Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/ШШ2024/0034

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,            

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

          Шүүгч Т.Энхмаа      

Нэхэмжлэгч: “А” ХХК                                                    

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр MY-0022XXтоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах

   Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Д.Б

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

     Хэргийн индекс: 221/2024/0014/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0785 дугаар захирамжаар ““А” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр MY-0022XXтоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.          

2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:

          2.1. Манай компани нь 2010 оноос Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших "Гутай" нэртэй 286,32 га талбай бүхий MY-0022XXтоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг эзэмшин, тусгай зөвшөөрлийн талбайд алтны шороон ордын олборлолтын үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэхүү тусгай зөвшөөрөл нь ямар нэг маргаан байхгүй, хуулийн хучин төгөлдөр, бид хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, татвар хураамжаа төлж, хууль зөрчсөн аливаа үйлдэл, зөрчил гаргаж байгаагүй. Тухайн талбайд өнөөдрийн байдлаар үлдэгдэл нөөц 105 кг байгаа ба цаашид ашиглалтын үйл ажиллагааг олон жил тогтвортой явуулахаар бэлтгэж ихээхэн хэмжээний зардал /татвар, төлбөр, орон нутгийн хандив, тоног төхөөрөмж гэх мэт/ гаргаж ирсэн.

          2.2. Бид үйл ажиллагаа явуулахдаа хууль тогтоомжийг мөрдөж бүх бичиг баримт /Уулын ажлын төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөө гэх мэт/ хуулийн зөрчилгүй хяналт шалгалтын явцад 90 хувийн биелэлттэй хэвийн ажиллаж байлаа. Мөн сум орон нутагтай хамтран ажиллаж хөрөнгө оруулах гэрээгээ байгуулан хандив тусламж өгч, Батширээт сумын Онгон багт өөрийн хүч хөрөнгөөр соёлын төв барин хүлээлгэж өгч байсан. Удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор, 200 гаад иргэдийг ажлын байраар хангаж байсан. Монгол Улсын Засгийн Газар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр «Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлж, Монгол Улсын Их хурал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 46 тоот Тогтоол гарган зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч шийдвэрлэсэн. Манай компани эзэмшиж байсан ашигт малтмалын MY-0022XXтоот тусгай зөвшөөрлийн талбай дээрх Их хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай байсан.

          2.3. Манай компанийн эзэмшин ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан МҮ-002247 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших "Гутай нэртэй 286,32 га талбайг бүхэлд нь Улсын тусгай хэрэгцээнд авсан байхад АМГТГ-ын Кадастрын хэлтэс шууд цуцалсан тул манай компани шүүхэд хандсан. Энэ маргааныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шинэ шийдвэр гаргахыг даалгасан 145 тоот Тогтоол гарган шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу АМГТГ-ын Кадастрын хэлтсийн хууль бус шийдвэр хүчингүй болсон байгаа.

          2.4. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хун бур хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", 6 дугаар зүйлийн 4-т заасан "Төр газрын эзэнд газартай холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах" гэж, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох" гэж тус тус хуульчилсан, Гэтэл Засгийн Газар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авах санал гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхдээ нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс шалтгаалан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан манай компанийн үйл ажиллагаа зогсож, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдвэрлүүлэхээр явж байна.

          2.5. Манай компанийн эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан MY-002247 ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулийн хүчин төгөлдөр байх үед Улсын тусгай хэрэгцээнд авсан тул бид Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг ... төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны  үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж зааснааар Засгийн газарт хандсан боловч шийдвэрлээгүй гэдэг хариуг өгсөн.

          2.6. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 тоот тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан. Энэ тогтоолд тайлбарласнаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол “өөр талбай”-г дүйцүүлэн олгох үндэслэл болно" гэсэн.

          2.7. Засгийн газрын гаргасан шийдвэр тусгай хэрэгцээнд авах санал гаргаж шийдвэрлүүлэхдээ нөхөх олговрын асуудлыг АМТХуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан, үүнээс шалтгаалан манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиар баталгаажсан нөхөх олговор авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй тул “MY-0022XX” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр МҮ-002247 тоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг Улсын тусгай хэрэгцээнд авахдаа терийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан, шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

          3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Д.Б нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

          3.1.1 Монгол Улсын Засгийн газарт “А” ХХК-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэгч компанийн эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр МВ-002247 тоот ашигт малтмалын ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг Улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах” утга бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

          3.1.2. Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй 286 гектор талбайд Ашигт малтмалын ашиглалтын МВ-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/ -ны даргын 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 114 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-д олгож, АМХЭГ-ын ГУУКА /хуучин нэрээр/-ны даргын 2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр “Ю Энд Би” ХХК-д бүхэлд нь АМГ-ын ГУУКХ /хуучин нэрээр/-ын даргын 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр “MY-0022XX” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

          УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” батлагдан гарсан.

          3.1.3. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан 194 дүгээр “хилийн заагийг тогтоох тухай” тогтоолоор батлагдсан хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байна. Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаартай албан бичгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр шийдвэрээр Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших “Гутай” нэртэй 286.32 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

          3.1.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр дээрх 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, мөн өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрээр “MY-0022XX” ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших “Гутай” нэртэй 286.32 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

          3.1.5. Нэхэмжлэгч компаний хувьд Засгийн газартай дээрх асуудлаар харилцан зөвшилцөөгүй, тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоогдсон хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт хамааралгүй юм.

          3.1.6. “А” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, "MY-0022XX" ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны О6 дугаар сарын 21-ний өдрийн 0430 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

          3.1.7."MY-0022XX" ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын О5-ны өдрийн 493 дугаар магадлалаар "Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны ОЗ дугаар сарын О4-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай" 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож" Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугээр зүйлийн 109.2, 54.1.1-д зааснаар "MY-0022XX" ХХК-тай холбоотой нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилсөн.

          3.1.8. Хариуцагчийн зүгээс магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар тогтоолоор "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан "Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай" 45 дугаар шийдвэр"-ийг 6 сарын хугацаатай тудгэлзүүлсүгэй" гэж, 2 дахь заалтыг "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдсугай" гэж; "2" дугаарыг "3" гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          3.1.9. Тодруулбал “MY-0022XX" ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д "нэхэмжлэлд зaacaн үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзасан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

          3.2.1. Төрийн захиргааны байгууллага Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших "Гутай" нэртэй 286.32 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгожээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/4204, оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4426 дугаартай албан бичгийг үндэслэн төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дүгээр шийдвэрээр Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших "Гутай" нэртэй 286.32 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

          3.2.2. Дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар" тусгай хамгаалалтад авахаар заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж хуульчилсан.

          3.2.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 13 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан. Уг тайлбарын 1-т "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олгох үндэслэл болно" гэж заажээ.

          3.2.4. Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших "Гутай" нэртэй 286.32 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-002247 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан "MY-0022XX" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг үндэслэн нөхөн олговор авах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгч "А" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          4. Иргэдийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар гаргасан дүгнэлтдээ “...Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

 

 

  ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааны төрлийг нэрлэн зааснаар 112.1.5-д хамаарах Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцээд, хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс “MY-0022XX” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр MY-0022XXтоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан.

3. Анх Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Гутай нэртэй 286 гектар талбайд ашиг малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Ти Си Эйч гоулд ХХК-д олгож, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг “Ю Энд Би ХХК-д шилжүүлж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр MY-0022XX ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс тус тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, тухайн талбайд алтны шороон ордын олборлолтын үйл ажиллагаа явуулж иржээ.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрээр дээрх MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийг “...тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар тогтоолоор “...хариуцагч захиргааны байгууллага хуулиар тодорхойлж заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна, ...хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах эрх хэмжээ хариуцагчид байгаа тул “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 45 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн, хариуцагч захиргааны байгууллагаас дээрх хугацаанд хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргаагүй болох нь тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнайгийн “...маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэртэй холбоотой тодорхой ажиллагаа хийгдээгүй...” гэх тайлбараар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар маргаан бүхий 45 дугаар шийдвэр хүчингүй болсон гэж үзэхээр байна.

            5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Засгийн газар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авах санал гаргаж шийдвэрлүүлэхдээ нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан, үүнээс шалтгаалан манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиар баталгаажсан нөхөх олговор авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэхээр Засгийн газарт хандсан боловч тус өргөдлийг шийдвэрлээгүй” гэж тайлбарлан маргасан.

6. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч шийдвэрлэхдээ тогтоолын 4 дэх хэсэгт Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар авсан бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нараас энэ үйл баримттай маргадаггүй. Иймд нэгэнт маргаан бүхий газар нь бүхэлдээ улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцаж буй энэ тохиолдолд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоогдсон хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт хамааралгүй” гэх тайлбарыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

 7.1. Хариуцагч захиргааны байгууллагаас Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар тогтоолд дурдсан асуудлаар дахин шинэ акт гаргаагүй учир нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  №23/06/21 дугаар албан тоотоор Монгол Улсын Засгийн газарт хандан “...газрыг нөхөн олговортойгоор солих эргүүлэн авах хуулийн заалтыг мөрдөж нөхөн олговорт дүйцүүлэн талбай олгох шийдвэр гаргаж өгнө үү” гэх өргөдөл гаргасныг, Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/713 тоот “Гомдол шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байх бөгөөд, Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/4682 тоот албан бичгээр “...тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь зохицуулалтын хүрээнд нөхөх олговор авах тухай асуудлаар өмнө нь Төрийн захиргааны байгууллага болон шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримт байхгүй” гэх хариуг өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

7.2. Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.3-т “энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9, 16.1.12-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох;” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “1.Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16, 16.1.17, 16.1.18-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх”, 18.1.3-т “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох” гэж тус тус заажээ.

7.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Монгол Улсын Их Хурлаас өөрт хуулиар  олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 тогтоолоор “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарч байна. Харин тус тогтоолоор газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан хариуцагч захиргааны байгууллага болох Монгол Улсын Засгийн газраас газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах чиг үүрэг болох Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “...газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгох”-оор заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            7.4. Учир нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олгох үндэслэл болно.

Энэ заалтын "тусгай хэрэгцээнд авах" гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно” гэж,

2-т нөхөх олговорт тусгай зөвшөөрөл олгож болно гэснийг Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй гэж, 3-т Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй, мөн нөхөх олговорт талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно гэж тус тус тайлбарласан.

7.5. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-002247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь дээр дурдсан 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу хуулиар хориглосон, нэхэмжлэгчийн ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулах эрх нь буцаж сэргэхээргүй болсон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь хуулиар олгогдсон нөхөх олговор авах, авахыг шаардах эрхтэй гэж үзэхээр байна.

Иймд хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан ““А” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр MY-0022XXтоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.6. Түүнчлэн, шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “...Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.

8. Харин “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон нөхөх олговор авах, авахыг шаардах эрхийг л хангаснаас бус Засгийн газарт нөхөх олговрын асуудлыг хэрхэн, ямар арга хэлбэрээр шийдвэрлэх талаар шууд даалгах боломжгүй. Учир нь тухайн асуудал нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал, өөрөөр хэлбэл нөхөх олговрыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох, эсхүл мөнгөн хэлбэрээр олгохын чухам алийг нь сонгож шийдвэрлэх эсэхэд шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговорт тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн нь Засгийн газрын бүрэн эрх буюу захиргааны шийдвэр гаргахад сонгох боломж, харин мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэсэн нь үүрэг хүлээлгэсэн байх тул эдгээр хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байх тул Засгийн газар нэхэмжлэгчийн маргаж буй асуудлаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй.

9. Түүнчлэн, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нөхөн олговор авах хүсэлтийг” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хэрэгт авагдсан байгаа тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан үндэслэлийн тухайд:

9.1. Монгол Улсын Дээд шүүхийн 145 дугаар тогтоолоор “...нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийг цуцалж болохоор заасан, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бүрэн эрхийг хууль тогтоогч уг хуульд тусгайлан зааж, хариуцагчид олгоогүй байна...” гэж дүгнэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 493 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай 45 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй гэж; 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул маргаан бүхий 45 дугаар шийдвэр хүчингүй болсон байна.

9.2. Нэхэмжлэгч “MY-0022XX” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан MY-0022XX ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр МҮ-002247 тоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4806 дугаар захирамжаар “... нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэж үзэхээр байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүй” талаар дурдаж, тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.  

9.3. Нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  №23/06/21 дугаар албан тоотоор Монгол Улсын Засгийн газарт хандан “...газрыг нөхөн олговортойгоор солих эргүүлэн авах хуулийн заалтыг мөрдөж нөхөн олговорт дүйцүүлэн талбай олгох шийдвэр гаргаж өгнө үү” гэх өргөдлийг гаргасан байх бөгөөд ...эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй тул тус шүүхэд “MY-0022XX” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр MY-0022XXтоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан талаараа нэхэмжлэлдээ дурдсан байна.

Иймд дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан энэхүү нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан ... захиргааны үйл ажиллагаан ы талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнайгаас “...миний бие Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Ерөнхий сайд итгэмжлэл олгосон, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар шилжин ажиллах тушаал гарсан” гэх асуудлыг шүүх тодруулахад Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн х/413 тоот албан бичгээр “...уг маргаанд Засгийн газрыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” 171 дүгээр захирамжаар томилсон байх тул уг захирамжийн хуулбарыг хүргүүлэв” гээд тус захирамжийн хуулбарыг байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж шүүхэд ирүүлсэн. Уг захирамжаар “...MY-0022XX ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлөн оролцох итэмжлэгдсэн төлөөлөгчөөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, мөн газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дашдаржаа нарыг” томилсон байх бөгөөд тус итгэмжлэлийг өөрчилсөн, хүчингүй болгосон аливаа шийдвэрийг хариуцагчаас ирүүлээгүй байх тул тус итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр байгаа болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “MY-0022XX” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  “MY-0022XX” ХХК эзэмшин хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хүчин төгөлдөр MY-0022XXтоот ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл бүхий 286 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсэг болох “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                                           

 

 

         

                           ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

                           ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА