Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2021/0026

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: А.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “А.Мад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Би  4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А.Ат тэтгэврийн бүх материалыг бүрдүүлэн өгсөн.

Нийгмийн даатгалын байцаагч миний тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн материалуудыг нягтлан шалгаад бүрэн байна гэж хүлээж аваад, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст явуулж удахгүй тэтгэвэр тогтоож өгнө гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын эхээр намайг дуудан уулзаж “Таны өндөр насны тэтгэврийн материал зөрчилтэй байна гэж аймгийн нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоохоос татгалзсан.” гэсэн хариу өгсөн. Би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч албан ёсоор хариу өгөөгүй. А.М би иргэний шүүхээр 7 жил, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн үндэслэлээр 7 жил 6 сар, 2020 оны нөхөн төлөлтөөр 7 жил 6 сар, сайн дураар 1 сар шимтгэл төлсөн материалыг бүрдүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх 50 настайд улсад нийт 20-иос доошгүй жил ажилласан нөхцөлд хөнгөлөлттэй  нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. А.М би энэхүү хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн маргаж буй  1991 оны Цэнгэл сумын “С” ББХК-ийн харьяа “С” зочид буудал 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Харин А.М миний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг ердийн журмаар тооцох  ёстой юм. 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Аж ахуйн нэгжийн тухай хуулиар аливаа аж ахуйн нэгжийн нэршил давхцахгүй байх ёстой, иймээс “С” ББХ хоршоо, “С” зочид буудал нь нэг байгууллага гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

А.Мын нэхэмжлэлийг дараах хоёр үндэслэлээр ханган шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А.А нь А.Мын тэтгэвэр тогтоолгохтой холбоотой бүх материалыг журмын дагуу авч, тэтгэврийн хувийн хэрэг нээсэн ба энэ нь  тэтгэвэр тогтоож байгаа гэсэн үг юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулиар А.Мын хувьд  7 жил, 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл нь дутуу байсан. Тухайн 7 жил, 6 сард ноогдох шимтгэлийг А.Маар нөхөн төлүүлж, холбогдох  материалыг хүлээж авсаны дараа нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоохоос  татгалзаж байгаад гомдолтой байна. Тухайн бүрдүүлсэн бүх материалыг нийгмийн даатгалын байцаагч А.А зааварчилгаагаар бүрдүүлсэн байсан.

Хариуцагч байгууллагын зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 1991 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. А.М нь  Цэнгэл сумын “А” нэгдэлд ажиллаж байсан. Дараа нь  уг нэгдэл нь “Алтай шын”, “А”, “С”, “Саруул зам” гэж 4 компани болж хуваагдсан байна. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын  мэдүүлгээс харахад 1992 оноос эхлээд компаниудын үйл ажиллагаа жигдэрсэн, 1991 онд хэд хэдэн удаа “А” нэгдлийн тамга тэмдэгтэй нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримтууд байгаа. Гэрч Н.Мын мэдүүлэгт “...”С” ББХК  нь тухайн үед байгуулагдсан болохоос үйл ажиллагаагаа 1992 оны 02 дугаар сараас эхэлсэн.” гэжээ. Энэ талаар бүх гэрчүүд  мэдүүлж байгаа. Тийм учраас 1991 онд “С”, “А” компанийн нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримт гэж гарахгүй байгаа.

1991 онд “А” нэгдэл хэвээрээ ажиллаж байсан ба нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байна. Тухайн үед хувь хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, зөвхөн байгууллага төлдөг байсан. “А” нэгдлийн орлогч дарга Х.У, нягтлан бодогч Ж.Б нар хоёр гурван удаагийн шилжүүлгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Мөн “С” зочид буудлаас шимтгэл төлсөн баримт гарч ирсэн байгаа.

Социализмын үед суманд ганцхан “С” зочид буудал байсан. Тэр зочид буудал нь нэгдлийн харьяанд байсан.  А.М тэтгэвэр тогтоолгоход шимтгэл төлсөн хугацаа 6 сараар дутуу байгаа. 1992-1994 онуудыг ярихгүй, хамгийн гол маргаан 1991 оны асуудал байгаа юм. 1991 онд “А” нэгдэл нь 4 компани болж тарсан боловч нэгдэл үйл ажиллагаагаа явуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан. Иймээс тухайн үед А.Мын ажиллаж байгаа байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж үзэх үндэслэлтэй.Шүүхээс архивын материалд  үзлэг хийж шалгасан. Тухайн нэгдлээс тарсан 4 компаниудын үйл ажиллагаа нь 1992 оноос эхэлсэн.  Бодит байдалд “А” нэгдэлд А.М малчнаар ажиллаж байсан нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. 1991 оноос Цэнгэл сумын “С” бүрэн бус хариуцлагатай компанид А.М малчнаар ажиллаж байсан гэж байгаа боловч компани нь 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаа явуулж байгаагүй. А.М “А” нэгдэлд 1986 оноос эхлээд ажиллаж байсан нь  гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. “С”  ББХК гэдэг нь өөрөө “А” нэгдэл байгаа юм.

1991 оны 07 дугаар сарын 01-нээс эхлээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 13.5 хувиар бүгд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг системд шилжсэн.

Цэнгэл сумын “С” зочид буудлаас 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шимтгэл төлсөн баримт, дараа нь жилийн эцсээр төлсөн баримт байгаа. Тийм учраас А.Мын 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр  шүүх адилтгаж үзэх ёстой гэж бодож байна. “С” зочид буудал гэдэг нь тусдаа компани биш.  А.М “А” нэгдэлд олон жил малчнаар ажиллаж байсан хүн. “А” нэгдлээс 1991 оны эхний хагас жил болон сүүлийн хагас жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн учраас тухайн үед А.Мын ажиллаж байсан байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчаас гаргасан тайлбарт:

1991 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэл аж ахуйн нэгжүүд нь  улсын хэмжээнд нэгдлээр явж байсан гэж тооцдог. 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  хойш нэгдлийн сууринд дандаа аж ахуйн нэгжүүд болж, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж байгуулагдсан байдаг. Иргэн А.М нь 1987-1993 он хүртэл малчнаар ажилласан жилийг шүүхээр тогтоолгосон байна. Тэр дотор 1991 онд А.Мыг “С” ББХК-д ажилласан гэж шүүхийн шийдвэр гарсан байгаа. Бид  1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн үеийн хуулиар аж ахуйн нэгжүүд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 13.5 хувиар төлж байсан. 1991 онд “С” ББХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг тодруулахад тухайн үед Цэнгэл сумын “С” ББХК биш “С” зочид буудал  шимтгэл төлсөн баримт олдсон учраас иргэн А.Мыг “С” зочид буудалд  ажилласан гэж үзэхгүй тул тэтгэвэр тогтоохоос татгалзсан, бусад ажилласан жилийг зөвшөөрч байгаа. Зөвхөн 1991 оны 07 дугаар сарын 01-нээс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримт дотор “С” ББХК биш “С” зочид буудал шимтгэл төлсөн баримт гэж гарсан, нэр нь адилхан боловч  эдгээр нь өөр өөр байгуулга гэж ойлгож байна.  Иймээс А.Мын хувьд  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн зүйлийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангахгүй гэж үзсэн.

Хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны  дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулахаар хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.” гэж заасныг “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим заалтыг тайлбарлах тухай”  Улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоолын 2.1-д “Тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төслөн нийт хугацаанд  БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл  төлсөн хугацааг хамруулна.” гэж тайлбарласан. Аж ахуйн нэгж, байгууллага нь  иргэдийн цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг 1991-1995 он хүртэлх хугацаанд 13.5 хувиар тооцон тэтгэврийн санд сар бүр төлж байсан.

А.Мын малчнаар ажиллаж байсан гэх “С” ББХК нь 1991 онд шимтгэл төлсөн баримт байхгүй тул энэ хугацааг шимтгэл төлсөн  жилд оруулан тооцох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг  нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж заасан ба нэхэмжлэгчээс өөрт нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.М нь тэтгэвэр тогтоолгох өргөдлөө холбогдох материалын хамтаар  2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийгмийн даатгалын байцаагчид гаргасан байх боловч нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгчийг  20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж тэтгэвэр тогтоож, олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т  “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.” гэж, мөн зүйлийн 5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/00218 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэгч А.Мыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “А” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн тус сумын “С” ББХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажилласан болохыг тогтоожээ. Ингэснээр нэхэмжлэгчийн 1987-1993 он дуустал малчнаар ажилласан нийт хугацаа нь 7 жил байна.

Мөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн /2017 он/  4 дүгээр зүйлийн 4.1-д  “Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.М нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 7 жил, 6 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн, мөн сайн дурын даатгуулагчийн хувиар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 1 сарын хугацааны шимтгэл төлсөн буюу өөрөөсөө нийт шимтгэл төлсөн хугацаа нь 7 жил 7 сар байна.

Нэхэмжлэгч 5 хүүхэдтэй эхийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу  төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцоход түүний  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны дээр нэмж тооцогдох нийт хугацаа нь 7 жил 6 сар байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн нийт ажилласан жилийн хугацаа нь 22 жил 1 сар,  үүнээс Цэнгэл сумын “С” бүрэн бус хариуцлагатай  компанид  /цаашид “С” “ББХК гэх/  малчнаар ажилласан 3 жил нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хамаарсан байх ба нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч А.Мын 1991 оноос  малчнаар ажиллаж байсан гэх Цэнгэл сумын “С” ББХК-иас ажил олгогчийн хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр даатгуулагч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй гэж үзээд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Цэнгэл сумын “С” ББХК-ийн харьяа “С” зочид буудал нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Миний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааг ердийн журмаар тооцно. 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Аж ахуйн нэгжийн тухай хуулиар аливаа аж ахуйн нэршил давхцахгүй байх ёстой. “С” ББХК, “С” зочид буудал нь нэг байгууллага тул 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 6 сард шимтгэл төлөгдсөн гэж үзнэ.” гэж тайлбарлан маргажээ.

 Энэ талаар хариуцагчаас “...Нийгмийн даатгалын сангийн баримтаас шүүж үзэхэд Цэнгэл сумын “С” ББХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг 1991 онд төлсөн тухай баримт байхгүй байна. Харин сумын “С” зочид буудал нь тус онд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай баримт байсан. Үүнийг манай байгууллага нь “С” ББХК, “С” зочид буудал нь хоёр өөр байгууллага бөгөөд А.М нь Цэнгэл сумын “С” зочид буудалд ажиллаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоосноор “С” ББХК-д малчнаар ажилласан гэж үзсэн. БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Үүнээс өмнө ажилласан хугацаанд шимтгэл төлөхийг шаардахгүй тул А.Мын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн шимтгэл төлсөн  байх хугацаанд тооцогдож байгаа.

Иймээс А.Мын хувьд 1991 оны 07 дугаар сар хүртэл “С” ББХК-д малчнаар ажилласан хугацааны маргаан байхгүй, харин 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөн оны сүүлийн 6 сар болон 1992-1993 онтой холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж үзэх маргаан байна.” гэж тайлбарлажээ.

БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа дор дурдсан үйлдвэрийн газар, байгууллага, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй.” гэж, үүний 4/-т хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, пүүс;” гэж тус тус зааснаар Цэнгэл сумын “С” ББХК нь нэхэмжлэгч А.Мын ажилласан 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажил олгогчийн хувиар нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй ба энэ хугацаанд тус байгууллагаас нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.Мын улсад ажилласнаар тооцогдох нийт 22 жил, 1 сарын хугацаанаас тэтгэврийн шимтгэл төлсөнд тооцогдох маргаангүй хугацаа нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө  Цэнгэл сумын “А” нэгдэл, “С” ББХК-д тус тус малчнаар ажилласан нийт 4 жил, 6 сар, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан журмаар шимтгэл нөхөн төлсөн нийт 7 жил, 6 сар, 2016 онд сайн дурын даатгуулагчийн хувиар шимтгэл төлсөн 1 сар, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шимтгэл төлсөнд нэмж тооцогдох хугацаа нь 7 жил 6 сар буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  нийт хугацаа нь  19 жил 7 сар байна.

Үүгээр нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн шимтгэл төлсөн  байх шаардлагыг хангахад  шимтгэл төлсөн байх хугацаа нь  5 сараар  дутуу гэж хариуцагч талаас маргасан ба энэ хугацаа нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  хойш 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  Цэнгэл сумын “С” ББХК-д малчнаар ажилласан үед хамаарч байна.

Цэнгэл сумын “С” зочид буудлаас 13.5 хувиар нийгмийн даатгалын шимтгэлд 1991 оны 06 дугаар сард 1083 төгрөг 50 мөнгө,  12 дугаар сард 1262 төгрөг 50 мөнгө тус тус   төлсөн байх ба энэ нь  хэрэгт авагдсан 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07, 12 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “Төлбөрийн баримт”-аар тогтоогдсон. Уг баримтыг нэхэмжлэгч талаас Цэнгэл сумын “С” зочид буудал нь тус сумын  “С” ББХК-ийн харьяа байгууллага тул нэхэмжлэгчийн малчнаар ажилласан “С” ББХК нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзнэ гэж, хариуцагчаас дээрх хоёр байгууллага нь өөр өөр байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрээр А.М нь “С” ББХК-д малчнаар ажилласныг тогтоосон, зочид буудалд ажиллаагүй гэж маргасан. Уг маргаанд шүүхээс хэрэгт энэ талаар цугларсан нотлох баримтыг үндэслэн дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон ба үүнд, Цэнгэл сумын “А” нэгдэл нь 1991 оны үед татан буугдаж, үйл ажиллагаа нь компанийн хэлбэрт шилжсэн байх ба нэгдлийн ажилчид,  өмч хөрөнгийг  шинээр байгуулагдсан компаниудад хуваарилснаар нэгдлийн өмчид суурилсан “С”, “А”, “Алтай шын”, “Саруул зам” нэртэй компаниуд 1991 онд байгуулагдаж, 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байжээ. “А” нэгдлийн үед тус нэгдэлд 1977 оноос “С” нэртэй зочид буудал үйл ажиллагаа явуулсан байх ба нэгдэл тарахаас өмнө уг зочид буудлыг нэгдлийн орлогч дарга Х.Уажив нь түрээслэн авч ажиллуулж, зочид буудлын нягтлан бодох бүртгэлийн ажил үйлчилгээг нэгдлийн ерөнхий эдийн засагч, нягтлан бодогч Ж.Б хариуцуулан ажиллуулсан байна.  Хэрэгт авагдсан 1991 онд  Цэнгэл сумын “С” зочид буудлаас 13.5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх 1991 оны 07, 27 дугаартай “Төлбөрийн баримт”-д нягтлан бодогч Ж.Бакел гарын үсэг зурсан байх ба уг баримт нь “С” зочид буудалд тогооч, зочид буудлын үйлчлэгч, сав угаагч зэрэг ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлсөн баримт болохыг, зочид буудалд малчин ажиллаагүй талаар гэрч Ж.Б шүүхэд мэдүүлсэн байна. Түүнчлэн “А” нэгдэлд тухайн үед “С” нэртэй  нэг зочид буудал ажиллаж байсан, нэгдлийн өмч хөрөнгийг хуваарилах үед зочид буудлын барилга нь “А” компанийн мэдэлд 1992 оны 1 сард шилжсэн, уг барилгыг “А” компани нь конторын зориулалтаар ашигласан, “С” ББХК-ийн харьяанд “С” нэртэй зочид буудал үйл ажиллагаа явуулаагүй   зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан шүүхээс бичгийн нотлох баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, “А” ХК-ийн 1992 оны 1 сард хүлээж авсан хөрөнгийн бүртгэлийн холбогдох хэсэг, “С” компанид хуваарилагдсан үндсэн хөрөнгийн бүртгэл, гэрч “С” ББХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.А, нягтлан бодогч Н.М, “А” нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.Б, “А” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Т нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Хэрэгт авагдсан “С” ББХК-ийн нягтлан бодогч Н.М-ын үйлдсэн “Цэнгэл сумын “Сыргаль” ББХ компанийн гишүүдийн 1991-1994 оны хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт” нэртэй баримтад  компанийн гишүүдийн нэрс болон хөдөлмөрийн хөлсний төрөл хэмжээг тодорхойлсон байх ба баримтын 1991 оны хэсэгт “Түрээсийн хөлс, мал мах түүхий эд” гэж, 1992-1993 оны хэсэгт “Мал мах түүхий эдийн үнэ” гэж, 1994 оны хэсэгт “Арьс шийрийн үнэ” гэж тус тэмдэглэж, тухайн онуудад компанийн гишүүдэд олгогдсон хөдөлмөрийн хөлс, малын гаралтай түүхий эдийн үнийг тооцож тусгасан байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/00218 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэгч А.М нь 1989 онд иргэн С.Ш гэр бүл болсон үйл баримт тогтоогдсон байх ба дээрх баримтын 49 дугаарт нэхэмжлэгчийн нөхөр С.Ш нэр бүртгэгдсэн байна.

Уг баримтын 1991 онд холбогдох хэсэг нь “А” нэгдэлд хамааралтайг, 1991 онд “А” нэгдэлд малчнаар ажилласан иргэдэд  нэгдлээс цалин хөлс бодогдож олгогдсоныг, “С” ББХК нь 1992 оноос үйл ажиллагаа явуулсан үед малчдад хөдөлмөрийн хөлс тооцож олгоогүй нь, ингэснээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь, 1992-1994 оны үед малчдаас компанид тушаасан малын гаралтай түүхий эдийн үнийг тооцож төлдөг байсан нь хэрэгт авагдсан  дээрх баримт болон тухайн үед “А” нэгдэл, “С” ББХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Н.Мын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймээс 1991 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байсан Цэнгэл сумын “С зочид буудал нь “С” ББХК-ийн харьяа байгууллага байсан, 1991 онд “С” зочид буудлаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэл  нь “С” ББХК-ийн малчдад хамааралтай гэх нэхэмжлэгч талын гаргасан үндэслэл нь  дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “Алтайн” оргил” нэгдэл нь 1991 онд үйл ажиллагаа явуулж байсан гэх үндэслэлээр тус нэгдлийн авто гараж, тракторын салбараас тус тус 1991 оны 06 дугаар сарын 28,29-ны өдрүүдийн 18,  20 дугаартай “Төлбөрийн баримт”-аар нийгмийн даатгалын шимтгэл төлснийг “А” нэгдлийн малчнаар ажилласан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзнэ маргасныг мөн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.  Дээрх баримтуудтай холбогдуулж тус нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Н.М “...Миний гарын үсэгтэй 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай төлбөрийн даалгавраар төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл нь тухайн үед “А” нэгдлийн авто гаражийн салбарын жолооч нарын цалин хөлсөд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт байгаа.Тухайн үед “А” нэгдэлд тракторын салбар, авто гаражийн салбар, мал аж ахуйн салбарууд үйл ажиллагаа явуулдаг байсан.” гэж шүүхэд мэдүүлсэн.

Иймээс “Алтайн” оргил” нэгдлийн авто гараж, тракторын салбараас тус тус 1991 оны 06 дугаар сарын 28,29-ны өдрүүдийн 18,  20 дугаартай төлбөрийн баримтаар нийгмийн даатгалын шимтгэл төлснийг 1987 оноос 1993 оны хооронд тус нэгдэлд болон “С” ББХК-д малчнаар ажиллаж байсан нэхэмжлэгч А.Мын 1991 онд 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 сар дээрх байгууллагуудад малчнаар ажилласан үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэх боломжгүй, уг баримтууд нь нэхэмжлэгчийн ажилласан дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлснийг нотлохгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/00218 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэгч А.М нь 1987 оноос 1994 он хүртэл Цэнгэл сумын “А” нэгдэл, С” ББХК-д тус тус малчнаар ажиллаж байсан нь тогтоогдсон боловч 1991-1994 онуудад “С” ББХК-иас тус компанийн гишүүн малчдад хөдөлмөрийн хөлс тооцож олгоогүй нь, энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин “А” нэгдэл нь 1991 онд тус нэгдлийн малчнаар ажиллаж байсан иргэдийн цалин хөлсний 13.5 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно.”гэж заасан ба  талуудын маргасан нэхэмжлэгч А.Мын Цэнгэл сумын “С” ББХК-д 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилласан 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед ажил олгогчоос тэтгэврийн даатгалын санд төлсөн нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийн даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлсөн гэж үзэх нийт хугацаа нь дээрх байдлаар19 жил 7 сар байх тул хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т  заасан ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн иргэн А.Мад өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан нь үндэслэлтэй, тус байгууллагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “А.Мад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА