Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2022/0895/Э |
Дугаар | 2022/ШЦТ/977 |
Огноо | 2022-12-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 2211018061929 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Онход овгийн Б.Б , 1990 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .... тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Хөвсгөл аймаг, ........ баг талын ус/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 2 дугаар гудамжны 28 тоотод иргэн Д.Д тэй “дүү О.Баасанжаргалыг доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж түүний биед “баруун талын завжинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Д тэй маргалдаж түүний нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж түүний биед “баруун талын завжинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- хохирогч Д.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...унтаж байсан нүүр лүү тас хийтэл цохиод авах шиг болохоор нь сэрсэн манай хамтран амьдрагч Баасанжаргал нь хүн амьтан ирчихсэн байхад гээд байхаар нь би уурандаа чи яаж байгаа юм янхан минь гээд хэлчихсэн тэгсэн чинь Б.Б гэх залуу чи яахаараа манай дүүг ингэж хэлдэг юм гээд нүүрний баруун тал руу цохиод авсан тэгээд тэгэхээр нь би та нар худлаа нэг хүний ах нар гээд байдаг тусалж дэмждэг нь хаана байгаа юм гэсэн тэгээд манай хамтран амьдрагч Баасанжаргал наад чинь угаасаа дандаа ийм юм ярьдаг дандаа ингэж байдаг гэсэн Б.Б дахиад намайг хамар хэсэг рүү цохиод авсан тэгээд хамраас цус гараад тогтохоо байчихсан тэгээд цус тогтохгүй би нилээн ноцолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
- гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Д , Б.Б хоёр юм яриад суугаад байсан амьдралын чанартай юм л ярьж байсан тэгээд намайг Охиноо гэж авгайлж дууддаг юм аа тэгээд дүүг минь хайрлаж яваарай гэж ярьж байсан тэгсэн чинь л гэнэт танай дүү чинь янхан биз дээ гэсэн чинь л янхан байтлаа чиний 3 хүүхдийг гаргаж өгөх үү гэж хэлээд Д.Д ийг Б.Б 2 удаа гараараа нүүр лүү нь цохиод авсан тэгээд хоорондоо маргалдаад манай нөхрийн хамраас цус гараад галын урд сууж байгаад өмсөж байгаа хувцастайгаа гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
- гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн орчим над руу 89710404 гэсэн дугаараас таксины мөнгө 10.000 төгрөг гарсан байна, өөрийн чинь дүү цустайгаа холилдоод зодуулчихсан байна Хайлаастад байдаг CU гээд дэлгүүрт ороод цусын угаалгачхаад одоо 5 буудал хүргүүлнэ гэсэн та энэ данс руу явуулаарай гээд дансаа явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14097 дугаартай “...Д.Д ийн биед баруун талын завжинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д нь эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Насанжаргалыг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Насанжаргалыг болгож зөвтгөв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Гэмт хэргийг улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 48.000 төгрөгийн төлбөр гарсныг шүүгдэгч Б.Б нь төлсөн, хохирогч Д.Д нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онход овгийн Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болох тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН