Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч О.Дэлгэрбаянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Насанд хүрээгүй шүүгдэгч С.Төгсболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллаг дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Монгол овгийн Нарантуяагийн Ууганбаярыг ялтай байхдаа давтан үйлдлээр амь биед аюултайгаар хүч хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Төгсболдыг бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярын 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинхайрхан дүүргийн шүүхийн 56А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн  181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 8 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэн сулалсан хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярт эд хөрөнгө хураагүйгээр 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгсболдод эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгсболдод оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярын цагдан хоригдсон 363 хоног, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгсболдын цагдан хоригдсон 98 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгсболдод хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэчимэгт хариуцуулсугай.

 

11. Шүүгдэгч О.Дэлгэрбаянд бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шүүгдэгч Н.Ууганбаярын эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгсболдод цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түтгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ууганбаярт авсан цагдан хорих, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгсболд, О.Дэлгэрбаян нарт бусдын батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ

 

ШҮҮГЧИД                                         Л.БААТАР   

 

  Г.МӨНХЗУЛ