| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 221/2023/0090/З |
| Дугаар | 221/ШШ2024/0033 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 221/ШШ2024/0033
“Дц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалсан: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Дц” ХХК
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т заасан “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хууль бус тул хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Д.Д, Т.Б,
Иргэдийн төлөөлөгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Дц” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т заасан “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хууль бус тул хүчингүй болгуулахаар маргасан байна.
2. Нэхэмжлэгч “Дц” ХХК-аас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Манай компанийн зүгээс өөрийнхөө компанийн нэр дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг авахаар Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа хүсэлтээ гаргасан боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4/706 тоот албан бичгээр маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181 тоот “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой гэж хууль зөрчсөн шаардлага тавьж манайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж татгалзсан.
Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагч нь энэ заалтыг илтэд зөрчиж, тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 тоот “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрсийн 5.2.12-т заасан нөхцөл, шаардлагыг манайхаас шаардаж, уг хууль зөрчсөн заалтаас болж бид одоог хүртэл тусгай зөвшөөрөл авч чадахгүй, манай компанийн үйл ажиллагаа болон биднээр үйлчлүүлж буй нийт хэрэглэгчид, оршин суугчид хохирч байна.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 тоот “Дүрэм батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмээ хүчингүй болгож, шинээр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7225 тоот тогтоол баталж, уг тогтоолын хавсралтаар “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд ... дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Г/кцагаас багагүй байх, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг мөн оруулсан.
Хариуцагчийн дээрх хууль зөрчсөн заалт буюу захиргааны хэм хэмжээ тогтоосон актаас болж манай компани дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг авч чадахгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, хэрэглэгчдийн халаалт, дулаан доголдох, тасалдах зэрэг нийт хэрэглэгчдийн болон манай компанийн нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно.
Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаа нь хуулийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д зааснаар “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д зааснаар “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг хангасан байх учиртай гэтэл хариуцагчийн шийдвэр нь эдгээр тусгай зарчмыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2015 оноос эхлэн орон сууцны конторын ашиглалт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2015 оны 03 сард Хот суурины ус хангамж, ариутгах татварын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс авсан зөвшөөрлийн дагуу тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулж байгаа. 2018 оноос эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, дулаанаа зохицуулалттай хангах гэсэн тусгай зөвшөөрлийг хувийн орон сууцны конторуудад шинээр олгож эхэлсэн. Олгохдоо 10 г/кцаг байна гэсэн суурь нөхцөл шаардлага заасан байгаа.
Шинээр байгуулагдсан орон сууцны конторууд тэр бүр 10 г/кцагийг хангах боломжгүй байсан учраас шаардлагын дагуу 2-3 компаниуд нэгдэж өөрсдийн тусгай зөвшөөрлийг нэг компанийнхаа нэр дээр авч үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бид “Цб” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг аваад 2021, 2022 онд үйл ажиллагаа явуулж байгаад 2023 оны 05 сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар манай компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Иймд бид 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс даяар мөрдөгдөж байгаа тусгай зөвшөөрлийн хуулийн Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг хүссэн хүсэлтийг цахимаар болон цаасаар удаа дараа илгээсэн боловч 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-д заасан дулаан түгээх дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг олгох дулааны эрчим хүчний тооцоот ачаалал нь 20 г/кцагаас багагүй байх гэсэн заалтыг үндэслээд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг бичгээр өгсөн юм.
Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэхдээ захиргааны хэм хэмжээний акт тогтоож мөрдөж ажиллахыг хориглоно гэж заасныг зөрчөөд манайд олгож өгөөгүй. Олгохгүй гэсэн бичигтэйгээ хамт хариуцан ажиллаж байсан 3000 гаруй хэрэглэгчдийг дулаан, халуун усаар хангахыг салгаад Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт харьяалуулахыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан тоотоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийг хүндлээд орон сууцны байруудаа удирдах газарт хуваагаад өгсөн. Энэ байдал нь хэрэглэгчид болоод манай компанийн үйл ажиллагаанд ноцтой хохирлыг удаа дараа гаргаж байгаа. Одоо ч хүндрэлтэй байгаа. Захиргааны хэм хэмжээний актыг хэрэглээд тусгай зөвшөөрлийн тухай хуулиа зөрчөөд байгаа нь төр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байна гэж үзээд үүнийг шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
Энэ салбарт хувийн хэвшил цаашид хөгжих боломжийг хааж байгаа юм. Зах зээлийн нийгэмд төр болоод хувийн хэвшил зэрэгцэн оршиж ажиллах ёстой. Үүний үр дүнд хэрэглэгчид үр дүнтэй чанартай үйлчилгээ хүрэх юм. Зохицуулах хороо үүнийг хаачхаад байна. Цаашид хувийн хэвшил зөвшөөрөл авах ямар ч боломжгүй болсон. Бид 20г/кцаг бүрдүүлсний дараа зөвшөөрлөө ав гэж байгаа нь бидний цаашид хөгжих эрхийг хязгаарлаж байна. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.4-д бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ гэж заасан. Энэ заалт болгон зөрчигдөөд байхад Эрчим хүчний зохицуулах хороо энэ шийдвэрээ эргэж хараач.
Ингэж аж ахуй нэгжийг битгий боймлооч, өнөөдөр миний ард 3000 хүний эрх ашиг хохироод байна. Би шинээр тусгай зөвшөөрөл авъя гэж хүсээгүй, учир нь би энэ системд 10 жил үйл ажиллагаа явуулаад одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл бусад аж ахуйн нэгжүүдийн 50-60 хувь нь 10г/кцаг үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууцны барилга баригдах явц нь удаашралттай байгаа. Ашиглалтад ороод ашиглалтыг орон сууцны компаниудад хариуцуулж өгдөг” гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нэг шаардлагыг хүлээн зөвшөөрөөд 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэж байгаа. Тэр утгаараа бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Хариуцагч байгууллага тухайн актынхаа үр дагаврыг тооцож хүчингүй болгосон байх. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 725 тоот тогтоол гаргаад Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм батлаад үүний 5.1.12-т дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16.1-д заасан заалтад нийцсэн дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20г/кцагаас багагүй байна гэсэн заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Үндэслэлийн тухайд маргаан бүхий захиргааны актын нэр нь Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм гэж байгаа. Эрчим хүчний тухай хуульд ийм нэршил байхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 9.1.11-д аж ахуйн харилцааны дүрэм батална гэдэг эрхийг олгосон.
Тусгай зөвшөөрлийн гэдэг үг огт байхгүй. Хариуцагч байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан ба маргаан бүхий захиргааны акт нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр батлагдаж байсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5.17-д зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглоно гэж заасан. Хариуцагч байгууллага Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 1.1-д тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулж эхэлсэн. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тавигдах шаардлага, түүнийг бүртгэх гэж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулиа зөрчөөд тусгай зөвшөөрлийн харилцааг энэ журмаар зохицуулж эхэлсэн. 3 дугаар бүлэгт сонгон шалгаруулалттай холбоотой харилцааг зохицуулсан. Дүрмийн 4, 5, 6 бол болж байна. Тусгай зөвшөөрөлтэй этгээдийн хувьд тавигдах ёстой шаардлагуудыг үүнд оруулж өгсөн. Дүрмийн зарим заалтыг болж байна гэж үзэж байгаа. Сая яриад байгаа дүрмийн зохицуулалт бол маш ноцтой үр дагаврыг бий болгож байна.
Маргаан бүхий журмын бидний зөвшөөрөхгүй гэж маргаад байгаа гол зохицуулалтад хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 30г/кцагаас багагүй байна гэдэг шалгуурыг оруулж ирсэн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс тусгай зөвшөөрөл авъя гээд хүсэлт өгтөл энэ заалтыг бариад тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариу ирүүлээд байгаа юм. Гэтэл бид зөвшөөрөл авъя гэхээр хариуцагч байгууллагын зүгээс маргаан бүхий захиргааны актын энэ заалт нь Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, 21.2.3-т заасан заалтуудтай шууд холбоотой учраас 20г/кцаг гэдэг нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд бид тусгай зөвшөөрөл олгоно гэсэн шаардлага тавиад байгаа. Тусгай зөвшөөрөл хүссэн этгээд тусгай зөвшөөрөл авах тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтуудыг тодорхой зааж өгсөн. Гэтэл тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтэд энэ талаар заагаагүй.
Иймд хууль ёсны эрхээ олж авахад маш их хүндрэлийг бий болгож байна. Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлд хэм хэмжээний актад тавигдах шаардлагын талаар заасан. 60.1.1-д энэ хууль болон хуульд нийцсэн байх ёстой гэж заасан. Хариуцагчийн гаргаад байгаа хэм хэмжээний акт бол тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулаад байгаа учраас Зөвшөөрлийн тухай хуульд нийцэхгүй байна гэж бид үзэж байна. 60.1.2-д тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх ёстой гэж заасан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны гаргаад байгаа дүрэмд тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулиар олгоогүй. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэм хэмжээний акт батлах заалт Эрчим хүчний тухай хуульд байхгүй, харин аж ахуй харилцааны дүрэм батлах гэж байгаа. Энийг яагаад тусгай зөвшөөрөл рүү оруулаад Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргаж байгаа хүсэлтийг шийдвэрлэхдээ энийг бариад байна вэ, энэ нь ноцтой хууль зөрчсөн захиргааны акт мөн. 60.1.5-д хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар нь хэрэглэх ёстой. Эрчим хүчний тухай хуулийн 9.1.11-д аж ахуйн харилцааны дүрэм батлах гэдэг л үг байгаа. Энэ журам нь тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааг зохицуулах гээд тусгай зөвшөөрлийн гэдэг нэр томьёог үндэслэлгүй хэрэглэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиас гадуур зохицуулалт бий болгохгүй байх шаардлагыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч байгууллага зохицуулах гэхээсээ илүү хүмүүсийн үйл ажиллагааг алдагдуулах бодлогыг барьж байна. 30г/кцаг, 20г/кцаг, 10г/кцаг болгож байж тусгай зөвшөөрөл олгоно гэдэг хэм хэмжээний акт тогтоогоод байгаа нь амьдралд нийцдэггүй нь юугаар нотлогдож байна вэ гэхээр эдний өөрсдийнх нь нотлох баримтаар өгсөн баримтаар харагдана. Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгохдоо хэм хэмжээний акт тогтоохгүй гэж заасан.
Энэ заалтаар тусгай зөвшөөрөл хүсэхээр материалыг нь хүлээж авдаггүй тогтолцоо хариуцагч байгууллагад байдаг. Өөрөөр хэлбэл 30г/кцаг хүрээгүй учраас материалыг хүлээж авахгүй, шалгахгүй гэдэг. Аж ахуй нэгжүүдийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Г/кцаг нэмэхээр үүнд бас хаалт хийдэг. Материал өгөхөд нь г/кцаг хараад материал хүлээж авахгүй байгаа энэ процесс нь уялдаатай учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Эрчим хүчний зохицуулах хорооны “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Эрчим хүчний тухай хуулийн 12.1 дэх заалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч болон шинээр хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төрлөөс хамааран дараах нөхцлүүдийг хангасан байна. Үүнд: 5.2.12-д “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 г/кцагаас багагүй, дулаан түгээх сүлээ үүсгэж өмчлөлдөө бүртгэж авсан” гэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 21 дүгээр 21.2.3-д “үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт” гэсэн заалтуудтай нийцэж байгаа болно. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж үүнтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгдөг бөгөөд үүний нэг нь эрчи хүчний хэмжээ, чанарын үзүүлэлт байдаг.
Энэ үзүүлэлтэд эрчим хүчний тооцоот ачаалал 20 г/кцагаас багагүй байх үзүүлэлт хамаарч байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох бүрэн эрхийнхээ дагуу оруулсан заалт юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2.12 дахь заалт болох “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 г/кцагаас багагүй байх” гэсэн заалт нь хууль бус тул хүчингүй болох нэхэмжлэлийн тухайд:
Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 725 дугаар тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлд 5.2.12 гэсэн заалт байхгүй” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2019 оны 181 дүгээр тогтоолтой холбоотой тайлбар хэлэхэд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгоогүй юм. Яагаад хүчингүй болгосон бэ гэхээр Зөвшөөрлийн тухай хууль үйлчилж эхэлснээс хойш нэхэмжлэгч талын хэлсэн сунгах, түдгэлзүүлэх процесстой холбоотой хэм хэмжээний акт гаргахыг хориглоно гэдэг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу бид зохих өөрчлөлтүүдийг оруулсан.
Өөрөөр хэлбэл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох процесс дүрэмд байсан учраас бид холбогдох өөрчлөлтүүдийг оруулж шинэчилж гаргасан. Мөн бид 181 дүгээр тогтоолд нэгэнт хүчингүй болчихсон актыг дахиад шүүхээр хүчингүй болгуулна гэхээр эрх зүйн үр дагаврын хувьд эрх ашиг нь яаж сэргээгдэх вэ, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуульд нийцүүлээд хэм хэмжээний актаа Хууль зүйн яаманд бүртгүүлээд сонсох ажиллагаа явуулаад санал аваад хэм хэмжээний актын бүртгэлд гараад ирчихсэн. 181 дүгээр тогтоолоо хүчингүй болгоод шинэчилж 725 дугаар тогтоолыг гаргасан. Тэгэхээр нэгэнт хүчингүй болсон актыг одоо шүүхээр сэргээлгэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг яаж сэргэх вэ. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 181 дүгээр тогтоолоор холбогдох ажиллагаагаа хийчихсэн. Шүүхийн холбогдох эх сурвалж дээр бүх үндэслэлүүдийг хэлсэн байгаа. 725 дугаар тогтоолын хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй.
Тухайлбал Эрчим хүчний тухай хуулийн 9.1.11-д аж ахуйн харилцааны дүрэм батлах эрх хэмжээ нь Эрчим хүчний зохицуулах хороонд байдаг. Аж ахуйн харилцааны дүрэм гэдгийг Эрчим хүчний тухай хуулийн 3.1.21-д тодорхой заасан байгаа. Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм гэж бид гаргасан. Энэ бол хуулийг зөрчиж гаргасан хэм хэмжээний акт биш. 20г/кцаг гэсэн шаардлагын тухайд Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3-д Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох бүрэн эрх байгаа. Энэ эрхийнхээ дагуу Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн нөхцөлд юу юу орох, шаардлагад нь юу юу орох вэ гэдгийг тодотгож бид хуульд нийцүүлээд хэм хэмжээний актыг боловсруулсан байгаа. Тусгай зөвшөөрөл бол хэн хүн хамаагүй орж ирээд авдаг зүйл биш.
Тусгайлсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд өгдөг баримт бичиг байгаа. 20г/кцагийн хязгаарлалтыг яагаад тогтоогоод байна вэ гэхээр цаанаа техник эдийн засгийн үндэслэлтэйгээр тогтоож оруулдаг. 20г/кцагаас дээш байж байж тусгай зөвшөөрөл эзэмшигч нар ашигтай, орлоготой ажилладаг. Хэрэв 20г/кцагаас доош байвал орлого олохгүй алдагдалд ороод цаанаа зөндөө хэрэглэгч хохирох асуудал байдаг. 20г/кцаг гэдгийг хэн нэгэн хүн дураараа тогтоож байгаа асуудал биш” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн нэг шаардлага болох Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийг харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5 дугаар бүлгийн 5.2.12 дахь заалтад заасан 20 г/кцагтай хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хүсэлт гаргаж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа “Тнх” ХХК-тай нэхэмжлэлтэй хэрэг дээр эдний компаниас Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар бүлгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0957 дугаар захирамж болон 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0439 дугаартай тогтоолоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Үндэслэл нь захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэдэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.2-т захиргааны үйл ажиллагаа гэж Захиргааны ерөнхий хуулийн 11-д заасныг хэлнэ гэж хуульчилсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.6 дахь хэсэгт зааснаар захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулан нэхэмжлэл гаргагч нь уг хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах, эсвэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын аль нэгийг сонгож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохоор хуульчилсан бөгөөд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд шүүхээс хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой.
Гэтэл нэхэмжлэгчийн гаргаад байгаа 181 дүгээр тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй үйлчлэлгүй болсон тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэж үзсэн. Мөн шүүхийн тогтоолын 2.5-д Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй болсон тул энэ тохиолдолд уг актыг шүүх хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийг харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т заасан 20г/кцаг гэснийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар өмнө нь уг асуудлыг шүүх хянан шийдвэрлэсэн байгаа учраас уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүссэн байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тухайн салбарын зохицуулалтын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг бөгөөд тус хуулийн 8.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо 9.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох сунгах нөхцөл шаардлагыг тогтоох бүрэн эрхтэй. Олгохдоо тухайн хуулийн 9.1.19-д заасан тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл суурь зарчмыг техник эдийн засгийн хувьд үр ашигтай оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтооно гээд тогтоохдоо Аж ахуйн харилцааны дүрмээрээ тогтоосон байгаа. Нэхэмжлэгч компани ярихдаа 2019 онд 10г/кцаг хүрэхгүй байсан учраас “Цб” ХХК-тай нийлж 23 оны 06 сар болтол үйл ажиллагаа явуулсан гэж байна.
Яагаад тусгай зөвшөөрөл олгохгүй байсан бэ гэхээр энэ компани тэр хугацаанаас хойш 2021 оны санхүүгийн тайлан балансаар 444 сая төгрөгийн өр төлбөртэй, үүнээс дулааны шугам сүлжээнд буюу худалдан авсан дулааных нь эрчим хүчний өр 100 сая төгрөг байгаа. Тэгэхэд энэ компанийн жилийн орлого нь 384 сая буюу орлогоос давсан өртэй. Дулааны эрчим хүчний төлбөр төлөөгүйгээс шалтгаалаад хэрэглэгчдийн халаалт хэрэгцээний халуун усыг хангагч байгууллагаас ирсэн гэрээний дагуу хаадаг. Иймд хэрэглэгчид хохироод байсан юм. Ийм учраас “Цб” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгаагүй, тухайн компанид олгох гэсэн боловч нөхцөл шаардлагаа хангаагүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3-д эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаан дээр доор дурдсан зарчмыг баримтална гээд үүний 1.1-д үндэсний аюулгүй байдал нийтийн эрх ашиг, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах гэж заасан. Нийтийн эрх ашиг хохироод байсан учраас тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж хариу албан бичгээр мэдэгдсэн.
Дүрмийг хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Энэ дүрмийг өөрчлөхтэй холбоотойгоор бид оролцогч талууд буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бусад хүмүүсийг оролцуулаад сонсох ажиллагаа хийж санал авсан. Санал авч байх хугацаанд энэ компани “Цб” ХХК-тай тусгай зөвшөөрөлтэй явж байсан бөгөөд дүрэм өөрчлөгдөхийг мэдэж байсан. Дүрэм нь өөрөө захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн нийтээр дагаж мөрдөх дүрэм юм.
Мөн заавал тусгай зөвшөөрөл гэх албагүй урд талын хуулийн нэр томьёонд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гээд заагаад өгчихсөн учраас аж ахуйн харилцааны дүрмээрээ явж байгаа. Энэ компани үйл ажиллагаа явуулж байхдаа 2020 онд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг нийлсэн компанитайгаа хангалтгүй биелүүлсэн. 2021 онд дөнгөж 60,3 хувьтай дунд, 2022 онд 50,1 хувьтай, үүнийг үндэслээд эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг хангахаас татгалзсан шийдвэр гаргаад 06 сард тусгай зөвшөөрөл дуусгавар болоод Эрчим хүчний тухай хуулийн 6-д заасныг буюу бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцан ажиллаж байсан хэрэглэгчийг хариуцан ажиллуулсан байгаа. Энэ компани үйл ажиллагаа явуулснаар бусдын буюу нийтийн эрх ашиг зөрчигдөөд байсан ба хангагч байгууллагуудад их хэмжээний өр төлбөртэй байсан. Одоо болтол энэ өр төлбөрийн асуудал шийдэгдээгүй.
Тусгай зөвшөөрөл олгоогүй үндэслэл нь нийтийн эрх ашиг болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм хуулиар заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажилласан. Иймд дүрэм зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
8. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарыг хянан үзээд, нэхэмжлэгч “Дц” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Маргааны үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч “Дц” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан анх “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилж, “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.2.12-т заасан “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хууль бус тул хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2.3. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т заасан “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хууль бус тул хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн байна.
3. Нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны 3 ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан.
3.3. Хэрэгт авагдсан Хууль зүйн, дотоод хэргийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6-1/32 дугаар “... Дээрх тогтоол нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 725 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна” гэх албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолын 5 дахь заалтаас үзэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 18 дүгээр тогтоол хүчингүй болсон нь тогтоогдож байна.
3.4. Нэгэнт уг тогтоол эрх зүйн үйлчлэлгүй болсон болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх шаардлага үүсэхгүй, уг актын үйлчлэлтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх болон сэргээгдэх тухай ойлголт байх боломжгүй тул Захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн ““Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т заасан “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалтыг хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүд нь манай компанийн нэр дээр биш “Цб” ХХК-ийн нэр дээр олгогдсоны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан, ... Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан нөхцөл шаардлагыг баталж, манайхаас шаардаж, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаагаас үүдэн нийт хэрэглэгч, оршин суугчид хохирч байна” гэж тодорхойлсон байна.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй байхын зэрэгцээ, хоёрдугаарт, уг актын улмаас маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
4.3. Нэхэмжлэгч “Дц” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00347 дугаар тусгай зөвшөөрлөөр[1] Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заагдсан Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар эзэмшигч этгээд байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 31/2019 дугаар Дулаан түгээх тусгай зөвшөөрлийг “Цб” ХХК-д олгосны дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хамтран ажиллах, гэрээт байгууллагын гэрээ”-г[2] “Дц” ХХК-тай байгуулсан байна. Уг гэрээний 1.1-д “... Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан суурь нөхцөл шаардлагад заасан 20 Гкал/ц-аас дулааны ачаалалд хүрэхгүй байгаа тул дулаан түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд нэгдэж “Цб” ХХК-ийн нэрээр Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрөл авсан болно, ... “Дц” ХХК нь тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд заасан өөрийн хариуцан ажилладаг байрнуудад дулаан түгээх үйл ажиллагааг гэрээт борлуулагчийн үүргээр ажиллана” гэж заасан байна.
4.5. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 725 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 1.1-д “Энэ дүрмийн зорилго нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-12.11, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.23-14.33-т заасан тусгай зөвшөөрлийн (цаашид "тусгай зөвшөөрөл" гэх) нөхцөл, шаардлагыг тогтоох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих, бүртгэх, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5.1-д “Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-12.11, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.23-14.33 дахь заалтын дагуу үйл ажиллагаа эрхлэх шинээр хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төрлөөс хамааран дараах нөхцөлүүдийг хангасан байна”, 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж тус тус заажээ.
4.6. Дээрх журмын зохицуулалтуудаас үзэхэд, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан тохиолдолд уг журмыг үндэслэн шийдвэрлэж хэвшсэн, хүсэлт гаргагч нь журмын хавсралтад заасан баримт бичгийн бүрдлийг хангах үүрэгтэй, хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол хүсэлтийг буцааж, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохоор байх бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй заалтын “дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэх хэсэг нь хэм хэмжээний актын бүрдэл хэсгийн хувьд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар (тусгай зөвшөөрөл олгох болон олгохгүй байх)-ыг үүсгэсэн байна.
4.7. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.1.19-д “тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, 12.1.7-д “дулаан түгээх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно”, 22 дугаар зүйлийн 22.3-д “Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана” гэж зааснаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хороо нь уг хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд байхаас гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг тогтоох эрх бүхий этгээд байна.
4.8. Гэвч Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан байх тул тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээний акт гаргах боломжгүй байна.
4.9. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох эрхтэй этгээд мөн боловч энэхүү эрх хэмжээг хэм хэмжээний акт гаргах хэлбэрээр хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэхээр байна.
4.10. Зөвшөөрлийн тухай хуулийн 3-т “Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, 4-т “Энэ хууль доор дурдсан харилцаанд үйлчлэхгүй:” гэж, 14-т “Эрчим хүчний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:”, 14.27-д “дулаан дамжуулах”, Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд” гэсэн хэсэгт “Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл”, 14.28-т “дулаан түгээх”, Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд” гэсэн хэсэгт “Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл” гэж зааснаас үзвэл дулаан түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл олгох асуудал нь тухайлсан хуулиар зохицуулагдсан буюу Зөвшөөрлийн тухай хууль үйлчлэхгүй байх харилцаанд хамаарахгүй байна.
4.11. Өөрөөр хэлбэл, дулаан түгээх дамжуулах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал Зөвшөөрлийн тухай хуулиар олгох тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтад багтсан байх тул уг тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотой харилцаанд мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан хязгаарлалт үйлчлэхээр байна.
4.12. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд ..., дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж тусгай зөвшөөрөл олгох эсэхэд хязгаарлалт болохуйц нөхцөл шаардлагыг тогтоож, журамласан нь Зөвшөөрлийн тухай хуулийн дээрх заалт болон Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн шаардлагад нийцсэн гэж үзэхээргүй байна.
4.13. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д зааснаар маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж заасан нь хууль бус байх тул тус заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
4.14. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.1.19-д “тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох” гэж заасан.
4.15. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх гэсэн шаардлагыг эдийн засгийн үр өгөөжтэй байх тооцооллын үндсэн дээр тусгасан. Нэг ажилтанд ноогдох дулааны ачаалал 1 Гкал/ц байна. Халаалт, халуун усны баталсан тарифаар орлого олоод түүний 40-50 хувь нь компаниудын борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ гэдгийг үлдээх байдлаар дулааны сүлжээнээс худалдаж авах тарифыг баталж байгаа. Нэхэмжлэгч хувьдаа үйл ажиллагаа явуулж чадахгүй учраас ажилтныхаа цалинг тавьж чадахгүй, татвараа төлж чадахгүй учраас өрөнд ороод байгаа. Өрөнд орсноосоо хамаараад дулааны сүлжээ худалдсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгаа учраас дулааныг нь хаадаг, хэрэгцээний халуун усыг тасалдаг асуудлууд үүсээд үүнээс нь шалтгаалаад нөхцөл шаардлагыг хангалтгүй гэж дүгнэж байгаа юм” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан байх боловч энэ талаарх тооцоо судалгаа, баримт нотолгоог шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн, шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч “Дц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/ц-аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.
2. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ын 5.1.12-т “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/ц-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж заасан заалтыг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ