Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

 

 

                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         Шүүгдэгч С.И нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Иод холбогдох эрүүгийн 2219000000273 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:  С.И

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.И нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бүрдэнэ булаг” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Б.Оын биед халдаж, түүний дэлгүүрээс худалдаж авсан 0.75 литрийн Соёрхол архи 1 ширхэг, 0.5 литрийн Сэнгүр пиво 1 ширхэг зэргийг  хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэн, бусдад 25.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч С.Иын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчтой дэлгүүрийн гадаа таараад 0.75 литрийн архи авчихсан явж байсан болохоор нь хуваагаад уучих уу гэсэн. Хохирогч цаашаа яваад өгөхөөр нь араас нь очоод мөрөн дээр нь дарсан. Доошоо суухаар нь архийг нь аваад шууд явсан. Хохирогчийг танихгүй. Хохирогчийн шанаа хавьд хальт цохисон. Би өшиглөөгүй. Тэгээд архийг нь аваад сааданд очиж уусан. Хохирогчид учирсан гэмтлийг учруулаагүй. Эрүүнд нь хальт 1 удаа цохисон. Мөрнийх нь тэнд нэг цохисон. Хохирогчид 25.300 төгрөгийг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй, зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

         -Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим би Сайншанд сумын 2 дугаар багт байрлах Бүрдэнэ булаг гэх хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол архи 1 шил, 0.5 литрийн Сэнгүр пиво 1 ширхэг зэрэг нийт 25.300 төгрөгийн эд зүйл аваад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн үүдэнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Эмэгтэй нь ирээд “надад ус ундаа аваад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “ах нь картаа шавхаад юм авчихлаа, мөнгө алга, авч өгч чадахгүй нь” гэж хэлээд цааш алхсан. Тэгээд цаашаа явж байтал араас хамт явж байсан өндөр залуу нь мөрөн дээр гараа тавиад араас татсан. Би “яаж байна” гэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би доошоо суугаад цусаа арчиж байтал цээж хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний барьж явсан тортой юмыг аваад цаашаа зугтаасан. Би тухайн хүмүүсийг танихгүй гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/;

         -Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Иын хамт Дэнжид байдаг Бүрдэнэ булаг хүнсний дэлгүүрийн гадаа сандал дээр сууж байсан. Тэгтэл тортой юм барьсан, саравчтай малгайтай, бор савхи өмссөн 50 гаран настай эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би тэр ахаас ус ундааны боломж байна уу гэхэд ахад нь тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах цаашаа явсан ба манай хамтран амьдрагч И араас нь явчихсан. И надад түрүүлээд явж бай гэсэн. Намайг цаашаа явж байтал араас И 0,5 литрийн Соёрхол архи 1 лааз пиво аваад ирсэн. Хэнээс авсан юм гэхэд хүнээс авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд бид Дэнжид гудамжинд сууж байгаад нөгөө архи, пивоо хувааж уугаад Сайншанд сумын төвд байх саданд ороод унтсан гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/;

            -Шүүгдэгч С.Иын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Болорцэцэгийн хамт Эрдэнэ сумаас Сайншанд суманд 16 цагийн орчим ирсэн. Тэгээд Сайншанд суманд таних, танихгүй хүмүүстэй архи ууж яваад хамтран амьдрагч Болорцэцэгийн хамт Дэнжид байдаг Бүрдэнэ булаг хүнсний дэлгүүрийн гадаа сандал дээр сууж байсан. Тэгтэл тортой юм барьсан, саравчтай малгайтай, бор савхи өмссөн 50 гаран настай эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгтэл Болорцэцэг тэр ахаас ус ундааны боломж байна уу гэхэд ахад нь тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах цаашаа явсан ба би араас нь явсан. Болорцэцэгт хандаж түрүүлээд явж бай гэсэн. Тэгээд нөгөө ахын араас очоод мөрөн дээр гараа тавиад араас татсан. Эргэж харахаар нь нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд доошоо суухаар нь цээж хэсэг рүү хальт 1 удаа өшиглөсөн. Тэгээд барьж явсан тортой юмыг аваад явсан. Уг торон дотор 0.5 литрийн Соёрхол архи, 1 жижиг Сэнгүр пиво зэрэг эд зүйл байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14, 35 ху/,

        -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0436 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

        1. Б.Оын биед дээд, доод уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас /хх 24 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29-31, 34-35 ху/

         -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/

         -Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 41-51 ху/

         -Хохирол төлсөн баримт /хх 79 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

        Шүүгдэгч С.И нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бүрдэнэ булаг” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Б.Оын биед халдаж, түүний дэлгүүрээс худалдаж авсан 0.75 литрийн Соёрхол архи 1 ширхэг, 0.5 литрийн Сэнгүр пиво 1 ширхэг зэргийг  хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэн, бусдад 25.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болсон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Оын “...хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол архи 1 шил, 0.5 литрийн Сэнгүр пиво 1 ширхэг зэрэг нийт 25.300 төгрөгийн эд зүйл аваад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн үүдэнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Эмэгтэй нь ирээд надад ус ундаа аваад өгчих гэсэн. Тэгэхээр нь би ах нь картаа шавхаад юм авчихлаа, мөнгө алга, авч өгч чадахгүй нь гэж хэлээд цааш алхсан. Тэгээд цаашаа явж байтал араас хамт явж байсан өндөр залуу нь мөрөн дээр гараа тавиад араас татсан. ...ямар нэгэн зүйл хэлээгүй. Нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би доошоо суугаад цусаа арчиж байтал цээж хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний барьж явсан тортой юмыг аваад цаашаа зугтаасан” гэсэн, гэрч Б.Болорцэцэгийн “...манай хамтран амьдрагч И араас нь явчихсан. И надад түрүүлээд явж бай гэсэн. Намайг цаашаа явж байтал араас И 0,5 литрийн Соёрхол архи 1 лааз пиво аваад ирсэн” гэсэн, шүүгдэгч С.Иын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...тортой юм барьсан, саравчтай малгайтай, бор савхи өмссөн 50 гаран настай эрэгтэй хүн гарч ирсэн. ...Тэгээд нөгөө ах цаашаа явсан ба би араас нь явсан. ...нөгөө ахын араас очоод мөрөн дээр гараа тавиад араас татсан. Эргэж харахаар нь нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд доошоо суухаар нь цээж хэсэг рүү хальт 1 удаа өшиглөсөн. Тэгээд барьж явсан тортой юмыг аваад явсан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед дээд, доод уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0436 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Хохирогчтой дэлгүүрийн гадаа таараад 0.75 литрийн архи авчихсан явж байсан болохоор нь хуваагаад уучих уу гэсэн. Хохирогч цаашаа яваад өгөхөөр нь араас нь очоод мөрөн дээр нь дарсан. Доошоо суухаар нь архийг нь аваад шууд явсан” гэж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлж байх боловч түүний мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлгээр хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн биед нь халдаж, эд зүйлийг нь авч явсан, дараа нь гудамжинд сууж архи, пивоо хувааж уусан зэрэг үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учраагүй, энэ хэрэгт бодит хохирол учраагүй” гэж тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргаж байна.

         Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий, шунахайн сэдлээр түүний дэлгүүрээс худалдаж авсан 0.75 литрийн Соёрхол архи 1 ширхэг, 0.5 литрийн Сэнгүр пиво 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж авахаар довтолсон, түүний биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй хэдий ч дээд, доод уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэргээр түүний үйлдлийг энэ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хор хохирол учраагүй гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд өөрөөр хэлбэл, гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

          Довтолгоон нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илрэхийг ойлгоно.

Шүүгдэгч С.Иын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлосон гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан үзсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.  

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч С.Иын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Иод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Хохирлын хувьд хохирогч Б.Оын эрүүл мэндэд дээд, доод уруулын зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан бөгөөд эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин эд хөрөнгөд учирсан 25.300 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.И төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг  эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч С.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иын цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Иод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА