Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн 2224000000088 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 46 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт * оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ******* *******, /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээлийн Бургаст гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.0752 метр куб түлшний мод бэлтгэж, 09-59 ЗАА улсын дугаартай Hyundai Pronter маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэж ойн санд 118,013 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээлийн Бургаст гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.0752 метр куб түлшний мод бэлтгэж, 09-59 ЗАА улсын дугаартай Hyundai Pronter маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэж ойн санд 118,013 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн гаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймаг Их-Уул сумын Зарт баг Бургаст гэх газраас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн мод бэлтгэсэн байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р тал /,

-2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Бургаст гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р тал/,

-2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын иргэн *******ын эзэмшлээс цагаан өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 24-26-р тал/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-22-р тал /,

-Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн *******ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

-Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ын хувьд надаас яг өөрийн нэр дээр ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг 09 дүгээр сард аваагүй. *******ин түүний төрсөн эгч ******* 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийнхөө нэр дээр түлээний 8 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг өглөө 11 цагийн орчимд авч байсан. ...******* надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...Эрхийн бичгийг бусдад шилжүүлж болохгүй. Эрхийн бичигт заасан газраас заасан хугацаанд модоо бэлтгэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх өөрийн дүү ******* гэдэг айлтай хамт зусаад намаржиж байгаа юм. Миний дүү ******* 2022 оны 09 дүгээр сарын 22-ны үед байх гэрийнхээ гаднаас өөрийнхөө Пронтер машинаар юманд явах гэж байгаа бололтой байхаар нь хаашаа явах нь вэ гээд асуутал Тээл явлаа гэж хэлсэн. Тэгээд миний дүү удаагүй машинаа унаад явж байсан юм. Тэгсэн орой манай дүү ******* машин дээрээ мод аччихсан ирсэн юм. Тухайн моднууд хөхөрч цайрсан хуучин мод харагдсан юм. Тэгээд тухай моднуудыг манай дүү ******* сумын төв рүү тээвэрлээд явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

-Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай дүү ******* 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад хөдөөнөөс над руу утсаар залгаад би галын түлээний мод бэлтгэж байна та надад эрхийн бичиг аваадхаач гэж хэлэхээр нь би тэр үед *******т одоо ажлын цаг тарж байх шиг байна маргааш өглөө авч өгье гэж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн орчимд засаг даргын тамгын газар ороод байгаль хамгаалагч *******өөс өөрийнхөө нэр дээр галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг авч байсан юм. Намайг эрхийн бичиг авсны дараагаар тэр өдөр манай дүү ******* миний утас руу залгаад та надад эрхийн бичиг авсан уу гэхээр нь би авчихсан гэсэн чинь манай дүү за би тэгвэл хөдөөнөөс гарлаа гэж хэлсэн юм. Тэгсэн тэр өдөр манай дүү ******* над руу дахиж залгаад би замын пост дээр цагдаад баригдаад журмын хашаа руу орчихлоо та нөгөө эрхийн бичгээ аваад ирээч гэхээр нь би тухайн үед эрхийн бичгийг дүүдээ хүргэж өгч байсан юм. Түүнээс манай дүү *******ын нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р тал/

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...09-59 ЗАА улсын дугаартай Hyundai Pronter маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч манай нөхөр *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авах үед манай нөхрийн бичиг баримт олдохгүй байсан учраас би өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авч хүнээсээ шилжүүлж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р тал/

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дугаартай: “Ойгоос бэлтгэсэн мод нь түлшний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оноос 2-3 жилийн өмнө бэлтгэсэн байх модны тайралт хуучин өмхөрсөн мод байна. Хуучин бэлтгэсэн модыг машинд ачихдаа зарим хэсгийг 2 талаас нь тайралт хийж ачсан байна. Ойгоос бэлтгэсэн моднууд хуучин мод нь 2.4142 метр куб, шинэ тайрсан мод нь 1.0752 метр куб мод байна. Мод бэлтгэсэн газар болох Зарт багийн нутаг “Өвөр тээл” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөл тээл гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход хэрэглээний модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж. Хуучин бэлтгэсэн мод 2.4142 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 264,982 төгрөг, шинэ тайрсан мод 1.0752 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 118,013 төгрөг, нийт 382,995 төгрөг болж байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос мод бэлтгэсний дараа мод бэлтгэх эрхийн бичгийг авч болохгүй, Иргэн ******* нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалтыг зөрчсөн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57-р тал /,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07.04.328-07 дугаартай: “******* нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1.0752 метр куб түлшний хуурай модонд Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 118,013 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн 354,039 төгрөгийн нөхөн төлбөр тавив. ******* нь зөвшөөрлийн эрхийн бичиггүй түлшний 1.0752 метр куб шинэс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дахь заалтын дагуу хурааж шийдвэрлэв. *******ын нөхөн төлбөр болох 354,039 төгрөгийг Хаан банкны 100900013040 дугаарын төрийн сангийн дансанд тушааж, тасалбарын нэг хувийг БОХ-ын улсын байцаагчийг түр орлон гүйцэтгэгчид өгөхийг мэдэгдье...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 61-р тал/,

-Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагаас 20 цагийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээл гэх газраас шинэс төрлийн галын түлээний модыг бэлтгэж, маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 09-59 ЗАА улсын дугаартай “Пронтер” маркийн автомашинаар тээвэрлэж Их-Уул сумын төв рүү орох үедээ замын цагдаатай таарч шалгуулаад мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх үндэслэлээр автомашиныг маань саатуулсан. Би цагаан өнгийн моторт хөрөөгөөр моднуудыг огтолж бэлтгэсэн. Тэгээд өөрийн автомашинаар тээвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд *******ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор торгох ялыг шүүгдэгчийн үйлдлийн хэр хэмжээнд тохируулан оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Их-Уул сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 354,039 төгрөгийг төлж барагдуулсан байх ба  цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч ******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, 09-59 ЗАА улсын дугаартай Hyundai Pronter маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд  улсын орлого болгохоор хуульчилсан ба *******ын мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, 09-59 ЗАА улсын дугаартай Hyundai Pronter маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул улсын орлого болгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 1.0752 метр куб хуурай шинэс модыг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул мөн улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

*******ин шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон 1,0752 метр куб түлшний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөө, 09-59 ЗАА улсын дугаартай Hyundai Pronter маркийн тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгосугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН