Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч Ж.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гэрэлт-Од-д холбогдох 2232001500124 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг, Баян-суудлын 1-34 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дугаартай шийтгэх тогтоолоор/2002 оны/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №159 дугаартай шийтгэх тогтоолоор/2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жамсрангийн Гэрэлт-Од/рд:СЗ80100111/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ж.Гэрэлт-Од нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баян-суудлын 1-34 тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Золжаргалын толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гэрэлт-Од мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхад Золжаргал манайд орж ирсэн юм. Тухайн үед би гэртээ хонины толгой чанаад идээд сууж байхад Золжаргал намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад толгой руу нь гараараа нэг удаа цохисон юм. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232001500124 тоот хавтаст хэргээс

 

   Хохирогч Б.Золжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчим намайг гэртээ байж байхад Ж.Гэрэлт-Од манай гэрт орж ирээд гар утсаа цэнэглээд явсан. Тэгээд өдөр 15 цагийн орчим би Ж.Гэрэлт-Одын гар утас нь дуугараад байхаар нь би утсыг нь өгөх гэж Ж.Гэрэлт-Одын гэрт ороход Ж.Гэрэлт-Од эхнэр Чимгээ Байнаа өвөө/жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нар архи уугаад сууж байсан. Би Ж.Гэрэлт-Од-д чиний гар утас руу хүн залгаад байсан би чиний утсыг аваагүй шүү гэж хэлээд гар утсыг нь өгөх гэтэл хэн залгасан юм би гэж асуухаар нь би дуудсан дугаарыг чинь гаргаж өгье гэхэд Ж.Гэрэлт-Од түүний эхнэр Чимгээ нар гар утсаа булаацалдаад байсан. Тэгээд Байнаа өвгөн Золжаргалд нэг хийгээд өгөөч гэхэд Ж.Гэрэлт-Од 5 литрийн савтай хажууд байсан цагаан цайвар өнгийн шилтэй архи гаргаж ирээд тухайн архиа аягалаад Чимгээтэй хэрэлдээд байсан. Байнаа өвгөн энэ хоёр хоорондоо хэрэлдээд байх юм гэж хэлээд байхаар нь би гэртээ харих гэж босоход Ж.Гэрэлт-Од архины шилээр миний толгойн тус газарт цохихоор нь би газарт унаж хоёр гурав өнхрөөд харахад цагаан цайвар өнгийн архины шил газарт унаж байсан. Би тэр архины шилийг аваад үүдний амбаарын булан руу шидсэн. Чимгээ намайг чи босоод хурдан яваа ч гэж хэлсэн. Би босоод явах гэтэл миний толгой эргээд чих шуугиад нүд харанхуйлаад босож чадахгүй байхаар нь би Чимгээд чи намайг хашаанаас гаргаад өгөөч гэж гуйхад Чимгээ миний хажуу талаас түшиж хашаанаас гаргаж өгөх гэтэл Гэрэлт-Од чамайг алаад өгье гэж орилоод Байнаа өвгөн үүдний амбаарын банз руу шахаад зогсож байсан. Чимгээ намайг түшиж хашааны гадаа гаргаж өгөөд буцаад гэр рүүгээ явсан. Би босож чадахгүй аавынхаа хашаа руу газар мөлхөөд явж байхад Чимгээ буцаж гарч ирээд намайг манай аавын гэрт оруулж өгсөн. Манай аавын гэрт аав, ээж эмэгтэй дүү нар байж байсан. ...ж.Гэрэлт-Од архины шилээр миний толгойн тус газар цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 28-29  дүгээр хуудас/

Гэрч Б.Ваня мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Намайг гэрийнхээ хашаанд юм хийгээд байж байхад манай хөрш айл болох Гэрэлт-Одын эхнэр Чимгээ “та манай гэрт орж ирээд хонины толгой ид” гэхээр нь би Ж.Гэрэлт-Одын байшингийн үүдний амбаарт орсон. Намайг тэдний амбаарт цай уугаад сууж байхад гаднаас Б.Золжаргал орж ирсэн. Тэгээд Б.Золжаргал, Ж.Гэрэлт-Од хоёр юунаас болж маргалдсаныг нь би сайн сонсоогүй. Ж.Гэрэлт-Од гэрээсээ Б.Золжаргалыг хөөгөөд яв гэж хэлэхэд Б.Золжаргал сандал дээрээс босоход Ж.Гэрэлт-Од баруун гараараа Б.Золжаргалын чихний ойролцоо нэг удаа цохиход Б.Золжаргал газар унахаар нь би Ж.Гэрэлт-Одыг барьж аваад амбаарын модноос шахаж барьсан. Чимгээ Б.Золжаргалыг аваад амбаараас гарсан. Намайг Ж.Гэрэлт-Одыг тэвэрч байхад ална аа чамайг гэж нэг удаа орилсон. Чимгээг хашааны гаднаас орж ирэхээр нь би Ж.Гэрэлт-Одын гэрээс гараад явсан. ...Б.Золжаргал бусдын эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Ж.Гэрэлт-Од баруун гараараа Б.Золжаргалын чихний ойролцоо нэг удаа цохисон. Тэрнээс өөр зодоон болоогүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч О.Гантогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагаас 19 цаг хүртэл олон нийтийн цагдаа М.Хажимханы хамт Мандал сумын төвийн хэсэгт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Өдөр 15 цагийн орчим цагдаагийн хэлтсийн жижүүрээс 3 дугаар баг Баян-суудлын 1-34 тоотод хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага өгсөн. Би М.Хажимханы хамт Б.Золжаргалын гэрт ороход Б.Золжаргалын байшингийн том өрөөний шал дээр дээшээ харсан байдалтай зүүн чихний орчмоос цус гарсан байсан. Би Б.Золжаргалаас юу болсон талаар асуухад Ж.Гэрэлт-Од миний зүүн чихний орчим архины шилээр цохисон гэхээр нь би яаралтай түргэн дуудаж үзүүл гэж хэлээд Ж.Гэрэлт-Одын гэр рүү явсан. Ж.Гэрэлт-Од нь байшингийн тамбарт хонины толгой мөлжөөд сууж байхаар нь би юу болсон талаар асуухад Ж.Гэрэлт-Од нь Б.Золжаргал манай гэрт агсан тавиад байхаар нь гараараа нэг удаа цохисон гэхээр нь дуудлагын дагуу цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд Ж.Гэрэлт-Одыг авч ирж эрүүлжүүлсэн.  ...Б.Золжаргалын амнаас архи үнэртэж байсан хэр согтуу байсныг нь сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 33 дугаар хуудас/

Гэрч М.Хажимхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн 70367102 дугаарын утсаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баян-суудлын 1-34 тоотод хүмүүс хоорондоо маргалдаж зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу О.Гантогтохын хамт очиход зодуулсан гэх Б.Золжаргал нь гэртээ орсон газар хэвтэж байсан. Түүнээс юу болсон талаар асуухад Ж.Гэрэлт-Одын гэрт орж утсыг нь өгөөд гарахын хооронд Ж.Гэрэлт-Од намайг архины шилээр толгой руу цохисон тэгээд чихнээс цус гараад байна гэсэн байдалтай хэвтэж байхаар нь эмнэлгийн байгууллага дуудаж өгсөн. Тэгээд Ж.Гэрэлт-Одын гэрт ороод түүнээс юу болсон талаар  асуухад Бид хоёр сая бага зэрэг маргалдаад Золжаргалыг гараад явахаар нь араас нь би архины шилээр толгой хэсэг нь нэг удаа цохисон юм гэж хэлэхээр нь Ж.Гэрэлт-Одыг цагдаагийн байгууллага дээр авч ирж эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 35 дугаар хуудас/

Гэрч Б.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...15 цагийн үед ах гадагшаа гараад явж байгааг би цонхоор харсан. Хаашаа явж байгаа юм бол гээд бодож байсан.Удаагүй 5-10 минутын дараа Б.Золжаргал хөрш айлын Чимгээ эгчээр түшүүлсэн орж ирсэн. Гэрт орж ирээд шууд сөхрөөд унасан. Би түүнээс юу болсон талаар асуухад Гэрэлт-Од сая намайг архины шилээр толгой руу цохичихлоо гээд чихнээс нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч ах Б.Золжаргалыг эмнэлэг рүү Гэрэлт-Одыг цагдаа нар ирээд аваад явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 37 дугаар хуудас/

Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Зүүн чихний ар дээд хэсэгт хуйханд 1х1см, 1х1 см хүрэг өнгийн тав тогтсон зулгаралттай байсан тул дээрх зулгаралт бүхий газарт мохоо хүчин зүйлийн цохилтоор тухайн хүний гэмтэл үүссэн байх боломжтой бөгөөд гараа атгаж хүчтэй цохих болон архины шилээр цохиход үүсэх боломжтой гэмтэл юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 41 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 7 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №6693 дугаартай хуудас/Хх-ийн 17 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №143 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1. Б.Золжаргалын биед зүүн чамархай яс хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан хугарал, зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан цустай зүүн талын чамархайн дэлбэнгийн кортикал давхаргад цус хуралт няцралын голомт тархины эдэд хаван, зүүн чихний арын хуйхны хэсэгт зулгаралт, зүүн зулай чамархайн ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

             5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс шалтгаална. ...гэх дүгнэлт/Хх-ийн 22-23 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 49 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Гэрэлт-Одын иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 62 дугаар хуудас/

Хохирогч Б.Золжаргалын эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг хүлээн авсан тухай банкны орлогын мэдүүлэг, 913450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авахгүй гэх тодорхойлолт,гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Ж.Гэрэлт-Одыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  Ж.Гэрэлт-Од нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баян-суудлын 1-34 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Золжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж зүүн чамархай яс хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан хугарал, зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан цустай зүүн талын чамархайн дэлбэнгийн кортикал давхаргад цус хуралт няцралын голомт тархины эдэд хаван, зүүн чихний арын хуйхны хэсэгт зулгаралт, зүүн зулай чамархайн ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Б.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /Хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Б.Ванягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч М.Хажимханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 37 дугаар хуудас/, шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 41 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Яаралтай тусламжийн №6693 дугаартай хуудас/Хх-ийн 17 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №143 дугаартай дүгнэлт /Хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ж.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Гэрэлт-Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Гэрэлт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч Б.Золжаргал нь эрүүл мэндэд зүүн чамархай яс хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан хугарал, зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан цустай зүүн талын чамархайн дэлбэнгийн кортикал давхаргад цус хуралт няцралын голомт тархины эдэд хаван, зүүн чихний арын хуйхны хэсэгт зулгаралт, зүүн зулай чамархайн ар хэсэгт зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Б.Золжаргал нь эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэх эмчилгээний зардлын 23 ширхэг 2913450 төгрөгийн баримтыг гаргаж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа ба шүүгдэгч Ж.Гэрэлт-Од нь хохирогчид 2000000 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн, үлдэх 913450 төгрөгийг хохирогч шүүгдэгчээс гаргуулж авахаас татгалзаж, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь  зүйтэй байна

 

Гурав.Шүүгдэгч Ж.Гэрэлт-Одод оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.Гэрэл-Од  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баян-суудлын 1-34 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Золжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохиж зүүн чамархай яс хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан хугарал, зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан цустай зүүн талын чамархайн дэлбэнгийн кортикал давхаргад цус хуралт няцралын голомт тархины эдэд хаван, зүүн чихний арын хуйхны хэсэгт зулгаралт, зүүн зулай чамархайн ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Ж.Гэрэлт-Одод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь 10000000 төгрөгөөс 40000000 төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Гэрэлт-Одын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн торгох ял шийтгэлийг хүлээлгэж болох боловч шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажил, тогтсон орлогогүй, торгох ялыг биелүүлэх чадваргүй байх тул ял гарцаагүй байх,  биелэгдэх боломжтой байх заримыг баримталж хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүйгээр хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Гэрэлт-Од нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Жамсрангийн Гэрэлт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлт-Одыг 01/нэг/ жил, 02/хоёр/сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Гэрэлт-Одод оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлт-Одод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар  нээлттэй хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч Ж.Гэрэлт-Од нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Золжаргалд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 2000000/хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч үлдэх 913450 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгчээс авахгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Гэрэлт-Одод өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ