Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 39

 

“Ж” ХХК-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0039/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Д.Энхжаргал,

Хохирогч О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж, Ц.Батзаяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л, өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж нарын давж заалдах гомдлоор Ж ХХК-д холбогдох эрүүгийн 1840000570090 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 3-р хороонд байрлах, .......... регистрийн дугаартай, төмрийн хүдрийг баяжуулах, экспортлох, машин тоног төхөөрөмж суурилуулалт, холбогдох засвар, үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ж ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн, Бүгд найрамдах Хятад ард улсад 1974 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, БНХАУ-ын Хөбей муж Рун чен муж Нан хуан лу Жиан хан Жан шу юуан 402 тоотод оршин суух, Монгол Улсад Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 15-р хороо “Намуун төгөл” хотхоны 4а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л  

Шүүгдэгч Ж ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт Ж ХХК-ийн байранд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүй химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ж ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.3 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол Улсын хуулийн этгээд, ......... регистрийн дугаартай Ж-ХХК-ийг төмрийн хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 50000 /тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ж-ХХК-д оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаас шүүгдэгч хуулийн этгээд Ж-ХХК-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Ж-ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л-н ..... дугаартай паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Л-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнд хадгалагдаж байгаа 11 нэр төрлийн, 48 ширхэг химийн хорт, аюултай бодисыг устгахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л болон өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Ж ХХК-ийг анх гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Б” худалдааны компанид Ж ХХК-ийг бүрэн шилжүүлсэн, улмаар компанийн гүйцэтгэх захирал Л- нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл Ж ХХК нь байгуулагдсанаасаа хойш 2 өөр удирдлагын дор, өөр менежментээр ажиллаж ирсэн. Ж ХХК нь төмрийн хүдрийг баяжуулан боловсруулж ирснээсээ хойш 2012 онд үйлдвэрлэлийн баяжуулах дээжид химийн анализ хийх зорилгоор буюу судалгаа, шинжилгээний зориулалтаар лаборатори туршиж эхлэхээр Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан давсны хүчил /HCI/, калийн бихромат /K2Cr2O7/, натрийн хлорид /NaF/, мөнгөн усны хлорид буюу камолел /Hg2CI2/, химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтаагүй калийн фторид-2 молекул устай /КF.2H2O/, цагаан тугалганы хлорид-2 молекул устай /SnCI2.2H2O/, натрийн дифениламин 4 сульфонат /C12H10NNaO3S/ зэрэг химийн бодисуудаа 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд заасан устгах зөвшөөрөл бүхий “ТВХ” ХХК-д өгч устгуулахаар шилжүүлсэн. Шилжүүлэн өгөхдөө 20 граммаас 1 литр орчим савалгаатай 30 шилтэй химийн бодисыг авч үлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хураагдсан 11 төрлийн 48 ширхэг саванд савлагдсан химийн бодисын 6 төрлийн химийн бодис нь Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны хамтарсан А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт /химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт/-д багтсан байна.

Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 660-т бичигдсэн мөнгөн усны хлорид буюу камолел /Hg2CI2/ нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн бодис юм.

Өөрөөр хэлбэл хойшлуулшгүй тохиолдлоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хураагдсан химийн бодисуудын нэг нь буюу мөнгөн усны хлорид буюу камолел /Нg2CI2/ нь ашиглах зөвшөөрөл авах шаардлагатай бодис байсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 334/104 дүгээр хамтарсан Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4-т “Доорх төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдахад энэхүү журам хамаарахгүй” гээд 2.1.4.1-д “Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 литр эсвэл 1 килограммаас бага хэмжээтэй, “Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт” болон “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д ороогүй бодис, урвалжууд”-ыг энэхүү журамд хамруулахгүйгээр зохицуулжээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 28/40/29 дугаар хамтарсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд дээрх бодисыг хадгалахад тавигдах шаардлагыг зааж өгснөөс, хадгалахад зөвшөөрөл авах талаар тусгайлан заагаагүй.

Өөрөөр хэлбэл Ж ХХК-ийн өмнөх удирдлагуудын ажиллаж байсан цаг хугацаанд химийн бодис хадгалсан үйлдэлд үйлчилж байсан. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд химийн бодис хадгалахад зөвшөөрөл авах талаар тусгайлан заасан ямар ч зохицуулалт байдаггүй болно.

Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалын хавсралт Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын З.б-д “Химийн бодис экспортлох, импортлох, худалдах, ашиглах, үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь бодисыг хадгалахдаа энэ журмын 2.1-д зааснаас гадна дараах шаардлагыг биелүүлсэн байна” гэж заасан ба энэхүү журамд мөн адил химийн бодисыг хадгалахад тусгай зөвшөөрөл авах талаар тусгайлсан зохицуулалт байдаггүй юм.

Ж ХХК нь судалгаа, шинжилгээний зориулалтаар авсан фосфорын хүчил, хүхрийн хүчил зэрэг бодис нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 334/104 дүгээр хамтарсан Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг зөрчөөгүйг илтгэж байна.

Өөрөөр хэлбэл судалгаа, шинжилгээний зориулалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнд савлагдсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан буюу Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт болон Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ороогүй фосфорын хүчил, хүхрийн хүчил зэргийг хадгалсан, нөгөөтэйгүүр Ж ХХК ХХК нь фосфорын хүчил, хүхрийн хүчил зэрэг химийн бодисыг ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байх бөгөөд судалгаа, шинжилгээ хийхэд Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг авах талаар хууль, журмын зохицуулалт байдаггүй, судалгаа, шинжилгээний зориулалтаар зөвшөөрөгдсөн хэмжээнд савлагдсан буюу зөвшөөрөл авахаар заагаагүй химийн бодисыг хадгалсан нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй болно. Ж ХХК-ийн урьд хадгалсан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан бодис /Давсны хүчил, калийн бихромат, натрийн фторид/, химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтаагүй бодис /калийн фторид-2 молекул устай, цагаан тугалганы хлорид-2 молекул устай, натрийн дифениламин 4 сульфонат/ зэргийг хадгалсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон Мөнгөн усны хлорид буюу камолел /Нg2CI2/ болон Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан бодис /Давсны хүчил, калийн бихромат, натрийн фторид/, химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтаагүй бодис /калийн фторид- 2 молөкул устай, цагаан тугалганы хлорид-2 молекул устай, натрийн дифениламин 4 сульфонат/ зэргийг хадгалж эхэлсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэргийн субъектэд хуулийн этгээд гэх ойлголт байгаагүй ба 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийн субъект нь хуулийн этгээд байхаар заажээ.

Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс 2015 оны Эрүүгийн хуулиар химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэгт хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон нь хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл үл болно.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно" гэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа гэдэг нь үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний диспозицд заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн цаг хугацаа юм. Нэгдсэн нэг зорилгод хүрэхийн тулд хийсэн хоорондоо ижил үйлдлүүдийн нэгдлийг үргэлжилсэн үйлдэл гэх ба 2 өөр удирдлагын дор, 2 өөр цаг хугацаанд үйлдэгдсэн үйлдэл, эс үйлдэхүйг үргэлжилсэн үйлдэл гэж үзэх нь өөрөө учир дутагдалтай. Ж ХХК-ийн өмнөх удирдлагын авч үлдсэн химийн бодисыг дараагийн удирдлагад халдааж түүнийг хадгалсан гэж байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэж заасныг зөрчиж байна.

Иймд 2 өөр цаг хугацаанд, 2 өөр удирдлагын үед үйлдэгдсэн үйлдэл, эс үйлдэхүйг зөв тогтоож, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн, Мөнгөн усны хлорид буюу камолел /Hg2Cl2/ болон давсны хүчил, калийн бихромат, натрийн фторид, калийн фторид-2 молекул устай, цагаан тугалганы хлорид-2 молекул устай, натрийн дифениламин 4 сульфонат зэргийг хадгалсан үйлдэл, эс үйлдэхүйг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглэж, уг хуульд хуулийн этгээд гэх ойлголт байгаагүйг хянан гэмт хэрэгт тооцохгүй байхаар шийдвэрлэж өгнө үү.

Хэдийгээр гэмт хэрэг гараагүй боловч Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан журамд заасан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах үндсэн шаардлага, технологийн горимыг зөрчиж химийн бодисыг хадгалсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлд зааснаар шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2019/ШЗ/105 дугаар шүүгчийн захирамж гарч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Л-г Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ авсан.

Шүүх Ж ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ”, 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч энэ хуульд заасан яллагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гээд уг хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчийн үүргийг хуульчилсан ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагчийн үүргийг зөрчөөгүй байхад Ж-ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Иймд Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Л-г Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л- болон түүний өмгөөлөгч Д.Даваадорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тус компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь захирал Л- нь дээрх хуулийн 9.1-д заасан шийдвэрийг дангаараа, эсхүл хэн нэгэнтэй хамтран, эсхүл уг Ж ХХК-ийн ашиг сонирхлын төлөө гаргасан санаа зорилго, сэдэл байхгүй юм. Хэрэгт ч энэ тухай баримт байхгүй бөгөөд Ж ХХК-ийн захирал Л-г компанийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө, мөн түүний гаргасан шийдвэрээр химийн хорт бодис хадгалсан гэж үзэхгүй юм.

Энэ хуулийн 9.1. дүгээр зүйлийн 2-т “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж заажээ. Дээрх заалтаас үзэхэд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан /захирал/, дангаараа, эсхүл хамтран /ТУЗ/ шийдвэр гаргасан үйлдэл, эс үйлдэхгүй байх, үйлдэл, эс үйлдэхүй нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн байх, үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан байх гэсэн шинжүүдийг агуулсан байхыг шаарддаг.

Уг тохиолдолд химийн хорт бодисыг хадгалсан үйлдэл нь ашиг олохыг тулд Ж ХХК-ийн ашиг сонирхлын төлөө хадгалсан санаа зорилго, сэдэл байхгүй юм. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч М-н мэдүүлэг /2хх-ийн 139-140/, хохирогч О-н  мэдүүлэг /2хх-ийн 143-144 хуудас/, гэрч Л-н мэдүүлэг /1хх-ийн 46-47 хуудас/, Ж /1хх-ийн 44-45 хуудас/, Ц /1хх-ийн 22 хуудас/, Н /1хх-ийн 39 хуудас/ нарын мэдүүлгүүдээс үзэхэд тус компани нь химийн хорт бодисыг Ж ХХК-ийн ашиг сонирхлын төлөө ашигласан, хадгалсан гэх үйлдэл байхгүйг харуулж байна. Үүнийг анхан шатны шүүх анхааралгүй, Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг баримтлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.7 дугаар зүйлийн 1.1-д “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхээр байна.

2015 оны Эрүүгийн хуульд заасан тохиолдолд 1 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 3.1.1-д “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ” гэж хуульчилсан. Мөн хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлүүдийг хуульчилсан бөгөөд хуулийн 15.6-д “Байгаль орчны чиглэлээр” олгогдох тусгай зөвшөөрлүүдийг зааж өгсөн. Үүнд:

15.6.1-д “тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх”, 15.6.3-т “тэсэрч дэлбэрэхээ бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах”, 15.6.5-д “стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах”, 15.6.7-д “байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх” гэх мэт тусгай зөвшөөрөл байдаг. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3-т “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, ...торгох ял шийтгэнэ” гэж заасан нь тусгай зөвшөөрлөөр эрх авч үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад хэрэглэгдэхээр хуулийн зохицуулалт байгааг харуулж байх тул үүнийг анхаарч үзнэ үү.

 Ж ХХК-ийг буруутай гэж үзвэл “Төмрийн хүдрийг усаар баяжуулан боловсруулж, экспортлох” чиглэл нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дээрх зүйлд заасан тусгай зөвшөөрлөөр эрх авч олгогддоггүй тул уг “Төмрийн хүдрийг баяжуулан боловсруулж, экспортлох” үйл ажиллагаа явуулах чиглэлийн эрхийг хасах гэсэн ойлголт яригдахгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хадгалагдаж байсан химийн бодисын зарим хэсгийг төмрийн хүдрийг баяжуулахад хэрэглэх зорилготой байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг зэргээс харахад тус компани нь төмрийн хүдрийг баяжуулахдаа химийн хорт бодис хэрэглэх зорилготой байсан гэдгийг нотолж тогтоогоогүй байхад ирээдүйд хэрэглэх зорилготой байсан мэт үйлдэл, эс үйлдэхүйг урьдчилан харсан мэтээр дүгнэж ял оногдуулсан нь учир дутагдалтай байна. Энэ нь анхан шатны шүүх “шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад дүгнэлт гаргасан” гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байхад үй ажиллагаа явуулах эрхийг хасаж, торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л-д оногдуулсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материалаас харахад мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч 2019 оны 4 дүгээр сарын 16, мөн оны 4 дүгээр сарын 29-ны өдрүүдэд Л-д хязгаарлалт тогтоолгох тухай саналыг Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн байдаг. Нийслэлийн прокурорын газраас уг саналыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй бөгөөд хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа шүүгчийн захирамжаар Л-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүний асуудлыг зохицуулдаг байсан бол 2015 оны Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан. Анхан шатны шүүх хуулийн этгээд, хувь хүн гэсэн хоёр нэр томьёог ялгалгүй таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байдаг. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Л нь уг хэргийн яллагдагч юм уу, эсхүл хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч юм уу гэдгийн хууль, шүүхийн байгууллага ялгаж тогтоож чадаагүй учир хууль зүйн үндэслэлгүй хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэж байна.

Яллах дүгнэлтэд Ж ХХК нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдсэн гэж дүгнэсэн байдаг. Яллах дүгнэлтэд дурдсанаар Л нь яллагдагч биш бөгөөд шийтгэх тогтоолд дурдсанаар Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийг төлөөлөх хүн нь тухайн хэргийн яллагдагч бол төлөөлүүлж болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч энэ хуульд заасан яллагдагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасныг үндэслэн захирамж гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар гэм бурууг бусад этгээдэд халдааж болохгүй, хуулийн этгээдийн гэм бурууг хувь хүнд халдааж болохгүй гээд хуульчилсан байна. Ж ХХК-ийг гэм буруутайд тооцсон болохоос Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, яллагдагчаар татаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “...тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж заасан байдаг. Гэтэл шийтгэх тогтоол хэдий хугацаанд хүчин төгөлдөр болохыг мэдэхгүй юм. Энэ хугацаанд хувь хүний эрх ашиг хөндөгдсөөр байна. Л нь хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээний үр дагавраас үүдэн Бүгд найрамдах Хятад ард улсад байгаа өвчтэй аавыгаа эргэж, асрах боломжгүй байдалд хүрээд байна.

Шүүх хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байгаа тул Л-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулж, Ж ХХК-д таслан сэргийлэх арга хэмжээний бусад төрлөөс оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан хохирогч О нь Ж ХХК нь 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Засаг даргын удирдамж, аймгийн Мэргэжлийн хяналт байгаль орчинтой хамтарсан шалгалтыг төлөвлөгөөний дагуу жилдээ 2-3 удаа хийдэг байсан. Ж ХХК нь химийн хорт бодис лабораторит ашиглах, химийн бодис хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийг 2008 онд авч байсан” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл 2017 оноос өмнө Ж ХХК нь эдгээр бодисуудыг зөвшөөрөлтэйгээр хадгалж байсан бөгөөд анхнаасаа хууль бусаар хадгалсан зүйл байхгүй тул тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талаар яригдаж болох юм. Ж ХХК нь 2-3 жил үйл ажиллагаа явуулаагүй, шинэ удирдлагад шилжээд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэх асуудлыг ярилцах үед нь асуудал үүссэн. Уг химийн бодисуудыг хадгалах горим зөрчсөн асуудлаар Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээх асуудал яригдахаас биш Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна. Мөн хохирогчийн мэдүүлэгт шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар огт байдаггүй. Мөн тухайн бодисуудыг хэзээ эзэмшилдээ авсан талаар тогтоож шалгаагүй. Энэ талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай байсан гэж үзэж байна. 2018 оны 6 дугаар сард илэрснээр нь хугацааг тооцож ял халдааж болохгүй юм. Бидний зүгээс Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулахаас татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. Хавтаст хэрэгт цугларсан материалын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж-ХХК нь 2008 оноос төмрийн хүдэр баяжуулах усан баяжуулахын үйлдвэрээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Засаг даргын удирдамж, аймгийн Мэргэжлийн хяналт байгаль орчинтой хамтарсан шалгалтыг төлөвлөгөөний дагуу жилдээ 2-3 удаа хийдэг. Ж ХХК нь 2014 оноос 2017 оны хооронд үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай байсан. 2017 оны 02 дугаар улирлаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ хугацаанд нь нийт 5 удаагийн мэргэжлийн хяналт, засаг даргын тамгын газрын хамтарсан шалгалтыг хийж байсан. Ж ХХК нь химийн хорт бодис лабораторит ашиглах, химийн бодис хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийг 2008 онд авч байсан. Энэ зөвшөөрөл нь 3-5 жилийн хугацаатай байдаг. Харин сүүлд буюу 2017 оны 09 сард шалгалт хийхэд уг зөвшөөрлийн хугацаа дууссан, 2012 оноос хойш миний хорт бодисыг ашиглахаа больсон гэж байсан. Гэхдээ Ж ХХК-д химийн хорт бодис хадгалагдаж байсан. Химийн хорт бодисоо гадаад иргэдийн байрладаг байрны хамгийн урд талын өрөөнд хадгалж байсан. Энэ нь химийн хорт бодис хадгалах өрөөнд тавигдах стандарт шаардлагыг хангаагүй байсан. Тэр бодис нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж байхдаа ашиглаж байсан химийн хорт бодисыг саармагжуулалтад орсон 100 гаруй кг химийн бодис байсан гэж хэлж байсан” гэж мэдүүлэг өгч байсан нь үнэн гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Химийн хорт болон аюултай бодисийг хадгалах асуудлыг Зөрчлийн болон Эрүүгийн хуульд тодорхой заасан байдаг. Зөрчлийн хуулиар зохицуулах хэр хэмжээнээс хэтэрсэн тохиолдод Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ гэж заасан байгаа учраас тус хэргийг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуульд иргэн, хуулийн этгээд гэсэн хоёр субъектэд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Ж ХХК-ийн байранд хэн нэгэн этгээд химийн бодисийг хадгалсан эсэхийг шалгахад иргэн болон албан тушаалтантай холбоотой асуудал илрээгүй юм. Зөвхөн тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал яригддаг бөгөөд компани химийн бодисийг ашиглаж байсан талаар зарим захирлууд мэдүүлсэн байдаг. Мэргэжлийн байгууллагууд удаа дараа шалгалт хийгээд илрүүлээгүй явсаар Тагнуулын ажилтан илрүүлсэн. Тухайн химийн бодисийг компанийн ажилчдын байрны хажуу талаас олсон талаар Мэргэжлийн хяналтын газрын байцаагч болон Тагнуулын ажилтанууд тэмдэглэлдээ тусгасан байдаг. Химийн бодисыг хадгалсан асуудлыг тухайн компанид ажиллаж байсан Хятад улсын иргэд болон Монгол талын захирал мэдүүлсэн байдаг учраас тухайн компани химийн бодисыг хадгалсан гэдэг нь хангалттай нотлогдож байна.

Тухайн гэмт хэрэг хэзээ илэрснээс хамаараад гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог. Ж ХХК-ийн өмнөх захирлын үед хадгалагдаж байгаад дараагийн захирлын үед илэрсэн бол дараагийн компани хариуцах нь зүйтэй бөгөөд мэдээгүй гэх асуудал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ж ХХК химийн бодисийг ашиглаж байгаа асуудлыг компанийн эрх ашгийн асуудалтай холбож үзэхээс өөр аргагүй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Мөн Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаануудыг хангалттай хийж гүйцэтгэсэн бөгөөд ажиллагаатай холбоотой зөрчил илрээгүй байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг түүний хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаас шүүгдэгч хуулийн этгээд Ж ХХК-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч нэмэгдэл ял оногдуулахдаа уг ялын төрлийг тодорхой заагаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ