Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б-,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ийн Х-д холбогдох эрүүгийн 2235001950239 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “....... ажилтай, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг, ...... тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гаьъяа шагналгүй Б овогт Б-ийн Х/РД:.........../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хар булаг хорооллын 202 тоотод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.А-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “хар булаг” хороололын 202 тоотод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эхнэр Б.А-ийг зодсон болох нь:

Хохирогч Б.А-ийг мөрдөн байцаалтад өгсөн: “Би Бөхмөрөн сумын 3 дугаар багийн Хар булаг хороололын ... тоотод өөрийн нөхөр Б.Х болон хоёр хүү О, Хнарын хамт мөн манай хашаанд миний өөрийн ээж болох Д.Ц нь өөрийнхөө гэрт тусдаа амьдардаг юм. Манай нөхөр нь 2022 оны 09 дүгээр сарын эхээр Өмнөговь аймагт жоншны уурхайд ажилд ороод 14 хоногийн амралтаараа 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирээд гэртээ байж байгаад хариу буцаж явах сүүлийн хэдэн хоногт нь архи согтууруулах ундаа уугаад байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө би нөхөртэй чи амралтын цөөхөн хоногоор ирчихээд гэр оронд үзэгдэж харагдахгүй ядаж байхад өвөл болох гэж байна гээд хэлсэнээс болоод манай нөхөр надад уурлаад манай бага хүү болох Х-ыг гэрээс авч гараад хэсэг хугацааны дараа ирэхдээ согтуу ирсэн бөгөөд тэр үед би архи уух мөрөөрөө өөрөө уухгүй хүүхэд дагуулж архи уулаа гээд уурласан чинь дахиж манай том охин О-ийг дагуулж гарах гэхэд би дургүйцсэн чинь миний нөхөр Б.Х нь гэрийн гадаа байсан хувцасыг авч шидээд байхаар нь болиулах гэхэд намайг гэрийн дарааны оосороор 3 удаа ороолгохоор нь би компотны шил байсныг шидчихээд ээжийн гэр рүүгээ зугтаад орсон чинь араас гүйгээд ороод ирэхдээ гартаа алх барьчихсан орж ирээд намайг цохих гэхэд нь тухайн үед би гарт нь байсан алхыг арай гэж салгаж өөрөө гартаа бариад зогсож байхад миний нөхөр Б.Х намайг ээжийн байшингаас миний энгэрнээс чирж гаргаад юугаар цохисоныг нь сайн санахгүй байна миний алх барьж байсан гараар надыг цохиулсан уу? бүү мэд тухайн үед миний зүүн нүд рүү юмаар цохиод авсан бөгөөд тэр үед миний нүд болон нүдний ойр орчим хавдаад том болчихсон чинь тэр үед миний ээж Ц нь чи яагаад миний ганц охиныг дандаа дээрэлхэж байдаг юм гээд галын хайчаа бариад гараад ирсэн чинь миний нөхөр Б.Х нь зугтаагаад явчихсан бөгөөд тэр үед би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар ирээд юу болсон талаар асууж тодруулаад манай нөхөрийг хайгаад явсаны дараа 1 цаг орчимийн дараа байх би гэрийн гадаа байж байхад миний нөхөр Х нэлээн согтуу ирээд чи намайг цагдаад өгдөг хэн бэ? би чамайг ална гээд намайг гэр рүү чирээд оруулах гэхээр нь би хоёр гараараа хаалганаас зуурч байгаад нөхрөөсөө арай гэж салаад ээжийнхээ гэрийн коридорт ороод ирсэн чинь миний хүү болох Хнь зогсож байхаар хүүхдээ тэврээд зогсууул арай цохихгүй байх гэж бодоод хүүхдээ тэврээд зогсож байхад миний хацар руу намайг 1 удаа алгадахаар ээжийн гэрээс хүүхдээ тэврээд зугтааж гараад гэрийн хажууд ирж байхад миний араас намайг өшиглөж унгаагаад намайг босох гэхэд миний дээрээс цохих шиг болохоор нь үсээ янзлаад босож байхад манай урд хашааны эгч Б эгч бид нарын хажууд ирчихсэн байсан тухайн үед би Б эгчийг байхаар нь тэдний хашаа руу гүйж ороод нөхөр нь байгаа юм чинь намайг хамгаалах байх гэж бодоод Б эгчийн хашаа руу гүйгээд орж байхад миний араас нөхөр болох Б.Х гүйж ирээд өшиглөж унгаагаад намайг толгой болон хавирга нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн бөгөөд тэр үед би ухаан алдаад цаашаа юу болсоныг сайн санахгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа Б эгч миний хамарнаас гарсан цусыг цэвэрлэж өгөөд манай гэрт намайг дагуулж очиход цагдаа нар ирчихсэн манай нөхрийг аваад явж байсан. Тухайн үед алхаар намайг цохисон зүйл байхгүй. Газарт байсан алх авахаар нь би булаагаад автал намайг газарт унгаах үед би уг алхаар өөрийн шанаа хэсэгт нэг удаа хальт цохисон юм. Миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Миний нөхөр Х архиуугаагүй үедээ гэр бүл үр хүүхэддээ асрамж сайтай хүн юм. Дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэж надад болон 2 хүүхэддээ амлалт өгсөн. Надад ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 36 дахь тал),

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай хүүхэд Б гэрт орж ирээд ээж Х ах А эгчийг зодоод байна. Та очоод болиулаад өгөөч гэж хэлэхээр нь Х-гийн хашаанд яваад очиход А-ийг Х гэрийнхээ гадна нүүр рүү нь гараараа алгадаж байсан. Тухайн үед би Х-г загинаж болиулаад А-ийг хажууд нь байгаад байвал улам их зодуулна чи зугтаагаад өөр газарт хэсэг байж байгаад хүрээд ир гэсэн чинь А- манай хашаа руу гүйгээд орсон чинь Х нь араас нь гүйж манай хашаа руу хөөж ороод өшиглөж унгаагаад А-ийн толгой, нуруу хэсэг рүү нь хөлөөрөө дэвссэн юм. Тэр үед А нь ухаан алдахад би Хг чи эхнэрээ цохиод алчихсан юм биш биз гээд айж сандраад хэлсэн чинь Х нь гэрлүүгээ явчихсан. Тэр дор нь би А-ийг би татаж босгоод харсан чинь ухаан орсон. Тэр үед А-ийн хамарнаас цус гарч, зүүн нүд болон зүүн шанаа хавдаж хөхөрсөн байсан. “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр манай хүргэн болох Х нь согтуугаар миний охиныг манай гэрт хөөж орж ирээд алхаар цохих гээд далайгаад байхаар нь миний охин Б.А нь арай гэж болиулаад кордиорт орилж хашгираад байхаар нь би галын чимхүүр аваад гарсан. Намайг харчихаад больсон бөгөөд тэрний дараа манайхаас гараад миний охиныг гэрийнхээ гадаа өшиглөж унгаачихсан байхаар нь би охиноо босгож авах гэсэн чинь миний үгэнд орохгүй орилж хашгирч байсан. Тэр үед Б ирж болиулсан бөгөөд миний охин хашаанаас зугтаад гарсан чинь Б.Х хашаанаас хөөгөөд гарсан. Миний охин А, Б.Х хоёрын хооронд болж байгаа зүйлд яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.  “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

Шүүгдэгч Б.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн хуурай ах болох Б гэх хүний гэрт очоод 0.5 литрийн нэг шил архи хувааж уугаад гэртээ ирээд өөрийн хадам ээжийн гэрийн тавилгыг  байшин руу зөөж дууссан юм. Тэгээд хуурай дүү болох А-ийн хамт хадлангийн талбай руу явахаар болоод гартаал эхнэр А миний хойноос утсаар залгаад хэл амаар доромжлоод гэрийг чинь шатаалаа эсвэл өөрөө ирээд буулгаад аваад зайл гэх мэтээр доромжлоод байхаар нь чи яагаад ингээд байгаа юм бэ гэхэд намайг миний хөл хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед чи одоо болиоч гэхэддахин өшиглөхөөр би тайлчихсан байсан гэрийн даруулга бүсний үзүүрээр хальт цохисон. Тэгтэл А өөрийн ээжийн гэр лүү орсон. Тэгээд би зогсож байтал манай охин О нь гарч ирээд хамт дэлгүүр явъя гэхээр би дэлгүүр явах гэж байтал хойноос эхнэр А гарч ирээд охиноо аваад буцаад гэр лүү орохоор нь би ганцаараа дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн соёрхол нэртэй архи аваад өөрийн багийн найз болох Г-ийн хамт тэдний граж дотор дотор тухайн архиа хувааж уусан юм. Тэгээд гэртээ очтол гэр хүйтэн байсан тул гал түлэх гээд хувин, алх автал миний хойноос эхнэр гарч ирээд миний гарт байсан алхыг булааж аваад миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний уур хүрч би эргэж хараад эхнэрээ нэг удаа алгадсан тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна. Нэг ухаан ортол би гэртээ ганцаараа суж байсан бөгөөд цагдаа нар ирээд намайг аваад  гарсан. А намайг өшиглөхөд миний биед гэмтэл учраагүй бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би дахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэж амласан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №455 дугаартай "... Үзүүлэгч Б.А-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун зүүн завжны салстад, хэлний баруун, зүүн хажуу хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн хацар, зүүн сарвууны ард зулгаралт, хүзүү зүүн эгмийн дээд хэсэгт, зүүн бугалга, баруун, зүүн сарвуунд баруун шуу, баруун мөрний үений дээд хэсэгт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Х нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хар булаг хорооллын 202 тоотод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.А-ийг зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Х нь хохирогч буюу эхнэр Б.А-ийг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүмүүс байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Х-гийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд “Миний эрүүл мэнд одоогоор хэвийн болсон. Нөхөр надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Мөн архинаас гарсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол тэмцэлгүй болно.” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 114 дэх тал )-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Х Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал)-аар тогтоогдсон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Х-гийн хувийн байдлын талаар: Гэрч Ш.Н-ын өгсөн:”. Б.Х нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч хүнтэй зөв боловсон харилцдаг, үг дуу цөөтэй, хүний хэлсэн үгээр байдаг, нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал), Гэрч Т.Б-ийн өгсөн:Б.Х нь төлөв даруухан зөв боловсон харилцаатай, илүү дутуу аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, үг дуу цөөтэй, хүний хэлсэн үгээр байдаг, нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй,” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй төмөр алхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Х-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б- овогт Б-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 750 /долоон зуу тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй төмөр алхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Б.Х-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ