Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2019/00009/И |
Дугаар | 19 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.У-т холбогдох
4,564,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Д.У, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бямбаноров шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.У нь надаас зээлээр 2014 оноос 5,000,000 орчим хүнсний ногоог зээлээр аваад төлбөрөө бага багаар өгдөг байсан /Улаанбаатар хот Нарантуул худалдааны төвөөс/. Сүүлдээ төлбөрөө өгөхгүй удаад байсан учир өөрийн биеэр Цогтцэций суманд очиж уулзсан. Дараа нь Улаанбаатар хотод ирэхээр нь тооцоогоо нийлэхдээ Цогтцэций суманд очиж, ирсэн зардлыг оруулан тооцож бодсон. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон боловч төлбөрөө төлөлгүй янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд өнөөдрийг хүрлээ. Иймд Д.Угаас тооцоо нийлж баталгаажуулсан үндсэн төлбөр 3,043,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн гэрээний 5.1-д зааснаар 1,521,500 төгрөгийн алданги, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,000 төгрөг, нийт 4,564,500 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү? ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэх нэхэмжлэлдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 08-нд Ж.Бямбаноров гуай өөрийн биеэр Ханбогд сум дундын шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. 1. Улаанбаатар хотоос Ханбогд сум орох тээврийн зардал 32,200 төгрөг, Ханбогдоос Улаанбаатар хүрэх зардал хувийн машинаар 40,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эийн Улаанбаатар хотоос Ханбогд сум орох тээврийн зардал 32,200 төгрөг болсон. Д.Угаас нийт тээврийн зардал 104,400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөг, нийт 108,950 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Уг огт таньдаггүй байсан. Бямбаноровын хажууд зогсдог Ууганбаяр гэдэг залуугаас жимс авдаг байсан. 1 удаагийн ачилтаар 5,000,000 гаран төгрөгийн бараа ачуулсан. Хариуцагч хариу тайлбар дээрээ Бямбаноровыг дайрч давшилсан гэж байна. Тийм зүйл болоогүй талаар CD дээр буулгасан яриа дээр нь байгаа. Бямбаноров Цогтцэций суман дээр аав ээжтэй нь очиж уулзахдаа гарын бэлэг бариад очиж уулзсан. Бусад хүмүүс надаас мөнгөө нэхээд дарамтлаад байхад та маш сайхнаар хүлээж авлаа гэдэг. У нь нөхөртэйгөө хот явах гэж байсан болохоор Улаанбаатар хотод ирээд нотариат орох гэсэн чинь У би ээж дээрээ очоод юм авъя гэсэн. Тэгэхэд бичиг баримтаа авсан. Тэр бичиг баримтанд Угийн өөрийнх нь хийсэн тооцоо байсан. Түүнийг нотариат дээр барьж очоод 2,833,000 төгрөг байгаа, Бямбаноров Цогтцэций дээр 3,200,000 төгрөгөөр тохиролцсон байгаа юм чинь гээд бичиг баримтгүй очсон байсан болохоор Угийн тооцоогоор 2,833,000 төгрөгөөр нотариатаар батлуулсан. Үүн дээр Цогтцэций суманд очсон унааны зардлаа нэмж тооцоод, алданги 0,5% тооцохоор тохиролцсон. Хх-н 19-р хуудаст байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Бямбаноровыг гүтгэж олон зүйл яриад байгаа нь харамсалтай байна. ХХ-н 19-р хуудас дахь төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримтаас хасаж өгнө үү...” гэв.
Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бие маань тэр үед химийн хордлого ихтэй, дархлаа муу ядруу, арай гэж босч явдаг болсон, ярихдаа мөн тааруу байсан хэдий ч авсан төмс ногооныхоо мөнгийг төлж дуусаагүй өдий хүрсэн нь миний буруу ч үлдсэн тооцоо 2,353,500 байсан /хавсралт 6/. ...тайлбар хийх болсон шалтгаан маань энэ 2,353,500 тооцоог 4,564,500 төгрөг болгож өгөх миний одоогийн нөхцөл байдалд маш хүндээр төлж чадахгүй нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хүү, алдангийг хасаж төлүүлнө үү? би өөр маш их өр төлбөрүүд давхар төлж, үр хүүхдүүдээ тэжээж байна. Дахин өвдөх магадлал маш өндөр ч би бие гайгүй байгаа дээрээ үнэхээр маш их хичээж ажиллаж байгааг минь харж үзнэ үү?...” гэжээ.
Хариуцагч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлдүүлэгч Ж.Бямбаноров, зээлдэгч Д.У нарын байгуулсан зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн 9-дүгээр хорооны засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай итгэмжлэл, Ж.Бямбаноровын тайлбар СD, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бямбаноров нь 4,564,500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 108,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.У нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4,564,500 төгрөгийг төлөх боломжгүй тул зээлийн гэрээгээр хүлээх хүү, алдангийг хасаж төлөх хүсэлтэй байгаа талаараа тайлбар гаргасан байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.У нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,668,900 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь хариуцагч Д.У нь зээлээр худалдан авсан барааныхаа үнийг гэрээгээр тохиролцсон хугацаандаа бүрэн төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч Ж.Бямбаноров Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар учирсан хохиролоо алдангийн хамт шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Угаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,668,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бямбаноровт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бямбаноровын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Угаас 92,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бямбаноровт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА