Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 004

 

 

А.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 670 дугаар шийдвэртэй, Гын нэхэмжлэлтэй, Е-д  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, халамжийн мөнгө 680000 төгрөгийг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “А.Г би Ж.Еыг багаасаа таньдаг бөгөөд бид гэр бүл болохоор тохиролцож байсан. Улмаар бид дотно харьцаатай байж байгаад би түүнээс жирэмсэн болж охин Н төрүүлсэн. Ж.Е нь охин Н өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул миний бие шүүхэд хандаж Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  8 дугаар сарын 17-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Ж.Е-ыг миний охин Н эцэг мөн  болохыг тогтоолгосон. Гэтэл Ж.Е нь эцэг нь гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдийн асрал, хүмүүжилд анхаарахгүй байх тул түүнээс охин Н-г 18  нас хүртэл тэжээн тэтгүүлж, мөн Улсаас авах жирэмсний халамжийн мөнгө 680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Г нь охин Н-г 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Охин Н-ийн эх А.Г нь хүүхдийг тэжээн тэтгэх, асран хүмүүжүүлэх бололцоогүй бол түүний эцгээр тогтоогдсон Ж.Е миний бие охин Н-ийг өөрийн асрамжид авч, өсгөн бойжуулах хүсэлтэй байна. Ж.Е миний бие А.Гаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 -д “... Эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал” зэргийг харгалзаж, хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж болохоор хуульчилсан байна. Иймд хүүхдийг асрах боломжтой, тогтмол оролготой, ажил төрөл эрхэлж байгаа Ж.Е надад хүүхдийг асруулахаар өөрчилж өгөх боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Г нь “жирэмсний амралтын мөнгө 680.000 төгрөг нэхэмжилснийг” зөвшөөрөхгүй. Учир нь: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагчид олгохоор” заасан байдаг. “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж” -ийг нийгмийн даатгалын сангаас олгох учир хувь хүн болох Ж.Е би хариуцах ёсгүй. Нэгэнт Гын “нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” явдалд Ж.Е би буруугүй тул “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж” төлөхгүй болно. Г жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 680.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 670 шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Е-аар тэжээн тэтгүүлж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар Ж.Е-аас 680000 төгрөг гаргуулан Г-д олгохоор шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 670 тоот шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 2 дугаар заалтын “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар Ж.Е-аас 680.000 төгрөг гаргуулан А.Г-д олгосугай” гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “халамжийн тэтгэмж”-ийн төрлийг заасан бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан, “жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж” гэсэн заалтыг баримталж, иргэн Ж.Е надаар 680.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь “хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “нийгмийн халамжийн тэтгэмж” -ийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 -д заасан “тэтгэвэр, тэтгэмжийн сан” -аас төлүүлэх хуулийн зохицуулалттай тул иргэн Ж.Е би “халамжийн тэтгэмж” төлөх үүрэг хүлээхгүй.

2. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 -д заасан заалт нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар “хүчингүй болсныг” анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл “хүчингүй болсон” хуулийн заалтыг баримталсан нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасныг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” зарчимд нийцээгүй байна.

“Нийгмийн халамжийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан “жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж” гэсэн заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасан “жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгоно” гэсэн хуулийн заалтыг тус тус 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байдаг. Гэтэл Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 670 тоот шүүхийн шийдвэрт Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан тэтгэмж олгох нөхцөлийг заасан 13 дугаар зүйлийн 13.7-д заасан заалтуудыг хэрэглэсэн нь “хууль хэрэглээний алдаа” гэж үзэж байна.

Нэхэмжлэгч А.Г нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тэтгэмж авах ёстой, тэтгэмж авах эрх үүссэн байвал нийгмийн халамжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмаар эрх бүхий байгууллагад хандаж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, өргөдөл гаргах учиртай.

“Нийгмийн халамжийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно” гэж заасан хуулийн энэ зохицуулалт нь “тэтгэвэр тэтгэмжийг” иргэн бус, төр хариуцдаг болохыг нотолж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191.1-т зааснаар “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч “жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч А.Г нь хуулийн энэхүү зохицуулалтад заасан “тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх” болзлыг хангаагүй учир “жирэмсний болон амаржсаны тэтгэмж” авч чадаагүй байна. Нэхэмжлэгч А.Гын “тэтгэмжийн шимтгэл” төлөөгүй явдалд иргэн Ж.Е би буруутай биш. Тийм учраас Ж.Е би “жирэмсний болон амаржсаны" тэтгэмжийн 680.000 төгрөгийг хариуцахгүй болно.

Энэ талаар шүүхэд өгсөн “тайлбарт” дэлгэрэнгүй бичсэнийг анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “жирэмсний халамжийн тэтгэмжийн мөнгө 680.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбарласан” гэж буруу ташаа дүгнэлт өгчээ. Миний шүүхэд өгсөн “тайлбарт” төлөхгүй, төлөх үндэслэл байхгүй гэдгийг бичиж өгсөн тул хавтаст хэргээс судлахыг хүсэж байна.

Шүүх хуралдаанд Ж.Е миний бие “охин Нд” төлөх хүүхдийн тэтгэмжийг зөвшөөрсөн. Харин “Жирэмсний тэтгэмж” гэх 680.000 төгрөгийг зөвшөөрөөгүй бөгөөд одоо ч зөвшөөрөх боломжгүй болно.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр 07-ны өдрийн 670 тоот шийдвэрийн “ТОГТООХ” хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрийн 2 дахь заалтад заасан “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д зааснаар Ж.Е-аас 680.000 төгрөг гаргуулан Г-д олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Ж.Е-д холбогдуулан охин Нийг 18 нас хүртэл эцэг Ж.Е-аар тэжээн тэтгүүлэх, жирэмсний халамжийн тэтгэмжийн мөнгө болох 680000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 526 дугаартай шийдвэрээр 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Н-ийн эцэг Е мөн болохыг тогтоожээ. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Нийг эцэг Ж.Е-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагч “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд халамжийн тэтгэмжийн төрлийг заасан бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж гэсэн заалтыг баримталж иргэн Ж.Е надаар 680000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийгмийн халамжийн тэтгэмжийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасан тэтгэвэр тэтгэмжийн сангаас олгох хуулийн зохицуулалттай тул иргэн төлөх үүрэг хүлээхгүй, анхан шатны шүүхийн баримталсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан заалт нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсныг анхаараагүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол  гаргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага болох жирэмсний халамжийн тэтгэмжийн мөнгө болох 680000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан заалтыг баримталсан ба энэ заалт нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

            Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “нийгмийн халамжийн тэтгэмжийн төрлийг”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааг”, 15 дугаар зүйлийн 15.1-д “тэтгэвэр, тэтгэмж олгох” тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191 “жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх”-ийг заасан байхад анхан шатны шүүх жирэмсэн эхэд олгох халамжийн тэтгэмжийн мөнгө болох 680000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Нийгмийн халамжийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байх тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох  жирэмсний халамжийн тэтгэмжийн мөнгө болох 680000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 20870 төгрөгийг түүнд буцаан олговол зохино.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г-ын хариуцагч Ж.Е-аас жирэмсний халамжийн тэтгэмжийн мөнгө болох 680000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20870 төгрөгийг  улсын орлого болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Е-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 20870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

           ШҮҮГЧИД                                                        М.НЯМБАЯР

 

                                                                                                Д.КӨБЕШ