Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 38

 

Г-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0038/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Дашням,

Прокурор Д.Энхжаргал,   

Шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын давж заалдах гомдлоор Г-д холбогдох эрүүгийн 1939002810177 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Галшар суманд 1977 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 20-16 тоотод оршин суух, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Р-н Г нь

2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 20-16 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий З-тэй “гадаа машинд архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний толгой руу гараараа цохих, эрүү рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө овогт Р-н Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г болон түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нар давж заалдах гомдолдоо: Гэр бүлийн хамаарал бүхий З-тай гадаа машинд архи уусан гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, З-гийн биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд энэ асуудал дээр маргах зүйл байхгүй байна. Харин Г нь 0-15 насны 4 хүүхэдтэй бөгөөд гэр бүлээ тэжээж тэтгэдэг ганц хүн нь юм. Г нь аймгийн мах бэлтгэлийн газарт ажилладаг ба нийтийн ашиг сонирхолд тустай ажил хийлгэх ялаа биеэр эдлэх болбол ажилгүй болох магадлалтай байна. Г гэмт хэрэг үйлдсэн учир ял эдлэх нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох гэсэн 3 төрлийн ялтай байдаг. Г-ыг нийтэд тустай ажил хийлгэвэл ажилгүй болж, ар гэрийн амьдралд нь хүндээр нөлөөлнө. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж, 800000 төгрөгөөр торгож өгнө үү.

Г-ын эхнэр З- 6 сартай хүүхдээ орхиод өөрийн найз эмэгтэйтэй архи ууж, хүүхэд нь уйлаад байхад орж ирээгүй асуудлаас болж уг хэрэг үйлдэгдсэн байдаг.

Г нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан бөгөөд дахин дахин нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Г нь сардаа 1000000 гаруй төгрөгийн орлоготой тул торгуулийн ял оногдуулбал торгуулиа төлөөд ар гэрээ тэжээгээд явах боломжтой юм. Хэрэв нийтэд тусгай ажил хийх юм бол ажил, орлогогүй болох магадлалтай байна. Иймд Г-д оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Г-ын үйлдсэн гэмт хэргийн талаар маргаагүй. Г-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Г өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгэгдэж байсан бөгөөд дахин уг  гэмт хэргийг үйлдсэн байдаг.  Иймд хуульд заасан ялыг чангаруулах нь үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад тохирно гэж үзэж байна. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цагдаагийн байгууллагад өдөрт 4 цагаас дээшгүй хийлгэхээр заасан нь Г-ын ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзсэн гэж үзэж байна. Г нь 4 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй бөгөөд торгуулийн ял оногдуулбал эдийн засгийн хувьд хүнд байдалд орно гэж үзэж байна. Г-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзэв.   

Г нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 20-16 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий З-тай гадаа машинд архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний толгой руу гараараа цохих, эрүү рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч З-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Г нь Б бид хоёрыг машинд сууж байхыг хараад хүрч ирээд миний сууж байсан хаалгыг онгойлгон намайг машинаас угз татаж гаргаад газарт унагаасан. ...миний эрүү рүү өшиглөөд уруулыг маань язалчихсан... толгой руу хэд хэд цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуудас/,

Гэрч У-н мөрдөн байцаалтад өгсөн: “...үүрээр бараг 5 цагийн үед Г-ын том хүүхэд Т манайд нилээн айж сандарсан байдалтай уйлчихсан орж ирсэн. ...аав ээжийг зодоод байна, А ах очоод салгаад өгөөч гээд манай нөхрийг дагуулаад явсан. ...9 цаг өнгөрч байхад З- эгч нүүр ам нь тэр чигтээ хөх няц болчихсон орж ирсэн ....гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуудас/,

Гэрч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Г гэнэт З-г зодох гээд дайраад байсан. Харин З тойроод зугтаагаад байсан. Тэгж байснаа гэрээс хөл нүцгэн гараад явчихсан. Араас нь Г гараад З-г хашаан дотор хөөгөөд байсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Машинаас буугаад орсны дараа З-гийн амнаас цус гарчихсан байсан. Уруулыг нь өшиглөөд язалчихсан юм шиг байсан. Тэгээд гэрт нь орсны дараа З хүүхдээ хөхүүлээд сууж байхдаа найзынх нь нүд рүү цохичих шиг боллоо гээд байсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуудас/,

Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 212 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийг талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” тухай ойлголтын объектив талын шинж нь нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар илэрч болох бөгөөд хохирогч З-гийн “...2018 оны 5 дугаар сард Г архи уучихсан согтуу байхдаа намайг бараг хөдлөхгүй болтол зодсон. ...2019 оны 3 дугаар сард Г намайг зодох гээд агсам тавиад байхаар нь би хүүхдээ аваад зугтсан...” /хх-ийн 09-14 хуудас/ гэх мэдүүлгээс үзэхэд Г-ын үйлдэл нь гэр бүлийн харилцаанаас үүссэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл байна.

Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэн өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 135  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА