Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1757

 

 

 

 

 

 

2022         11          30                                   2022/ШЦТ/1757

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Г.Билгүүн /томилолтоор/,

хохирогч Э.М,

шүүгдэгч Г.Г, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан .... овогт Б.С-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ...... овогт Г. Г-т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, нийслэлийн ........... тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй.

 

.... овогт Г.Г, регистрийн .......... дугаартай.

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар нийслэлийн ......... тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй.

 

........ овогт Б.С, регистрийн ....... дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” нэртэй нийтийн караоке дотор Э.М-ын нүүрэн тус газарт нь микрофоноор цохисны улмаас биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” нэртэй нийтийн караоке дотор О.П-ийг бусадтай маргаан үүсгэснийг салгах гэж байсан гэх шалтгаанаар баруун гараараа хоолойноос нь багалзуурдаж, газарт хавсарч унагаасны улмаас биед нь зүүн шуу, богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цацаад шидэх тийм асуудал байгаагүй. Энэ хүнтэй маргаан үүсгээгүй байхад дундуур орж ирээд хохирол учруулсан. Манай нөхрийн гар хугарсан учраас цаашдаа ажлаа хийж нарийн чулуугаар юм хийдэг учраас тэрийгээ хийж чадахгүй байгаа. Эдгэж өгөхгүй аягүй хүндрэлтэй байгаа. Би П-ийн эхнэр. Би хамартаа гэмтэл аваад нэг хэсэг аягүй хавдартай 20 гаруй хоног масктай явсан. Ажлаа хийх жоохон хүндрэлтэй байсан. Цаг тухайн үед хамрынхаа мэс засалд орох ёстой байсан юм байна лээ. Тэрийгээ би өөрөө мэдээгүй явж байсан. Хэсэг хугацааны дараа хагалгаанд орох юм байна гэж байсан. Тухайн үедээ орох боломжтой байсан юм байна лээ. Хохирлоо барагдуулаагүй. Хамрын хагалгаанд ороход ЭМЖЖ-ээр 500.000 төгрөг гэж байсан. Манай нөхрийнх нийтдээ эм, зардал нь 500.000-600.000 төгрөг болсон. Баримтууд нь бүгд байгаа. Аваад ир гэж байсан. Машин дотор байгаа. И баримт нь байгаа. 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүмүүс сая бэлэн өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч О.П-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчимд эхнэр Мягмардуламын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Тайга караокед орсон. Тэндээ би 2 шил пиво уугаад дуулаад сууж байхад хажуу талын ширээн дээр махлаг эрэгтэй, туранхай эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс байсан. Хажуу ширээний туранхай залуу нь надад тооцоо хувааж төлөөд өөр газар бөөндөө орж сууя гэж надад хэлэхэд нь би тэгье гэж хэлээд ширээн дээрээ очиж суусан. Ширээнийхээ хажууд пиво уугаад дуулж байтал хажуу ширээний туранхай залуу хажуу талаар зөрөхөөр нь би туранхай залуугийн бөгс хэсэг рүү өвдгөөрөө цохиод гарах юм уу гэж асуутал хамт явж байсан махлаг эрэгтэй намайг гэнэт түлхэх шиг болоод би хойшоо газарт гараараа тулаад нуруугаараа унасан. Газраас босох гэтэл миний зүүн гар эвгүй болчихсон өвдөөд байсан. Тэгтэл манай эхнэр намайг босгоод ширээн дээр суулгаж гараа бариад байж байтал гэнэт манай эхнэр Мягмардуламын хамраас цус гарчихсан байсан... би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл миний зүүн гарын яс хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Хохирогч Э.М-ын “...Би өөрийн нөхөр болох П-ийн хамт 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Тайга нийтийн караокед орсон. Тухайн газраа суугаад нөхөр пиво уугаад сууж байгаад хажуу ширээн дээр сууж байсан хүмүүстэй очиж юм ярьж байгаад ирсэн. Би нөхрөөсөө юу ярьсан талаар асуухад энэ ширээний хүмүүс эндээс гараад өөр газарт орж цуг суугаад тооцоогоо хувааж төлье гэж байна гэж хэлээд надаас яах вэ гэж асуухад нь би хэрэггүй одоо гаръя гэж хэлээд тэндээ дуулаад бүжиглэж байтал хажуу ширээн дээр сууж байсан хүмүүсийн туранхай нь манай нөхрийг мангасдаж түлхэх шиг болоход манай нөхөр сандал дээр суусан. Тэгээд манай нөхөр босож ирээд яагаад байгаа юм гээд очих гэтэл салгаад ширээ ширээн дээрээ сууцгаахад туранхай залуу нь манай нөхөр лүү хэл амаар доромжилж хуруу гараа гозолзуулаад байхаар нь би тухайн эрэгтэй дуугүй бай гэж удаа дараа сануулсан. Тэгээд дуугүй байхгүй байхаар нь би ширээн дээр нь очоод дуугүй бай гэж хэлээд гарт барьж байсан пивоо ширээн дээр нь хүчтэй тавихад цуг явж байсан эмэгтэй нь гэнэт миний хамар хэсэгт цохих шиг болж би хойшоо унасан. Би юугаар миний хамар луу цохисныг хараагүй ба миний хамраас цус гараад би цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед хажуу ширээн дээр сууж байсан үл таних хүмүүсийн хар хувцастай эмэгтэй халдаж, миний хамар хэсэгт хатуу зүйлээр нэг удаа цохиж, миний хамар хэсэгт гэмтэл учруулсан. Би ямар нэг хүний биед халдсан асуудал байхгүй, миний хамар хажуу ясны хугаралтай байна гэж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

- Гэрч Г.Г-ийн “...09 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Тайга нэртэй нийтийн караокед Ж , С нарын хамт орсон. Тухайн газраа бид 3 хүний пиво уугаад Ж  ширээний хажууд наашаа хараад дуулаад зогсож байтал Жа-ийн араас нэг эрэгтэй бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Ж  эргэж хараад нөгөө залуутай барилцаж авахаар нь тухайн эрэгтэйг ширээн дээр нь суулгаад өөрсдөө ширээн дээр суухад Ж төгсийн бөгс рүү өшиглөсөн эрэгтэйн хамт явж байсан эмэгтэй босож ирээд Ж  рүү пиво цацсан. Тэгтэл С босож ирээд гартаа барьсан байсан микрофоноороо нүүр хэсэгт нь цохиход хамт явж байсан эрэгтэй нь босож ирээд дайрахад нь нэг гараараа найзуудаа бариад нөгөө гараараа тухайн эрэгтэйг холдуулах гээд түлхэхэд газарт унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Гэрч Б.Ж-ийн “...Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст ирэхэд С надад би сая тухайн эмэгтэйн хамар хэсэгт барьж байсан микээрээ цохичихсон гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ....... дугаартай “...1. Э.М-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17, 18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай “...1. О.П-ийн биед зүүн шуу, богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22, 23 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

-  Яллагдагч Г.Гийн мэдүүлэг/хавтаст хэргийн 89 дэх тал/

- Яллагдагч Б.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” нэртэй нийтийн караоке дотор Э.М-ын нүүрэн тус газарт нь микрофоноор цохисны улмаас биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” нэртэй нийтийн караоке дотор О.П-ийг бусадтай маргаан үүсгэснийг салгах гэж байсан гэх шалтгаанаар баруун гараараа хоолойноос нь багалзуурдаж, газарт хавсарч унагаасны улмаас биед нь зүүн шуу, богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ...... дугаартай “...1. Э.М-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогд-лоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13536 дугаартай “...1. О.П-ийн биед зүүн шуу, богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.С нь 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” нэртэй нийтийн караоке дотор Э.М-ын нүүрэн тус газарт нь микрофоноор цохисны улмаас биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Г.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” нэртэй нийтийн караоке дотор О.П-ийг бусадтай маргаан үүсгэснийг салгах гэж байсан гэх шалтгаанаар баруун гараараа хоолойноос нь багалзуурдаж, газарт хавсарч унагаасны улмаас биед нь зүүн шуу, богтос ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох саналыг гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.С нь хохирогч Э.М-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал, шүүгдэгч Г.Г нь хохирогч О.П-д халдаж түлхэж унагасан байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.С нь хохирогч Э.М-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч Г.Г нь хохирогч О.П-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.С, Г.Г нарын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул тэднийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нар гэм буруугийн асуудалд маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  Шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол, нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулах саналтай байна. Хохирогч Э.М, О.П нар нь хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч Г.Г нь хохирогч О.П-д 500.000 төгрөгийн төлөх төлбөртэй, шүүгдэгч Б.С нь хохирогч Э.М-д 500.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна” гэв. 

Шүүх шүүгдэгч Б.С, Г.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Б.С, Г.Г нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч О.П, Э.М нарын гэм хорын хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаж ирээгүй бөгөөд шүүгдэгч нар тус тус 500,000 төгрөг төлснөө мэдүүлснийг хохирогч хүлээн зөвшөөрснийг дурьдлаа.

 

Хохирогч нар нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.С, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ..... овогт Г.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,             

                шүүгдэгч .... овогт Б.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.С, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогч Э.М, О.П нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮ