Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 991

 

 

 

 

 

 

 

2019          10            3                                               2019/ДШМ/991                                   

 

С.Э-У-а, Б.Ө, Б.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Эрдэнэбаатар,

хохирогч П.А,

шүүгдэгч С.Э-У-а,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 541 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э-У-ын гаргасан давж заалдах гомдлоор С.Э-У-а, Б.Ө, Б.М нарт холбогдох 1809030220080 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. . Э-У-а, 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............. ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

2. ..... Ө, 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэрэгт холбогдох .....н, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн .....тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

3. ...... М, 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ ....., ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

С.Э-У-а нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр хохирогч П.Агийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн уг хэргийн гэрч Б.Ө, Б.М нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хууль бусаар нөлөөлсөн,

Б.Ө, Б.М нар нь эрүүгийн 1809030220080 дугаартай хэргийн яллагдагч С.Э-У-ын 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр хохирогч П.Аг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Э-У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Ө, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...... Э-У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт,

шүүгдэгч ... Ө, шүүгдэгч ..... М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Э-У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ө, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Э-У-ад оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э-У-а, Б.Ө, Б.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-У-а нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч С.Э-У-аас 1.272.770 төгрөгийг гаргуулан хохирогч П.Ад олгож, хохирогч П.А нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-У-а, Б.Ө, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Э-У-а давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хамрын хугарлын аль хэсэг нь шинэ болон хуучин гэмтэл болох талаар дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийг зөрчиж хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан ба анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлтийг хийгээгүй. Б.Гантөмөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг илт зөрүүтэй байсан тул мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргаж, анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан хойшилж 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан шүүх хуралдаанд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь миний эрх зүйн байдалд илэрхий сөргөөр нөлөөлсөн ба намайг гэмт хэрэг үйлдсэн талаарх дүгнэлтийг шүүхээс хийх үндсэн нотолгоо нь Б.Гантөмөрийн сүүлд өгсөн "Э-У-а Аг цохисон” гэх мэдүүлэг болсон. Б.Гантөмөр нь анх мэдүүлэг өгөхдөө “Э-У-а Аг цохиогүй” гэж мэдүүлсэн байдаг ба хохирогчийн өмгөөлөгч цохисон гээд та хэлчихвэл асуудлыг С.Э-У-ын талд эвтэйхэн шийдвэрлүүлнэ гэсэн болохоор нь тэгээд хэлчихсэн талаараа надад хэлсэн болохыг мөрдөгчид болон шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч хүлээж аваагүй. Б.Гантөмөрийн илэрхий зөрүүтэй мэдүүлгээс зөвхөн яллах талыг хэт барьж мэдүүлгийн зөрүү арилгаагүй байхад "цохисон" гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч С.Э-У-а намайг цохисон нь үнэн. ...” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Э-У-а нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр хохирогч П.Агийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ тухайн хэргийн гэрч Б.Ө, Б.М нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан. Шүүгдэгч С.Э-У-а, Б.Ө, Б.М нарын үйлдсэн гэмт хэргүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, анхан шатны шүүхээс тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан, торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Э-У-а хохирогчид учирсан хамрын хугарал нь хуучин гэмтэл байсан гэж мэтгэлцдэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон тухайн үед томограф хийлгэсэн эмчийн дүгнэлтээр нүдний ухархайн гэмтэл нь хуучин гэмтэл гэж гарсан. Харин шанааны болон хамрын хугарал нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдсон байгаа. Уг хэргийн хувьд ганцхан Б.Гантөмөрийн өгсөн мэдүүлгээр нотлогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гарсан. Гэмт хэрэг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Э-У-а нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр хохирогч П.Агийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн уг хэргийн гэрч Б.Ө, Б.М нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Ө, Б.М нар нь эрүүгийн 1809030220080 дугаартай хэргийн яллагдагч С.Э-У-ын 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр хохирогч П.Аг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Агийн “...Би машин барьж явсан цэрэгт 100.000 төгрөг өгөөд “Оргил руу ороод виски аваад ир” гэж хэлэхэд Э-У-а нөгөө цэрэг рүү орилоод, загнаад байхаар нь би Э-У-ыг “чи болиочээ, ямар цэргийн анги дээрээ байгаа биш” гэхэд Э-У-а миний зүүн талын хамар луу баруун гараараа нэг удаа цохиход би хойшоо саваад унахад дээрээс 3-4 удаа өшиглөсөн. ...Жанчив намайг цохиж зодоогүй, машин дотор уусан архиндаа согтоод унтаж байсан. ...Э-У-атай хамт байсан хоёр байлдагчийн нэг нь буюу М нь Э-У-ын хүүхдийг хараад зуслан дээр үлдсэн. …” /1хх 33-34, 35-38, 130-133/,

гэрч Н.Бат-Өлзийгийн “...машины зогсоол дээр хоёр хүн маргалдчихсан, цаад талд нь нэг цэрэг хувцастай хүн тэр хоёрын дундуур нь орж болиулах гээд зогсож байсан. ...Нэг залуугийнх нь ам хамраас нь цус гарчихсан намайг “утсаа өг, би хүнтэй ярих гэж байна, би цэргийн хурандаа байна, ална шүү” гээд байсан. ...Тухайн үед камерууд шатчихсан бичлэг хийгдээгүй байсан. ...”  /1хх 94-95/,

гэрч Г.Бямбанямын “...Манаачийн байран дээрх камерт мөнгөлөг саарал өнгийн “Марк-X” загварын машин орж, гарч байгаа бичлэг болон нэг цэрэг малгайтай эрэгтэй хүн нэг хүнийг авч явах гэж байгаа бололтой татаж байгаа дүрс бичигдсэн байсан. ...”  /1хх 96-97/,

Б.Өын 2018 оны 10 дугаар сарын 3-ны яллагдагчаар өгсөн “...Машинаас буулгахад Э-У-а дарга, хохирогч А хоёр хоорондоо хөөцөлдөөд, нэг нэгнийгээ ална шулна гээд байсан. ...Э-У-а дарга хохирогч А ахын хамар хэсэг рүү нь цохиход А ах “хамар хугарчихлаа” гээд орилсон. ...нүүр лүү нь харахад хамар нь хөхөрчихсөн, шүднээс нь цус гарчихсан байсан. ... Энэ явдлыг би ганцаараа эрүүл байсан болохоор сайн харсан. Жанчив ах машин дотор уусан архиндаа согтоод тасраад уначихсан, Гантөмөр ах согтоод, дүнхүүрчихсэн, юу болж байгааг ч мэдэх сөхөөгүй зогсож байсан. ...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхөд Э-У-а дарга намайг “өөрийнхөө биеийг хамгаалаад зүгээр түлхсэн” гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн болохоор би даргаас айгаад цагдаагийн байгууллагад зориуд худал мэдүүлэг өгсөн юм. ...Мыг анх мэдүүлэг өгөх үед нь “Э-У-а дарга надаас асууж байгаад адилхан мэдүүлэг өгөөрэй” гэж хэлсэн болохоор би Мт болсон явдлын талаар худал мэдүүлэг зааж өгсөн юм. ...Би цагдаагийн байгууллагад анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. …” /1хх 147-153/,

Б.Өын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “...Тэр зодуулсан гээд байгаа ах үнэтэй виски авч ууна гэхэд Э-У-а дарга “би архи уухгүй, хүүхэд уйлаад байна, харилаа” гэхэд нөгөө зодуулсан гээд байгаа ах Э-У-а даргын баруун шанаа, эрүү хавьд нь гараараа хоёр удаа цохиход Э-У-а дарга араас нь хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. ...Тэр ах Э-У-а даргыг хөөж гүйж байхдаа хөл дээрээ тогтож чадахгүй хоёр удаа газар унасан. ...А гэдэг ахыг тухайн үед цохиж зодсон хүн байхгүй. Тэр ах өөрөө Э-У-а даргыг цохих гэж хөөж байгаад гурван удаа өөрөө газар унасан. ...” /1хх 64-65/,

Б.Мын 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр яллагдагчаар өгсөн “…Энэ явдал болсны дараа намайг цэргийн анги дээрээ байхад Э-У-а дарга, байлдагч Ө хоёр надтай уулзаж “цагдаагаас дуудаад байна, чи цагдаад гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар Өтай адилхан мэдүүлэг өгчихөөрэй” гэж Э-У-а дарга надад хэлсэн юм. Тэгээд би болсон явдлын талаар худал мэдүүлэг өгсөн. ...” /1хх 156-160/

Б.Мын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...Тэр ах Э-У-а даргын араас нь хөөж гүйж байхдаа хоёр удаа газар унасан. ...тухайн үед А ахыг зодсон хүн байхгүй. ...” /1хх 83-85/ гэх мэдүүлгүүд,

“...П.Агийн биед тархи доргилт, баруун хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 7995 дугаартай дүгнэлт /1хх 39/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Э-У-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ө, Б.М нарыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч С.Э-У-ын хохирогч П.Атай “цэрэгт мөнгө өглөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дээд, доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язарсан шарх, баруун, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өөрийн удирдлага дор цэргийн алба хааж байсан Б.Ө, Б.М нарт нөлөөлж зориуд худал мэдүүлэг өгүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ө, Б.М нар нь шүүгдэгч С.Э-У-ыг хохирогч П.Аг зодоогүй, хохирогч өөрөө газар унасан гэж гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах болон бусад зорилгоор зориуд худал мэдүүлэг өгч, эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд халдаж, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ө, Б.М нарын 2018 оны 7 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд гэрчээр өгсөн, мөн 2018 оны 10 дугаар сарын 3, 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг бусад нотлох баримттай харьцуулан үзэхэд тэднийг зориуд худал мэдүүлж, мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч С.Э-У-а “...Б.Гантөмөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, түүний "цохисон" гэх мэдүүлгийг үнэлсэн. ...хохирогчийн биед учирсан хамрын хугарлын аль хэсэг нь шинэ болон хуучин гэмтэл болох талаар дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ дан ганц Б.Гантөмөрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Б.Гантөмөрийн өгсөн мэдүүлгийн зөрүү нь согтуурлын улмаас хэргийн нөхцөл байдлыг гүйцэд ойлгоогүй, өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйтэй холбоотой болох нь Б.Гантөмөрийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Толгой аймаар өвдөөд байсан. Өмнөх өдөр нь нилээд уусан байсан болохоор юмаа орон гаран бодоод байсан. ... /1хх 71-73/ гэх, хохирогч П.Амарсайханы “...намайг цохиж, зодох үед Гантөмөр зогсоолын цаана хараад зогсож байсан. ...” /1хх 33/ гэх, Б.Өын 2018 оны 10 дугаар сарын 3-ны яллагдагчаар өгсөн “...Гантөмөр ах согтоод, дүнхүүрчихсэн, юу болж байгааг ч мэдэх сөхөөгүй зогсож байсан. ...” /1хх 147-153/ гэх мэдүүлгүүдээр тогтоогджээ. Иймд Б.Гантөмөрийн мэдүүлгийг үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Хохирогчийн биед учирсан хамрын хугарал шинэ болон хуучин гэмтлийн аль нь болох талаар гаргасан гомдлын тухайд: Хохирогч П.Агийн биед учирсан “...хацар ясны нумны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт...хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтлүүд нь тухайн үйл явдал болох цаг хугацаанд үүссэн болох нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Натур” эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээний “...Хамар яс хянга хэсгээрээ зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч зүүн тийш мурийлттай. Зүүн талын гайморовын хөндийн салст хязгаарлагдмал зузаарсан. ...” гэх дүгнэлт /1хх 40/, “...П.Агийн биед, ...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, ...хамрын уг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, ...бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 7995 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Э-У-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч С.Э-У-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Ө, Б.М нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба С.Э-У-ын гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс, Б.Ө, Б.М нарын гэмт хэрэг үйлдэгдсэн /анх худал мэдүүлэг өгсөн/ 2018 оны 7 дугаар сарын 18, 20-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 23, 2019 оны 7 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд өнгөрчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” хуульчилсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.Э-У-а, Б.Ө, Б.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж ямар гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь тодорхой биш байх тул гэмт хэргийн шинжээр нь гэм буруутайд тооцохоор өөрчлөлтийг оруулав.

 

Иймд шүүгдэгч С.Э-У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 541 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Чонос овогт Самбуу-Ёндонгийн Э-У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Өөлд овогт Батхүүгийн Ө, шүүгдэгч Тангуд овогт Бямбасүрэнгийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. …” гэснийг “...Шүүгдэгч Чонос овгийн Самбуу-Ёндонгийн Э-У-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт, “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэгт, шүүгдэгч Өөлд овгийн Батхүүгийн Ө, шүүгдэгч Тангуд овгийн Бямбасүрэнгийн М нарыг “гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Чонос овогт Самбуу-Ёндонгийн Э-У-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Өөлд овогт Батхүүгийн Ө, шүүгдэгч Тангуд овогт Бямбасүрэнгийн М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН