Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2021/0036

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Гомдол гаргагч: Т.А   гомдолтой;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг даргын Тамгын газрын  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г    холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451202 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай”  гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Т.Аийн    өмгөөлөгч Ч.А /Улаанбаатар хотоос цахимаар/, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Гомдол гаргагч Т.А шүүхэд гаргасан гомдолдоо:

 Монгол Улсын иргэн Т.А миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд заасны дагуу өөрийн эрхээ эдэлж, Баян-Өлгий аймгийн сонгуулийн тойрог буюу 2 тойрогт “Та бидний эвсэл” -ээс нэр дэвшин сонгуулийн компанит ажлаа эхлүүлэн зохих хуулийн дагуу нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар сонгуулийн явцад миний бие сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах зардлын санхүүжилтийг өөрийн намд шилжүүлж, намаас сонгуулийн зардлыг тухай бүр гаргаж санхүүжүүлж байсан болно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны явцад миний бие хувиасаа ямар нэгэн сонгуулийн зардлыг гаргаж байгаагүй ба нам болон эвслээс сонгуулийн зардлыг гаргаж байсан. Гэвч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №1451202 тоот шийтгэлийн хуудсаар иргэн намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 27 дахь хэсэг буюу “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Миний бие энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх” , мөн тус бүлгийн 29 дүгээр зүйлд “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”,  30 дугаар зүйлд “Нам, эвслээс нэр дэвшүүлэх”, 31 дүгээр зүйлд “Бие даан нэр дэвшүүлэх” зохицуулалтыг тус тус хуульчилж өгсөн. Энэхүү хуулийн зохицуулалтын ойлголтоос харвал Намаас нэр дэвшигч, Эвслээс нэр дэвшигч, Нэр дэвшигч буюу ( Бие даан нэр дэвшигч) гэх зохицуулалттай байна.

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хэргүүлнэ зохицуулалттай бөгөөд энэхүү зохицуулалтад эвслээс нэр дэвшигчид хамаарахгүй зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл энэхүү зохицуулалт нь зөвхөн нам, эсвэл, бие даан дэвшигчид хамаарах зохицуулалт бөгөөд эдгээр гурван этгээд л явцын тайлан гаргаж өгөх ёстой ойлголт юм.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч нь 2021 оны 02  дугаар сарын 03-ны өдрийн №1451202 тоот шийтгэлийн хуудсаар иргэн намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 27 дахь сонгуулийн явцын тайлан гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр 20000 нэгж буй 20.000.000  сая төгрөгөөр торгож буй нь үндэслэлгүй юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №1451202 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Х.С улсын байцаагч маань Б.Г т гэдэг хүнээс итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Гэтэл анх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Х.С өөрөө явуулж байсан. Үүнтэй холбогдуулан Х.С улсын байцаагчийн эрхийн харахад, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буюу 2 жилийн хугацаатай олгогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явуулсан процессыг харахаар улсын байцаагчийн эрхгүй үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4-д эрх бүхий албан тушаалтан явуулна гэсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-д  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн харьяалан шалгах  зөрчлүүдийг  заагаад өгсөн. Гэхдээ Х.С байцаагч 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын байцаагчийн эрхгүй үед зөрчлийн хэрэг нээх тухай  тогтоол гаргасан. Мөн улсын байцаагчийн эрхгүй үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тогтоолуудыг үйлдээд, Тамгын газрын дарга болон прокурорт хянуулсан асуудал байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үүнтэй холбогдуулан 2-3 гэрч асуусан. Хуулийн процессыг харахад, эрх бүхий улсын байцаагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг явуулах ёстой байтал эрх нь дуусгавар болсон үед Х.Садырбек байцаагчийн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд хүчингүй гэж үзэж байна. Улсын байцаагчийн эрхгүй этгээд үйл ажиллагаа явуулаад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. 2021 оны 02 дугаар сард Тамгын газрын дарга нь Х.С байцаагчийн эрх дууссаныг мэдээд зөрчлийн хэргийг улсын байцаагч Б.Г шилжүүлсэн байна. Тийм учраас зөрчлийн процессыг явуулсан үйл ажиллагаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451202 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монгол Улсын Ерөнхий аудитор болон Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн ирүүлсэн “Арга хэмжээ авч ажиллах” талаарх албан тоотын дагуу Улсын Их Хуралд 2 дугаар тойргоос нэр дэвшсэн  Т.А холбогдох “Сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй” гэх зөрчлийн хэргийг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.С, Б.Г нар бид 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг нээж шалгасан болно.

Холбогдогч Т.А МИАТ компанийн нисгэгчээр ажилладаг гэх бөгөөд тусгай үүргийн нислэгт үүрэг гүйцэтгэдэг, биеэр ирж мэдүүлэх өгөх боломжгүй байсан тул гэр бүлийн хүнээс тайлбар гаргуулан авсан юм. Гэр бүлийн хүн болох Х.С тайлбартаа “сурталчилгааны үед хөдөө сумуудаар явж сурталчилгаа хийсэн, сонгуулийн явцын тайланг гаргаж өгөх боломж гараагүй” гэсэн. Мөн Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст прокурорын байгууллагын албан тоот хүргүүлж мэдүүлэг авхуулсан бөгөөд уг  мэдүүлгийг тус дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цэнд-Аюуш утсаар холбогдож авсан байсан ба Т.А нь мэдүүлэгтээ, тайланг “Ө” ХХК-ийн аудитор М.А баталгаажуулан өгсөн гэж мэдүүлсэн байсан. Энэ нь сонгуулийн зардлын эцсийн тайлантай холбоотой тайлбар бөгөөд явцын тайлангийн талаар Чингэлтэй дүүргийн байцаагч тодруулж асуугаагүй байна. Холбогдогчийн мэдүүлгийн дагуу “Ө” ХХК-ийн аудитор М.Аээс гэрчийн мэдүүлэг авахад “Т.Аийн гэр бүлийн хүн Х.С хүсэлт гаргасны дагуу 2020 оны 07 дугаар сард гэрээ хийж, Т.Аийн сонгуулийн зардлын эцсийн тайланд аудит хийж хүлээлгэж өгсөн, харин явцын тайланг гаргаж хүргүүлсэн эсэхийг мэдэхгүй” гэв.  Мөн Т.Аийн сонгуулийн бие төлөөлөгчөөр ажилласан О.А гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлэгт “Миний бие нэр дэвшигч Т.Аийн сонгуулийн зардлын явцын тайланг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан, тухайн үед уг тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой гэдгийг мэдээгүй байсан бөгөөд сонгуулийн зардлын эцсийн тайлангийн нэгэн адил хувийн аудитын компаниар баталгаажуулах ёстой  гэж ойлгосон. Тайлан гаргасан өдөр аймгийн хувийн аудитын компанид хүргүүлэх гэсэн боловч амралтын өдрүүд таарч, тайлан авах хүн олдоогүй. Сурталчилгааны хугацаа дуусахад ганц хоёрхон өдөр үлдсэн байсан учир тайланг өгөх цаг хугацааны хувьд боломж гараагүй, тэгээд орхигдсон байсан” гэв.  Мөн “Та бидний эвсэл”-ийн санхүү хариуцсан ажилтан С.Е гэрчийн мэдүүлэг авсан юм. Гэрч С.Е мэдүүлэгтээ “нэр дэвшигч нь надад сонгуулийн зардлын тайлан гаргах талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, явцын тайлан өгнө гэдгийг надад хэлээгүй, зөвхөн мөрийн хөтөлбөрийг аудитын байгууллагад өгнө гэсэн тул миний бие мөрийн хөтөлбөрийг хүргүүлсэн, тэдний өмнөөс тайлан гаргаж аудитын байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээгээгүй, харин сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахад гарсан зардлын талаарх мэдээллийг өөрсдөд нь тухайн үед гаргаж өгч байсан” гэжээ.

Үндэсний аудитын газраас ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдогчийн өөрийн гэр бүлийн хүний ирүүлсэн тайлбар, гэрч О.А С.Е, М.А нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд холбогдогч нь сонгуулийн явцын тайлангаа гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй байгаа нь нотлогдож байгаа тул  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан болно. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь заалтад “нэр дэвшигч, нам эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байгаа ба холбогдогч нэр дэвшигч гэсэн заалтад хамаарч байгаа тул миний оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Т.Аийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байгаа. Т.А нь хэдийгээр эвслээс нэр дэвшсэн ч нэр дэвшигч гэдэгт хамаарч байгаа учраас Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451202 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсаар[1] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт /Баян-Өлгий аймаг/ нэр дэвшсэн Т.А нь “сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй” зөрчил үйлдсэн нь тогтоогдож байна  гэсэн  үндэслэлээр  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар  хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

1.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл /Сонгуулийн хуулийг зөрчих/ -ийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж, Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ” гэж тус тус  заажээ.

Сонгуулийн ерөнхий хорооны  2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар тогтоолоор Т.Аийг   Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигчээр бүртгэсэн, Монгол Улсын Ерөнхий Аудитор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байгаа  тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25,27-д заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх” талаар Сангийн яаманд 2880 дугаар албан бичгийг,  “Сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй нэр дэвшигчид” гэсэн 5 хуудас хавсралтын хамт хүргүүлсэн байх ба хавсралтын дэс дугаарын 12-т  “2 дугаар тойрог,“ Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Т.А явцын тайланг ирүүлээгүй ” гэж тэмдэглэгдсэн.

Улмаар Сангийн яамнаас “нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг ирүүлэх” тухай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичгийг, хавсралтын хамт Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,  төрийн сангийн хэлтсийн даргад хүргүүлсэн болох  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тус тус тогтоогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, 3-т “Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан  нь хуулиар харьяалуулсан зөрчлийг шалган  шийдвэрлэхээр зохицуулжээ.        

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн   2–т  “Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж  тус тус заасан байна. 

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар  “сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй” зөрчил үйлдсэн гэсэн  үндэслэлээр  холбогдогч Т.Ад  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар  хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба  тухайн зөрчлийн хувьд нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой тул  Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт уг зөрчил  үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр зохицуулсан бөгөөд сонгуулийн зардлын зарцуулалтын  явцын тайланг хүргүүлээгүй эс үйлдэхүйн үр дагавар  нь төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн  байна гэж үзлээ.

Гомдол гаргагч Т.Аийн  үйлдсэн гэх  зөрчлийн үр дагавар нь Үндэсний аудитын газрын оршин байгаа газарт буюу Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэгт илэрсэн байх  тул  тухайн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцох ба Т.Ад холбогдох  зөрчлийг  Баян-Өлгий  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч  шалган шийдвэрлэсэн нь  хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн байна. Зүй нь тухайн  мэдээллийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу  гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргах байжээ.

            2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:  6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.3.хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, эсхүл зөрчлийн хэрэг нээх;1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”,  4.14 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ” гэж тус тус заасан.

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү,төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.С нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Т.Ад холбогдуулан  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар 2013000443 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байх ба аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор “нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Садырбекийн  байцаагчийн эрхийн хугацаа дууссан бөгөөд дахин сунгуулж, эрхээ сэргээх хүртэл уг зөрчлийн шалган шийдвэрлэх хугацаа дуусгавар болох үндэслэл тогтоогдож байгаа” гэсэн үндэслэлээр зөрчлийн  2013000443 дугаартай  хэргийг  эрх бүхий албан  тушаалтан Х.Садырбекээс  эрх бүхий албан тушаалтан Б.Г шилжүүлсэн байна[3].

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү,төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Х.С нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхийг  Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А193 дугаар  тушаалаар 2 жилийн хугацаагаар олгосон, энэ хугацаа нь  2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дууссан, дараа нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А25 дугаар тушаалаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхийг 2 жилийн  хугацаагаар олгосон үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон болно.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд, Х.С нь  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхгүй байсан үедээ  иргэн Т.Ад холбогдуулан  зөрчлийн хэрэг нээж, нотлох баримт цуглуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хуулиар харьяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан явуулсан гэж үзэх боломжгүй, улмаар улсын байцаагчийн эрхгүй этгээдийн зөрчлийн хэрэг нээж, цуглуулсан нотлох баримтыг үндэслэн  шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  дээрх заалтууд болон Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасныг тус тус  зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд  дээрх байдлаар иргэн Т.Ад торгох шийтгэл оногдуулсан Баян-Өлгий  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451202 дугаартай  шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  дээр дурдсан заалтуудтай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451202 дугаартай шийтгэлийн хуудсыг “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  нутаг дэвсгэрийн харьяаллыг  зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхгүй этгээд  явуулсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагч Т.Аийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан зохицуулалт нь  зөвхөн нам, эвсэл,бие даан нэр  дэвшигчид хамаарах зохицуулалт бөгөөд эдгээр гурван этгээд л  явцын тайлан гаргаж өгөх ёстой, эвслээс нэр дэвшигчид хамаарахгүй зохицуулалт юм” гэж маргаж буй  үндэслэлд  дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн  27, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсгийн 6.22-д заасныг  тус тус  баримтлан гомдол гаргагч Т.Аийн гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451202 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч Т.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ЕРКЕШ

 

 

[1] Хэргийн 5-р хуудас

[2] Хэргийн 29-31,76-80,81-87,143-144-р хуудас

[3] Хэргийн 24-61-р хуудас

[4] Хэргийн 116-117-р хуудас