад намайг таксины зогсоол дээр байхад хүн зодчихлоо гэж ярьсан. Тэгэхээр нь түүний байгаа газарт нь таксигаар очиход надад тэр залуу миний дүүг хутгаар хувцсыг нь урж нүүрэнд нь зодож уруул нь хавдсан байсан учраас энэ талаар өргөдөл гаргасан юм. Би тухайн зодоон болох үед дүүгийн хажууд байгаагүй зодсон залуу нь миний дүүд дахиж муу юм хийх болов уу гэж бодоод цагдаад өргөдөл бичиж, өргөдөлд өөрийн дүү Х.А-, өөрийн нэрийг бичсэн юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
17. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 868 дугаартай “К.Н-ын биед шүдний үзүүр хэсгээр хугарал, дээд уруулын дотор хэсгээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
18. Шүүгдэгч Ш.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Баян-Өлгий аймаг Казахстан улсын Өскемен хот хооронд өөрийн хувийн машинаар таксинд явдаг юм. 2022 оны 11 дүгээр сарын эхээр миний дүү Ш.Е- /БНКазахстан улсын Өскемен хотод байдаг/ руу К.Н- нь ватс апп апликейшнээр “Чиний ах чамайг гийгүүлэхгүй, чи байтугай явалддаг авгай нартаа бас өртэй юм байна, бөгсөө хавчиж яваарай гэж ахдаа дамжуулж хэлээрэй аудио бичлэг явуулсан байсан. Тухайн бичлэгийг дүү маань над руу явуулсан. Тэгээд би К.Н-той холбогдоод тухайн бичлэгийг ямар учраас явуулсан талаар асуухад би согтуудаа тэгж хэлсэн байна гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 09 цагийн үед аймгийн Музейн хажууд байдаг таксины зогсоол дээр өөрийн машинтайгаа байж байхад К.Н- өөрийн “альфард” загварын цагаан өнгийн машинтай ганцаараа ирж зогсоолд зогссон. Тэр үед би машинаасаа бууж ирээд түүний машин руу очоод хаалгыг нь татаж онгойлгоод зүүн гараараа К.Н-ын ам тус газарт 2 удаа гараа атгаж цохисон. Тэгээд баруун талын суга орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэрээр намайг түлхээд хаалга цоожилж аваад цагдаад дуудлага өгч цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
21. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
22. Шүүгдэгч Ш.Ж- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
23. Шүүгдэгч Ш.Ж-ын үйлдлийн улмаас хохирогч К.Н-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
24. Шүүгдэгч Ш.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
25. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
26. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
27. Шүүгдэгч Ш.Ж-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
28. Шүүгдэгч Ш.Ж- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
30. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
31. Шүүгдэгч Ш.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
32. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг Ш.Ж-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
34. Шүүгдэгч Ш.Ж-ын түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.
36. Шүүгдэгч Ш.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
37. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Ж- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
38. Шүүгдэгч Ш.Ж-ын Бүгд Найрамдах Казахстан улсын N12911028 дугаартай паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
39. Шүүгдэгч Ш.Ж-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.а овогт Ш-н Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Ж-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ш.Ж- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Ж-ын Бүгд Найрамдах Казахстан улсын N12911028 дугаартай паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Ш.Ж-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК