Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

                                       

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

 Улсын яллагч Т.Өсөхболд,

Шүүгдэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136000000275 дугаартай, 178/2021/0235/Э/ индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  гүүр хоолойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 04 дүгээр гудамж 29 тоотод  оршин суух байнгын хаягтай, ФМ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч  Я.******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр “Торго” төвийн үүдэнд тавьсан байсан “Юнител” ХХК-ны өмчлөлийн “Dell” маркын зөөврийн компьютерыг хуруу уншигч, цэнэглэгчийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 860000 төгрөгний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                       

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Торго төвийн үүдэнд байх шатан дээрээс Dell” маркийн зөөврийн компьютер, хуруу уншигч төхөөрөмж, цэнэглэгчийн хамт алдсан” гэх мэдүүлэг /хх-07х/

Гэрч Х.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед Торго төвийн подволоос эд зүйлээ гаргаж тавиад ирэхэд шатан дээр байсан зөөврийн компьютер, хуруу уншигч төхөөрөмж, цэнэглэгчийн хамт алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг/хх-09х/

Гэрч С.Саранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр бид нар “Торго” төвийн подволоос асараа гаргаж барьчихаад шатан дээр байсан цүнхээ авах гэхэд зөөврийн компьютер, хуруу уншигч төхөөрөмж, цэнэглэгчийн хамт алга болсон байсан.Би өөрөө барьж ирээд шатан дээр тавьсан байсан”гэх мэдүүлэг/хх-14х/

Эд мөрийн баримт болох “Dell cori5 маркын зөөврийн компьютер-1 ширхэг, хар өнгийн хуруу уншигч төхөөрөмж-1 ширхэгийг хураан авах прокурорын тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд/хх-17-24х/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний шинжээчийн эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт./хх-27

            Шүүгдэгч Я.*******гийн хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд/хх-38,52х/

Ховд аймгийн прокурорын газарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нөтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан ямар нэгэн санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-57х/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Я.******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Торго” төвийн гадна шатан дээр байсан “Юнител” ХХК-ны өмч болох Dell cori5 маркын зөөврийн компьютер-1 ширхэг, хар өнгийн хуруу уншигч төхөөрөмж-1 ширхэг,цэнэглэгч-1 ширхэгийг тус тус  хулгайлж авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Я.*******гийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Я.******* нь эд зүйл хулгайлсан үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Я.******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                      

          Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******оос ” нөтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан ямар нэгэн санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг хэрэгт хавсаргасан тул /хх-57х/ шүүгдэгч Я.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Я.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 53-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Гэрч Я.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Я.******* нь миний дүү байгаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, эхнэрээсээ салсан. Охин нь Эрдэнэт хотод тусдаа гарсан. Ховд Эрдэнэт 2-ийн хооронд явж байдаг.Энд ирэхээрээ манайд байдаг Өөрийн гэсэн эд хөрөнгө гэх зүйлгүй. Сүүлийн үед архи уугаад байгаа..... гэх мэдүүлэг / хэргийн 54-р хуудас/, Я.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Я.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх дүгнэлт.

Шүүгдэгч Я.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

 Шүүгдэгч Я.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Я.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******г 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Я.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2136000000275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй,шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Я.*******д “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Я.*******д мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн 2136000000275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Я.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Я.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС