| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2022/0016/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/56 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2124001060001 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....... оны ......... дугаар сарын .................-нд ...... аймгийн ........ суманд төрсөн, ........ настай, ........, .......д боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .......... аймгийн............ сумын...... баг, .......н толгой ............. тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, *******,
Монгол улсын иргэн, ......... оны ..... дугаар сарын ...........-нд ........... аймгийн ............ суманд төрсөн, ...... настай, ..........., ..............д боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар ............ аймаг ............й сумын ...........т багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутагт байрлах иргэн *******ийн эзэмшлийн “Гоё гоё” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж хүнсний бараа бүтээгдэхүүн болон бэлэн 25.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч *******т 372,300 төгрөгийн хохирол 1,096,400 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Хохирогч *******ийн “...Би хөдөө явах ажил гараад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр явахдаа өөрийнхөө оронд хүү *******ыг дэлгүүртээ үлдээгээд ажиллуулж, эргэж тойрч байгаарай гэж хэлээд явсан юм. Тэгтэл өнөөдөр өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед хүү маань утсаар яриад болсон асуудлын талаар хэлсэн..., Би хэрэг гарсан шөнө гэртээ байгаагүй, хөдөө явчихсан байсан...Харин цагдаад мэдүүлэг өгөх үедээ дэлгүүрт байсан эд зүйлсээ бүртгээд дутсан зүйлсээ алдсан талаараа мэдүүлсэн юм. Харин сүүлд цагдаа дуудаад надад дэлгүүрээс алдагдсан зарим зүйлсийг хүлээлгэж өгөх үед би Elix нэртэй 0,75 литрийн хэмжээтэй 1 ширхэг, Alpen Gold нэртэй шоколад 2 ширхэг, Соfler block нэртэй шоколад 3 ширхэгийг мөн алдсан болохыг мэдсэн...Би *******ийн эмээд нэг тортой өмднүүд, дүнсэн тамхи, сальфетка зэрэг зүйлсийг 2022 оны 05 дугаар сарын орчимд хүлээлгэн өгсөн, харин тухайн хэрэг гарснаас хойш норж зарах боломжгүй болсон хувцас эд зүйлсийг складанд хадгалж байсан учраас муухай үнэр орчихсон байсныг нь манай хүү ******* хяналтын камер, хувцасны өлгүүр зэргийн хамт хогийн цэгт аваачиж шатаасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 173-174-р тал/,
Гэрч Г.*******ийн “...Манай ээж ажлаар хөдөө явах болоод би түүний хүнсний дэлгүүрийг нь 2021 оны 11 сарын 24-ний өдрөөс хойш 3 өдөр ажиллуулахаар болсон юм. Тэгтэл 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө дэлгүүрийн маань цонхыг хагалаад хулгайч орж эд зүйл хулгайлсан асуудал болсон. Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой дэлгүүртээ байж байгаад оройны 19 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ явсан, орой 22 цаг өнгөрч байх үед би дэлгүүрээ эргэж тойрч шалгасан, тэгэхэд ямар нэгэн асуудалгүй зүгээр байсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн орчимд дэлгүүрээ нээх гээд ирэхэд дэлгүүрийн цонхыг хагалаад хулгай орсон бололтой байсан, хагархай цонхоор нь дотогш хартал тухайн хагарсан цонхны урдуур өрөөтэй байсан бараа эд зүйлсийг цааш нь унагаагаад тарааж хаясан, мөн паарны ус алдуулаад дэлгүүрийн шалаар дүүрэн ус тогтсон байдалтай байсан...Манай дэлгүүр хяналтын камертай, хулгайч ордог шөнө камер ажиллаж байсан. Харин камерыг нь салгасан байсан...би эвдэрсэн хяналтын камер, хувцасны өлгүүр, угаалгын нунтаг, бохь, цагны зайнууд болон нэг тортой хувцсыг нь эвгүй үнэр ороод муудсан байхлаар нь сумын хогийн цэг дээр аваачиж шатаасан, харин нэг торонд байсан хувцас хунар нь гайгүй байсныг нь үлдээгээд ээжид өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 176-р тал/,
Гэрч Б.*******ын “...2021 оны 11 сарын 25-ны орой Отгонбаяр бид хоёр утсаар ярьж байгаад орой 21 цагийн орчимд уулзсан юм. Тухайн үед би аавынхаа Карина машинаар Отгонбаярыг авсан. Тэгээд миний төрсөн өдрийг тэмдэглэх нэрээр хамт юм ярьж сууя гээд “Их бөөрөг” дэлгүүрээс очиж би эхлээд 2 ширхэг 2 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад дараа нь буцаж ирээд дахин 1 ширхэг пиво аваад машинтайгаа яваад сумын төвийн хойд талын суваргатай толгой дээр гарч байгаад машин дотроо 2 ширхэгийг нь ууж дуусгаад 3 дахийг нь ууж байхдаа дэлгүүр хаахаас өмнө дахиад 1 архи авъя гээд Их Бөөрөг дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Хараа” архийг би өөрийнхөө мөнгөөр шилжүүлэг хийж худалдаж авсан. Тэгээд баярын талбайн тийшээ явж байгаад Цэнгүүнээ, Сайнаа хоёртой таараад авсан архиа уусан. Бид нар бүгд Сайнаагийн машинд суучихсан байхад Цэнгүүнээ, Отгонбаяр нар миний машинаар дахиад архинд явсан юм. Тэгээд ирэхдээ 1 ширхэг 0,75 литрийн Эдэн архи, 1 ширхэг том Спрайт ундаа гаргаж ирээд бүгдээрээ ууж байсан.Тэгээд тэр архиа ууж баралгүй нэлээн согтсон байсан, гэтэл Сайнаа Отгонбаярыг хүргэж өгөөд буцаж ирээд Цэнгүүнээ бид хоёр миний машин дотор унтсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,
Гэрч Ж.Борын “...Би дүнсэн тамхи 1 ширхэг, сальфетка 1 ширхэг, хүүхдийн женсэн өмд 2 ширхэг, охин хүүхдийн өмд 2 ширхэг, хүүхдийн бэлтгэлийн өмд 2 ширхэг, том хүний бэлтгэлийн өмд 1 ширхэг, том хүний ноосон өмд 1 ширхэгийг тус тус хүлээн авсан, дүнсэн тамхи нь хажуугаасаа норж хатсан байсан. Би хүүхдийн өмднүүдийг айлын хүүхдүүдэд бэлгэнд өгсөн. ******* надад хэлэхдээ бусад норсон зүйлс нь үнэр орчихсон байсныг нь манай хүүхэд шатаагаад хаячихсан байна гээд дээрх зүйлсийг л надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 178-р тал/
“Хурд-Од” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн иргэн *******ийн эзэмшлийн “Гоё гоё” нэртэй хүнс барааны дэлгүүрээс хулгайд алдагдсан Эдэн нэртэй архи 2ш, Болор нэртэй архи 2ш, Соёрхол нэртэй архи 2ш, лаазтай пиво 4ш, том пиво 2ш, Ундаа 2ш, шоколадтай үрэл 4ш, Эссэ тамхи 4ш, Даблисс тамхи 4ш, цонхны шил 2 ширхэг, Elix нэртэй архи 1ш, Alpen Gold нэртэй шоколад 2ш, Cofler Block нэртэй шоколад 2ш, Cofler Block нэртэй шоколад 1ш, хиам 1 кг, бэлэн мөнгө 25,000 төгрөг зэрэг эд зүйлийн үнэлгээг 372,300 /гурван зуун далан хоёр мянга гурван зуу/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 183-184-р тал/
“Хурд-Од” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай “...Шинжилгээ явц, үр дүнг үндэслэн нэр бүхий эд зүйлийн үнэлгээг 1,036,400 /нэг сая гучин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61-р тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай “...******* нь сэтгэл мэдрэлийн хувьд тархины гэмтлийн дараах танин мэдэхүй хөнгөн зэргийн өөрчлөлттэй болно. Болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. *******ын оюун санаа нь гүйцэт хөгжсөн боловч гэмтлийн шалтгаантай олдмол оюун санааны хөнгөн зэргийн бууралттай байна. 2021 оны 11 дүгээр сард сэтгэц мэдрэлийн хувьд оюун санааны хөнгөн зэргийн бууралттай байсан болно. ******* нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Гоё гоё нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD зэрэг нотлох баримтууд болно.
Түүнчлэн шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох:
Боржигон овогтой Аюушийн Цэнд-Аюуш нь урьд нь ял шийтгэх эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай “...Аюуш овогтой Цэнд-Аюуш нь Цорго багийн Майхан толгой 10-1016 тоот хаяганд түр оршин суудаг нь үнэн болно...” гэсэн оршин суугаа хаягийн тодорхойлолт,
Боржигон овогтой Аюушийн Цэнд-Аюушийн гэрлэсний лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох:
Айраг овогтой Ганбаярын Отгонбаяр /*******/-ын нас тоолсон тэмдэглэл, урьд нь ял шийтгэх эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай “...Тус багийн иргэн Ганбаярын Отгонбаяр нь ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Манай багийн байнгын оршин суугч нь үнэн болно...” гэсэн оршин суугаа хаягийн тодорхойлолт,
Айраг овогтой Ганбаярын Отгонбаярын гэрлэсний лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Завхан аймгийн цанын холбооны өргөмжлөл, Монголын цанын холбооны батламж хуулбар зэрэг нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.
Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
харин шүүгдэгч нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхол байхгүй тул нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлж, хууль зүйн туслалцаа авч байгаа талаараа тайлбарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг тэдний өмгөөлөгч М.Гомборагчаа дэмжиж, харин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “... шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан журмыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж, харин шүүгдэгч *******ыг сэтгэл мэдрлийн хувьд тархины гэмтлийн дараах танин мэдэхүйн хөнгөн зэргийн өөрчлөлтэй өсвөр насны хүн тул Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзаж үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д ”Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2021 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутагт байрлах иргэн *******ийн эзэмшлийн “Гоё гоё” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, 347,300 төгрөгний хүнсний бараа бүтээгдэхүүн, бэлэн 25.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******т 372,300 төгрөгийн хохирол учруулж, мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн дэлгүүрийн паар хагарч ус алдаж дэлгүүрт байсан зарим эд зүйл норж дахин худалдан борлуулах боломжгүй болж хохирогчид 1,036,400 төгрөгний хор уршиг учируулсанаар хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэд өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 сарын 25-ны орой 22 цагийн орчимд би найз охинтойгоо уулзаад хамт гэр лүүгээ явж байтал нэг машин хойноос дагаад байхаар нь зогсоход Отгонбаяр, ******* нар бууж ирсэн. Тэгээд ******* миний төрсөн өдөр гээд нэг шил архи гаргаад ирсэн, нөгөө архийг Отгонбаяр, ******* бид гурав хувааж ууж дуусгасан. Тэгээд Отгонбаярын гэрээс 1 шил архи авч уусан, би согтоод зарим үйлдлийг санахгүй болоод эхэлсэн. Тэгээд архи дуусхаар нь Отгонбаяр бид хоёр архи олж ирэхээр гарсан, нэг мэдэхэд Буяндэлгэр багшийн цонх нь хагарчихсан дотор талд нь Отгонбаяр орчихсон, би дэлгүүрийн гадна талд зогсож байсан. Тэгээд Отгонбаяр дэлгүүр дотроос надад архи, шоколад, тамхи, хиам, ундаа зэргийг авч өгөхөөр нь би өвөртөө хийгээд бид хоёр тэндээс ******* дээр очсон. Тэнд архиа задалж ууж эхлээд согтоод унтсан байсан, өглөө нь гэгээ орчихсон байхад ******* ах намайг ахынд хүргэж өгсөн...” гэсэн,
Шүүгдэгч *******ын “...2021 оны 11 сарын 25-ны орой ******* бид хоёр дэлгүүрээс 3 ширхэг пиво авч уусан, дахиад 0,75 литрийн хэмжээтэй архи аваад явж байхдаа Цэнд-Аюуш, Сайнжаргал хоёртой таарсан. Тэгээд дөрвүүлээ суварга дээр очиж нэг шил архиа хувааж уусан, архи дуусчихаар нь би гэр лүүгээ орж 1 ширхэг Болор нэртэй архи авчираад нөгөө архийг хувааж уугаад шөнө болсон. Архи ууж дуусаад Цэнд-Аюуш бид ноёр архи олж ирэхээр явсан. Бид хоёр яваад хэд хэдэн дэлгүүрийн утас руу нь залгаад, хаалгыг нь тогшоод дэлгүүрүүд эзэнгүй байсан. Тэгээд явж байгаад “Гоё гоё” дэлгүүрийн үүдэн дээр очтол дэлгүүрийн цонхны төмөр хаалт нь онгорхой байхлаар нь тэр хаалт төмрийг дэлгэж татаад цонхыг хоёулаа өшиглөж хагалаад би дотогшоо орсон. Тэгээд дотор ороод бид Цэнд-Аюуш ахад дэлгүүр дотроос архи, ундаа, шоколад, тамхи зэргийг авч өгөөд тэндээс гарсан. Тэгээд *******, Сайнжаргал хоёр дээр буцаж очоод нэг шил архийг задлаад дөрвүүлээ хувааж уугаад би нэлээн муудаад гэр лүүгээ хүргүүлсэн...” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд *******, ******* нарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн болохыг давхар нотолж байна.
Түүнчлэн шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч нар нь хохирогчийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд хууль бусаар нэвтрэн орж 347,300 төгрөгний хүнсний бараа бүтээгдэхүүн, бэлэн 25.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******т 372,300 төгрөгийн хохирол учруулж, мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн дэлгүүрийн паар хагарч ус алдаж дэлгүүрт байсан зарим эд зүйл норж дахин худалдан борлуулах боломжгүй болж хохирогчид 1,096,400 төгрөгний хор уршиг учируулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:
2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “*******ийн төлбөрт 690,100 төгрөг”, “ *******ын төлбөрт 690,300 төгрөг”-ийг хохирогч *******т тус тус шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд,
хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...*******, ******* нар манай дэлгүүрээс хулгайлсан эд зүйл болон манай дэлгүүрт зарагдаж байгаад ашиглах, зарах боломжгүй болсон бараа бусад эд зүйлийн үнэ төлбөрийг төлж, зарим барааг буцаан өгч надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхдөө 28,200 төгргийг илүү төлсөн байх тул хохирогч *******ээс 28,200 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч *******ид 14,100 төгрөг, *******т 14,100 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл болох ба дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн, шүүгдэгч нар нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” тухай заасан байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохиролоо төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигаа мөнгөн хэлбэрээр төлж барагдуулж арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хүчинтэй бөгөөд хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Харин хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч *******ыг сэтгэл мэдрлийн хувьд тархины гэмтлийн дараах танин мэдэхүйн хөнгөн зэргийн өөрчлөлтэй 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй өсвөр насны хүн тул Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүх дээрх хүсэлтийг хангах боломжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч ******* нь 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэх үедээ болон шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэсэн хуулийн заалт нь насанд хүрсэн боловч оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанар үр дагаварыг ухамсарлан ойлгох чадвар сул хоцрогдолтой 18-21 насны хүнийг ойлгох бөгөөд энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр нотологдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хэрэглэх эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.
Гэтэл шүүгдэгч ******* ЕБС-д суралцах хугацаандаа үндэсний бөх, цанын спорт, хөнгөн атлетикаар хичээллэж, олон удаагийн уралдаан тэмцээнд орж байр эзэлж, 2019 оны спортын шилдэг сурагч болсон, мөн Түдэвтэй сумын сургуулиас зохион байгуулсан математекийн олимпиадад 4-р байранд орж шагнуулж байсан болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд түүнийг насанд хүрсэн боловч оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанар үр дагаварыг ухамсарлан ойлгох чадвар сул хоцрогдолтой өсвөр насны хүн гэж дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “... ******* нь сэтгэл мэдрлийн хувьд тархины гэмтлийн дараах танин мэдэхүйн хөнгөн зэргийн өөрчлөлтэй, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, оюун санаа нь гүйцэт хөгжсөн боловч гэмтлийн шалтгаантай хөнгөн зэргийн бууралттай, хэрэг хариуцах чадвартай...” гэж дүгнэж, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ч.Должинсүрэн нь “...сэтгэл мэдрлийн хувьд тархины гэмтлийн дараах танин мэдэхүйн хөнгөн зэргийн өөрчлөлтэй гэдэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчин, оюуны хомсдол, хоцрогдол биш юм. Харин танин мэдэхүйн хувьд тухайн үедээ өөрчлөгдөх сэтгэлзүйн өөрчлөлтийг ойлгоно гэж тайлбарлжээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүн гэж дүгнэх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “Гоё гоё” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж шийдвэрллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 5, 8, 36.10 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Айраг овгийн Ганбаярын Отгонбаяр, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Айраг овгийн Ганбаярын Отгонбаяр, ******* нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт нотлох баримтаар хураагдан ирсэн “Гоё гоё” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогчид илүү төлсөн 28,200 төгргийг хохирогч *******ээс гаргуулж, шүүгдэгч *******ид 14,100 төгрөг, *******т 14,100 төгрөгийг тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ