Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 2219000000304 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Д.О

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.О нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Ч.Бгөөс зөрчил гарган хураагдсан тээврийн хэрэгслийг авч өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад машинаа хураалгасан байсан. Тэгээд над руу утсаар яриад Сайншандад цагдаад машинаа хураалгасан, намайг дуудаад байна гэж хэлсэн. Намайг цагдаагаас машин гаргаад өгчих гэж байсан. Надтай хамт ажилладаг Махгал бид хоёрыг гаргаад өгчих гэсэн. Махгалыг дансаа явуулчих гэсэн. Махгал хаан банкны данс байхгүй гэсэн. Тэгээд би дансаа явуулсан. Тэгээд миний данс руу 1.500.000 төгрөг хүчээр хийсэн. Энэ мөнгийг би хэрэглэсэн. Энэ үед  аав хөдөөгөөс харвалт өгч ирээд эмнэлэгт хэвтсэн байсан тул эм тарианд нь хэрэглэсэн. Пүрэвдорж гэдэг хүн надаас 200.000 төгрөг ирж авсан. Б ав гэсэн гэж ирж авсан. Б нь Замын-Үүдийн шүүх дээр хуралтай байгаа. Болж өгвөл машиныг авчих, эсвэл намайг очтол аргалчих гэж хэлсэн. Хохирлыг төлөөгүй байгаа. Энэ мөнгийг би хэрэглэсэн болохоор хохирлыг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сайншанд суманд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлөөр саатуулагдаж, тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийлгэсэн юм. Тэрнээс хойш би зөрчилд холбогдсон асуудлаа шийдүүлж чадаагүй явсан. Учир нь өөр нэг шалтгаанаар Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэсэгт шалгагдаж байсан. Журмын хашаанд хийсэн тээврийн хэрэгслээ авч чадахгүй байсан тул хүнээс асуутал манай найз Д.О нь “би дээгүүр доогуур ярьж байгаад машиныг чинь журмын хашаанаас гаргаад өгье чи надад 1.500.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь итгэж авч болдог юм байх гэж бодоод найздаа 1.500.000 төгрөг өгсөн. Мөнгө өгсөн цагаас хойш О нь утсаа авахгүй, Сайншанд суманд байдаг гэрт 2, 3 удаа очиход гэртээ байгаагүй. 2022 оны 06 дугаар сард Сайншанд суманд уулзаж юу болсон талаар асуухад мөнгө чинь одоо ч  надад байна. Би энд машиныг чинь авах гээд хөөцөлдөж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш огт уулзаж холбоо бариагүй гэсэн мэдүүлэг /хх 15-16, 38 ху/,

-Гэрч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг хэдий ч бусдын гаргасан зөрчил, дутагдал хэрэгт холбогдсон байдал зэрэгт хамт ажилладаг болон ажил албан үүрэгтэй холбоотойгоор нөлөөлөх зүйл огт хийж байгаагүй. Тийм болохоор Д.О нь надтай найзынхаа зөрчлийн талаар огт яриагүй, би тэр талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,

-Яллагдагч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Б нь Дорноговь аймгийн Сайншанд суманд согтуу явж байгаад баригдчихлаа гэж хэлж байсан бөгөөд би надад 1 таньдаг цагдаа байгаа гэж хэлсэн чинь надад хандаж чамаас өөр гуйх хүн байхгүй, чи намайг зохицуулаад өг гээд 1.500.000 төгрөг өгсөн юм. Би Ч.Бгөөс өөрийн 5373062580 тоот дансаараа авсан. Тухайн үед би Дорноговь аймгийн Сайншанд суманд ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 18, 34 ху/,

 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-28, 34-35 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44 ху/

         -Ч.Бн эзэмшлийн Хаан банкны 5373072270 дугаартай дансны хуулга /хх 2-10, 51-64 ху/,

         -Д.Оын Хаан банк дахь 537062580 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 50 ху/,

        -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 65-67 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Ч.Бгөөс зөрчил гарган хураагдсан тээврийн хэрэгслийг авч өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад машинаа хураалгасан байсан. Тэгээд над руу утсаар яриад Сайншандад цагдаад машинаа хураалгасан, намайг дуудаад байна гэж хэлсэн. Намайг цагдаагаас машин гаргаад өгчих гэж байсан. Тэгээд миний данс руу 1.500.000 төгрөг хүчээр хийсэн. Энэ мөнгийг би хэрэглэсэн. Хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Бгийн “...найз Д.О нь “би дээгүүр доогуур ярьж байгаад машиныг чинь журмын хашаанаас гаргаад өгье чи надад 1.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь итгэж авч болдог юм байх гэж бодоод найздаа 1.500.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг, Ч.Бн эзэмшлийн Хаан банкны 5373072270 дугаартай дансны хуулга, Д.Оын эзэмшлийн Хаан банк дахь 537062580 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Д.О нь хохирогчид “саатуулагдсан тээврийн хэрэгслийг авч өгнө” гэж итгэл төрүүлж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгчийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Д.О нь анхнаасаа хохирогчид тухайн зөрчил гарган саатуулагдсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн газраас авч өгөх эрх, боломж, бололцоо байхгүй гэдгээ өөрөө мэдсээр байж, “таньдаг цагдаа байгаа” гэж итгэл үнэмшил төрүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Д.Оын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Бд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.       

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Д.От оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Б-д олгосугай.

7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА