Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

                                       

 

                                                  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Б.Батцоож

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2236000000298 дугаартай, 178/2022/0239/Э/ индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Жаргалант Хонгор хайрхан” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл-5, дүү нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар:ПЖ*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн 36-43 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор  Г.*******ын мартаж буусан Самсунг А-52 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж аваад М.*******д зарж, бусдын гээгдэл эд зүйлийг мэдсээр байж завшсан  гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/

Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Winners зоогийн газарт ажлынхаа газрын хүмүүстэй хоолонд орчихоод тэндээс гараад замаараа 52 айлын орон сууцны дэлгүүрт орж юм аваад гарч машинд суугаад гэр лүүгээ явсан.Тухайн үед би бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Гэртээ очсон чинь миний утас алга байхаар нь хайгаад олоогүй.52 айлын сууцны тэр хавьд алга болгосон байх гэж бодож байна. Миний утас Самсунг А52 загварын утас байгаа юм...гэх мэдүүлэг / хэргийн 5-р хуудас/

Гэрч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би “Жаргалант хонгор хайрхан” ХХК-д хамт ажилладаг найз Д.*******гаас Самсунг А52 загварын гар утсыг 500000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 30000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн мөнгийг нь цалин буухаар өгөхөөр тохирсон. Би энэ утсыг бариад сар гаруй болж байна. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 6-р хуудас/

Эд зүй хураан авсан тэмдэглэл хэргийн 10-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 11-13-р хуудас/

Эд зүйл үнэлсэн...Samsung А-52 маркийн гар утас-880050 төгрөг ...гэх шижнээчийн үнэлгээ / хэргийн 21-р хуудас/

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн...би М.*******д гар утсыг зарахдаа хүнээс өрөндөө авсан утас байгаа юм гэж хэлсэн.М.*******д 500000 төгрөгөөр зарж 30000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 470000 төгрөгийг цалин буухаар авахаар тохиролцсон, олж авсан гэдгээ хэлээгүй. Тэгтэл цагдаагаас хүн ирээд тэр утсыг хураагаад аваад явсан гэж хэлэхээр нь М.*******д 30000 төгрөгийг буцааж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Д.******* нь нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийнх нь танил Г.******* түүний 36-43 ХОЕ улсын дугаартай машин дотор нь утсаа мартаж буусныг олж аваад хамт ажилладаг М.*******д 500000 төгрөгөөр зарахаар тохирч бэлэн 30000 төгрөгийг авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч зохих байгууллага, хүмүүст мэдэгдээгүй байдал нь эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулдаг бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Д.******* эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгосон” нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч Д.Нямдава машин дотроосоо гар утас олсноо хэнд ч мэдэгдэхгүйгээр өөртөө авч бусдад зарж мөнгийг нь авсан үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд олсон эд зүйлийг мэдээлэх үүрэгтэйг мэдэхгүй, эрх зүйн мэдлэг дутмаг, хувь хүний харилцаа хандлагын байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 51 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Дэлгэрмөрөнгийн өгсөн... Д.******* нь тогтуун томоотой, тайван дөлгөөн зантай, даруухан хүн, эцэг эхээс 9-үүлээ, аав ээж хоёр нь нас барсан, тусдаа гараагүй.... гэх мэдүүлэг /хэргийн 35-36-р хуудас/, шүүгдэгч Д.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******г  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Прокурорын саналыг дэмжиж байна гэх тайлбар,

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Д.*******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

                        Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Г.Даваадалайд 880050 төгрөгний хохирол учруулсан болох нь эд зүйл үнэлсэн тухай үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Д.*******... би утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг / хэргийн 47-р хуудас/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 14-р хуудас/,

Мөн иргэний нэхэмжлэгч М.******* ...Д.******* надад 30000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн учир нэхэмжлэх зүйл алга байна... гэх мэдүүлэг /хэргийн 43-р хуудас/ зэрэг баримтаар шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого болох 30000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс хурааж улсын орлого болгох нь хууль зүйд нийцнэ.

 

            Эрүүгийн 2236000000298 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого болох 30000 /гучин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс хурааж улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн 2236000000298 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС