Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0645

 

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0501

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Ц.О,

Хариуцагч: ЧДЗДТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 8.226.510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.О нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилсон.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 8.226.510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай” болгон өөрчилж байна.

Иймд дээрх шаардлагыг ЧДЗДТГ-ын дарга Д.Б-д даалгаж өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.......Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ажилтан жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд чөлөөний хугацаа дууссанаас хойш ажилд нь буцаан авч үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй улмаас нэхэмжлэгч ажилдаа орж чадаагүй. Ажилдаа орж чадаагүйн улмаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цалин, хөлсөө авч чадаагүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажилд нь эргүүлэн авах үндэслэлгүй юм гэсэн хариу тайлбар өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.О-г ажилд нь эгүүлэн томилсон. Тэгэхээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох бөгөөд ажилд нь эгүүлэн тогтоосон учраас тухайн цалин хөлсийг шаардах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажилд нь авах үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр биелүүлсэн бол цалин хөлс авч чадахгүй байх, нэхэмжлэх асуудал яригдахгүй байсан. Дээрх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-аас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.О-ийн нэхэмжлэлтэй ЧДЗДТГ-ын  даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхийн үүднээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан Санхүү төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалын ажил үүргийг  өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлж байсан бөгөөд нэхэмжлэгчийг ажил албан тушаалд эргүүлэн авахад тус албан тушаалд ажил үүрэг гүйцэтгэж байсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөлтэй байсан. Мөн нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөө олгосон байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.4-т “...хүүхэд асрах чөлөөтэй байгаа” хугацаанд албан тушаалыг хэвээр хадгалахаар хуульчилсан байна.

Гэвч нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө олгосон хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЧДЗДТГ-т ажилдаа эргүүлэн томилуулахаар хандсан хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор олгох хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Харин коронавируст халдвар /ковид 19/-н цар тахлын нөхцөл байдал болон бага насны хүүхэдтэй байсан шалтгаануудыг харгалзан үзэж 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ЧДЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эргүүлэн томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О-аас анх тус шүүхэд хандан “урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ЧДЗДТГ-ын даргад холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 8.226.510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч Ц.О-аас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЧДЗДТГ-т хандан хүүхэд харах чөлөөний хугацаа дууссан тул ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг ЧДЗДТГ-аас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “...2-оос бага насны хүүхэдтэй тул цар тахлын үед хүсэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчиж байна хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “цар тахлын нөхцөл байдлаас болоод бага насны хүүхэдтэй хүнийг ажилд авах боломжгүй байсан ч эргүүлээд ажилд нь авсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” хэмээн, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална”, 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно“, 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” хэмээн, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” хэмээн тус тус хуульчилсан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,

ЧДЗДТГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Ц.О-д жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч ЧДЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ц.О-д 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг олгосон.

Нэхэмжлэгч нь тухайн үед албан тушаалын дэс түшмэл ангилал, ТЗ-4 зэрэглэлээр 516.663 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан.

Ц.О-аас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЧДЗДТГ-т хандан хүүхэд харах чөлөөний хугацаа дууссан тул ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг ЧДЗДТГ

-аас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “...2-оос бага насны хүүхэдтэй тул цар тахлын үед хүсэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар тус шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд хандан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ЧДЗДТГ-ын даргаас Б/275 дугаар тушаалыг гарган нэхэмжлэгч Ц.О-г 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ЧДЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон боловч хүсэлт гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг олгох болон тухайн хугацаанд хамаарах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан ЧДЗДТГ-ын даргын 2018 оны Б/07 дугаар тушаал, ЧДЗДТГ-т хандан Ц.О-аас гаргасан өргөдөл, түүнийг хүлээн авч, шийдвэрлэсэн тухай бүртгэл хяналтын карт, ЧДЗДТГ-ын даргын 2021 оны Б/275 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт болон цалингийн карт, холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

4. Үүнтэй холбогдуулан шүүх, хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлээгүй ЧДЗДТГ-ын даргын эс үйлдэхүй нь хууль бус, шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд буюу 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр холбогдох захиргааны актыг гарган нэхэмжлэгч Ц.О-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилсон хэдий ч ажилд эргэн орох хүсэлт гаргаснаас хойш нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох тухай ЧДЗДТГ-ын даргын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаар тушаалыг гаргах хүртэл /140 хоногийн/ хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн үзэж, ингэхдээ нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дурдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс бус харин нэхэмжлэгчээс  ЧДЗДТГ -т хандан өргөдөл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс тооцож Ц.О-д ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,411,925 /гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг олгох болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дүгээр зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 3,411,925 /гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЧДЗДТГ-ын даргад даалгаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.М