Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Г-ын С-д холбогдох 2235000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 07-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мужаан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын ... дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй Ш овогт Г-ын С /РД:......./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.С нь согтуугаар Увс аймгийн улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.А-ийг зодсон болох нь:

Хохирогч А.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн:..Би Улаангом сумын 6 дугаар баг ..... тоотод эхнэр 2 хүүдийн хамт амьдардаг. Би хувиараа итгэлт барааны зах дээр нүүрс зарж борлуулдаг. 2022 оны дүгээр сарын 14-ний өдөр зах тарах үеэр Г.С, Б бид гурав нийлж 16 цагийн орчим дэлгүүрээс 1 литрийн виски нийлж худалдаж аваад хувааж уусан. Б, Г.С бид гурав дэлгүүрээс авсан вискийг ууж дуусаад Г.С, Б хоёр гэр лүү явлаа гэж хэлээд явсан. Би гэртээ харчихаад хоол унд идчихээд 18 цагийн орч Б-гийн гэрт очсон Тэгээд Б-гийн гэрт байхад Г.С-тай утсаар холбогдоход Г.С У-гийн гэрт байна гэж хэлэхээр нь би Б-гаар У /Л/-ийн гэрт хүргүүлсэн. Б эхнэртэйгээ хамт намайг У-гийн гэрт хүрэгчихээд гэр лүү явсан. Би У-гийн гэрт очихдоо нэлээн согтуу байсан бөгөөд дэлгүүрээс  нэг литрийн “Ерөөл” архи авч очсон. Намайг У-гийн гэрт ирэх үед Г.С, У хоёр байсан. Г.С бид хоёр миний авч ирсэн архийг хувааж уусан бөгөөд У-д би 0.5 литрийн лаазтай пиво өгсөн. Г.С бид хоёр миний авч ирсэн 0.5 литрийн ерөөл архийг хувааж ууж суунгаа хоорондоо ярилцаад сууж байгаад маргалдаж эхэлсэн юм шиг байсан. Тухайн үед би архи уучихсан нэлээн согтуу байсан болохоор зарим зүйл санахгүй байна. Нэг ухаан ороход гэрийн гадна Г.С бид хоёр барьцалдаж намайг газар унагаачихсан цохиж байсан. Г.С намайг цохиж байгаад миний дээрээс босох үедээ минии нүд рүү өшиглөсөн. Тэгээд би газраас босоод Г.С-тай маргалдаж байгаад У-гийн хашаанаас гараад явчихсан. Би явж байх замдаа ээж Н руу  утсаар залгаад “намайг ирээд авчих, би хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Ээжтэй утсаар ярчихаад зам дагаад алхаж байтал ээж Н машинтайгаа тосож аваад цагдаагийн газар луу дагуулж явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.Г.С, У бид гурав улаангом сумын 12 дугаар багт байрлах итгэлт барааны зах дээр нүүрс зардаг найз нөхдийн харилцаатай. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 Гэрч А.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн:  “2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн орчим эхнэр хүүхэд хоёртоо хоол цай хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Намайг гэрт ирээд байж байтал удалгүй нагац ах Г.С ганцаараа манай гэрт ирсэн. Нагац ах Г.С манай гэрт ирэхэд архи уучихсан нэлээн согтуу ирсэн. Манай гэрт нагац ах бид хоёр байж байтал 12 цагийн орчим А.А, Б хоёр ирсэн. Б, А.А-ийг манай гэрт авч ирчихээд буцаад гэр лүүгээ явчихсан. А.А манай гэрт ирэхэд 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авч ирсэн. Тэгээд манай гэрт нагац ах Г.С-тай хувааж ууж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Нагац ах Г.С, А хоёр хоорондоо маргалдаж эхлэхэд би “та хоёр гадаа гарч маргалдаарай манай гэр та нарын маргалддаг гэр биш” гэж хэлээд байж байтал А.А нагац ах Г.С-гийн нүүр лүү нь нэг удаа цохиход нагац ах Г.С хөлөөрөө А.А-ийн толгой руу өшиглөсөн. Тэгээд нагац ах Г.С, А.А хоёр нэг нэгнээ цохихоор нь би босож салгаад гэрээс гаргасан. Тэгээд А, Г.С ах хоёр манай гэрээс гараад хашаан дотор зодолдож байсан. Би гэрээс гараад нагац ах Г.С, А нарыг салгахад нагац ах Г.С, А нар хашаанаас гараад дахин зодолдсон. Би хашаанаас гараад дахин нагац ах Г.С, А.А хоёрыг салгахад А.А ганцаараа хашаа тойроод явчихсан. Харин нагац ах Г.С-г хашаа руу орохоор нь би гэр лүүгээ ороод унтчихсан. Нагац ах гэр лүү орж ирээд амрах юм байх гэж бодсон боловч нагац ах Г.С манай гэрт орж ирээгүй хашаанаас гараад явчихсан байсан. Хаашаа явсныг би мэдэхгүй. Надад А.А ирэхдээ 0.5 литрийн нийслэл пиво нэг ширхэгийг өгсөн. Би А-ийн өгсөн 1 ширхэг пиво уугаад дахин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. А.А, Г.С “ламын удамтай би лам хүн” гэж хэлээд нэг нэгэнтэйгээ үг хаяаад хэл амаар нэг нэгнээ доромжлоод маргалдаж эхэлсэн...манай гэрт Г.С, А бид гурваас өөр хүн байгаагүй. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Гэрч Ж.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би нөхөр А, хүү А.А нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 6 баг 12-40 тоотод амьдардаг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 2 цагийн орчим миний хүү А өөрийн ......... дугаараас миний ...... дугаар луу залгаад “би хүнд зодуулчихлаа, та намайг Улаангом сумын 12 дугаар багаас хүрч ирээд авчих. Би шунхлай ШТС-ийн хажууд алхаж явна” гэж хэлсэн. Би тухайн үед гэртээ байсан бөгөөд гэрээсээ гараад өөрийн ......УВХ улсын дугаартай  приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүү А.Аийг авахаар явсан. Би гэрээсээ гараад явж байхад хүү А.А 12 дугаар багт байрлах “Итгэлт” барааны захын хажууд хар зам дагаад алхаж байсан. Би хүү А.А-тэй бууж уулзахад хүү А.А  нь “намайг хүн зодчихлоо, цагдаа орж дуудлага өгнө” гэж хэлэхээр би дагуулаад цагдаагийн газар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: ..А.А 2022 оны 11 дүгээр 14-ний шөнө 19 цагийн орчим манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд хоол идчихээд сууж байгаад Г.С-тай утсаар ярьсан. Г.С-тай утсаар ярьсны дараа А “Г.С-тай утсаар ярилаа дүү У-гийн гэрт байна” гэж хэлэхээр нь би эхнэрийн хамт машинаараа А-ийг У-гийн гэрт хүргэсэн. Тэгээд У-гийн гэрийн гадна очоод би А-ийг машинаас буулгаад У-гийн гэр лүү орсон. Харин эхнэр О машиндаа сууж үлдсэн. У-гийн гэрт ороод хэсэг сууж байгаад би А-өөс явах уу? гэж асуухад А “чи түрүүлээд явж бай, би байж байгаад явна” гэж хэлэхээр би У-гийн гэрээс гараад эхнэрийн хамт гэр лүүгээ явчихсан. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Шүүгдэгч Г.С-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн:Би Улаангом сумын 12 дугаар багт эхнэр 5 хүүдийн хамт амьдардаг. Би хувиараа “Итгэлт” барааны зах дээр нүүрс зарж борлуулдаг. 2022 оны 11 дүгээр сарын 14 ний өдөр зах тарах үеэр А.А, Б бид гурав 16 цагийн орчим дэлгүүрээс виски нийлж худалдаж аваад хувааж уучихаад 22 цагийн орчим А.А, Б хоёроос салаад зээ дүү Л-ын гэр лүү ганцаараа явсан. Зээ дүү Л-ын гэрт очихдоо нэлээн согтуу ирсэн. Намайг Л-ын гэрт ирэх үед зээ дүү Л ганцаараа байсан. Зээ дүү Л-ын гэрт ирээд байж байтал миний араас орой 12 цагийн үед А.А, Б хоёр ирсэн. Б А-ийг миний байсан айлд авч ирчихээд буцаад гэр лүүгээ явчихсан. А- ирэхдээ 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи ирсэн. А.А-ийн авч ирсэн архийг хувааж уугаад хоорондоо ярилцаад сууж байгаад маргалдаж эхэлсэн юм шиг байсан тухайн үед би архи уучихсан нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед тасраад сэрэх дээ Б ахын гэрт сэрсэн. Намайг сэрэхэд Б ахын гэрт хүн байхгүй байсан. Өглөө би сэрээд байж байтал Б- ах гаднаас гэр лүүгээ ороод ирсэн. Би Б ахаас “би танай гэрт яаж ирсэн бэ?” гэж асуухад Б ах “чи согтуу гэрт орж ирээд даараад байна гэж хэлээд гэрийн баруун талын ор нь дээр унтчихаар нь дээрээс чинь хөнжил нөмрөөд унтуулсан” гэж хэлсэн. Тэгээд би Б ахын гэрээс гараас өөрийнхөө гэр лүүгээ явж гэртээ ирээд амарсан. Би А-тэй хамт 0.5 литрийн архи хувааж уугаад юм яриад сууж байснаас өөр зүйл санахгүй байна. Сүүлд би зээ дүү Л-аас асуухад “А” бид хоёр 0.5 литрийн ерөөл архи хувааж ууж байгаад нэг нэгэнтэйгээ маргалдаж барьцалдсан” гэж хэлж байсан.Би А.А-ийн хохирлыг бүрэн барагдуулсан. А.А-ийн данс руу эмчилгээний төлбөр болох 500.000 төгрөг шилжүүлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 524 дугаартай Үзүүлэгч А.А-ийн биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойрон, баруун нүдний алимны салстад, дух, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, эрүү, баруун сарвууны дунд, чигчий хуруу, зүүн сарвууны чигчий хурууны ард зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. тархи доргилт, баруунг нүдний эргэн тойрон, баруун нүдний алимны салстад, дух, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.С нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч А.А-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд “...Г.С нь миний эмчилгээний төлбөр болох 500,000 төгрөг өгсөн бөгөөд миний хохирлыг барагдуулсан. Иймд Г.С миний хохирлыг барагдуулсан гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 95 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.С нь урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 77, 80-85 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Ц.Н-ийн өгсөн:  “....Г.С нь 2 эгч, 3 ах, доороо 2 дүүтэй айлын 6 дахь хүүхэд юм. Г.С нь манай нөхөр Н-гийн эгчтэй 2006 оноос хойш хамт амьдарч байгаа Улаангом сумын 12 дугаар багт оршин суудаг. Хувийн зан байдлын хувьд төлөв даруухан, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг, тусархуу, үг дуу цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явда, эелдэг, зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй, аймхай, уужлаж уцаарлаад байдаггүй, хүний урдаас үг хэлээд байдаггүй, хүний урдаас үг хэлээд байдаггүй, илүү дутуу  зан байдаггүй, хар бор ажилд сайн, ажил голдоггүй, ахмад настныг хүндэлдэг тусархуу хүн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), Гэрч Б.У-ын өгсөн:  “Г.С бид хоёр 2006 оноос хойш хамт амьдарч байна. Улаангом сумын 12 дугаар багийн үндсэн захиргаатай айл өрх юм аа. ...Г.С нь зан байдлын хувьд төлөв даруухан, элдэв муу зуршил байхгүй, ажилсаг тусархуу, үг дуу цөөтэй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн харилцаатай, сайхан сэтгэлтэй, аймхай, уурлаж уцаарлаад байдаггүй, илүү дутуу зан байдаггүй, хүний урдаас үг хэлээд байдаггүй, илүү дутуу зан байдаггүй, хар бор ажилд сайн, ажил голдоггүй, ахмад настныг хүндэлдэг тусархуу хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш овогт Г-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.С 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.С-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                       

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ