Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

    2022          12          15                                        2022/ЦШТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ын Э-д холбогдох эрүүгийн 2235002130247 эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, ....... тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Г-ын Э /РД:................/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр М.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр М.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодсон болох нь:

 Хохирогч М.Д-гийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Хохирогч М.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Э бид хоёр албан ёсоор нэг гэр бүл болж 3 хүүхдийн эцэг эх болоод 13 жил болж байна. Уг хэрэг гарсан гэх 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед гэртээ амарч байгаад цэргүүдийн урлагийн үзлэг болж байгаа талаар мэдээд хувиарлагдсан цэргүүдтэйгээ амралтын цагаар уулзаж сэтгэл зүйн судалгаа авах зорилгоор ажил дээрээ очсон. Манай нөхөр Э уг орой архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба би гэрээс гарахдаа 1 цагийн дараа ажлаа амжуулаад буцаж ирнэ гээд явсан. Миний уулзах ёстой цэргүүд нь урлагийн үзлэгээс гарч ирэхгүй байсан болохоор би хамт ажилладаг хүмүүстэйгээ ярилцаж ажил дээрээ сууж байхад 19 цаг 40 минутын үед манай нөхөр Э залгаад ямар уддаг юм бэ, чи яваад хоёр гурван цаг болчихлоо гэхээр нь би миний ажил амжихгүй байна гэж хэлээд уурлаад утсаа тасалчихсан юм. Г.Э нь 20 цаг 15 минутын үед залгаад байхаар нь утсаа авахад хурдан гараад ир гарч ирэхгүй бол би наад анги руу чинь орж ална шүү, би гадна ирчихсэн байна гараад ир гэхээр нь би ангиас гарсан. Тэгэхэд манай нөхөр Г.Э гадна ирчихсэн байсан би гарч ирээд Э-тай уулзахад Э надад хандаж чи ямар их уддаг юм, чи худлаа хэлж шоудлаа гэж хэлэхэд би Г.Э-д хандаж айлын эхнэрүүд зүгээр ажлаа хийж байна чи миний ажлыг амар тайван хийлгэхгүй байна гэж хэлээд уурласан. Тэгэхэд Э намайг үстэж аваад, би чамайг алаад хайчихъя гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа нэлээн хэдэн удаа цохичихоод зам дагаад явсан. Би Г.Э-д хандаж чи яах гэж ингэж байдаг юм гэж уурлахад Г.Э буцаж ирээд намайг үсдэж чирээд, миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон ба би уг газраа суугаад үлдсэн. Харин Г.Э намайг уг газар үлдээгээд төв гудамж руу чиглээд явахаар нь би түүнээс зугтаж гүйхэд Г.Э миний араас дахиж ирээд намайг үсдэж цохиод явсан. Тэгээд би нөхрийнхөө дүү болох Б руу залгаад Г.Э намайг зодож байна чи намайг ирж аваач гэж хэлж түүнийг дуудсан. Б намайг ...... дүгээр ангийн ойролцоогоос ирж аваад манай гэрт хүргэсэн. Би гэртэй ирээд хэвтэж байхад Г.Э нь 23 цагийн үед архи согтууруулах ундаа нэмж уусан байдалтай нэлээн согтуу ирээд намайг зайлаарай чиний хэрэг байхгүй, чиний наад нүүр, нүд чинь яачихсан юм гэж надтай маргалдаж байгаад унтсан. Би маргааш нь Улаангом сум руу явах машинд сууж Улаангом суманд ирж ээж Ц /........./-тай уулзаж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Г.Э нь урьд өмнө миний биед халдаж зохиж байгаагүй. Манай нөхөр Г.Э нь энэ хэрэг гарснаас хойш миний биед халдаж цохисон буруутай үйлдэл гаргаснаа ухамсарлаж, миний эрүүл мэндэд учруулсан хохирлоо барагдуулсан. Мөн надаас уучлалт гуйж, дахин ийм алдаа гаргахгүй байх талаар амлалт өгсөн. Нөхөр Г.Э-д гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал),

Гэрч Т.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаанбаатар хотоос 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн автобусаар Улаангом суманд ирсэн. Уг орой 20 цагийн үед миний том охин М.Д нь Баруунтуруун сумаас нийтийн тээврийн унаанд нүүр, хоёр нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай ирсэн. Би юу болсон талаар охин М.Д-аас асуухад би ажил дээрээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой ажлаа хийж байхад Г.Э утсаар удаа дараа залгаж дуудаад байхаар нь би ажиллаасаа гарч Г.Э-тай уулзахад амралтын өдөр гэртээ байхгүй, ажил дээрээ ингэж удаан юу хийгээд байдаг юм гэж хэлээд намайг үсдэж, чирч зодсон гэж хэлэн. Тэгэхээр би охин М.Д-г дагуулаад цагдаагийн газарт ирж гомдол гаргуулсан. Г.Э Д нь албан ёсоор гэрлэлтээ батлуулсан нэг гэр бүл ба дундаасаа 3 хүүхэдтэй юм. Г.Э нь урьд өмнө эхнэр Д болон 3 хүүхдүүдийнхээ биед халдаж цохиж байсан талаар би сонсож байгаагүй. “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

Шүүгдэгч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.Би Баруунтуруун сумын 1 дүгээр багт эхнэр М.Д болон 3 хүүхдийн хамт амьдардаг ба манай эхнэр хилийн цэргийн ........ дүгээр ангид туслах ажилтай, би хувиараа улирлын чанартай ногоо тариалж, мод бэлтгэдэг. Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутагт хүүхдийн тоглоомын хашаа шинээр барих тендер 2022 оны 10 дугаар сард оролцож авсан. Тухайн авсан тендерийн ажилаа 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой хийж гүйцэтгэж дуусаад найз нарын хамт хоёр шил архи хувааж уусан. Тэгээд би найзынхаа машинаар гэртээ хүргүүлж ирэхэд манай эхнэр М.Д хилийн цэргийн .... дүгээр анги руу явж цэргүүдтэй уулзаж судалгаа авах ажилтай 1 цагийн дараа ирнэ гэхээр нь би найзынхаа хамт түүний машинаар Д-г ажлынхан гадна хүргэж өгөөд буцаж сургуулийн багш гэх манай найзын танил айлд очсон. Тухайн айлд хоёр шил архи нэмж уусан ба би Д-тай утсаар ярьж гэртээ очсон талаар асуухад харих болоогүй байна одоо нэг цагийн дараа харина гэсэн. Цагийн дараа дахин залгахад ажил дуусаагүй байна, ажил хийлгэхгүй утсаар залгаад ядаргаатай юм гэж хэлээд утсаа тасалсан болохоор нь би М.Д-гийн ажпынхан үүдэнд очоод гар утсаар гараад ир ирэхгүй бол би явж орлоо гэсэн. М.Д одоо гарлаа гэж хэлээд хэсэг хугацааны дараа ажлаасаа гарч ирсэн. Би М.Д-д хандаж чи ямар их уддаг юм, амралтын орой ажил дээрээ юу хийдэг юм, эсвэл ажил дээрээ ирж амьдар гэж уурласан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн мөн уурласан байсан болохоор Дг цохисон. Тэгээд би Д-гийн урд гараад гэртээ харих гээд алхаж байхад миний дүү Б машинтай ирж Д бид хоёрыг машинд суу гэхээр нь би суухгүй гэж хэлсэн. Харин Д манай дүүгийн машинд суугаад явсан болохоор би төв гудамжаар алхаж байгаад Соёлын төвийн хажуугаас Э гэх хүнээр гэрийнхээ хашааны гадна хүргүүлж ирээд гэртээ ороход Д болон манай гурван хүүхдүүд унтаж байсан. Би гэртээ орж унтаад  2022 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн үед Хяравын ганга гэх нэртэй газарт байх Г гэх айл руу идэшний хонь авч ирэхээр яваад тус өдөр 13 цагийн үед гэр ирэхэд М.Д бага хүү А-ийг аваад Улаангом сум руу явсан байсан. Би Д-гийн үснээс татаж түүний толгой, нүүр хэсэгт 4-5 удаа цохисон. Харин Д миний биед халдаж цохиогүй. Би урьд өмнө эхнэр болон хүүхдийнхээ биед халдаж цохиж байгаагүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №518 дугаартай “Үзүүлэгч М.Д-гийн биед тархи доргилт, дух, 2 нүдний дээд зовхинд цус хуралт, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын хөндийд цус хуралдалт, зүүн хацарт зулгаралт, зүүн эгмийн дээд хэсэгт, зүүн сарвууны ард цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай хүсэлтэд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тархи доргилт, дух, 2 нүдний дээд зовхинд цус хуралт, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын хөндийд цус хуралдалт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн эхнэр М.Д-г зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Э нь хохирогч буюу эхнэр М.Д-г зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.Э-н үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч М.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд “Нөхөр Г.Э хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, миний бие сэтгэлийг гомдолгүй болгож өгсөн тул  нөхөр Г.Э-д гомдолгүй.” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 82 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Г.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Э урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал)-аар тогтоогдсон

Шүүгдэгч Г.Э хувийн байдлын талаар: Гэрч Г.Ц-гийн өгсөн:”..Г.Э одоогоор Баруунтуруун сумын туруун багийн нутаг дэвсгэрт тодорхой эрхэлсэн ажилгүй эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Г.Э нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ямар нэгэн догшин ширүүн ааш байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг. Г.Э-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг. Мөн 6 ханатай монгол гэр, 1га тариалан тарих зориулалтын талбайтай, өөрөөр ямар нэгэн эд хөрөнгө эд зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), Гэрч Ч.О-ын өгсөн:Г.Э нь төлөв даруу, дуу цөөн бусадтай зөв боловсон харилцаатай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, тусч зантай, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарлаад байдаггүй, сайхан сэтгэлтэй, огцом түргэн ааш, авир байхгүй. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ял ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Г-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

 4. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Г.Э-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                   

                      

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ