Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 010

 

 

    К.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 744 дүгээр шийдвэртэй, А-ийн нэхэмжлэлтэй, Е-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч К.А, хариуцагч Х.Е, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Машины үнээс үлдсэн 300000 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлд: “2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн Х.Е нь надаас 95-34 дугаартай Елантра маркийн машиныг 1200000 төгрөгөөр худалдаж аваад тухайн үед бэлэн 900000 төгрөг өгөөд үлдсэн 300000 төгрөгийг сарын дараа өгнө гэж баримт өгсөн. Иргэн Х.Е-аас үлдсэн 300000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч хэл амаар доромжлон намайг хохироож байна. Иймд иргэн Х.Е-аас 300000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Анх К.А надад 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 95-34 улсын дугаартай Елантра машиныг 1200000 төгрөгөөр зарахдаа тухайн үнэнээс доошоо ярина гэсэн. Би машиныг асааж жаахан явж үзэхэд моторын цапоны шланкийг сугалж хаяад ундааны сав \пепси\ угласан байсан. Түүнээс болж мотор нь муудсан байсан. Урьд шил нь хагархай их хуучин машин байсан тул 1200000 төгрөгөөр авахгүй гэхэд К.А өөрөө бэлэн 900000 төгрөгөө өгөөд ав, дараа нь 100000 төгрөгөөр тохирч болох байх гэснээ “чиний эхнэр өвчтэй амьдрал хүнд байгааг үзлээ, чи надад Елантрагийн аккумлятор өгчихвөл болно” гэж тохиролцсон. Би 900000 төгрөгөө өгөөд машиныг авсан. Машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон. Уг машин нь явахаа болихоор нь би 600000 төгрөгөөр мотор худалдан авч тавьсан. Би 20-иод хоногийн дараа аккумлятор аваад гэрт нь очиход тэр хөдөө явсан байсан. Эхнэр нь “би авахгүй” гээд загнаад гаргасан. Бичиг баримтыг өгөөгүй учир би удаа дараа цагдаад торгуулж, сүүлд 200000 төгрөгөөр номер, бичиг баримтыг худалдаж авсан. Миний ахуй амьдрал маш хүнд байгаа болохоор би түүнд одоо мөнгө өгч чадахгүй хэлэлцэн тохиролцсоноор аккумлятор авна гэвэл өгч болно. Иймд А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 744 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-г баримтлан хариуцагч Е-аас Елантра маркийн машины үнийн үлдэгдэл 300000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “К.А нэхэмжлэлдээ бүгдийг худлаа бичсэн байна. Миний бие энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой бичсэн байгаа. Уг Елентраа машиныг 1.200.000 төгрөгөөр биш бид 1 сая төгрөгөөр тохиролцсон.

Тэр “шүүх хурал дээр би Х.Е-д 1.200.000 төгрөгөөр машинаа зараад 900.000 төгрөг авсан. Үлдсэн 300000 төгрөгөө сарын дараа өгнө гэж гарын үсэг зуруулж авсан. Саяхан тэр зах дээр таарч хэл амаар доромжилсон” гэжээ. Би түүнийг очих газартаа оч гэж хэл амаар доромжлоогүй. Х.Е манай эхнэрт хуучин аккумлятор авчирч өгсөн байсан. Эхнэрийг авалгүй буцаасан гэх мэтээр худлаа хэлсэн байна. К.А өөрөө “чиний эхнэр хүнд өвчтэй амьдрал чинь тааруухан байгаа юм байна. Тохирсноор аккумлятор авчирч өгвөл боллоо гэж хэлсэн ёсоор нь би цоо шинэ аккумлятор аваачихад эхнэр нь авалгүй буцаасан.

Тэр дараа нь манай эхнэр Э-ийн хүнд өвчтэй хэвтэж байгааг далимдуулан заль хэргэлж намайг эзгүйд очоод “танай нөхөр миний машиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж авахаар болж 900.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд 100.000 төгрөгөө маргааш өгөхөөр болсон. Үлдсэн 200.000 төгрөгөө дараа нь сарын дотор төлөхөөр тохирлоо. Чамаар бичиг хийлгээд авчих гэж хэллээ” гэж хууран мэхэлж байгаад өндийлгөн суулгаж өөрөө хэлж байгаад хүнд өвчтэй хүнээр бичүүлэн авсан байсан. Миний эхнэр Э, К.А бид хоёрын наймаа, тохироог огт мэдэхгүй. Анхан шатны шүүх түүний үгэнд итгээд надаар 300.000 төгрөг төлүүлэхээр үндэслэлгүй шийдвэр гаргалаа.Тийм учраас би тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 744 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Хэлэлцэн тохиролцсоноор акумлятор авна гэвэл авч өгч болно.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч К.А нь хариуцагч Х.Е-д холбогдуулан худалдсан автомашины үнээс үлдсэн 300000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 95-34 улсын дугаартай, Элентра маркийн суудлын автомашиныг Х.Е-д 1200000.00 төгрөгөөр худалдсан бөгөөд 900000.00 төгрөгийг бэлнээр авсан, үлдэгдэл 300000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж  тайлбарлан, Х.Е-ын үйлдсэн гэх баримтыг нэхэмжлэлд хавсаргажээ. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд “худалдаж авсан гэх автомашины үнийн талаар эцэслэн тохиролцоогүй, 900000.00 төгрөг дээр 100000.00 төгрөг, түүнчлэн тухайн автомашины аккумляторыг нэмж өгөхөөр тохирсон, тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг одоог хүртэл өгөөгүй” зэргээр үндэслэлээ тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан зохицуулалтыг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийн уг заалтыг хэрэглэх болсон үндэслэлээ шийдвэрт тусгаагүй, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчсөн эсэх, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл зэргийг тус тус тодорхойлоогүй, маргааны хууль зүйн болон бодит үндэслэлийг тогтоогоогүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зохигчоос тодруулаагүй байна.

Шүүхээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй эсэх, уг шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой эсэхийг тогтоож, энэ талаар дүгнэлт хийх байжээ. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилжээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба мөн зүйлийн 76.2.-т зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр зохицуулжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үеийг тодорхойлох, улмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох буюу Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан зохицуулалтыг шүүхээс үндэслэлтэйгээр тайлбарлаж хэрэглэх боломжгүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгчээс тодруулахад “анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан” гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй байна. Иймд маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн зүйлийн 168.3.-т зааснаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

            Нэхэмжлэгч К.А нь өөрийн өмчлөлийн Элентра маркийн суудлын автомашиныг хариуцагч Х.Е-д 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр худалдсан гэж тайлбарлан мөн өдөр хариуцагчийн үйлдсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтын талаар хариуцагч Х.Е маргаж “би энэ баримтыг үйлдээгүй, харин эхнэр Э үйлдсэн байна” гэж, автомашиныг 2013 онд худалдаж авсан гэж тайлбар гаргасан байна. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул маргааны агуулга, үйл баримт, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9600.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, Х.Е-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9600.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, Х.Е-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК