| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2022/0004/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/75 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Иргэдийн төлөөлөгч Ч.Бямбарагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2124000620088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч * улсын иргэн, * төрсөн, халх, 45 настай, эмэгтэй, * боловсролтой, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамтаар * оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /РД:*******/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Зүр баг 6-704 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн зүүн доод талд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би *******ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 8-10 насны хүүхдүүдтэй учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжтой байгаа. Хүүхдийн асрамжийн тухайд насанд хүрээгүй хүүхдүүдийг ах, эгч нарынх нь асрамжид үлдээх саналтай байна. Хэрэгт шинжилгээний объектоор хураагдсан хутга, шортыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байгаа...” гэв.
Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Зүр баг 6-704 тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр хэвлийн тус газарт нь хутгалж, хэвлийн зүүн доод талд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэж байна. *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна. Шүүгдэгч ******* нь хохирогчид хохиролд 1 сая төгрөгийг төлсөн байна. Иймд хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, бусдын санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаарддаг байгаа. Мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байгаа. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. ... Шүүгдэгч *******д холбогдох хэргийг гэм буруугийн шүүхээр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байгаа. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн тухайд 12 хоногийн хугацаанд цагдан хоригдсон байгаа. Үүнийг хорих ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт шинжилгээний объектоор хураагдсан хутга, шортыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Бямбарагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний нүдний хараа муу учраас дүгнэлтээ бичих боломжгүй байна. Иймд өөрийн гаргасан дүгнэлтээ уншиж танилцуулъя. Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Чулуунхүү дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Зүр баг 6-704 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндий рүү нэвт хатгагдсан шарх буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.
Мөн түүнчлэн уг үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, *******ын биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, *******ын өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.
Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
******* нь хүнийг хутгалах үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай болох нь сэтгэцийн эмчийн: “...******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байсан болно. ...******* нь хэрэг хариуцах чадвартай болно. Гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэл мэдрэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх ба тэрээр ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул *******ын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч *******ын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчлэхээр хуульчилсан ба ******* хохирогч *******ын биед зэвсэг хэрэглэж шууд санаатай үйлдлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******ын хохирогч *******ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү дүгнэлт хийхдээ шүүх нь шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Бямбарагчаагийн: “...Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Энхболд нар нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч *******т 1,800,000-1,900,000 төгрөгийн хохирол учирсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч мэдүүлсэн боловч хохиролтой холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхэд: “Миний бие овогтой - нь овогтой *******д гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа бэлнээр авсан, гомдол саналгүй” гэсэн бичгийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие ******* нь хохирогч *******ын эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж тайлбарлаж байгаагаас шүүгдэгч *******ыг хохирогч *******т гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******д хуулийн уг зохицуулалтын дагуу хорих ял оногдуулах нь үндэслэлтэй юм.
Шүүх шүүгдэгч *******д хорих ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүнийг гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.
Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан мансуурсан байдалтай байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж, шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн байдлыг ч тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нь: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн санал гаргасан байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.4-т: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх бусад нөхцөл байдлуудыг харгалзан шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээний объектоор хураагдсан бор өнгийн бариултай хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн шорт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь бага насны 2, насанд хүрсэн 2, нийт 4 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг болох нь Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулсан учраас түүний бага насны хүүхдүүд болох , нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шүүх тогтоох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, 66.3 дахь хэсэгт “Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна” гэж заасан байх тул шүүгдэгч *******ын асрамжид байсан насанд хүрээгүй хүү , нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад даалгаж, Засаг даргын шийдвэр гарах хүртэлх хугацаанд , нарыг асран хамгаалж, харгалзан дэмжихийг ах О., эгч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар ангийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.
5. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээний объектоор хураан авсан бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн шорт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүйг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын асрамжид байсан бага насны хүү , нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад даалгаж, Засаг даргын шийдвэр гарах хүртэлх хугацаанд , нарыг асран хамгаалж, харгалзан дэмжихийг ах О., эгч нарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.УРТНАСАН
ШҮҮГЧИД Б.ӨЛЗИЙХИШИГ
Ж.ОТГОНХИШИГ