Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1493

 

 

 

                             

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Отгончимэг,  

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.О, түүний өмгөөлөгч М.И,

иргэний хариуцагчийн төлөөлөгч: Л.Н,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Б-нд холбогдох эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                  

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б-гийн Б /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ний өдөр ******* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дүгээр сургуульд зураг технологийн багшаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэрийн 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Нийслэлийн 0 дүгээр сургуулийн хичээлийн танхимд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн үед О.Г-ыг хичээл дээр пизда гэж хэллээ гэж нүүр лүү 4-5 удаа нясалж нүүр хамар хэсэг рүү өвдөглөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн зураг технологийн багшаар ажиллаж байх үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус сургуулийн хичээлийн танхимд сурагч О.Г-ыг хичээл дээр “пизда” гэж хэллээ гэх шалтгаанаар нүүр лүү 4-5 удаа нясалж, хамар хэсэг рүү нь өвдөглөж биед нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -Насанд хүрээгүй хохирогч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед миний ард сууж байсан Э , У хоёрын нэг нь хоорондоо юм ярьж байгаад пизда гээд хэлсэн ба Б багш намайг хичээл дээр М-тэй муудалцсан гэж бодсон миний хажууд ирээд надад хандаж чи яахаараа хичээл дээр пизда гэж хэлдэг юм бэ гэж хэлээд миний баруун чих рүү хуруугаараа 4-5 удаа няцалсан тэгэхээр нь би багшид хандаж багшаа би пизда гэж хэлээгүй гэж хэлэхэд чи миний урдаас ярих болоогүй шүү нохой минь гэж хэлээд миний баруун шанаа хэсэг рүү 4-5 удаа няцалсан тэгээд багш намайг самбар руу гаргах гээд байхаар нь би багшаа би сууж байя гэхэд багш намайг суудал дээрээс чирээд самбарын урд авч ирсэн ба зүүн гараараа далайх шиг болохоор нь би баруун тийшээ далдчаад миний хамар хэсэг рүү баруун хөлийнхөө өвдөг хэсгээр нэг удаа өвдөглөсөн тэгээд миний хамарнаас цус гарч эхэлсэн. Өвдөглүүлэх үед миний дээд уруул, хамар оносон ба миний хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

               -Хууль ёсны төлөөлөгч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад миний Ууганхүү О.Г над руу 10 цаг 30 минутын үед залгаад миний хүү О.Г-ын дуу нь цаашаа орсон дарагдсан байна гэж хэлээд салгахаар нь яасан бол гээд бодоод байж байтал 10 орчим минутын дараа О.Г дахин залгаад ээжээ багш намайг зодоод хамар руу цохьсон чинь хамар өвдөөд цус гараад байна та хүрээд ирээч гэхээр нь би сургууль дээрээ явж очсон. Би сургууль дээр очиход манай хүү О.Г коридорт зогсож байсан ба хоёр хамартаа 00 цаас чихсэн хамар нь хавдсан хувцас хунар нь цус болсон баруун хацар зулгарсан хацар нь хавдсан юм шиг болсон байхаар нь багш нь хаана байгаа юм гэж асуухад нийгмийн ажилтны өрөөнд байгаа гэж хэлсэн.Тэгээд сургууль дээр байж байхад манай хүүхэдтэй хамт сурдаг хүүхэд тухайн үед болсон асуудлын талаар бичлэг байгаа гээд утсан дээр бичлэг үзүүлсэн ба бичлэгт манай хүү О.Г-ыг самбарын урд чирж гаргаад баруун хөлийн өвдөг хэсгээр Б.Б багш, нүүр хамар хэсэг рүү нэг удаа өвдөглөж байгаа бичлэг байсан ба өвдөглүүлсний дараа манай хүүгийн хамраас цус гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 14-р хуудас/,

               -Гэрч О.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн үед Б.Б багш О.Г-ыг хичээл дээр үймүүлээд дээр нь пизда гэж хэлсэн гэж бодоод ирээд О.Г-ын чих хацар луу олон удаа нясалсан хэдэн удаа нясалсныг мэдэхгүй байна. О.Г Б.Б багшид хандаж би пизда гэж хэлээгүй гэж хэлэхэд сөөски минь гээд самбар руу чирж гаргаад зогсож байхад О.Г-ын самбарын урд баруун хөлийн өвдөг хэсгээр нэг удаа хамар нүүр рүү нэг удаа өвдөглөсөн Өвдөглүүлсний дараа О.Г-ын хамраас цус гараад хавдаад няслуулсан хацар нь бас улайсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

               -Гэрч Ү.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Г Б.Б багшид хандаж би пизда гэж хэлээгүй шүү дээ гэж хэлэхэд Б.Б багш чирээд самбарын урд Ганбаярыг гаргаад баруун хөлийнхөө өвдөг хэсгээр О.Г-ыг зогсож байхад нэг удаа нүүр хэсэг рүү нь өвдөглөсөн. Тэгээд О.Г-ын хамраас цус гарсан ба О.Г ээжийгээ утсаар дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-гийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

               “...1. О.Г-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр

хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

               3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай:

               “...1. О.Г нь 2022.05.06-нд ЭХЭМҮТөвд хэсгийн мэдээ алдуулагчтай хамрын хугарал засах ажилбар хийлгэсэн байна.

               2. О.Г-ын бие тухайн үед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,

               -Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хавтаст хэргийн 9-11-р хуудас/

               Иргэний хариуцагчийн төлөөлөгч Л.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нийслэлийн ерөнхий боловсролын 0 дүгээр сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг тус сургуульд би сүүлийн 12 жил тасралтгүй нийгмийн ажилтанаар ажиллаж байна. Б.Б нь багш уг сургуульд 2007 оноос хойш дизайн технологийн багшаар тус сургуульд ажиллаж байсан ба 2022 оны 00 дүгээр сарын 02-ны өдөр О.Г гэх хүүхдийн эрүүл мэндэд ажлын байранд хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Б.Б багш багшаар 26 жил ажиллаж байгаа ааш зан байдлын хувьд дөлгөөн тогтуун зантай, ажлын ур чадварын хувьд өндөр, урлаг спортын авьяастай, дизайн технологийн чиглэлийн багш нараа манлайлж ажилладаг манай тэргүүний багш байсан, ажлын цаг ашиглалт сайн, ажил таслаж байгаагүй, ажлын хариуцлага өмнө алдаж байгаагүй, нийтийн болон хамт олны ажилд санаачлага гаргаж манлайлж ажилладаг, үг дуу, цөөн дараа төлөв зантай хүн. Манай сургуулийн хувьд 3.000 орчим сурагчтай манай сургуулийн хувь анхаарал тавих шаардлагатай 48 сурагчийн бүртгэл байдгаас уг анхаарал хандуулах шаардлагатай сурагчийн бүртгэлд байдаггүй. Уг хэрэг болсоны дараа ангийн багш Б багшаас уг хүүхдийн талаар тодруулахад О.Г-ыг сурлага сайтай, зан харилцааны доголдол анхаарал татсан зүйлс байхгүй гэж тодорхойлсон. Одоо анги удирдсан багш нь тэтгэвэрт гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...миний өмнө өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй өмнө нь ярьсан зүйлс үнэн зөв. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэх юм бол тухайн хэрэг болох үед байсан ангийн дарга Мөнх-Эрдэнэ гэж хүүхэд байсан. Мөн тухайн үед зодсон даруйд сургуулийн эмчид үзүүлсэн би эмчийн нэрийг шинээр ирсэн эмч учраас мэдэхгүй байна...” гэж /хавтаст хэргийн 55-р хуудас/ мэдүүлж байсан.

Хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 61-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 62-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 63-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 64-р хуудас/, Хас банк ХХК-ийн дансны хуулга /хавтаст хэргийн 65-72-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр би технологийн хичээл орж байсан. Тухайн үед би хүүхдүүдэд их хүлээцтэй хандсан. Суугаад хичээлээ хий гэхэд огт намайг тоосон шинжгүй, пэ гэдэг муухай үг хэлсэн. Би 30 гаран жил ажилласан болохоор мэдэж байна л даа. Тухайн үед анх хэлэхэд би сануулж нясласан. Дахин хэлэхэд нь би буруутай үйлдэл гаргаж самбар дээр гаргаад мөр рүү нь цохих гээд өвдөглөх гэтэл нөгөө хүүхэд дальдчаад хамар руугаа цохиулсан. Би маш буруу үйлдэл гаргасан, гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10 өнгөрч байхад миний утас дуугарсан. Тэгээд утсаа авсан чинь ээжээ дарагдсан байна гэж хэлсэн. Миний хүү өмнө хичээл дээрээ байхдаа надруу залгаж байгаагүй юм. Тэгээд хүүгийнхээ дууг сонссон чинь сонин сонсогдсон. Удаагүй миний хүү эргэж залгаад ...ээжээ технологийн багш миний хамар руу өшиглөж, намайг зодсон, одоо хамар өвдөөд байна... гэж хэлсэн. Би тэр даруй сургууль орсон. Миний хүү тэр сургуулийн нийгмийн ажилтны өрөөнд сууж байсан. Хүүгийн маань хамар, хацар хэсэг хавдсан, хамаг хувцас нь цус болсон байсан. Ороод юу болсон талаар хүүгээсээ асуусан, ангийнх нь хүүхдүүдээс асуусан. Ангийн хүүхдүүд нь багш ингээд зодсон гэж хэлсэн. Би багштай уулзаад юу болж байгаа юм бэ гэж асуухад санамсаргүй байдлаар өвдгөө өргөж байхад хүү ирээд мөргөсөн, санаандгүй юм болсон гэж хэлсэн. Багш надад ингэж хэлчихээд уучлалт ч гуйгаагүй. Бас өөрийгөө 27-28 жил багшилсан хүн, 2 жилийн дараа тэтгэвэрт гарна, тохиролцоё гэж хандсан. Надаас огт уучлалт гуйгаагүй, эмнэлэг явах талаар ч хэлээгүй. Тэгээд удаагүй байж байтал ангийнх нь хүүхдүүд бичлэгийг нь гаргаж ирсэн. Би тэр бичлэгийг хараад энэ багшийг худлаа хэлснийг ойлгосон. Би тэр даруй цагдаа дуудсан. Нийгмийн ажилтан нь хүртэл цагдаа битгий дууд, тохиролцооч ээ гэж хэлсэн. Би энэ багшид эмнэлэг яваад хүүдээ ямар гэмтэл учирсан гэдгийг мэдсэний дараа тантай юм ярина гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад, хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн, эмнэлэг явсан. Мэдүүлэг өгч байхдаа энэ багшийг хамт эмнэлэг явж үзүүлье гэхэд миний өөдөөс уурласан. Энэ багш хэлэхдээ би явах шаардлага байхгүй, 100-200 мянган төгрөг өгөөд торгуулчихна гээд уурлаад Толгойтын эцэсээс намайг хаяад явсан. Тухайн өдөр би энэ хүнийг гэм буруугаа мэдээд, уучлалт гуйсан бол ойлгох байсан. Багш, сурган хүмүүжүүлэх хүн байж хүний хүүхдийг ийм болгочихоод дагаад явах байх гэж бодсон, яваагүй. Маргааш нь би Боловсролын яаманд өргөдөл өгөх гээд өргөдлөө бариад сургууль орсон. Гэтэл багш уулзъя гээд уулзсан. Миний хүүг 72 цагийн дараа хавдар нь буухаар хагалгаанд оруулна гэж хэлсэн. Багштай уулзаад өргөдлөө бичээд явж байна гэж хэлэхэд та битгий өргөдөл өгөөч ээ, би 2 жил багшлаад тэтгэвэртээ гарах гэж байна гэж хэлсэн. Миний ааваас ялгаа юу байхав, ямар ч байсан хүүхдээ үзүүлдэг газар нь үзүүлээд, явдаг газраар нь явж байж болно гэж хэлсэн. Гэтэл энэ хүн өөрийгөө л бодсон юм хэлж байсан. Тохиролцоё, миний багш утгаа алдаа гэж хэлсэн. Хэрэг болсон өдрөөс хойш миний хүү хагалгаанд ороод 2-3 хоног ямар ч нойргүй хоносон. Миний хүүгийн 2 хамранд чихээс хийсэн. 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хагалгаанд орно гээд хэлэхэд багш 1.000.000 төгрөгийг ямар ч байсан өгнө гэж хэлсэн. Хагалгаанд ороод бид хоёр мөнгөний асуудалтай болсон. Тэр өдөр Б.Б багштай цуг яваад хагалгаанд орсон. Чих, хамар, хоолойн эмчтэй уулзаж байхад Б.Б багш хажууд байсан, бүх асуудлыг өөрөө сонссон. Тэнд очоод миний хүүгийн нэг биш хоёр хамрын яс хугаралтай гэж мэдсэн. Эмч миний хүүг 17 нас хүрээд хамрын таславчийн хагалгаанд унтуулгатай орно гэж хэлсэн. Б.Б багш сонсоод байж байсан. Ер нь тэгээд гар бариад, за гэж салаагүй. Тэр өдрөөс хойш бараг сарын дараа Б.Б багш руу ярьсан. Багштай яриад ...хагалгаа, баримтаас гадна зөндөө зардал гарч байна, хүүхэд маань хүртэл сургуульдаа явж чадахгүй байна... гэж хэлсэн. Тэгсэн чинь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хонхны баяр болоод тэрнээс өмнөх 2 хоногт би хүүгээ сургуульд нь явуулсан. Миний хүү сургуульд явсан өдөр Монгол хэлний хичээл орж байхад Б.Б багш миний хүүг авч гаргаад өөр өрөөнд оруулж зургийг нь дарна гэж дарамтлаад зургийг нь дарсан байсан. Тэр асуудлыг миний хүүхэд хэлэхээр нь би менежер дээр нь очоод Б.Б багшийг дуудаад өгөөч гэж дуудуулаад ...та ямар зорилгоор миний хүүхдийн зургийг дарсан юм бэ... гээд утсыг нь аваад үзэхэд миний хүүхдийн зураг, өөр 2-3 хүүхдийн зургийг дарсан байсан. Та энэ хүүхдүүдийн зургаар яах гэж байгаа юм бэ гэхэд намайг менежерийнхээ дэргэд ...хорвоо, дэлхий бөөрөнхий шүү, чи надтай хаана ч таарна шүү... гэж хэлсэн. Тэгээд би тэр зургийг устгасан. Ямар учраас зураг авсан юм бэ гэхэд эхнэртээ үзүүлэх гэж байсан гэж хэлсэн. Би энэ асуудлаас өмнө Б.Б багшийг эхнэрээсээ айгаад хэлж чадахгүй байгаа бол өмнөөс чинь хэлээд өгье гэж хэлж байсан. Би энэ багшийн өөдөөс нэг удаа ч гэсэн уурлаж харьцаж байгаагүй. Энэ асуудлаас болж манайх 2 хүүхдээ тэр сургуулиас гаргасан. Мөн гэрээ нүүлгэж өөр газар амьдрах болсон. Миний хүүхдийн хамар байнга битүүрч, нулимс нь байнга гоожоод байгаа. Хүүгээ 17 нас хүрээд хагалгаанд орохыг хүлээнэ гэхэд хол байна. Бид зөндөө эмнэлгээр явсан. Солонгос улсад хагалгаа хийдэг юм байна. Надаас нийт гарсан зардал болон гарах эмчилгээний зардал нийлээд 23.792.855 төгрөг болж байгаа. Эндээс өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, надаас гарсан төлбөр 1.032.580 төгрөг гарсан. Солонгос улсад очоод хагалгаа хийлгэх, эмчийн үзлэгийн төлбөр зэрэг нийт 20.260.275 төгрөг болж байгаа. Энэ төлбөрт онгоцны зардал ороогүй байгаа. Солонгос улсаас ирсэн хариуд шинжилгээний хариунаас хамаарч төлбөрт өөрчлөлт орж магадгүй гэсэн байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Л.Н мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч О.Г-ын биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт хамрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл учирсан нь “хөнгөн” хохиролд хамаарч байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч О.Г-ын эрүүл мэндийн эсрэг үйлдэл буюу түүний нүүрэн тус газар нь нясалж, хамар хэсэг рүү нь өвдөглөсөн нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О “эмчилгээний зардал 22.792.855 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна. Энэ нь өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөг үлдсэн нь насанд хүрээгүй хохирогч О.Г-ыг Солонгос улсад эмчилгээ хийлгэх зардал юм.” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь хохиролд 1 сая төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал болох 2,500,000 төгрөг нь уг гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан бодит зардал гэж үзсэн.

Монгол улсын Засгын газрын 2018 оны 5 сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамын 2.2. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх зардлын хэмжээ нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэрээр тодорхойлогдоно.

2.6.6. насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэж заасан байдаг тул дээрх зардлыг гаргуулах зүйтэй гэж үзсэн.

Харин шүүгдэгч Б.Б нь Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулийн дизайн технологийн багшаар ажиллаж байсан болох нь түүний сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны болон ажил байдлын тодорхойлолтын хуулбар, талуудын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр багшийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, сургуулийн танхимд сурагчийнхаа биед гэм хорын хохирол учруулсан нөхцөл байдалтай байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” Мөн хуулийн 506 дугаар зүйлийн 506.1. “Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэж тус тус заасантай нийцүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ад учирсан зардал буюу өмгөөлөгчийн хөлс болох 2,500,00 төгрөгийг ажил олгогч байгууллага байгууллага болох Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулиас гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ад олгох нь хууль зүйн үндэслэл бүхий гэж үзлээ.

Харин нэхэмжлэлээс үлдэх 20,292,855 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч О.Г-ыг Солонгос улсад эмчилгээнд явах зайлшгүй шаардлагатай эсэх баримт бүрдүүлбэр дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б-нийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй. Прокуророос ял оногдуулахдаа ял биелэгдэх боломжтой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзсэн. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн. Прокуророос ял оногдуулахад ямар нэгэн байдлаар хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Тусгайлсан гаргах саналгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.Б гэмт хэрэг үйлдсэн, бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаа нэгэнт хүлээн зөвшөөрч байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй. Баримтын хүрээнд хохирлоо төлсөн. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харьцаанаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзаад торгуулийн ял оноож өгнө үү. Б.Б өндөр настай ээжийн хамт амьдардаг, ээжийнх нь бие муу байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч: “...Хүүхэдтэй болгоомжтой харьцах ёстой юм байна. Эцэг эхийн хүмүүжилтэй холбоотой асуудал байна. Хүмүүжилгүй хүүхдийг хамаагүй сургах гэж гүйгээд хэрэггүй. Би хамгийн буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Б-нд гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.   

Улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ч шүүгдэгчийн ам бүл /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг/-ийн байдал, насны байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзэж, мөн хохирол төлбөрт 1 сая төгрөг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг нь дүгнэн торгох шийтгэх оногдуулах нь тохиромжтой гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт Б-гийн -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Б-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дүгээр сургуулиас 2,500,000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ад олгосугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.УРАНГУА