| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 221/2023/0056/З/Н |
| Дугаар | 221/ШШ2024/0038 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 221/ШШ2024/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Шүүгч Э.Лхагвасүрэн
Нэхэмжлэгч: “А-О” ХХК, “А т” ХХК, “Г х” ХХК, “М м” ХХК, “Н” ХХК, “Ш” ХХК, “Ш-О” ХХК, “Б” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Н о” ХХК, “Т-э” ХХК, “Г х” ХХК, “М с” ХХК, “Б о” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч “А-О” ХХК, “А т” ХХК, “Г х” ХХК, “М м” ХХК, “Н” ХХК, “Ш” ХХК, “Ш-О” ХХК, “Б” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Н о” ХХК, “Т-э” ХХК, “Г х” ХХК-иудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”
нэхэмжлэгч “М с” ХХК, “Б о” ХХК-иудаас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “А-О” ХХК, “Г х” ХХК, “А т” ХХК, “Н” ХХК, “Ш-О” ХХК, “М м” ХХК, “Б” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Т-э” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвэгмэд, нэхэмжлэгч “Ш” ХХК, “А-О” ХХК, “Г х” ХХК, “А т” ХХК, “Н” ХХК, “Ш-О” ХХК, “М м” ХХК, “Б” ХХК, “Д Ж Т э Э” ХХК нарын өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч “А-О” ХХК-ийн төлөөлөгч В.П.Ц, түүний орчуулагч Ч.Т
Нэхэмжлэгч “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч Л.Г
Нэхэмжлэгч “Т-э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч “Н о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Нэхэмжлэгч “М с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, өмгөөлөгч Ж.У
Нэхэмжлэгч “Б о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Нэхэмжлэгч “Г х” ХХК-ийн төлөөлөгч С.О, өмгөөлөгч Х.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ө.А нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 221/2023/0056/З/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “А-О” ХХК, “Г х” ХХК, “А т” ХХК, “Н” ХХК, “Ш-О” ХХК, “М м” ХХК, “Б” ХХК, “Д Ж Т э Э” ХХК-иудаас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хувьд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “шударга байх” зарчмыг алдагдуулан шударга бусаар татвар ногдуулах эрх зүйн үндэслэл болж буй хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэл зориг хэрэгцээ шаардлага нь Татварын улсын байцаагч нар маргаан бүхий хэм хэмжээний актыг шууд хэрэглэн онц их хэмжээний татвар, хүү, торгууль, алданги тооцоод байгаа явдал байна, хэрвээ татварын улсын байцаагчид Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хэрэглээгүй байсан бол бид маргахгүй байсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд ногдуулсан татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг иш татаад хууль ёсны шударгаар татвар төлж байсан нэхэмжлэгчдэд онц их хэмжээний татварын дарамт учруулсан.
Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөхгүй гэж маргаагүй мөн Засгийн газарт хуулиар биржийн нэр зарлах эрх байхгүй гэж огтхон ч маргаагүй болно. Гагцхүү Засгийн газрын зарласан бирж, биржийн мэдээ www.indmin.com гэгч нь ямар ч судалгаа тооцоогүй, хууль тогтоогчийн хүсэл зоригийн эсрэг зүйл боллоо гэж маргаж байгаа болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-д “Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална”, 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан. Үүнээс дүгнэхэд экспортод гаргасан Уул уурхайн бүтээгдэхүүний Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг тогтоохдоо “Олон улсын зах зээлийн үнэ, олон улсын зах зээлийн жишиг үнэ”-д үндэслэхээр хуульчилсан байна.
Хэрэв ийнхүү тодорхойлох боломжгүй бол бүтээгдэхүүн экспортлогч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн үнэ буюу гэрээний үнэд үндэслэн төлбөр оногдуулахаар хуульчилсан. Мөн энэ тухай Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 16, 17, 19 дүгээр зүйл заалтад тодорхой тусгагдсан байдаг.
Монгол Улсаас экспортолж буй нийт эрдэс бүтээгдэхүүн нь олон улсын ангиллаар биржийн ба биржийн бус гэсэн 2 төрөлд хуваагддаг. Биржийн бараанд олон улсын зах зээлд үнэ нь зарлагддаг эрдсүүд ордог бол биржийн бус бараанд нүүрс, төмөр, жонш багтдаг бөгөөд тухайн улс орон бүр өөрсдөө үнэ тогтоодог. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг тогтоохдоо: Хайлуур жоншны хувьд “БНХАУ-ын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com)” баримтлах талаар тусгасан. Энэхүү www.indmin.com-д тусгагдсан үнэ нь www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд АМНАТ ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны зүгээс дэлхийн 120 гаруй улсад салбартай “П ХХК”-тай гэрээ хийн гүйцэтгүүлсэн “Сонгогдсон улсуудын жоншны нөөц ашигласны төлбөрийн харьцуулсан тайлан”-ийн 6 дугаар хэсгийн Монгол Улсын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэсэгт DAP-Эрээн хил нөхцөлөөс РОВ-Тяньжин хүртэлх үнийн тооцоолол хийгдсэн тул энэхүү тооцоолол хэсгийг нэхэмжлэлд хавсаргав.
Учир нь, ДАР-Эрээн нөхцөлөөр гэрээ хийгдэн ачигдсан хайлуур жоншны бүтээгдэхүүн Эрээн дэх гаалийн хяналтын бүсэд бууж тодорхой хугацаанд хадгалагдан импортын болон бусад холбогдох татвар хураамж төлөгдөж дараа нь 1050 км төмөр замаар Тяньжин боомтод очиж мөн зориулалтын агуулахад буун холбогдох үйл ажиллагаа хийгдэн улмаар усан онгоцны тавцанд ачигдах хүртэл шат шатан дах зардал тооцогдохоос гадна энэхүү үйл ажиллагаа эрхэлж буй БНХАУ-ын аж ахуйн нэгжийн олсон болон олох ашигт манай татвар төлөгчдийг АМНАТ төлөхөөр хуульчилж байгаа нь дэндүү үндэслэлгүй төдийгүй огт ойлгомжгүй байна.
Манай салбарын аж ахуйн нэгж зөвхөн Монгол-Орос, Монгол-Хятад хил дээр DAP-Наушки, DAP-Эрээн нөхцөлөөр худалдаа хийж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Гэтэл энэхүү FОВ нь Тяньжин үнэд Эрээний боомтод ачаа хүлээж авч буй Хятадын импортлогч компанийн төлж буй Гаалийн болон холбогдох татварууд, Эрээний ачилт, буулгалтын талбайд ачааг буулгах, хадгалах, усан онгоцны тавцанд ачих хүртэлх бүх зардал багтдаг бөгөөд энэ зардлуудыг багтаасан үнэд АМНАТ оногдуулж байна. Үнэн хэрэг дээрээ хөрш орнуудтай хиллэдэг хийлийн боомтын нөхцөлтэй гэрээний үнэ дээр далайн боомт хүртэлх бүх зардлыг нэмж тооцон, олоогүй орлогод АМНАТ ногдуулж аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж ирсэн билээ. Манай улсын жонш экспортлогчид /85 орчим хувь/ ихэвчлэн гадаадын худалдан авагчидтай Монгол улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу 1-3 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажилладаг.
Эцэст нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт “хайлуур жоншны Зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тогтоохдоо Хятадын хайлуур жоншны бүтэгдэхүүний FОВ үнэ www.indmin.com” гэж тусгаснаас үүдэн аж ахуйн нэгжид татварын дааж давшгүй дарамт учирч, их хэмжээний татварын өрөнд орж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Тухайн үед мөрдөгдөж байсан буюу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоол гаргах үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12 дахь хэсэгт “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэсэн зохицуулалттай байсан.
Хууль тогтоогч Засгийн газарт биржийн нэрийг зарлахыг даалгасан байтал Засгийн газар цахим хуудасны нэр зарлаад хуулийг хэрэгжилтийг будлиулсан байх жишээтэй.
Бирж гэсэн нэр томьёог хууль тогтоогч тайлбарлахдаа: “уул уурхайн бүтээгдэхүүний бирж” /цаашид “бирж” гэх/ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр зохион байгуулж, арилжааны гэрээ, хэлцлийг зуучлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий энэ хуулийн 5.1-д заасан хуулийн этгээдийг; /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 4.1.12/
“хөрөнгийн бирж” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг; /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28/
“хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж” /цаашид “бирж” гэх/ гэж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд, эсхүл цахим сүлжээгээр болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан биржийн арилжааны төрөл, хэлбэрээр зохион байгуулдаг компанийг; /Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3.1.1/
Дээрх нэр томьёоны тайлбараас харахад нийтлэг асуудал 1 нь “тусгай зөвшөөрөлтэй” 2 нь “хуулийн этгээд” гэсэн нийтлэг шалгуур байна. Гэтэл Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан хуулийн шаардлагыг дордуулан “(www.indmin.com)” гэсэн цахим хаягийн нэрийн бичсэн байх юм.
Манай төрийн албаныхан “БИРЖ” судлахдаа үнэхээр маруухан, мэдлэг дутмаг нь “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн Цэцийн 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтээр нотлогдоно. “Лондонгийн металлын бирж”-ээр хэзээ ч алт арилждаггүй байтал алт арилждаг гээд хуульчилсан байсан.
Монгол Улсын Засгийн газрын Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасан байна.
Гэтэл Засгийн газрын тогтоолын төсөл санаачлагчийн зүгээс дээр дурдсан шаардлагыг огт хангаагүй буюу “(www.indmin.com)”-ийг ямар үндэслэлээр зарлаж байгаа тооцоо, судалгаа нь огт байхгүй байна.
Засгийн газраас баталсан энэхүү мэдээллийн эх сурвалжид заагдсан www.indmin.com цахим сайт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т заасан “бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалж” гэсэн шаардлагыг “ХАЙЛУУР ЖОНШ”-ны хувьд хангахгүй тухай дэлхийд алдартай PricewaterhouseCoopers International Limited /PWC/ байгууллагын судалгаа бидэнд байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт тусгасан “хайлуур жоншны үнийн эх сурвалжийн нэр Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com)” гэсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгч “Н о” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Хайлуур жоншинд оногдуулан тооцож байгаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, түүнийг тооцох борлуулалтын үнэлгээ, олон улсын жишиг үнэ тогтоодог зах зээлийн үнийн сурвалжийн нэрээр тооцох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр их өндөр байна Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгтэй зөрчилдөж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг үнэхээр хохирч татвараа шударгаар төлж чадахгүй хийсвэр болон хөөсөрсөн бодит бус татвар төлөхөд хүрч байгаа явдал юм. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас тус компанийн 2018-2022 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн оногдуулалт төлөлтийн байдалд шалгалт явуулж 3,7 тэрбум төгрөгийн акт тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх ашигт ноцтойгоор нөлөөлж байна гэж үзэж байна.
Борлуулалтын үнэлгээг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө гэснийг хүчингүй болгосон. Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийн тухай 70 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг.
Монгол Улсаас экспортолж байгаа нийт эрдэс бүтээгдэхүүн нь олон улсын ангиллаар биржийн ба биржийн бус гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Биржийн бараанд олон улсын зах зээлд үнэ нь зарлагддаг эрдсүүд ордог бол, биржийн бус бараанд нүүрс төмөр жонш багтдаг бөгөөд Монгол Улсын биржийн цахим мэдээллийн үнийг баримтлахаар шийдвэр гарч байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт Экспортын борлуулалтын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалж тогтоохдоо хайлуур жоншны хувьд “БНХАУ-ын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) цахим хуудаснаас ишлэл авч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар жоншны олон улсын зах зээлийн үнийг тогтоосон нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцоход зөрчилдөж нэхэмжлэгчийн эрх ашиг хохирч байгаа юм.
Тухайлбал: 1000 тн хайлуур жоншны хүдэр экспортод гаргасан гэж бодъё.
Олон улсын зах зээлийн үнээр бодох нөхцөлд нэг мянган тонн тутамд оногдох, тооцоолсон татварын зөрүү нь 65,5 сая төгрөг төлж байгаа нь олоогүй орлого гараагүй зардалд тооцсон АМНАТ буюу үүнийг л бодит бус хийсвэр буюу хөөсөрсөн татвар гэж нэрлээд байгаа юм. Татварын ерөнхий газар АМНАТ-ийн ногдол тайлангийн системийг цахимжуулж татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж төлөх боломжгүйд хүргэж, татвар төлөгчдийг бухимдуулж байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна гээд хуульчилсан байхад 4,5 хувиар өсгөн нэмэгдүүлэх татвар гэж АМНАТ тооцож байгаа нь хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг ойлгохгүй байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 тогтоолын 5-д ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулахыг заасан байдаг.
Хайлуур жонш олборлогчдыг үнэхээр АМНАТ-ийн татвараар дарамталж байгаагаас уг салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, аргагүйн эрхэнд захиргааны хэргийн давж шатны шүүхэд хандаж байгааг хүндэтгэлтэйгээр авч үзэхийг хүсч байна.
Үнэн хэрэг дээрээ хөрш орнуудтай хиллэдэг хилийн боомтын нөхцөлтэй гэрээний үнэн дээр далайн боомт хүртэлх бүх зардлыг нэмж тооцон, олоогүй орлогод АМНАТ ногдуулж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт “хайлуур жоншны Зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тогтоохдоо Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com)” гэж 81 дүгээр тогтоолын хавсралтыг баталгаажуулснаас үүдэн аж ахуйн нэгжид татварын дааж давшгүй дарамт учирч, их хэмжээний татварын оронд орж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул энэхүү нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг гаргаж байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт тусгагдсан “Хайлуур жоншны үнийн эх сурвалжийн нэр Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB (www.indmin.com)” гэсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт хамааруулан захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчилдсөн” гэжээ.
3. Нэхэмжлэгч “Т-э” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний актад тавих хуулийн шаардлагыг нэрлэн заасан байна. Монгол Улсын Засгийн газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэх хуулийн шаардлагуудад тус тус нийцээгүй гэж үзэж байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Татварын ерөнхий хуулийн 7.2.6-д заасны дагуу Монгол Улсын татварын төрөлд хамаардаг бөгөөд тус хуулийн 7.3-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбогдох харилцааг Ашигт малтмалын тухай хууль болон Татварын ерөнхий хуулиар зохицуулна.
Татварын ерөнхий хуулийн 5.1-д заасны дагуу татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой бах, шударга байх, үр ашигтай байх зарчмыг баримтална.
Засгийн газрын хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүн буюу тухайлбал жонш экспортолсон аж ахуйн нэгжид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож ногдуулахдаа үндэслэх олон улсын зах зээл дэх борлуулалтын үнэлгээний эх сурвалжийг тогтоохдоо ямар учраас “хайлуур жонш-Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) байхаар заасан болох нь ойлгомжгүй байдаг.
Жоншны бүтээгдэхүүний хувьд олон улсын зах зээлд үнэ зарлагддаггүй тул биржид буюу олон нийтэд нээлттэй зарлагдсан үнэ гэсэн ойлголт байдаггүй. Иргэн аж ахуйн нэгж хэн ч байсан өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор www.indmin.com гэх цахим сайтад гишүүнчлэлийн хураамж төлж, ашигт малтмалын бүхий л бүтээгдэхүүний үнийн мэдээллийг авдаг гэж ойлгосон. Тэрнээс энэ цахим сайтад биржид зарлагддагтай адил нээлттэй үнийн мэдээлэл нийтлэгддэггүй.
Засгийн газар хэнд ч нээлттэй биш энэ цахим сайтын гишүүний хувьд зөвхөн өөрт зориулагдаж илгээгдсэн жоншны бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд үндэслэж Монгол Улсын хэмжээнд жоншны бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид татвар ногдуулах жишиг үнийг тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулиар татвар ногдуулах орлогыг тогтоохдоо Татварын ерөнхий хуульд заасан тодорхой, шударга байх зарчимд нийцэхгүй байгаа юм.
Мөн www.indmin.com цахим сайтыг Засгийн газрын тогтоолын хоёрдугаар хавсралтад нэрлэн заахдаа хайлуур жонш Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ гэж заасан нь ойлгомжгүй байна.
Монгол Улсад жоншны бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгжүүдийн хувьд олон улсын худалдааны DAP нөхцөлөөр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тодруулбал, худалдагчийн хувьд DAP үнэ бол худалдан авагчийн нутаг дэвсгэр буюу Эрээн боомт хүртэлх бүхий л эрсдэл, тээвэр, баглаа боодлын зардал шингэсэн үнэ юм.
Харин FOB нөхцөл бол худалдагчаас худалдан авагчийн нутаг дэвсгэр дэх далайн болон дотоодын усан замын боомт дахь усан онгоцны тавцан дээр бүтээгдэхүүнийг буулгах хүртэл эрсдэл, зардлаа хариуцдаг Монгол Улсын аж ахуйн нэгжийн хувьд өндөр зардал гаргахаар нөхцөл юм. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын Эрээн боомтоос бусад аль ч боомтод бүтээгдэхүүнээ FOB нөхцөлөөр борлуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байдаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар жоншны бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг ямар учраас далайн боомтод борлуулах өндөр өртөг шингэсэн үнээр тооцох болсныг ойлгохгүй байна.
Засгийн газраас жил бүр жоншны бүтээгдэхүүний олон улсын үнийг www.indmin.com цахим сайтыг эх сурвалж болгон нийтэд мэдээлэхдээ Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ гэж тухайлан зарладаггүй. Жоншийг агуулгаар нь ялгасан байдлаар л нийтэлдэг болохоос жоншны бүтээгдэхүүн өөрөө агуулгад нь ямар химийн элемент бодит оролцсоноосоо шалтгаалан зах зээл дээр янз бүрээр үнэлэгддэг. www.indmin.com цахим сайтад олон улсын худалдааны Инкотермс нөхцөл тус бүрээр үнэ тогтоодог эсэхийг бид мэддэггүй, мэдэх боломжгүй байгаа юм.
Засгийн газрын хувьд жоншны бүтээгдэхүүнийг экспортлох олон улсын худалдааны нөхцөл болон агуулгын хувьд л ангилж үнэ тогтоох, үнэлэгдэх боломжтой гэж үзээд байгаа боловч химийн элемент чанар, хэрэглээний хувьд янз бүрийн үнэлгээ зах зээл дээр тогтож болдог талаар ямар мэдлэггүй энэ талаар мэргэжлийн холбоо, судлаачдаас санал аваагүй байна. Товчхондоо жоншны бүтээгдэхүүн нь нэг цахим сайтын мэдээллээр шууд зах зээлийн үнэ тогтоогдох бололцоотой экспортын бүтээгдэхүүн биш юм.
Манай байгууллагад татварын улсын байцаагч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр НА-21220000096 тоот 127 481 366 11.51 төгрөгийн зөрчилд ногдох 10 471 081 551.12 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх нөхөн ногдуулалтын акт тавьсан. Бид уг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нөхөн ногдуулалтын актаар өндөр хэмжээний төлбөр тогтоосон үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 22 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт жоншны бүтээгдэхүүний үнэ тогтоосноос үүдэлтэй гэж үзэж байна. Засгийн газраас тогтоогдсон ойлгомжгүй олон улсын жоншны бүтээгдэхүүний жишиг үнээр бид өндөр өртөг шингэсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэг хүлээгээд байгаа нь өөрөө манай байгууллагын эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм.
Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 8 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч “Г х” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... “Г х” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын аж ахуй нэгж бөгөөд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “А Э” ХХК-иас жонш бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Майхант уурхайгаас жонш худалдан авч БНХАУ руу экспортод гаргах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани юм.
Манай компанийн хувьд дээрх үйл ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу эрхлэн явуулж, олсон орлогодоо холбогдох татвар, төлбөр хураамжийг тайлагнан төлж явдаг. Гэтэл Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн HA-21220000072 дугаартай нөхөн ногдуулалтын актыг тавьсан. Тус актаар манай компанийг 395 375 666.48 төгрөгийн нөхөн татвар, 124 098 655.83 төгрөгийн торгууль, 80 521 231.27 төгрөгийн алданги, нийт 599 995 553.58 төгрөгийн төлбөрийг нэмж төлж барагдуулах ёстой гэж гарсан. Манай компани ашигт малтмалын ямар нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн АМНАТ төлөгч болж, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл жонш экспортод гаргасан буюу 5 сарын хугацаанд АМНАТ төлөгч болсон байхад ийм хэмжээний татвар нэмж төлүүлэхээр тогтоож байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт “хайлуур жоншны борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалж нь Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ / www.indmin.com/ байна” гэж зааснаас үүдэлтэй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцно”, мөн хуулийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж эрх олгосны дагуу Монгол Улсын Засгийн газраас тус тогтоолыг батлан мөрдүүлсэн байна.
Гэвч дээрх тогтоолын дагуу хайлуур жоншны экспортын борлуулалтын үнэлгээг Хятад улсын FOB үнээр тогтоож байгаа нь жоншны экспорт хийж байгаа компаниудад дааж давшгүй татварын дарамт, хүү торгууль алданги үүсгэж байна. Тодруулбал, Монгол Улсад хайлуур жоншийг хил хүртэл нөхцөлөөр экспортлоход 1 тн нь ойролцоогоор 150 ам доллар /манай компанийн хувьд агуулгаасаа шалтгаалаад 1 тн нь 80 орчим ам доллар/ байдаг бол Загийн газрын 81 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-ын хайлуур жоншны FOB-н үнэ 1 тн нь 350 ам доллар байдаг. Энэ нь экспорт хийж буй этгээдийн борлуулалтын орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, олоогүй орлогод татвар ногдуулж байгаа үйлдэл юм. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх зарчим”-ыг уландаа гишгэсэн зохицуулалт байна.
Товчхондоо, Монгол Улсын хайлуур жонш экспортлогч нар нь жоншийг тээвэрлэн DAP Эрээн хүртэлх нөхцөлөөр экспортолдог. Гэтэл БНХАУ-ын жонш экспортлогч этгээд нь Монгол Улсаас ачигдан очсон хайлуур жоншны бүтээгдэхүүнийг Эрээн дэх гаалийн хяналтын бүсэд хүлээн авч, гаалийн бүсэд тодорхой хугацаанд хадгалан импортын болон бусад холбогдох татвар хураамжийг төлж, дараа нь 1.050 км төмөр замаар Тяньжин боомт руу тээвэрлэж, мөн зориулалтын агуулахад буулган холбогдох бүрдүүлэлтийг хийснээр усан онгоцны тавцанд ачигдах хүртэлх зардлыг гаргадаг бөгөөд энэ шат шатан дах зардал шингэсэн үнийг Монгол Улс дахь аж ахуй нэгжид адилтган тооцож, АМНАТ төлөхөөр тогтоож, түүнийгээ нөхөн ногдуулж, хүү алданги торгууль тооцож байгаа нь нэхэмжлэгч компанийн болон хайлуур жонш экспортлогч бусад этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.
Өөрөөр хэлбэл, хайлуур жоншийг экспортлоход орлогоосоо давсан татвар төлөх нөхцөл бүрдүүлж, үйл ажиллагаа эрхлэх боломжийг захиргааны хэм хэмжээний актаар хааж, боогдуулж, толгой дараалан татан буугдах хэмжээнд хүргээд байна. Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан шударга байх зарчим алдагдаж, шударга бусаар татвар ногдуулж байгаа нь хэм хэмжээний актын холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болоод байна. Манай компанийн хувьд АМНАТ төлөхгүй гэж маргаагүй, харин дааж давшгүй их хэмжээний татвар торгууль ногдуулахдаа үндэслэл болгоод байгаа 81 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг баталж мөрдүүлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасанчлан эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдэд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулж, санал аваагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан нөлөөллийн шинжилгээ хийсэн эсэх, хийсэн бол тус акт батлагдсанаар өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн харилцаанд болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэхийг судалсан эсэх, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийх үүргээ биелүүлсэн эсэх, тус хуулийн 69.1-д заасанчлан дээрх 81 дүгээр тогтоолд жил бүр хяналт шинжилгээ үнэлгээ хийж актын хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн эсэх, ямар судалгаа тооцоог үндэслэн дотоодын аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогыг БНХАУ-д мөрдөгдөж буй үнээр тооцохоор болсныг шалгуулах хүсэлтэй байгаа юм.
Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа томоохон салбар, тиймдээ ч төрөөс уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлого хөтөлбөр боловсруулж, баталдаг. Гэтэл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад татварын дарамт энэ мэтчилэн маш их, хийсвэр хөөсөрсөн, бодит байдалд нийцээгүй орлогод татвар ногдуулж, ашигт малтмал экспортлох жижиг аж ахуй нэгжид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгож байна.
Энэ талаар Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны зүгээс мэргэжлийн байгууллагаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгүүлсэн байдаг бөгөөд тус тайланд Монгол улс дахь АМНАТ-ийн зохицуулалтыг дэлхийн бусад орны АМНАТ ногдуулах зарчимтай харьцуулж, одоогийн үйлчилж буй АМНАТ-ийн хууль тогтоомж, жишиг үнийн арга нь Монгол Улс дахь жоншны салбар, цаашлаад эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг гаргасан байдаг. Мөн Европын сэргээн босголтын банкнаас АМНАТ ногдох суурь үнэлгээг зөв тооцох, АМНАТ-ийг давхардуулж ногдуулахгүй байх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн гэдэг. Энэ мэтчилэн мэргэжлийн байгууллагууд болон ашигт малтмалын салбарын байгууллагууд АМНАТ-ыг жишиг үнээр тооцох нь дотоодын аж ахуй нэгжийн олсон орлогыг 40-100 хувиар өсгөсөн дүнгээс татвар тооцож байгаа талаар хэлж ярьсаар байхад Монгол Улсын Засгийн газар дээрх тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар жил бүр хэлэлцэхдээ хэрхэн хэлэлцэж байгааг шалгуулах хүсэлтэй байна.
Хайлуур жоншны экспортын АМНАТ-ийг БНХАУ-д мөрдөгдөж буй үнээр тооцож байгаа нь олон аж ахуй нэгжийг дааж давшгүй өрөнд оруулж, хаалгаа барихад хүргэж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, цаашлаад Монгол Улсын Эдийн засгаа сэргээх, экспортыг дэмжихэд баримтлах төрийн бодлогоос ухарсан үйлдэл болоод байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг нь татварыг шударга бусаар ногдуулж, бид хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж, бодит байдалд нийцсэн борлуулалтын үнээр гэрээ хэлцэл байгуулан экспортлох, түүнээс олсон орлогоосоо татвар төлбөр хураамжаа шударгаар төлөх нөхцөл боломжийг хааж, олоогүй орлогод татвар ногдуулан хүчээр торгууль алданги тооцож байгаа нь манай компанийн хувьд хуулийн дагуу бизнес эрхлэх, шударгаар өрсөлдөх эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хэм хэмжээний актаар далайлган хийсвэр орлогод ногдуулсан 600 орчим сая төгрөгийн өрөнд оруулж дампуурах нөхцөл үүсгээд байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч “М с” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... “М с” ХХК нь Монгол Улсын хайлуур жоншны хүдэр ба баяжмалын тэргүүлэх олборлогч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч бөгөөд анх 2007 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдаж жоншны хүдэр олборлох, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2015 онд хайлуур жоншны хүдэр баяжуулах үйлдвэр барьж шинээр ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор хайлуур жоншийг флотацийн аргаар боловсруулж байна. Манай үйлдвэр нь хоногт 200 тн хайлуур жоншны хүдэр боловсруулах хүчин чадалтай ба дэлхийн стандартад нийцсэн ФФ95-ФФ97%-маркын хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэж байна. Мөн бид жоншны уурхайн хаягдал хүдэр болох жонш агуулсан бага агуулгатай шороог худалдан авч боловсруулан баяжмал хэмээх баялаг болгон дэлхийн зах зээлд худалдаалан валютыг татан оруулж ирж, түүнээсээ Монгол Улсдаа татвар төлдөг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, 112.1.1-д “Улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг шийдвэрлэнэ гэж заасан. Манай компанийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага болох “Монгол Улсын Засгийн газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад хамаарагдаж буй тул бид тус шүүхийг сонгосон.
Тус маргаан бүхий тогтоолын заалт нь олон субъектэд хамаарагдаж буй боловч бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандахдаа өөрийн компанийн нэрийн өмнөөс, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан билээ.
Манай компанийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “Захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох” заалтаар шаардлага гаргаж байна.
Тус маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоол нь хэдийгээр 2016 онд гарсан боловч бид бүхэн уг тогтоолын дагуу татвар ногдуулж, төлөхийг шаарддаг байсныг сүүлд мэдсэн.
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19500 дугаартай албан шаардлага, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22158 дугаартай албан шаардлага, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Том татвар төлөгчийн газрын мэдэгдлүүдээр “Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын АМНАТ-ийн ногдлыг олон улсын зах зээлийн үнээр тайлагнаж, хуулийн хугацаанд төлөх шаардлагатай” болохыг анхааруулж албан бичиг и-мэйл хаягаар манай компанид ирдэг байсан. Дээрх албан бичгүүдээс АМНАТ-ийн татварыг ногдуулах гол үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гаргасан.
Бид 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/1439 дугаартай “хариу хүргүүлэх тухай албан бичгийг” и-мэйл шуудангаар авсны дараа Монгол Улсын Засгийн газарт уг тогтоолтой холбоотой асуудлыг дахин авч хэлэлцэх, татвар төлөгч компанийн эрхийг зөрчсөн ороогүй, олоогүй орлогоос татвар төлөх болж буй үйлдэл нь хууль бус байна хэмээн хүсэлт явуулж байсан. Гэтэл үүний хариуг одоог хүртэл өгөөгүй. Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг эс зөвшөөрвөл Монгол Улсын шүүхэд хандана, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд Тогтоол хэлбэртэй байна” гэж заасан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Засгийн газрын тогтоол хууль зүйн үндэслэлгүй олоогүй орлогод татвар ногдуулах тухай тогтоол гаргасанд манай компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм.
БНХАУ-ын Эрээн хотод 1 тонн жоншийг 200 доллароор худалдлаа гэхэд Засгийн газрын тогтоолоор дэлхийн зах зээлийн ханш хэмээн 350 доллароор татвар төлөхийг шаардаж байгаа юм.
Иймд Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль, суурь зарчмыг зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, талуудаас нотлох баримт, тайлбар гаргуулан, мэтгэлцэх зарчмын хүрээнд талуудыг мэтгэлцүүлэн хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгч “Б о” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай компани нь 2018-2021 онуудын хооронд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах жоншны гар аргаар олборлогч иргэдээс жонш худалдан авч БНХАУ-д экспортод гаргасан. Дээрх үйл ажиллагааны орлогын тайланг хуулийн хугацаанд татварын албанд мэдүүлж ирсэн.
Гэтэл Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт Шалгалтын хэлтсээс манай компанийн 2019-2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөн ногдуулалтын НА-21210000114 тоот акт үйлдэж нийт 5.013.456.153.45 төгрөгийг нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Манай компани нь БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохдоо худалдан авагч талтай байгуулсан гэрээгээр тохирсон үнийг үндэслэл болгон татварын тайлан гаргаж өгсөн бөгөөд үүнийг татварын албаны хяналт шалгалтын байцаагч нар үндэслэлгүй гэж үзэж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д заасан Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг тогтоохдоо: хайлуур жоншны хувьд “БНХАУ-ын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com)” баримтлах талаар тогтоосон учир дээрх үнэлгээг үндэслэл болгон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох суурь үнэлгээ болгож акт, торгууль, алданги ногдуулаад байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална”, 47.14-д “экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан.
Үүнээс дүгнэхэд экспортод гаргасан Уул уурхайн бүтээгдэхүүний Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг тогтоохдоо “олон улсын зах зээлийн үнэ, олон улсын зах зээлийн жишиг үнэ”-д үндэслэхээр хуульчилсан байна.
Хэрэв ийнхүү тодорхойлох боломжгүй бол бүтээгдэхүүн экспортлогч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн үнэ буюу гэрээний үнэд үндэслэн төлбөр оногдуулахаар хуульчилсан. Энэ тухай Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 16, 17, 19 дүгээр заалтад тодорхой тусгагдсан байдаг.
Монгол Улсаас экспортолж буй нийт эрдэс бүтээгдэхүүн нь олон улсын ангиллаар биржийн ба биржийн бус гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Биржийн бараанд олон улсын зах зээлд үнэ нь зарлагддаг эрдсүүд ордог бол биржийн бус бараанд нүүрс, төмөр, жонш багтдаг бөгөөд тухайн улс орон бүр өөрсдөө үнэ тогтоодог.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дах хэсэгт Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг тогтоохдоо: хайлуур жоншны хувьд “БНХАУ-ын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com)” баримтлах талаар тусгасан. Энэхүү www.indmin.com-д тусгагдсан үнэ нь www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол Улсын аж ахуй нэгжүүдэд АМНАТ ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Монгол Улсын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны зүгээс дэлхийн 120 гаруй улсад салбартай “П” ХХК-тай гэрээ хийн гүйцэтгүүлсэн сонгогдсон улсуудын жоншны нөөц ашигласны төлбөрийн харьцуулсан тайлан”-гийн 6 дугаар хэсгийн Монгол Улсын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэсэгт DAP-Эрээн хил нөхцөлөөс FOB-Тяньжин хүртэлх үнийн тооцоолол хийгдсэн байдаг.
Учир нь, DAP-Эрээн нөхцөлөөр гэрээ хийгдэн ачигдсан хайлуур жоншны бүтээгдэхүүн Эрээн дэх гаалийн хяналтын бүсэд бууж тодорхой хугацаанд хадгалагдан импортын болон бусад холбогдох татвар хураамж төлөгдөж дараа нь 1050 км төмөр замаар Тяньжин боомтод очиж мөн зориулалтын агуулахад буун холбогдох үйл ажиллагаа хийгдэн улмаар усан онгоцны тавцанд ачигдах хүртэл шат шатан дахь зардал тооцогдохоос гадна энэхүү үйл ажиллагаа эрхэлж буй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн олсон болон олох ашиг зэргийг нэмж манай татвар төлөгчдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх суурь үнийг тооцож байгаа нь дэндүү үндэслэлгүй төдийгүй огт ойлгомжгүй байна.
Манай салбарын аж ахуйн нэгж зөвхөн Монгол-Орос, Монгол-Хятад хил дээр DАР-Наушки, DAP-Эрээн нөхцөлөөр худалдаа хийж бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг. Гэтэл энэхүү FOB нь Тяньжин үнэнд Эрээний боомтод ачаа хүлээж авч буй Хятадын импортлогч компанийн төлж буй Гаалийн болон холбогдох татварууд, Эрээний ачилт, буулгалтын талбайд ачааг буулгах, хадгалах, усан онгоцны тавцанд ачих хүртэлх бүх зардал багтдаг бөгөөд энэ зардлуудыг багтаасан үнэнд АМНАТ оногдуулж байна.
Үнэн хэрэг дээрээ хөрш орнуудтай хиллэдэг хилийн боомтын нөхцөлтэй гэрээний үнэ дээр далайн боомт хүртэлх бүх зардлыг нэмж тооцон, олоогүй орлогод АМНАТ ногдуулж аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж ирсэн. Манай улсын жонш экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь гадаадын худалдан авагчидтай Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу 1-3 жилийн хугацаатай гэрээ Байгуулан ажилладаг.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт “хайлуур жоншны Зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тогтоохдоо Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FОВ үнэ (www.indmin.com)” гэж тусгаснаас үүдэн аж ахуй нэгжүүд гадаадад экспортолсон жоншны үнээс хэт давсан суурь үнэлгээгээр тооцсон татварын өр, дарамтад орж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт тусгасан “хайлуур жоншны үнийн эх сурвалжийн нэр Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com)” гэсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.", Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36 дахь заалтад "төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” гэж тус тус заасан байдаг.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсэгт “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангахаар Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалж нэр”-ийн 5-д “Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com” гэж баталсан.
Дээрх эх сурвалж нь хайлуур жоншны чанарын үзүүлэлт, боловсруулалтын түвшин, хэрэглээ, борлуулагч, худалдан авагч, хэрэглэгч, худалдааны нөхцөл, тээвэрлэлтийн төрөл, тээврийн үнэ, нэвтрэх боомт зэрэгт үндэслэн бодит, хэрэгжсэн гэрээг үндэслэн байнгын /өдөр тутмын худалдан авалт хийгддэг байх, хэлцэл баталгаажсан, гүйлгээ хийгдсэн байх, хэлцэл тодорхой, нээлттэй байх, индексийн стандартад нийцсэн байх зэрэг зарчмын дагуу төрөлжсөн үнэ зарлагддаг тул /жоншны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн олон нийтэд нээлттэй, ил тод /Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 5 дахь хэсэг болох жоншны эх сурвалжийн нэрийг зарласан.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2007 оны 88 дугаар тогтоолоос эхлэн өнөөдрийг хүртэл “олон улсын зах зээлийн жишиг үнэ”-ийг сар тутам зарлаж улсын хэмжээнд мөрдүүлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дийлэнх аж ахуйн нэгжүүд жишиг үнийг мөрдөж ажилласаар ирсэн болохыг нэхэмжлэлд огт дурдаагүй зөвхөн нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийн үүднээс хандаж байна гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэл гаргасан компани нь Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд олон жил өнгөрч байхад гэнэт 2023 онд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж буй мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Нөгөөтээгүүр, дээрх Засгийн газрын тогтоолоор биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг зарлаж байгаагаас экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнийг тогтоогоогүй тул дээрх тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашигт сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Гагцхүү нэхэмжлэгч Засгийн газрын зарласан Бирж, биржийн мэдээ www.indmin.com гэх эх сурвалж нь хэнд ч нээлттэй биш гэх хийсвэр /abstract/ үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх нь хэрхэн зөрчигдсөн, хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхой дурдаагүй байна.
Иймд Засгийн газарт Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан эрх олгогдсон хүрээнд жоншны зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн нэрийг зарласан Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалж нэр”-ийн 5-д “Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com” гэж заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нөхөн ногдуулалтын актаар өндөр хэмжээний төлбөр тогтоосон үндэслэл гэх нэхэмжлэлд дурдсан асуудалтай холбоотойгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, “Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх зарчмыг баримтална” гэж тус тус заасны дагуу Татварын алба нь Улсын Их Хурлаас батлан мөрдүүлж буй хуулиудын зорилт, бодлогын шийдлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй, ил тод, тэгш, шударга зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг улсын хэмжээнд зохион байгуулдаг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана” гэж тус тус заасан.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татвараа хариуцлагатайгаар төлж буй бусад аж ахуйн нэгжийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг хөндөхгүйгээр, тэгш, шударга байх зарчмыг алдагдуулахгүйгээр олборлосон, гарал үүсэл бүхий жоншийг экспортлох хэлбэрээр гадаад зах зээлд худалдан борлуулсан үйлдэлдээ холбогдох хуульд заасан ногдуулсан татвар, төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай байна.
Төрийн эрх барих дээд байгууллагаас хуулиар Засгийн газарт хуулиар экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж эрх олгосон.
Үүний дагуу Засгийн газарт тусгайлан эрх олгосон хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсэгт “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасны дагуу зарлаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2007 оны 88 дугаар тогтоолоос эхлэн өнөөдрийг хүртэл сар тутам зарлаж улсын хэмжээнд мөрдүүлсээр ирсэн.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэж заасны дагуу аж ахуйн нэгжүүд экспорт хийх хэлбэрээр гадаадын зах зээл дээр худалдан борлуулсан жоншны АМНАТ-ийг зөвхөн Монгол Улсын Засгийн газраас баталсан экспортын ашигт малтмалын олон улсын үнэд суурилж тооцоолох шаардлагатайг хуулийн үг хэллэгээр тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нар захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсгийг хууль зөрчсөн гэж тайлбарлах хэдий ч аль хуулийг, ямар үндэслэлээр зөрчсөн талаар тодорхой дурдаагүй буюу энэ талаар нотлоогүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч компаниудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А-О” ХХК, “А т” ХХК, “Г х” ХХК, “М м” ХХК, “Н” ХХК, “Ш” ХХК, “Ш-О” ХХК, “Б” ХХК, “Г х” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Н о” ХХК, “Т-э” ХХК-иудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч “М с” ХХК, “Б о” ХХК-иудаас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасныг шүүх дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолоор Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан бөгөөд тус тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д Хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжаар Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) цахим хуудсыг зарлажээ.
Нэхэмжлэгч компаниудаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг иш татаад хууль ёсны шударгаар татвар төлж байсан нэхэмжлэгчдэд онц их хэмжээний татварын дарамт учруулсан, ... www.indmin.com цахим хуудсанд үндэслэн Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд АМНАТ ногдуулж байгаа нь үндэслэлгүй, ... манай салбарын аж ахуйн нэгж зөвхөн Монгол-Орос, Монгол-Хятад хил дээр DAP-Наушки, DAP-Эрээн нөхцөлөөр худалдаа хийж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Гэтэл энэхүү FOB нь Тяньжин үнэд Эрээний боомтод ачаа хүлээж авч буй Хятадын импортлогч компанийн төлж буй Гаалийн болон холбогдох татварууд, Эрээний ачилт, буулгалтын талбайд ачааг буулгах, хадгалах, усан онгоцны тавцанд ачих хүртэлх бүх зардал багтдаг бөгөөд энэ зардлуудыг багтаасан үнэд АМНАТ оногдуулж байна. Үнэн хэрэг дээрээ хөрш орнуудтай хиллэдэг хилийн боомтын нөхцөлтэй гэрээний үнээр боомт хүртэлх бүх зардлыг нэмж тооцон, олоогүй орлогод АМНАТ ногдуулж аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж ирсэн, ... хууль тогтоогч Засгийн газар биржийн нэрийг зарлахыг даалгасан байтал Засгийн газрын цахим хуудасны нэр зарлаад хуулийн хэрэгжилтийг будлиулсан...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах үүрэгтэй бөгөөд хууль тогтоогчоос үнэлгээг тооцох биржийн нэрийг зарлахыг Засгийн газарт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д зааснаар үүрэг болгосон тул энэ хүрээнд биржийн нэрийг зарласан. ...2016 оны Засгийн газрын тогтоолд 2023 онд гэнэт эрх зөрчигдөөд байгаа талаар дурдаж, нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. ...Нөгөөтээгүүр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаад мөрдөгдсөөр байхад дотоодын уг биржээр бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтой байхад биржээр зарах нэг ч оролдлого хийгдээгүй байна...” гэжээ.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Үүнд:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж хуульчилсан байх бөгөөд уг бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолыг баталсан байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч компаниудаас олоогүй орлогод АМНАТ ногдуулж аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгаа гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч компаниуд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, мөн экспортлогчийнхоо хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д зааснаар ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах үүрэгтэй төдийгүй Засгийн газрын хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд батлан гаргасан экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн эх сурвалжийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр байна.
Нөгөөтээгүүр “олон улсын зах зээлийн үнэ”-ийг тооцоход зах зээлийн жишиг үнэ зарладаг хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой биржийн үнээр тогтоохоос өөрөөр тогтоох боломжгүйн төдийгүй нэгэнт дээр дурдсан хуульд зааснаар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах нь нэхэмжлэгч компаниудын үүрэг тул маргаан бүхий тогтоол хүчингүй болсноор олон улсын зах зээлийн үнээс тооцон АМНАТ төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
2. Түүнчлэн нэхэмжлэгч компаниудаас “... маргаан бүхий Засгийн газрын тогтоол 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн ба Засгийн газрын тогтоол гарах үед 2010 оноо хойш мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” мөрдөгдөж байсан, ... уг тогтоолыг зөрчиж, нөлөөллийн шинжилгээ хийх тухай шийдвэрийг нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлэх нөлөө, үр дагаврыг урьдчилан судалж тооцоолох цогц үйл ажиллагаа гэж заасан байхад нөлөөллийн шинжилгээг одоо болтол хийгээгүй...” гэж тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталсан бөгөөд энэхүү тогтоолоор баталсан журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа дагаж мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөж, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасан байхаас гадна тус журмын 1.6.5-д ““Нөлөөллийн шинжилгээ” гэж тухайн шийдвэрийн нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цог үйл ажиллагааг” ойлгоно гэсэн ба мөн журмын 6.1-д “Шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллага, төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг төрийн байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно” 6.4-д “Энэ журмын 6.1-д заасан этгээд нь гаргасан шийдвэртээ нөлөөллийн шинжилгээ хийсэн байна” гэж тус тус зохицуулжээ.
Тодруулбал, дээр дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа мөрдөж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөж, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасан энэ тохиолдолд хариуцагч Монгол Улсын Засгийн газрыг маргаан бүхий 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоол, тэдгээрийн хавсралтыг батлан гаргахдаа нөлөөллийн шинжилгээ хийгээгүй гэж буруутгахааргүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг биелүүлэн ажиллах үүрэгтэй гэж үзэхээргүй байна.
3. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана”, 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана”, 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, 10-д “Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах аргачлалыг Засгийн газар батална” гэж тус тус зохицуулсан байх ба хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тогтоолын төсөл, танилцуулга, бусад баримтыг хүргүүлж, төсөлд яамдуудаас санал авч, шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож буй энэ тохиолдолд хариуцагчийг ямар ч судалгаа тооцоогүй шийдвэр гаргасан буруутгах үндэслэлгүй.
Иймд Монгол Улсын Засгийн газар маргаан бүхий тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн компаниудын маргаж буй дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ш.Ж-д шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар зөвшөөрсний дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 47 дугаар зүйлийн 47.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А-О” ХХК, “А т” ХХК, “Г х” ХХК, “М м” ХХК, “Н” ХХК, “Ш” ХХК, “Ш-О” ХХК, “Б” ХХК, “Д Ж Т э Э” ХХК, “Н о” ХХК, “Г х” ХХК, “Т-э” ХХК-иудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч “М с” ХХК, “Б о” ХХК-иудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН