Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч Б.Ариунтөр,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

   Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гт холбогдох эрүүгийн 2219000000271 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.   

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:А.Г

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Г нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран 1 хорооллын 203 тоот байрны гадна байрлах авто зогсоолоос хохирогч М.Огийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр найзтайгаа утсаар ярихад хүүхдийн мөнгө буусан, хүрээд ир гэсэн. Тэгээд найзынх руугаа явах гээд О ахын мотоциклийг байрны гадаа байхад нь мэдэгдэлгүй унаад явсан. Уг нь буцаагаад байрны гадна тавина гэж бодож байсан. О нь манай хамаатан болох хүн, эмээгийн дүү байгаа юм. Найзындаа очиход эхнэр нь уурлаад хөөгөөд байсан. Тухайн үед би тоглоод 2 шил архиар зарна гэж хэлж байсан. Би зөвшөөрөлгүйгээр хүний мотоциклийг авч явсан. Хийсэн хэргээ зөвшөөрнө. Хохирогчтой уулзсан. Мотоциклийн хойд дугуйны олгой өгсөн. Хулгайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрнө, миний буруу гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг өөрийн найз Бартагт захиж хэлээд гэрийнх нь гадаа буюу Мандах наран хорооллын 203 тоот байрны зогсоол дээр үлдээгээд явсан. Тэгтэл манай найз 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр чиний мотоцикл алга болсон байна гэж хэлсэн. Би уг мотоциклийг 2014 онд 1.550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Г миний мотоциклийн цахилгааны монтажыг бүгдийг нь тасдаж дахиж ашиглах боломжгүй болгосон, мөн арын дугуйг хийгүй байх үед нь унаж олгой хаймар болон дугуйг нөхөөс авахааргүй болгосон. Мөн мотоциклын гадуур байсан бүтээлгийг урж тасдсан байсан, энэ бүх зүйлээ нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 13-14, 44-45 ху/,

          -Гэрч Ж.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед гэртээ байж байхад гадаа мотоциклийн дуу сонсогдсон. Удалгүй манайд зүс таних залуу орж ирсэн ба танихгүй хүн байсан тул тухайн хүнийг яв гэж хэлтэл гэрээс гараад гэрийн урд хогийн савны хажуу талд хэвтээд явахгүй байсан. Би айсандаа цагдаа дуудсан. Манай хашааны гадаа 15-96 ДГЗ улсын дугаартай хар өнгийн банктай, шонхор гэсэн бичигтэй, хойд дугуй нь хагархай мотоцикл ирээд зогссон байсан. ...Тэр хүн манай гэрт орж ирчихээд би гадаа байгаа өөрийн унаж ирсэн мотоциклоо  хямдхан зарна гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/,

           -Гэрч Б.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай нөхөр Бартаг Огийн мотоцикл алга болсон байна гэж хэлсэн. Алга болсон гэх мотоцикл нь 15-96 улсын дугаартай улаан өнгийн Даюун мотоцикл байсан. Бензиний банкийг нь хар өнгийн банкаар сольж тавьсан. Цэнхэр өнгийн суудлын бүрээстэй, хойд дугуй нь хийгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

         -Яллагдагч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн мотоциклийг хэний мотоцикл болохыг мэдэхгүй. Алхаж явах замд Мандах наран 2 хорооллын 203 дугаар байрны гадна зогсоол дээр 15-96 ДГЗ улсын дугаартай урд талдаа улаан кирлантай, дээгүүрээ бүтээлэгтэй, арын дугуй нь хагархай мотоцикл байсан. Тухайн мотоциклийг унаж явж байхдаа замдаа бүтээлгийг нь авч айлын хашаанд хаясан. Тэгтэл хар банктай байсан. ...би тэр мотоциклийн кундакторын утсыг тасдаж манюулыг нь гишгэж асаагаад унаад 60 гэрт найзындаа очсон. Намайг найзынхаа гэрт сууж байхад айлын эхнэр уурлаад намайг хөөгөөд байхаар нь би зөрүүлж уурлаад уурандаа айлын эхнэрт чи гадаа байгаа миний унаж ирсэн  мотоциклыг 2 шил архиад ав гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 21-22, 40-41 ху/,

         -Хохирлын үнэлгээ /хх 25-28 ху/,

         -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4 ху/,

         -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9 ху/,

         -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 62-80 ху/,

         -Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33-35, 40-41 ху/,

        -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч А.Г нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандах наран 1 хорооллын 203 тоот байрны гадна байрлах авто зогсоолоос хохирогч М.Огийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  А.Гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...О ахын мотоциклийг байрны гадаа байхад нь мэдэгдэлгүй унаад явсан. Би зөвшөөрөлгүйгээр хүний мотоциклийг авч явсан. Хийсэн хэргээ зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Огийн “...өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг өөрийн найз Бартагт захиж хэлээд гэрийнх нь гадаа буюу Мандах наран хорооллын 203 тоот байрны зогсоол дээр үлдээгээд явсан. Тэгтэл манай найз 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр чиний мотоцикл алга болсон байна гэж хэлсэн “ гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Мөнхтуяа /хх27-28 ху/, гэрч Б.Банзрагч /хх 20 ху/ нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс уг мотоциклыг худалдан борлуулах санаа зорилго агуулаагүй, харин автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй гэж тайлбарлан “зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн субьектив тал нь санаатай, шунахай зорилгогүй, хөл дайх, унах гэсэн зорилготой байдаг бол шүүгдэгч А.Гын үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй, ашиг олох зорилготой болох нь мөрдөн шалгах ажиллагаанд түүний өгсөн “...Намайг найзынхаа гэрт сууж байхад айлын эхнэр уурлаад намайг хөөгөөд байхаар нь би зөрүүлж уурлаад уурандаа айлын эхнэрт чи гадаа байгаа миний унаж ирсэн  мотоциклыг 2 шил архиад ав гэж хэлсэн” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “...Найзындаа очиход эхнэр нь уурлаад хөөгөөд байсан. Тухайн үед би тоглоод 2 шил архиар зарна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Ж.Мөнхтуяагийн “...Тэр хүн манай гэрт орж ирчихээд би гадаа байгаа өөрийн унаж ирсэн мотоциклоо  хямдхан зарна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.      

         “Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

          Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

          Шүүгдэгч А.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан.

          Шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх үндэслэл болно.  

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

         Хохирогч М.О нь мөрдөн шалгах ажиллагаанд “мотоциклийн цахилгааны монтажыг бүгдийг нь тасдаж дахиж ашиглах боломжгүй болгосон, мөн арын дугуйг хийгүй байх үед нь унаж олгой хаймар болон дугуйг нөхөөс авахааргүй болгосон. Мөн мотоциклын гадуур байсан бүтээлгийг урж тасдсан байсан, энэ бүх зүйлээ нэхэмжилнэ” /хх 44-45 ху/ гэсэн боловч нотлох баримтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

         Хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ удаад бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.                     

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар  солихыг анхааруулсугай. 

        4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА