| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/0082/И |
| Дугаар | 82 |
| Огноо | 2019-03-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 82
| 2019 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 104/ШШ2019/00 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын ******* тоотод оршин суух, Их богдынхан Т.Д /РД:*********/-ийн
Хариуцагч: Баянхонгор аймаг, Хүрээ марал сум ******* Норовлинд оршин суух,******* Б.Б /РД:**********/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Бтой 2001 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.И төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2015 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Охин маань миний асрамжид байгаа, би өрх толгойлон амьдарч байна. Б.Б дээрхи хугацаанд охины өмсөж зүүх, ахуйн хэрэглээ, өвдөх үед ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Би сургуульдаа сурч байхдаа хүнд гэмтэл авсан. Түүнээс болж ажил хийх ямар ч боломжгүй болоод хөдөө аав, ээжийнхээ гэрт амьдардаг болсон. Би хэдийгээр дээд боловсролтой боловч өөрийн биеийн эрүүл мэндээс болоод мал маллаж байгаа. Иймд хүүхдийнхээ тэтгэлэгийг мөнгөнөөс өөр эд материалаар тэтгэмж өгөх, мөн тэтгэмжийг хэмжээг багасгах хүсэлтэй байна. Бид хоёр хамт амьдарч байгаад зан харилцааны хувьд таарахгүйгээс болж тусдаа амьдрахаар болсон. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө буруугаас болж охиноо өөр дээрээ авч, уулзаж чадаагүй, цаашид охиныг маань надтай уулзуулах байх гэж бодож байна гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Д хариуцагч Б.Бгоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Б.Б нар 2011 онд танилцан, хамтран амьдрах хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Иийг төрүүлсэн болох охин Б.Иийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч Б.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй, 2015 оноос тусдаа амьдарсан бөгөөд тэд цаашид хамт амьдрах боломжгүй тухайгаа мэдүүлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Б охин Б.Ит тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Б.Бгоос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Б.Иийг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгоос 33.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.8. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг******* Б.Бгоос хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Иийг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Б.Бгоос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгоос 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Дд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН