Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

 Улсын яллагч Т.Өсөхболд,

Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000264 дугаартай, 178/2021/0241/Э/ индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                               

                         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Давст багт оршин суух, ПЗ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.

            

                                 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ач заяа” хүн эмнэлгийн 301 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байхдаа С.*******ийн эзэмшлийн,,, тоот дансны “виза” картыг авч АТМ-аас 490.000 төгрөгийг гаргуулж авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын14-ний өдрийн 10 цагийн орчим миний ХААН банкны ...тоот данснаас 490.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Миний карт байх газраа байгаагүй өөр газарт байсан.Тэгтэл хамт хэвтэж байсан Ц.******* авсан байсан. Бэлнээр мөнгөө хүлээж авсан.Одоо нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй болно./хх-7,46х/

Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2022 оны 10 дугаар сарын14-ний өдөр Нийгмийн даатгалын хажуугийн АТМ-д нэг хүүхэдтэй залуухан эмэгтэй намайг мөнгө авахад туслаач гэхээр нь эхлээд үлдэгдлийг нь шалгахад 490.000 төгрөг байсныг надаар авхуулсан юм” гэх мэдүүлэг/хх-9х/

АТМ-ийн хяналтын камерын бичлэгийг хураан авсан тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт/хх12-18х/

Хохирогч С.*******ийн ХААН банк дахь ...тоот данснаас 490.300 төгрөгийн зардал гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт баримтжуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /ххх-18х/

Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд/хх-23-24, 52-55х/

Ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас хэргийн 49 дүгээр хуудсанд тус тус авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ач заяа” хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хамт байсан С.*******ийн эзэмшлийн,,,, тоот дансны “виза” картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч АТМ-аас 490.000 төгрөг авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Ц.*******ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.******* нь эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Хохирогч С.******* нь” 490.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан ямар нэгэн санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул /хх-57х/ шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 49-р хуудас/ -аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд/хх-23-24, 52-55х/

Шүүгдэгч Ц.*******ын хүү 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрснийг бүртгэсэн бүртгэлийн лавлагааг шүүхэд ирүүлсэн болно.

Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ц.******* нь тайван дөлгөөн зантай. Айлын ганц охин. Аав ээж 2 нь 2-лаа нас барсан. 2016 онд гэр бүл болж Мөст суманд амьдардаг. Одоо 3 хүүхэд, нөхрийн хамт мал маллаж амьдардаг. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг/хх-32х/ тус тус цугларсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх дүгнэлт.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Ц.******* нь бага насны 3 хүүхэдтэй хамгийн бага нь 2021 онд төрсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн 2136000000264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6/зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 2136000000264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС