Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00460

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2019/00460

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Д

Хариуцагч: Н.М нарт холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 3.197.247 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Ц, Н.М нар нь Хас банктай 2016.01.15-ны өдөр 1580009396 тоот зээлийн гэрээ байгуулан 3,600,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк 2016 оны 1 сарын 15-ны өдөр зээлдэгч Д.Цгийн Хас банк дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,400,000 төгрөг, зээлийн хүүд 735,838 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,566 төгрөгийг төлсөн. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 2,200,000 төгрөг, 2019 оны 1-р сарын 28-ны өдрийн байдлаарх хүү 910,817 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,430 төгрөг, нийт 3,197,247 төгрөгийг Д.Цгаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Н.М нь хариуцагч Д.Цгийн охин бөгөөд уг зээлийг Д.Ц авч ашигласан тул хариуцагч Н.Мыг хариуцагчаар татах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Мөнн нэхэмжлэлд дурдагдсан 2 дахь шаардлага нь хариуцагчид хамааралгүй бөгөөд техникийн алдаа гаргаж уг шаардлагыг оруулсан байх тул уг шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид ажиллаж байхдаа тус банкнаас цалингийн зээл авсан юм. Гэтэл 2016.08.03-нд үндэслэлгүйгээр ажлаас халагдаж 2 жил шахам ажилгүй байсан. Банкнаас авсан зээлээ төлж байгаад 2.200.000 төгрөг үлдсэн. Би одоогоор тэтгэвэрт байдаг ба, сарын 260.000 төгрөгийн байрны түрээс төлж амьдарч байна. Би одоогоор Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд жирэмсний амралттай хүний оронд  түр ажиллаж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү төлөхөөс чөлөөлж өгнө үү. Үндсэн зээлийн үлдэгдэл 2.200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.Цгаас зээлийн гэрээний үүрэгт 3.197.247 төгрөгийг  гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.Ц, Н.М нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч, хариуцагч Н.Мыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нь энэ нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй гэж тайлбарлан татгалзсан болно.

           

            Хариуцагч Д.Ц, Н.М нар нь нэхэмжлэгч Хнаас 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3.600.000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлдэж авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Д.Цгаас үндсэн зээлийн үлдэгдэлд 2,200.000 төгрөг, зээлийн хүүд 910.817 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 86.430 төгрөг, нийт 3.197.247 төгрөгийг нэхэмжилсэн.

            Хариуцагч Д.Ц  үндсэн зээлд 1.400.000 төгрөг, зээлийн хүүд 735.838 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.566 төгрөгийг төлсөн зэрэг зээлийн тооцооллын талаар маргаагүй.

            Харин хариуцагч Д.Ц нь дээрх зээлийг ажилгүй болсноос шалтгаалан хугацаанд нь төлөх санхүүгийн боломжгүй болсон гэж тайлбарлаж, нэхэмжилсэн үндсэн зээлээс бусад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэх боловч энэ үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч ажилгүй болж төлбөрийн чадваргүй болсон тухай  татгалзлалаа нотлоогүй.

Иймд хариуцагч Д.Цгаас үндсэн зээлийн үлдэгдэлд 2,200.000 төгрөг, зээлийн хүүд 910.817 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 86.430 төгрөг, нийт 3.197.247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

            Харин нэхэмжлэгч Хас банк ХХК нэхэмжлэлдээ хариуцагчаар Н.Мыг хариуцагчаар тодорхойлсон боловч, хариуцагч Н.Мыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нь энэ нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй гэж тайлбарлан татгалзсаныг үндэслэн Н.Мд холбогдох нэхэмжлэлийг, мөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Цгаас 3.197.247 төгрөг гаргуулж Хас банканд олгож,  хариуцагч Н.Мд холбогдох нэхэмжлэлийг болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.106 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгаас 66.106 гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.АЛТАНЦЭЦЭГ