Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Н.Оюунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Оюунжаргалд холбогдох 223200203150 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1997 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Наранчимэгийн Оюунжаргал/рд:МИ97051909/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Н.Оюунжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Одгэрэлтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оюунжаргал мэдүүлэхдээ: …Миний цагдаа байгууллага дээр хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн учраас би дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232002030150 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Б.Одгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн найз Болорчимэгийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн орчимд Найрамдлын гудамжинд байдаг Ука эгчийн гэрт нь очсон юм. Тэгсэн Ука эгч гэртээ байхгүй болохоор нь утсаар ярьтал Ука эгчийн Оюунжаргалын гэрт нь байна гэхээр нь найз Болорчимэгийн хамт Оюунжаргалын гэрт нь очсон юм. Тэгсэн Оюунжаргалын гэрт нь Оюунжаргал, Оюунжаргалын нөхөр нь бас нэг танихгүй залуу Ука эгч тэр дөрөв байсан. Тэгээд би өөрийн найз Болорчимэгийн хамт Оюунжаргалын гэрт 0.75 литрийн 1 шил хараа архийг хувааж уусан. Харин бид хоёрын хажууд Оюунжаргалын гэрт Оюунжаргал, Оюунжаргалын нөхөр нөгөө танихгүй залуу Ука эгч тэр дөрөв 2.5 литрийн савтай 3 ширхэг сэнгүр пивийг хувааж ууцгаасан. Тэгээд би найз Болорчимэгтэй юм яриад Оюунжаргалын гэрт нь сууж байтал Оюунжаргал гэнэт босож ирээд миний доод уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд цус гарахаар нь би босоод иртэл Оюунжаргал намайг үсдэж аваад миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд миний зүүн талын нүд хөхөрч би гадаа гараад цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн цагдаа иртэл нь гадаа нь хүлээж суусан. Тэгтэл хоёр цагдаа ирээд Оюунжаргалтай уулзаад бага насны гурван хүүхэдтэй юм байна гэж хэлээд гэрт нь үлдээгээд намайг авч яваад эмнэлэгт үзүүлсэн. ...Надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Гэрч Г.Болорчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө Нарангийн гудамжинд Уртнасан эгчийн хашаа байшинд очоод Одгэрэл бид хоёр 0.75 литрийн хараа нэртэй нэг шил архи хувааж уугаад орой нь Найрамдлын гудамжинд Уртнасан эгчийн гэрт очиход тэндээсээ Оюунжаргалынд очсон. Оюунжаргалынд очиход Оюунжаргал түүний нөхөр хүүхдүүд нь бас нэг эрэгтэй хүн бүгд хөзөр тоглоод сууж байсан. Оюунжаргалынд орчхоод буцаж гараад дэлгүүр орж архи авах гэсэн чинь 4000 төгрөг  дутаад Уртнасан эгч рүү утасдаж асуусан байхгүй гээд Оюунжаргалаас гэрт нь очиж Одгэрэл данс руугаа шилжүүлж аваад бид хоёр буцаж гарч 0.75 литрийн хараа нэртэй нэг шил архи аваад Уртнасан эгчийнд очиж уух гэсэн боловч Уртнасан эгч дургүйцээд буцаад Оюунжаргалынд хүрээд ир гэж хэлээд бид хоёр буцаж очиж авсан архи хувааж уусан. Оюунжаргал, Оюунжаргалын нөхөр, нөхрийнх нь найз Уртнасан эгч нар Сэнгүр нэртэй 2.5 литрийн 1 пиво хувааж уугаад Оюунжаргал Уртнасан эгч хоёр дэлгүүр рүү пивонд явсан хойгуур нь Оюукатай хамгийн бага хүүхэд нь уйлаад тэр хоёр ирэхгүй удаад байхаар нь Уртнасан эгч рүү утсаар залгаж Ирэх болж байна уу Оюукагийн хүүхэд нь уйлаад байна нөхөр нь унтаад хүүхдээ тоохгүй байна гэж утасдсан нь Эцэг нь байгаа биз дээ одоо очлоо ш дээ хэлээд утсаа салгасан. Хүүхэд нь уйлаад дуугүй болохгүй байхаар нь би дахин дахин утасдаж хэлсэн. Гаднаас Оюунжаргал Уртнасан эгч хоёр орж ирээд Уртнасан эгч надад хандаж Чи ямар ядаргаатай юм бэ дэлгүүр ороод ирэх хооронд хоёр минут тутам залгачих юм аав нь байхад яавал гэж дээ гэж хэлэхээр нь аав нь хүүхдээ тоохгүй байна ш дээ унтаад сэрэхгүй байна ш дээ гэж хэлсэн. Одгэрэл орон дээр сууж байсан чинь Оюунжаргал хүрч ирээд нүүр рүү нь хэдэн удаа цохисон гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед хаанаас нь цус гараад байсныг мэдэхгүй нэлээд цус гарч байсан. Би Одгэрэлийг дагуулаад гарсан. Оюунжаргалынхаас гараад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд Оюунжаргалыг жоохон гурван хүүхэдтэй өөрийнхөө гэр орондоо байсан гэдгээр нь үлдээгээд Одгэрэлийг эмнэлэг рүү авч явсан. ...Тухайн өдөр Оюунжаргал нь Одгэрэлийг сууж байхад нь нүүр рүү нь цохиод босоод ирэхэд нь дахиад нүүр рүү нь цохиод байсан. Оюунжаргал их хурдан хөдөлгөөнтэй хэдэн удаа цохисныг нь хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Б.Уртнасан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бид хоёр буцаж ирсэн чинь Болороо Оюукад хандаж “Нөхөр чинь хүүхдээ тоохгүй аав нь мөн ч юм уу биш ч юм уу хүүхэд чинь уйлаад байна” гэхээр нь та хоёр аль түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ манайхаас зайл гэж хэлсэн чинь Одгэрэл босож ирээд гараад үзчих юм уу чи яах гээд давраад байгаа гичий вэ гээд орилсноос болж Оюукагийн гурван хүүхэд нь уйлчихсан. Хүүхдүүдээ уйлсан чинь Оюука уурлаад Одгэрэлийн нүүр рүү нэг удаа цохисон. Одгэрэлийн амнаас цус гарсан байсан. Оюукагийн нөхөр бид хоёр Болороо Одгэрэл хоёрыг гэрээс гаргасан. Одгэрэл гараад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирээд юу болсон талаар асуугаад Оюукаг  бага насны гурван хүүхэдтэй болохоор үлдээгээд Одгэрэлийг эмнэлэг рүү дагуулж явсан. Одгэрэл нь цагдаа нар луу Оюукаг авч яв гээд орилоод байсан. ...Тухайн өдөр Оюунжаргал нь Одгэрэлийн ам руу нэг удаа цохиж уруулаас нь цус гаргасныг мэдэж байна. Зүүн талын нүд рүү нь нэг удаа цохисон гэх үйлдлийг би хараагүй тул хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 14-15 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Оюунжаргал яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Тэгээд би Болорчимэгийг та 7 сартай хүүхдээ хаяад архидаж яваад санаа зовохгүй байж юундаа манай хүүхдэд санаа зовоод байгаа юм бэ гэхэд Одгэрэл эг Болорчимэгийг өмөөрөөд танай нөхөр чинь хүүхдийн чинь эцэг мөн ч юм уу биш ч юм уу гэхээр нь би тэр хоёрыг манайхаас зайл гээд хөөсөн. Тэгсэн Одгэрэл эгч босож ирээд гараад ир үзье гичий минь гээд намайг тэгсэн. Тэгэхээр нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд манай нөхөр Уртнасан эгч Болорчимэг Одгэрэл эгч хоёрыг яв яв гээд гаргаад явуулсан. Тэгсэн удалгүй манайд цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 8 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 31 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн №184 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.Б.Одгэрэлийн биед доод уруулд шарх зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 32-33 дугаар хуудас/

Хохирогч Б.Одгэрэлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт/Хх-ийн 80 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Оюунжаргал Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 81 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Н.Оюунжаргалыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  Н.Оюунжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Б.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Б.Одгэрэлийн нүүр орчимд гараараа цохиж зодон Б.Одгэрэлийн биед доод уруулд шарх зөөлөн эдийн гэмтэл учруулж, хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Б.Одгэрэлийн мэдүүлэг/Хх-ийн 40-41 дүгээр хуудас/,гэрч Г.Болорчимэгийн мэдүүлэг/Хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Уртнасангийн мэдүүлэг/Хх-ийн 14-15 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Оюунжаргалын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 49-50 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №184  дугаартай дүгнэлт/Хх-ийн 32-33 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Н.Оюунжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч Б.Одгэрэлийн эрүүл мэндэд учирсан биед доод уруулд шарх зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна

 

Гурав.Шүүгдэгч Н.Оюунжаргалд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.Оюунжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 19-20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын 35 тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Б.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Б.Одгэрэлийн нүүр орчимд гараараа цохиж зодон хохирогч Б.Одгэрэлийн биед доод уруулд шарх зөөлөн эдийн гэмтэл учруулж, хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шалтаг шалтгаангүйгээр, найз нөхдөөрөө нийлж архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, нэг нэгнийхээ зүй ёсны шаардлага, үгийг үл тоосон, бусдад хүндэтгэлтэй хандах хувь хүний хүмүүжлээс шалтгаалсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Н.Оюунжаргалд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Оюунжаргал нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Оюунжаргал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Оюунжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өөлд овогт Наранчимэгийн Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Оюунжаргалыг 500/таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунжаргалд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Оюунжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Н.Оюунжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Одгэрэл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Оюунжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ