| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2022/0050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/55 |
| Огноо | 2022-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
улсын яллагч Б.Чулуунхүү,
хохирогч *******,
шүүгдэгч *******,
нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2224000000053 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..........оны ............ дугаар сарын ........-нд ............. аймгийн .......... суманд төрсөн, .......... настай, ........., ........ боловсролтой, ................. мэргэжилтэй, “..............” ТӨХК-д ................... ажилтай, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт ............. аймгийн ................сумын .............багт оршин суудаг,.................3 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч 3.Дарамдоржийн элэг рүү өшиглөх, цамцны захаар боох, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун шанаа, баруун шуунд цус хуралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Үүнд: Хохирогч *******ийн “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Тосонцэнгэл сумын Идэр багийн Засаг даргын сонгууль Тосонцэнгэл сумын Соёлын төвд болсон. Би Тосонцэнгэл сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг, тийм болохоор тухайн сонгууль дээр ажилласан. Идэр багийн засаг даргын сонгууль дуусаад ******* ах дахин сонгогдсон гээд ... *******ийг аваад манайд хүрээд ирээрэй гэж хэлсэн..., ******* манайд ирээд бид хоёр 23 цаг өнгөрч байх үед ******* ахынд очсон ******* ахынд багийн иргэд ******* ахын гэр бүл гээд олон хүмүүс байсан. Гэтэл гаднаас ******* зодуулчихсан орж ирсэн тэгээд *******, *******, *******, *******, Өсөхбаяр бид 6 ******* ахынхаас гарахад ******* ахын хашаанд хар өнгийн Тоёота Приус-30 маркын машин зогсож байсан. Билгүүн гэх залуугийн машин гэж байсан тэгээд бид хэдийг суучих гэсэн тэгсэн Өсөхбаяр машинд багтаагүй үлдсэн бид хэд машинд нь суугаад ******* ахын хашаанаас гараад ******* ахын гудамны зүүн талын өнцөг тойроод зогссон тэр үед 77-07 ЗАВ улсын дугаартай Прадо машин зогсож байсан тэгтэл Бат-Эрдэнэ наашаа суучих гэж хэлэхээр нь би тухайн машинд ороод суусан тэгэхэд Бат-Эрдэнэ надад “та нар яаж сонгууль хийдэг болчихсон юм бэ? муу гөлөгнүүд минь” гэж над руу дайрсан. *******т Бат-Эрдэнэ архи хийж *******аа чи яагаад байгаа юм бэ? гэж хэлж сонсогдсон. Тэгтэл гэнэт миний машины хаалгыг ойлгоод Бат-Эрдэнэ, *******, Бямбажав, Билгүүн гэх залуус ирээд “та нар яаж сонгууль хийгээд яаж хийдэг болсон юм бэ? гээд шууд цохиод эхэлсэн юм. Намайг машинаас татаж буулгаад Бат-Эрдэнэ миний элэг рүү өшиглөсөн. Тэгээд би багтраад доош тонгойгоод нүүрээ нуугаад хэвтэж байхад намайг хэдэн талаас өшиглөөд дэвсээд зодож байсан гэтэл Бат-Эрдэнэ миний өмсчихсөн байсан малгайтай цамны малгайнаас татаад намайг боож байхдаа Бат-Эрдэнэ “чи ямар овоо болчихсон гөлөг вэ? би чамайг алнаа, алаад булчихъя” гээд боосон би тэр үед нь “болиоч би үхлээ” гээд хэлэхэд “ална чамайг” гээд боогоод байсан тэгээд би цамцныхаа цахилгааныг доош нь буулгаад амьсгаа авсан. Хэрэв би цахилгаангүй цамцтай явсан бол намайг ална гээд хоолой суллахгүй бүр чангалаад байсан. Тэгэхэд ******* араас нь ирээд Бат-Эрдэнийг салгасан юм шиг байна лээ тэгсэн Бат-Эрдэнэ *******ыг зодоод цааш яваад өгсөн би тэр үед хамрын цусаа тогтоох гээд хашааны ёроолд тонгойгоод сууж байхад Бат-Эрдэнэ ирээд миний зүүн нүд рүү өшиглөөд толгой, нуруу, хөл гээд өшиглөөд цохиод байсан. Би тэр үед нүүрээ нуугаад доошоо хараад хэвтчихсэн байсан. Тэгээд бид дөрвийг зодож байгаад салгаад байж байсан чинь Бат-Эрдэнэ дахиад намайг зодох гээд дайраад байсан, тэр үед ******* ахынхаас цуг гарч ирсэн ******* бид хэдийг арай хийж салгаад Бат-Эрдэнийг барьж байсан тэгэхээр нь би Бат-Эрдэнээ чи одоо болиоч гэж хэлсэн тэгэхэд чи юу гэнээ муу пизда минь гээд дахиад дайраад байсан. Тэгээд бид 4 ******* ахын руу алхаж явахад бид дөрвийн араас Бат-Эрдэнэ “араа харж яваарай гөлөгнүүд минь ар гэрээр чинь тоглоно шүү” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
Гэрч Б.*******ын “...2022 оны 05 дугаар сарын 14-ний орой 18 цаг өнгөрч байхад Бат-Эрдэнэ бид хоёр миний 77-07 ЗАВ улсын дугаартай Прадо 120 маркийн автомашинтай явж байгаад Хас банкны үүдэнд ******* гэх залуутай тааралдсан. Тухайн үед ******* нь ганцаараа явж байсан. Тэгээд бид гурав баярын талбай орсон байхад араас Билгүүн, Бямбажав хоёр Приус 30 маркийн автомашинтай ирсэн. Тэгтэл хэнийг нь мэдэхгүй нэг нь 1 шил архи гаргаж ирээд Бат-Эрдэнэ, ******* хоёр хувааж уусан. Тэгтэл *******, ******* гэх айлд очно гэхээр нь түүнийг хүргэж өгөхөөр бид нар ******* гэх айлын гадаа очсон. Би тухайн үед утсаар яриад явж байсан болохоор би сайн анзаараагүй. Тэгтэл *******ын гэрийн гаднаас *******, Баттогтох, *******, Дарамдорж нар ирээд миний машины хойно суугаад нэг шил архи гаргаж ирээд задлаад ууцгаасан. Бид нар тухайн үед цаг уурын станцын баруун талын хашааны хажууд байсан. Тухайн үед цаг 22 цаг болж байсан байхаа би *******тай гадаа юм яриад байж байхад миний машины хажууд зодоон болоод байхаар нь эргэж харахад Дарамдорж, Бат-Эрдэнэ хоёр зодолдоод барьцалдаж авсан байхаар нь Баттогтох цаанаас ирээд Бат-Эрдэнийг нэг удаа өшиглөөд хацар руу нэг удаа цохихоор нь би очоод Баттогтохыг түлхээд холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48р тал/,
Гэрч С.*******ын “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 10 цагаас Тосонцэнгэл сумын Идэр багийн иргэдийн нийтийн хурал Тосонцэнгэл сумын Соёлын төвд хуралдаж Идэр багийн засаг даргын сонгууль явагдсан юм. Тухайн сонгуульд Ардчилсан намаас М.Мөнхдаваа, Ардын намаас С.*******, бие дааж А.Бямбарагчаа нар өрсөлдөж би Идэр багийн засаг даргаар сонгогдсон. Багийн засаг даргын сонгууль дуусаад орой 22 цагийн орчимд намайг дэмжсэн багийн иргэд болон хурлын төлөөлөгч нарыг гэртээ дуудан хоол, цайгаар дайллага хийж байхад манай гэрт Ш.******* хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн... Тэгээд дараа нь 3.Дарамдорж, С.*******, Ж.******* нар нь зодуулчихлаа гээд манай гэрт орж ирсэн би тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р тал/,
Гэрч ын “...Тухайн үед Бат-Эрдэнэ, Б.*******, *******, Тогтох, Дарамдорж, Г.*******, ******* нар байсан. Би сүүлд ирсэн. Б.******* бид хоёр машин байрьж байсан болохоор уугаагүй. Бид хоёроос бусад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг Очих үед Бат-Эрдэнэ, Баттогтох, Дарамдорж нар хоорондоо муудалцаад Бат-Эрдэнийг Баттогтох, Дарамдорж нар хоолойг нь боогоод цамцнаас нь татсан байдалтай байсан. Тэгээд Г.*******, Б.******* бид гурав салгасан. Өөр юу болсон талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Гэрч С.*******ын “...Цаг уурын хажууд Билгүүний машинтай очоод *******ын машинд суусан. *******ын машины хойд талын суудал дээр *******, Г.******* Дарамдорж нарт Бат-Эрдэнэ нь архи хийж өгсөн. Тэгтэл гэнэт Бямбажав гэдэг залуу гарч ирээд хаалганы хажууд зогсож байсан. Тэгээд *******ийг мөн Дарамдоржийг цохиж байгаа харагдсан. Тэр үед Дарамдорж эвхрэлдээд доошоогоо тонгойсон байдалтай харагдсан. Тэгээд хүчтэй чимээ гарахаар нь би хартал Дарамдорж Бат-Эрдэнэд зодуулж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 168-169-р тал/
Гэрч Ж.*******ийн “...Тухайн үед Прадо машинд сууж байсан Бат-Эрдэнэ нь архи гаргаж ирээд бид нарт хундаглаж өгсөн. Архи хундагалаж байхдаа “та нар яаж сонгууль хийдэг болчихсон юм уу, муу гөлөгнүүд минь” гэж бид хэд рүү дайрсан. Тэгтэл гэнэт бид хэдийг машины арын суудал дээр сууж байх үед Бат-Эрдэнэ, *******, Бямбажав, Билгүүн гэх хүмүүс машинаас буугаад ир гэж хэлээд Билгүүн, Бямбажав нар машинаас буулгасан, тэр үед би тэр хоёрыг цохивол цохь гэж хэлэхэд цохихгүй ална шүү гэж хэлээд байсан. Тухайн маргаан Идэр багийн сонгуулын асуудлаас болж үүссэн. Ер нь бол Бат-Эрдэнэ нь Дарамдоржийг цохиж байхыг харсан...Бат-Эрдэнэ нь баруун гараараа нүүрэн хэсэг рүү нь нилээн олон удаа цохьсон, мөн тонгойх үед нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172-р тал/,
Гэрч Ш.*******ын “...Би тухайн үед машинд суухад машин дотор *******, Бат-Эрдэнэ, Билгүүн, Бямбажав, Гээнээ гэх хүмүүс сууж байсан. Тэгээд намайг машиндаа суулгаад Салангийн энгэр гэх газар руу авч явах үедээ машин дотор Бат-Эрдэнэ, ******* нар намайг машины арын суудлаас татаж буулгаад миний толгой хэсэг, биеийн бүх хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон. Бат-Эрдэнэ, ******* нар намайг сүрдүүлэн архи хүчээр уулгасан. Тэгээд ******* ахын гэрээс *******, Дарамдорж, Баттогтох нарыг би дуудан хашааны үүдэнд нь гаргаж ирсэн. Тэгээд *******, Бат-Эрдэнэ, Билгүүн, Гээнээ нар *******, Баттогтох, Дарамдорж нарыг бүлэглэн зодсон. Бат-Эрдэнэ нь Дарамдоржийг цохиж байхыг харсан. Бат-Эрдэнэ нь Дарамдоржийн биены аль хэсэг рүү цохьсон талаар мэдэхгүй байна. Харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 174-175-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаартай “...*******ид зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун шанаа, баруун шуунд цус хуралт гэмтэл тухайн хэрэг болох үед үүсжээ...Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ... Хэрэг болсон хугацаанд үүссэн байна... Зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун шанаа, баруун шуунд цус хуралт гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 94-96-р тал/,
мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
иргэний үнэмлэхний, жолоочийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар,
******* // нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолтын хуулбар,
2012 оны 04 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сар, 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар,
D200508404 дугаартай “Бизнесийн удирдлага”-ын бакалаврын дипломын хуулбар,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/148 дугаартай: “...Шаравсамбуу Бат-Эрдэнэ // ам бүл-6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Дархан-Уул багийн үндсэн иргэн. 2021 оны жилийн эцсийн мал тооллогонд мал тоолуулаагүй болох нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 143-р тал/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/146 дугаартай: “...Шаравсамбуу Бат-Эрдэнэ // ам бүл-6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн Хийморь 19-р гудамжны 1900-н тоот хаяганд оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 144-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт дэвсгэр Тосонцэнгэл сумын Цаг уурын станцын хашааны баруун талд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч 3.Дарамдоржийн элэг рүү өшиглөх, цамцны захаар боох, нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж зэргээр зодож биед нь зүүн талын нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун шанаа, баруун шуунд цус хуралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд шинжээчийн дүгнэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч нь гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хохирогчийг өшиглөх болон нүүрэн тус газарт нь цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой бөгөөд ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. ******* нь *******ийн нүүрэн тус газарт цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэгээд Дарамдорж, *******, *******, ******* нар миний сууж явсан машинд сууж би дахин нэг шил архи хундаглан тойруулсан, би “та нар арчаагүй болжээ, одоо учраа олох цаг болсон юм биш үү, улс төр сайхан хийдэг болжээ” гэтэл Дарамдорж “яаж хийсэн юм пизда минь” гээд муудалцаж Дарамдорж бид хоёр заамдалцаж авсан. Би Дарамдоржийн нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиж, зүүн гуяны гадар хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, тэгтэл ******* машинаас бууж ирээд миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохьсон ба тэгэхээр нь би “чи яасан их хүн цохьдог юм бэ” гээд зөрүүлээд *******ын толгой хэсэгт 1 удаа цохьсон, би яг хаана цохисноо санахгүй байна. Харанхуй байсан учир хаана цохьсон гэдгээ хараагүй. Тэгээд ******* бууж ирээд Баянтогтохыг салгасан, тэгээд бусад нь боль гэж хэлээд салцгаасан...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэгт хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Д.Дарамдорж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт
“... миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон учраас эмнэлэгт үзүүлэхээр Завхан аймаг явсан унааны зардалд 200,000 төгрөг, Улаанбаатар хот эмчилгээнд явсан 300,000 төгрөг, Томографын зураг авахуулсан 300,000 төгрөг, Томографын оношилгоонд 400,000 төгрөг, Интермед эмнэлэгт оношилогооны /толгой, нүд, хамар/ тус бүр 55,000 төгрөг, хагалгааны зардалд 4,000,000 төгрөг, нийт 5,365,000 төгргийг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Гэвч одоогоор энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна, Улаанбаатар хотоос авч ирэх боломжгүй байгаа тул дараа нь гаргаж өгнө...” гэж,
харин шүүгдэгч ******* нь “... хохирол төлөхөд татгалзах зүйлгүй боловч зөвхөн нотлох баримтаар нотлогдож, шүүхээс тогтоосон хохирлыг би төлнө. Өнөөдрийн байдлаар хохирогчийн нэхэмжилж байгаа 5,365,000 төгрөгийн хохирлоос Интермед эмнэлэгт толгой, нүдээ үзүүлж оношилуулсан 110,000 төгрөг, Томографын зураг авахуулсан 300,000 төгрөг нийт 410,000 төгрөгийг төлнө. Цаашид хагалгаанд ороход хохирогчоос зардал гарсан бол нотлох баримтаа бүрдүүлээд ирвэл би хохирлыг бүрэн төлнө... гэж тус тус мэдүүлжээ.
Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь эмчлүүлэхээр явсан унааны зардалд 500,000 төгрөг, эмчилгээ оношилгоонд 865,000 төгрөг, цаашид хагалгаанд ороход 4,000,000 төгрөг, нийт 5,365,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт хохирлын талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогчийг Интермед эмнэлэгт толгой, нүдээ үзүүлж оношлуулсан 110,000 төгрөг, Томографын зураг авахуулсан 300,000 төгрөг, нийт 410,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн байх тул дээрх 410,000 төгргийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл талуудын маргаагүй үйл баримтанд шүүх дүгнэлт өгөх шаардлаггүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирлоо төлсөн болох нь:
Хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгүүд,
хохирогч ******* болон шүүгдэгч ******* нарын хооронд байгуулсан “...******* миний бие нь хохирогчид учирсан хохирол болох 410,000 төгрөгийг төлж барагдуулсан, ******* миний бие уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 410,000 төгрөгийг хүлээн авч бид хоёр эвлэрсэн тул уг эвлэрлийн гэрээг байгуулав...” гэсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учирсан байх боломжтой боловч учирсан хохирлын талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, цаашид ирээдүйд ямар хэмжээний зардал гарахыг тооцоолох боломжгүй, иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байгаа нь тогтоогдож байх тул эмчилгээний зардал болон бусад хохирлоо хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр ял шийтгэл оногдууллаа.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийн эд хөрөнгөөс “Приус” маркийн 66-65 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тойн овогт Шаравсамбуугийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бат-Эрдэнийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ид эмчилгээний зардалд 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг төлсөн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн эмчилгээний зардалд 4,955,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн цагаан өнгийн “Приус” маркийн 66-65 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ