Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2019/00006

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н сумын**** дугаар багт оршин суух,С.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын *** дугаар багт оршин суух, А.Х-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч С.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч А.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Но сумын * дугаар багийн Хавцалын “Х” гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч А.Х-г албадан нүүлгэх тухай.

Нэхэмжлэгч М.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Н сумын 7 дугаар багийн газар нутагт байгаа “Хара сай” гэдэг газрын миний эзэмшлийн өвөлжөөнд  А.Х-тай хамт би малаа 20 жил хамт мал маллаж байсан юм. Одоо хоёр айлын мал өсөж бэлчээрийн даац хэтэрч хашаа хороонд багтахгүй байгаа. Одоогоос 2 жилийн өмнө Х-д анхааруулж шаардсан боловч нүүхгүй байгаа мөртлөө миний хашааны хажууд миний өвсний хашааг буулгаж хаяад шинээр хашаа хороо барьж миний зөвшөөрөлгүй өвөлжихөөр болж байна. Уг байдлыг сумын холбогдох удирдлагуудад танилцуулж сумаас комисс очиж шаардсан боловч А.Х- үл тоомсорлож нүүхгүй гэж байна. Иймд бидний шаардлагыг биелүүлэхгүй хууль зөрчиж байгаа Х-д хуулийн дагуу арга хэмжээ авч нүүлгэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч А.Х- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 08 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар томилогдож, Тэжээлийн аж ахуйгаас эзэмшүүлсэн өвөлжөөнд тус байгууллагын малыг маллаж, малчнаар ажиллаж ирсэн юм. Энэхүү маргаан бүхий Н сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байршилтай “Хара сай” гэх өвөлжөөнд А.Х- миний бие 1988 оны 3 сараас эхлэн нүүж ирж суурьшиж, тухайн 1988 оны хавар байшин барьсан бөгөөд түүнээс хойш одоо хүртэл 30 жил уг байшинд амьдарч байна. Намайг Тэжээлийн аж ахуйд малчин байхад 1983 оны үед нэхэмжлэгч С.Ж-ийн эцэг С- нь Тэжээлийн аж ахуйд даргаар томилогдон ирээд 1992 онд Тэжээлийн аж ахуйн “хувьчлагдах” хүртэл даргар ажилласан юм. Миний бие 1992 онд “Их хувьчлал“-аар тухайн “хара сай” өвөлжөөнд байсан Тэжээлийн аж ахуйн малчны орон сууцны зориулалттай байшинг хувьцаанд өмчилж авсан. Тэгээд нэхэмжлэгч С.Ж-ийн эцэг С- нь 1998 оны намраас эхлэн өөрийн хувийн малыг надад өгч маллуулсан бөгөөд А.Х- би Ж- түүний эцэг С- нарын малыг 1998 оноос 2018 оны 6 сар хүртэл 20 жилийн турш цалин хөлс авалгүй маллаж ирсэн. Гэтэл С-гийн хүү С.Ж- нь 2017 оны 6 сарын 19-ний өдөр Сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх” тухай 79 тоот захирамж гаргуулан авч, 2017 оны 6 сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн 000 тоот гэрчилгээгээр “Хара сай” өвөлжөөнөөс 700 м2 газрыг эзэмшилд авсан болохыг шүүхэд С.Ж- нь нэхэмжлэл гаргасан мөчид мэдэж гайхаж байсан. С.Ж- нь 2017 оны 6 сарын 19-ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” 79 тоот захирамжаар “Хара сай” өвөлжөөнөөс 700 м2 газар эзэмших болж, Газар эзэмших эрхийн 000 тоот гэрчилгээ бичүүлсэн боловч, тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаагүй, тухайн газар оршин суугаагүй юм. Маргаан бүхий “Хара сай” өвөлжөөнд А.Х- миний бие 1988 оны 3 сараас эхэлж оршин сууж, үл хөдлөх хөрөнгө болох өвлийн байшин барьж хашаа хороог төвхнүүлж, эдүгээ 30 жил амьдарч байгаа болно. Нэхэмжлэгч С.Ж- нь Н сумын төвд ЕБС-д багшаар, эхнэр Сайран нь тус сургуульд үйлчлэгч ажилтай тул сумын төвөөс 30км газарт байдаг “хара сай” өвөлжөөнд огт оршин сууж% эзэмшиж байгаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “Эзэмшил газрыг огт ашиглаагүй тул эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэж байна. С.Ж-т Н сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх” тухай 2017 оны 6 сарын 19-ний өдөр 79 тоот захирамжийг үндэслэж Газар эзэмших эрхийн 000 тоот гэрчилгээгээр Н сумын “Хавцал”-ын “Хара сай” гэх өвөлжөөний газраас 700 м2 0,07 га газар эзэмшүүлсэн нь А.Х- миний өвлийн байшин барьж, малын хашаа барьсан газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байгаа учир нэхэмжлэгч Ж-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй болно. Тодруулбал:Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар С.Ж-т эзэмшүүлсэн 700 м2 0,07га газар нь А.Х- миний эзэмшил газарт давхцаагүй болно. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэний гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,06 га-гаас илүүгүй байна” гэж заасан байдаг юм. Гэтэл нэхэмжлэгч С.Ж- нь сумын төвд өвлийн хашаа байшинтай байгаа туд дахин 2 дахь өвөлжөөг эзэмших эрхгүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэд хот айлаар дундаа хамран эзэмшиж болно” гэж заажээ. “Хара сай” өвөлжөөний газрыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар С.Ж-, А.Х- бид хот айлаар дундаа хамран эзэмшиж, ашиглаж байх болно. Нэгэнт А.Х- миний эзэмшиж байгаа газар С.Жанаобекийн эзэмшил газартай давхцаагүй тул албадан нүүлгэх шаардлагагүй ба тухайн газрыг хот айлаар хамран эзэмшиж болно. Нэхэмжлэгч С.Ж-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, хариуцагч А.Х- миний маргаан бүхий “Хара сай” өвөлжөөнд байгаа үл хөдлөх хөрөнгө болох өвлийн байшингийн эзэмшил газар нь С.Ж-т эзэмшүүлсэн 700 м2 /0,07 га/ газар давхцаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч С.Ж- Н сумын иргэн  ** дугаар багийн нутаг болох “Харсай” гэдэг газарт оршин сууж байгаа. А.Х- гэдэг хүнийг албадан нүүлгэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н сумын  ** дугаар багийн нутагт болох “Харсай” гэдэг газарт байгаа өвөлжөө 1998 онд малчин ард төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар тус Малчин ард ХХК-ны захирлаар ажиллаж байсан С-  гэдэг хүнд худалдахаар төлөөлөн удирдах зөвлөлөөс 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тогтоол гарсан байдаг. Уг тогтоолын үндсэн дээр 220000 төгрөг санхүүд тушаагаад С- энэ өвөлжөөг худалдаж авсан. 1996 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар захирамжаар 778 дугаартай Газар эзэмших гэрчилгээг 20 жилийн хугацаатай авсан. Энэ шийдвэрээр С-гийн Е-т 20 жилийн хугацаатай 500м газрыг өвөлжөөний зориулалттай олгосон хоёр гэрчилгээ хавтас хэрэгт авагдсан байгаа. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Засаг дарга 79 дүгээр захирамж гаргаж С.Е-ийн эзэмшиж байсан өвөлжөөний газрын  түүний ах болох С.Ж-т 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлж, 1996 оны 48 дугаар захирамжийн С.Е-т холбогдох хэсгийг хүчингүй болгож  шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу С.Ж- 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дээрх захирамжийг үндэслэн 700 м2 газрыг 20 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрээ хийж гэрчилгээ авсан. Шүүхээс очиж үзлэг хийхэд тухайн үед олгогдож байсан кадастрын зураг нь тухайн өвөлжөөний байрлалтай тараагүй. 1998 оноос хойш А.Х- “Хара сай” гэдэг газарт С-гийн малыг маллахын зэрэгцээ өөрийнхөө малыг маллаж байсан. Сүүлд аль алнийх нь мал өсөж гэрчилгээ олдсон газрын бэлчээр хүрэлцэхгүй  болсон учраас С.Ж- өөр малчин авч А.Х-г нүүхийг шаардсан. А.Х- өвсний хашааны оронд өөрийнхөө хашаа хороог барьсан учраас нүүхийг шаардсан боловч нүүгээгүй. Энэ асуудлыг урьдчилан шийдвэрлэх зорилгоор  сумын захиргаанд тавьж, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н сумаас комисс томилогдоно очиж үзэхэд А.Х- зөвшөөрөлгүй хашаа барьсан нь буруу гэж нүүхийг шаардсан боловч А.Х- нүүгээгүй. А.Х-д газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Бусдын газарт хашаа байшин барсан тохиолдолд эзэмшигчээс нь зөвшөөрөл авсан байх ёстой. А.Х- 500 гаруй бог малтай юм байна. С.Ж-тэй хамт малаа бэлчээрлүүлэхэд бэлчээрийн хүрэлцээ муу учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж  А.Х-г албадан нүүлгэх хүсэлт гаргасан.  Тийм учраас С.Ж-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч А.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 20 жил С.Ж- болон Ж-ийн эцэг С-гийн малыг маллахад цалин хөлс нэхэж байгаагүй. Хоёр жилийн өмнөөс цалин хөлс асуусан түүнээс болж энэ асуудал гарсан.  Уг хашаа хороонд миний хөдөлмөр шингэсэн. Чулуу хашааг би өөрөө барьсан. Тухайн маргаан бүхий Н сумын  ** дугаар багийн нутаг дэвсгэр “Хара сай” гэдэг өвөлжөөг 1988 оноос  хойш өдий хүртэл 30 жил миний бие тэжээлийн аж ахуй хувьчлагдсаны дараа хувьчлан авсан малаа маллаж амьдарч ирсэн. Гэхдээ тухайн газрыг хууль ёсоор эзэмших гэрчилгээ аваагүй байдлыг минь ашиглан С.Ж- өөрийнхөө 700 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй болохоор намайг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Тухайн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч С.Ж-т олгосон гэх 700 м2 газар нь миний эзэмшиж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй болох нь тогтоогдсон. С.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч малын бэлчээр хүрэлцэхгүй байна гэж ярьж байна. Гэхдээ сэтгэл байвал багтана. Шүүхээс очиж үзлэг хийсэн хашаа хороонд 1500 гаруй мал багтах боломжтой ба бэлчээрийг хувь хүн биш нийтээрээ эзэмших эрхтэй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Ж- Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 79 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ****** дугаар бүхий 700 (0,07) м2 (га) газрыг 20 жилийн хугацаатай Н сумын  ** дугаар багийн нутаг дэвсгэрт Хавцлын “Хара сай”-д өвөлжөөний зориулалтаар эзэмшсэн болох нь Баян-Өлгий аймгийн Н сумын газрын албаны даамлаас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, мөн 2017 оны  06 дугаар сарын 19-ний өдрийн №08325-2017/00024 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, Газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Баян-Өлгий аймгийн Н сумын 7-р багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тодорхойлолтод: тус багийн иргэн А.Х- нь 1988 онд Н сумын Тэжээлийн аж ахуйн малыг маллаж, малчнаар томилогдоход Н сумын нутаг дэвсгэрт байрлах Хара сай хэмээн өвөлжөөг эзэмшиж тухайн газарт хувийн өвлийн байшинг 1988 онд барьж босгон, тухайн байшинд 1988 оноос эхлэн одоо хүртэл өвөлжиж, хаваржиж, жил бүрийн 11 дүгээр сараас дараа оны 6 сар хүртэл бүтэн 7 сарын турш Хара сай гэх өвөлжөөг эзэмшдэг. А.Х-д Хара сайд байгаа өвөлжөө, хаваржаанаас өөр эзэмшиж ашиглаж байгаа газар байхгүй болно. Харин С.Ж- нь Н сумын төвд амьдардаг бөгөөд сумын төвд С.Ж-ийн гэр бүлийн эзэмшил газартай өвлийн байшин, хашаа, амбаар зэрэг үл хөдлөх хөрөнгө байгаа юм. Хара сай гэх газарт С.Ж- амьдарч оршин, сууж байгаагүй болохыг тодорхойлов гэсэн байна.

Мөн А.Х- нь Н сумын нутаг дэвсгэрт байрлах Хара сай хэмээх өвөлжөөг 1988 оноос эхлэн эзэмшиж, ашиглан 30 гаруй жил мал маллаж амьдарч байгаа, тус газарт хашаа хороо байшин барьсан, өөр газарт А.Х- хашаа хороогүй, С-гийн малыг маллаж байсан гэдэг нь Н сумын Хос харагай багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, иргэн Н сумын ТАА-н туслах аж ахуйд 1986-1990 онуудад малын эмч байсан С.С, малчин С болон нэр бүхий 20 хүний нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Н сумын Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлээр: С.Ж-ийн Хавцлын “Хара сай”-д байрлалтай өвөлжөөний эзэмшил газарт иргэн А.Х- нь нэмж хашаа барьсан гэсэн гомдлын дагуу ирж танилцахад А.Х- нь С.Ж-ийн эзэмшлийн газарт хашаа барьсан нь тогтоогдсон. Маргааны явцад С.Ж- А.Х- нь миний эзэмшлийн газарт хашаа барьсныг зөвшөөрөхгүй байна. Миний өвсний хашааг буулгаж хашаа барих ёсгүй гомдолтой байна гэсэн байна. А.Х- нь С.Ж- тус тусдаа малаа маллъя гэсэн болохоор би тусдаа хашаа барьсан маань үнэн. Би олон жил С.Ж-ийн малыг хариулсан. Би тэнд хашаа барьж өвөлжинө. Надад өөр газар өвөлжөө байхгүй гэсэн байна. Газрын даамал хүний эзэмшлийн газарт хашаа барихгүй нүүх ёстой. Та нар хоорондоо тохиролцож чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүл гэсэн байна. 

Хариуцагч А.Х-н хүсэлтээр маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Н сумын 5-р багт байрлах Хавцалын “Хара сай” өвөлжөөний газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр:

1.Маргаж байгаа газарт татсан нэхэмжлэгч С.Ж-ийн гэх малын саравчтай чулуун хашааг хэмжихэд:

- Саравчтай чулуун хашааны хойд талын баруун зүгээс хойд талын зүүн зүг хүртэл хэмжихэд 24 метр, зүүн зүгийн хойд талаас зүүн зүгийн урд тал хүртэл хэмжихэд 25.3 метр буюу талбайн хэмжээ 607.2 м.кв

-Саравчтай чулуун хашаанд залгаа барьсан чулуун хашааны зүүн зүгийн хойд талаас зүүн зүгийн урд тал хүртэл хэмжихэд 5 метр, зүүн зүгийн урд талаас баруун зүгийн урд тал хүртэл хэмжихэд 5.3 метр буюу талбай хэмжээ 26.5 м.кв

Нийт саравчтай чулуун хашаа болон залгаа баригдсан чулуун хашааны нийт талбайн хэмжээ 633.7 м.кв байв.

2.Саравчтай чулуун хашааны хойд талд залгаа барьсан хариуцагч А.Х-н амьдарч байгаа өвлийн байшингийн талбайг хэмжихэд: 

- Байшингийн баруун зүгийн хойд талаас зүүн зүгийн хойд тал хүртэл 7 метр, зүүн зүгийн хойд талаас зүүн зүгийн урд тал хүртэл 5 метр, өвлийн байшингийн нийт талбайн хэмжээ 35 м.кв байв.

3.Хариуцагч А.Х-н байшингийн хойд талд байгаа А.Х- эзэмшиж, ашиглаж байгаа амбаарыг хэмжихэд:

- Амбаарын баруун зүгийн урд талын булангаас баруун зүгийн хойд талын булан хүртэл хэмжихэд 3.4 метр, баруун зүгийн хойд талын булангаас зүүн зүгийн хойд талын булан хүртэл хэмжихэд 3.4 метр, амбаарын нийт талбайн хэмжээ 11.56 м.кв байв.

4.Хариуцагч А.Х- эзэмшиж, ашиглаж байгаа амбаарын хойд талд байрласан нэхэмжлэгч С.Ж-ийн /одоо малыг нь маллаж байгаа малчин сууж байгаа гэх/ өвлийн байшинг хэмжихэд:

- Байшингийн баруун зүгийн урд талын булангаас баруун зүгийн хойд талын булан хүртэл хэмжихэд 9 метр, баруун зүгийн хойд талын булангаас зүүн зүгийн хойд талын булан хүртэл хэмжихэд 5.5 метр нийт талбайн хэмжээ 49.5 м.кв байв.

5.Нэхэмжлэгч С.Ж-ийн саравчтай чулуун хашаа болон хариуцагч А.Х-н шинээр барьсан чулуун хашааны хоорондын зайг хэмжихэд:

-Нэхэмжлэгч С.Ж-ийн саравчтай чулуун хашааны баруун зүгийн урд талын булангаас хариуцагч А.Х-н шинээр барьсан чулуун хашааны зүүн зүгийн хойд талын булан хүртэлх зайг хэмжихэд хоорондын зай 36.6 метр байв.

6.Хариуцагч А.Х-н шинээр барьсан чулуун хашааг хэмжихэд:

- Хашааны зүүн зүгийн хойд талын булангаас зүүн зүгийн урд талын булан хүртэл хэмжихэд 21 метр, зүүн зүгийн урд талын булангаас баруун зүгийн урд талын булан хүртэл хэмжихэд 21.3 метр буюу нийт талбайн хэмжээ 447.3 м.кв байв.

7.Хариуцагч А.Х-н шинээр барьсан чулуун хашааны дотор байгаа нэхэмжлэгч С.Ж-ийн хуучин өвсний хашааны суурийг хэмжихэд:

-Баруун зүгийн хойд талаас зүүн зүгийн хойд тал хүртэл 7.2 метр, зүүн зүгийн хойд талаас зүүн зүгийн урд тал хүртэл 9.4 метр нийт талбайн хэмжээ 67.7 м.кв байсан ба газрын үзлэгийн үеийн тэмдэглэлийг схем зургаар бэхжүүлсэн болно.

Үзлэгээр хариуцагчийн эзэмшиж, ашиглаж байгаа дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн байрлаж байгаа газар нь нэхэмжлэгч С.Ж-ийн эзэмшлийн газрын гэрчилгээнд заасан кадастрын зурагтай тохирохгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан  шүүхээс үзлэг хийсэн үед үйлдсэн кадастрын зургаар дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газарт байрлахгүй өөр газарт байрласан ба зөвхөн нэхэмжлэгч С.Ж-ийн эзэмшиж байгаа саравчтай чулуун хашааны 326.8 м2 хэсэг газар л эзэмшлийн гэрчилгээнд заасан газрын кадастрын зурагт орсон болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Ж-ийн нэгж талбарын 8310000966 дугаар бүхий, 20 жилийн хугацаатай Н сумын 5-р баг, Хавцлын Хара сайд өвөлжөөний зориулалтаар  700 (0,07) м2 (га) газрыг олгоход тухайн газарт хашаа эсвэл хадаас хадаж байж хэмжилт хийгээгүй, газар дээр нь очиж хэмжилт хийлгүй, сансрын зураг (google)-аас цэг аваад кадастрын зураг гаргасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын ашиглаж, эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгч С.Ж-ийн эзэмшил газарт биш өөр газарт байрласан байна.

Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ж- нь нэгж талбарын 8310000966 дугаар бүхий, 20 жилийн хугацаатай Н сумын 5-р баг, Хавцлын “Хара сай”-д өвөлжөөний зориулалтаар  700 (0,07) м2 (га) газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч А.Х- саад болсон гэсэн нь нотлогдохгүй байгаа тул, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 ** дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Н сумын  ** дугаар багийн Хавцлын “Хара сай” гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч А.Х-г албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч С.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК