Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2021/0029 

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: З.Бийн гомдолтой,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Ст холбогдох,

Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын №1451201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч З.Б шүүхэд гаргасан гомдолдоо:

Монгол улсын иргэн З.Б миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн эрхээ эдэлж Баян-Өлгий аймгийн Сонгуулийн тойрог буюу 2 тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин сонгуулийн компанит ажлаа эхлүүлэн зохих хуулийн  дагуу нэр  дэвшин өрсөлдөөн.

Улмаар сонгуулийн явцад миний бие сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах  зардлын санхүүжилтийг өөрийн намд шилжүүлж намаас сонгуулийн зардлыг тухай бүр гаргаж санхүүжүүлж байсан болно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн  сурталчилгааны явцад миний бие хувиасаа ямар нэгэн сонгуулийн зардлыг гаргаж байгаагүй ба нам болон эвслээс сонгуулийн зардлыг гаргаж байсан.

Гэвч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1451201 тоот шийтгэлийн хуудсаар иргэн намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 27 дахь хэсэг буюу “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод  мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийн хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Миний бие энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх зохицуулалт”, мөн тус бүлгийн 29 дүгээр зүйлд “Нэр дэвшүүлэх  нийтлэг журам”, мөн 30 дугаар зүйлд “Нам, эвслээс нэр дэвшүүлэх”, 31 дүгээр зүйлд “Бие даан нэр дэвшүүлэх” зохицуулалтыг тус тус хуульчилж өгсөн.

Энэхүү хуулийн зохицуулалтын ойлголтоос харвал Намаас нэр дэвшигч, Эвслээс нэр дэвшигч, Нэр дэвшигч буюу бие даан нэр дэвшигч гэх зохицуулалттай байна.

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хонгийн өмнө нийтэд тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” зохицуулалттай бөгөөд энэхүү зохицуулалтад эвслээс нэр дэвшигчид  хамаарахгүй зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, энэхүү зохицуулалт нь зөвхөн нам, эвсэл, бие даан дэвшигчид хамаарах зохицуулалт бөгөөд эдгээр гурван этгээд л явцын тайлан гаргаж өгөх ёстой ойлголт юм.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаач нь 2021 оны 01 дүгээр сарын 1451201 тоот шийтгэлийн хуудсаар иргэн намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 27 дахь хэсэг сонгуулийн явцын тайлан гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр 20 000 нэгж буюу 20 000 000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 1451201 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 1451201 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Сээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Монгол Улсын Ерөнхий аудиторт болон Сангийн яамны Нягтлан болох бүртгэлийн Улсын ерөнхий байцаагчийн ирүүлсэн “Арга хэмжээ авч ажиллах талаар” албан тоотын дагуу Улсын Их Хуралд 2 дугаар тойргоос нэр дэвшсэн З.Бт холбогдох сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлээгүй гэх зөрчлийн хэргийг Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.С миний бие 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шалгасан болно.

 Холбогдогч З.Б нь биеэр ирж мэдүүлэг өгөх боломжгүй байсан бөгөөд өөрөө Өмнөговь аймагт ажиллаж байгаа талаар дурдаж тайлбар ирүүлсэн ба уг тайлбартаа “Сонгуулийн сурталчилгааны явцад санхүүгийн тайлангаа өөрийн биеэр гаргаж өгөх цаг хугацааны хувьд боломжгүй байсан тул “Та бидний эвсэл”-ийн санхүү хариуцсан ажилтан С.Е тайлан гаргаж өгөх үүрэгтэй ажилласан. Гэвч тайланг гаргаж өгөөгүй байна” гэжээ.

Холбогдогчийн ирүүлсэн тайлбарын дагуу “Та бидний эвсэл”-ийн санхүү хариуцсан ажилтан С.Е гэрчийн мэдүүлэг авсан юм.

Гэрч С.Е ь мэдүүлэгтээ “нэр дэвшигч нь надад сонгуулийн зардлын тайлан өгөх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, явцын тайлан өгнө гэдгийг надад яриагүй, зөвхөн мөрийн хөтөлбөрийг Аудитын байгууллагад өгнө гэсэн тул миний бие мөрийн хөтөлбөрийг хүргүүлсэн, тэдний өмнөөс тайлан гаргаж Аудитын байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээгээгүй, харин сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахад гарсан зардлын талаарх мэдээллийг өөрсдөд нь тухайн үед гаргаж өгч байсан” гэв.

Үндэсний Аудитын газраас ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдогчийн өөрийн ирүүлсэн тайлбар, гэрчийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд холбогдогч нь сонгуулийн явцын тайлангаа гаргаж, Үндэсний Аудитын газарт хүргүүлээгүй байгаа нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 27 дахь заалтад нэр дэвшигч, нам, эвсэл, авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасан байгаа ба холбогдогч нь нэр дэвшигч гэсэн заалтад хамаарч байгаа тул миний оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд З.Бийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч З.Бээс Баян-Өлгий  аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Ст холбогдуулан гаргасан гомдлыг тус шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 110/ШЗ2021/0082 дугаартай захирамжаар[1] захиргааны хэрэг үүсгэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар 112.4-т “Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”,  112.4.3-т “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, 112.5-т “Энэ хуулийн 112.4.1, 112.4.3-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан ба энэ маргаан  нь анхан шатны шүүхийн тусгай журмаар шийдвэрлэх маргаан юм.

Шүүхээс энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасны дагуу “... хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан” үндэслэлээр шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагт хуралдуулахаар шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШЗ2021/0117 дугаартай захирамжаар[2] товлон зарласан. 

Товлон зарлагдсан шүүх хуралдааныг гомдол гаргагч З.Бийн өмгөөлөгч Ч.А хүсэлтээр шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШЗ32021/0139 дугаартай захирамжаар[3] 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагт гэж, гомдол гаргагч З.Бийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 110/ШЗ32021/0150 дугаартай захирамжаар[4] 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 8:00 цагт гэж, улмаар өмгөөлөгч Ч.Атарболдын хүсэлтээр шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 110/ШЗ32021/0167 дугаартай захирамжаар[5] 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9:00 цагт гэж тус тус нийт 3 удаа хойшлуулсан.

Энэхүү шүүх хуралдааныг дахин  хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч Ч.А гаргасан байх ба шүүхээс урьд өмнө гомдол гаргагч талын хүсэлтээр удаа дараа хойшлуулсан, хэргийн оролцогч нь цахимаар оролцох нөхцөлийг өөрөө хангах үүрэгтэй, хэргийг хянан шийдвэрлэх  хуулийн хугацаа хэтэрсэн,  шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг зайлшгүй оролцуулах шаардлагагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэх үндэслэлүүдээр шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж,  шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр   хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.С нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн З.Б нь сонгуулийн зардлын явцын тайлангаа Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор[6] зөрчлийн хэргийг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад, зөрчил нь тогтоогдсон гэж үзэн, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1451201 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[7] Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр  буюу 20.0 сая төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан ... зохицуулалт нь зөвхөн нам, эвсэл, бие даан дэвшигчид хамаарах зохицуулалт бөгөөд эдгээр гурван этгээд л явцын тайлан гаргаж өгөх ёстой ойлголт юм” гэж тайлбарлан маргажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ”,  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т “нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 11.13 дугаар зүйл, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд  Зөрчлийн  тухай хуулийн тусгай ангид торгох шийтгэл ногдуулахаар заасан  зөрчилд, тодруулбал,  нэр дэвшигч нь сонгуулийн зардлын зарцуулалтын  явцын тайланг хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй гэх зөрчилд  торгох шийтгэлийг  хуулиар эрх олгосон эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч оногдуулахаар заажээ.

З.Бт торгох шийтгэл ногдуулсан нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Сийн улсын байцаагчийн эрхийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А193 дугаар тушаалын[8] 1 дэх заалтаар  2 жилийн хугацаагаар олгосон, энэ хугацаа нь  2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дууссан, улмаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А25 дугаар тушаалын[9] 1 дэх заалтаар  улсын байцаагчийн эрхийг 2 жилийн  хугацаагаар дахин олгосон үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд,  Х.С нь улсын байцаагчийн эрхгүй байсан  2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд   гомдол гаргагч З.Бт зөрчлийн хэрэг нээн, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсаар торгох шийтгэлийг ногдуулсан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, үүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигджээ.

Иймд гомдол гаргагч З.Бийн гомдлын шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №1451201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 06-ны өдрийн №1451201 дугаартай шийтгэлийн хуудсыг  “эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ногдуулаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул З.Б нь  Улсын Их Хурлын сонгуульд “Та бидний эвсэл”-ээс 2 тойрогт нэр дэвшсэний хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан “...нэр дэвшигч-д хамаарах” эсэх, сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг гаргах этгээд мөн эсэхэд тус тус дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн  27, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч З.Бийн  гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү,төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Сийн үйлдсэн 2021 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 1451201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч З.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан З.Бт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

 

[1] Хэргийн 11 дүгээр хуудас

[2] Хэргийн 52 дугаар хуудас

[3] Хэргийн 84 дүгээр хуудас

[4] Хэргийн 86 дугаар хуудас

[5] Хэргийн 108-110 дугаар хуудас

[6] Хэргийн 22 дугаар хуудас

[7] Хэргийн 5 дугаар хуудас

[8] Хэргийн 92 дүгээр хуудас

[9] Хэргийн 91 дүгээр хуудас