Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1759

 

 

 

2022         11         30                                  2022/ШЦТ/1759

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч Ц.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Ц. Үн-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, “......... ам бүл-1, Улаанбаатар хот ........... оршин суух хаягтай одоо ............. тоотод ээжийн хамт оршин суудаг гэх, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

 ....... овогт Ц. Ү  /РД: ............../.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 51 в байрны 31 тоотод 9 настай төрсөн охин Г.А-г “гэртээ замбараагүй байсан, гар утасныхаа кодыг сольсон, хичээлээ муу хийж байна” гэх шалтгаанаар утасны цэнэглэгчээр толгой нуруунд цохиж, цээж, хэвлий гуя хэсэгт хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           

Шүүгдэгч Ц.Ү шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

  • Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийн бүртгэл /хх-ийн 4 дэх тал/,

 

  • Бага насны хохирогч Г.А  /9 настай/-гийн өгсөн: “Би ......... тоотод өөрийн эцэг, эх, дүүгийн хамтаар амьдардаг. 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр манай ээж М.Г г ээлжийн ажилтай, ажилдаа явсан байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан ба өглөө 09 цагийн орчим манай аав Ц.Ү архи уусан байхдаа “намайг бос, ямар их унтдаг юм" гээд татаж босгосон. Тэгээд манай дүү Ам  бид хоёроос "зурагтын удирдлага хаана байна, та хоёр гэр орон замбараагүй байлгалаа, мөн намайг гар утасныхаа кодыг сольсон байна, хичээлээ муу хийж байна” гээд олон шалтгаанаар загнаж байгаад гар утасны цэнэглэгчээр дүү бид хоёрыг ороолгоод байсан. Хэсэг хугацаанд бид хоёрыг зодож байгаад “хичээлээ хий” гэхээр нь дүү бид хоёр өрөөндөө орсон байхад араас орж ирээд, миний гэдэс, цээж, хөл рүү өшиглөж намайг зодсон. Маргааш өглөө нь ээж ажлаас ирэхэд ааваас айгаад зодуулсан гэж хэлж чадаагүй байсан. Ээж миний биед үүссэн хөхрөл, няцралыг, харчхаад яасан юм бэ? гээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт дүгнэлт: 1. Г.А-ийн биед баруун чих, мөр, зүүн бугалга, шуу, умдаг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хх-ийн 72-73 дахь тал/,

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-76 дахь тал/,

- Бага насны хохирогч Г.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар, /хохирогч Г.Ану нь 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн байна/ нас тоолсон тэмдэглэлээр 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 9 нас 22 хоногтой байсан байна. /хх-ийн 93-94 дэх тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 51 в байрны 31 тоотод 9 настай төрсөн охин Г.А-г “гэртээ замбараагүй байсан, гар утасныхаа кодыг сольсон, хичээлээ муу хийж байна” гэх шалтгаанаар утасны цэнэглэгчээр толгой нуруунд цохиж, цээж, хэвлий гуя хэсэгт хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.С-ийн гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ....... дугаартай хэргийн материалаар хийсэн нэмэлт дүгнэлт: 1. Г.А-ийн биед баруун чих, мөр, зүүн бугалга, шуу, умдаг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. 3. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Ц.Ү нь насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Ү нь өсвөр насны хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ү нь өсвөр насны хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ц.Ү-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Ү нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр санал гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ү нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй тул Ц.Ү-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт Ц. Ү-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ү-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖ